Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01195

 

 

 

 

 

 

 

...-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын өдрийн 182/ШШ2022/00859 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ...-ийн, хариуцагч ...-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,436,600 тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн 07-84 УБЗ улсын дугаартай PRADO 150 маркийн суудлын автомашинтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын гол замаар шулуун явж байтал зүүн гар талаас буюу Богд-Арын уулзварын зүүн талын туслах замаас ...- нь 69-39 УБХ улсын дугаартай AURIS маркийн суудлын автомашинаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлж ...-ийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол гарсан даруйд Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийж, ...-г гэм буруутай болохыг Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн актаар тогтоосон. ...- нь өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг Хөрөнгө-Эстимэйт ХХК-аар хийлгэхэд 7,143,600 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд энэхүү үнэлгээний дагуу Мөнххада ХХК-ийн Тоёото төвийн засвар үйлчилгээний хэлтэст автомашиндаа үзлэг хийлгүүлэхэд засварын зардал нь нийт 7,171,133 төгрөг болох талаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1277 дугаартай нэхэмжлэхийг гаргаж өгсөн. Практикал даатгал ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба өөр төлбөр төлөөгүй. ...-ийн эрүүл мэндээс шалтгаалж зам тээврийн осол гарсан гэж үзэхгүй бөгөөд уг осолд нэхэмжлэгчийг буруутай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд ...-гаас 2,436,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyota Auris маркийн УБХ 6939 улсын дугаартай автомашинаараа Баянгол дүүргийн Богд-Арын зүүн талын уулзварын туслах замаас төв замын урагшаа чиглэсэн урсгалын замд орохоор автомашины жолооч нартай зохицон, төв замын хойшоо болон урагшаа чиглэсэн замын хөдөлгөөний автомашинууд зогсож өгөн хөдөлгөөнд оролцож байсан. Гэтэл хойшоо чиглэсэн урсгалын нэгдүгээр эгнээнд гэнэт дунд оврын суудлын автомашин хурдтай гарч ирж, автомашины баруун урд гэрлийн хэсгийг зүүн хажуу талаараа шүргэн осол гаргасан. Осол гарсны дараа тус тээврийн хэрэгслийн жолооч ...- нь машинаасаа гарч ирээд чиний машиныг харсангүй гэж хэлсэн. ...- нь цагдаа болон даатгалын ажилтанд өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсан тул эхнэр нь өмнөөс нь мэдүүлгийг өгч байсан. Тэрээр тархины харвалт өгсөн тул тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй атлаа замын хөдөлгөөнд оролцсон. Өөрийн машины эвдрэлд хохирлын үнэлгээг зах зээлийн дундаж ханшаар тооцоход 900,000 төгрөг болж байхад нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирол нь бага байхад 7,100,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ хэт өндөр байна. Шүүхээс томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэж үнэлгээ хийсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

...- нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргасан нь баримтаар нотлогдсон учир нэхэмжлэгч талын эвлэрэн төлөх дүнгээр эвлэрэх нь зүйтэй байна гэжээ.

 

4.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...-гаас 1,951,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...-т олгож, нэхэмжлэлээс 485,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ...-гаас 75,000 төгрөгийг, нэхэмжлэгч ...-ээс 25,000 төгрөгийг тус тус гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, нэхэмжлэгч ...-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,935 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-гаас улсын тэмдэгтийн хураамжид 46,166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...-т олгож шийдвэрлэжээ.

 

5.    Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагчийн тайлбар, хүсэлтэд дурдсан Улсын дээд шүүхийн 2005 оны 27 дугаар тогтоолд заасан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцох заалтыг харгалзан үзээгүй. Иймд Улсын дээд шүүхийн 2005 оны 27 дугаар тогтоолыг 6 дахь заалт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжилийн хариуцлага, ёс зүйн хорооны 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 244/22 дугаартай дүгнэлтийг үндэслэн Хөрөнгө эстимейт ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцох нөхцөлийг тооцож үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд хүсэлт гаргахдаа эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол өгсөн гэх баримт гаргаж өгөөгүй. Уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч эсэх талаар маргаагүй. Зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх тайлбар үндэслэлгүй. ...- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ...- нь хариуцагч ...-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,436,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. Хариуцагч ...- нь Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт Аuris маркийн 69-39 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчиж, чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлж нэхэмжлэгч ...-ийн жолоодож явсан Prado 150 маркийн 07-84 УБЗ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, торгуулийн мэдээлэл, зам тээврийн ослын тодорхойлолт зэрэг бичмэл баримтуудаар тогтоогдсон байна.(хх-ийн 5-6, 121-126)

 

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч ...-ийн эзэмшлийн автомашинд 7,143,000 төгрөгийн хохирол учирсан гэж Хөрөнгө-Эстимэйт ХХК үнэлгээ тогтоосныг хариуцагч ...- эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/11441 дугаар захирамжаар шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилжээ. (хх-ийн 86-87, 88-90)

 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь нэхэмжлэгч ...-ийн эзэмшлийн автомашинд 6,658,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна. (хх-ийн 101-107)

 

1.в. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчийн ...-ийн Prado 150 маркийн 07-84 УБЗ улсын дугаартай автомашинд зүүн талын 2 хаалга чихэгдсэн, хойд буфер зурагдаж сэвтсэн, зүүн хойд шаврын хаалт хагарсан, зүүн гишгүүр гулзайсан, зүүн урд крыло, зүүн талын хормой, зүүн урд шаврын хаалт тус тус чихэгдсэн зэрэг эвдрэл бүхий хохирол учирсан тул хариуцагч ...- нь эдгээр эвдрэлийг засварлах, солих зардал 6,658,000 төгрөгийг нэхэмжлэгч ...-т төлөх үүрэгтэй.

 

Практикал даатгал ХХК-аас жолоочийн даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөгийг ...-т шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч ...-ийн автомашинд учирсан хохирол 6,658,000 төгрөгөөс даатгалын нөхөн төлбөр 5,000,000 төгрөгийг хасахад 1,658,000 төгрөг төлөөгүй байна. (хх-ийн 18)

 

Мөн нэхэмжлэгч ...- нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 293,000 төгрөг төлсөн болох нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн кассын орлогын баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан тул анхан шатны шүүх хариуцагч ...-гаас 1,951,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...-т олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

1.г. Хариуцагч ...- нь осол гарахад нэхэмжлэгч ...-ийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг байдал нотлогдоогүй тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг багасгах үндэслэлгүй.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Ариунгэрэлийн гаргасан .......- нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргасан нь баримтаар нотлогдсон... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

2. Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар

 

2.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ...-ийн эзэмшлийн автомашинд учирсан хохирлыг гаргуулахдаа Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслээгүй тул хариуцагчийн ...уг үнэлгээг хүчингүйд тооцох нөхцөлийг харгалзан үзээгүй... гэх гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00859 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 46,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ