Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 620

 

“П Д” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00138 дугаар шийдвэртэй, “П Д” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.А-ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 56 670 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй,

хариуцагч А.А-ын зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлийн Ү-2204030912 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үл хөдлөх барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, Г.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П Д” ХХК- болон А.А- нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний барьцаа болгож улсын бүртгэлийн Ү-2204030912 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаанд авч, зээлдэгч А.А- болон барьцааны зүйлийн өмчлөгч  Т.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхтулга нартай 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч бүхэлд нь төлөх боломжгүй тул хүүгээ төлөөд зээлийн гэрээг сунгая гэсэн учир өнөөдрийг хүртэл үргэлжлээд явсан. Дээрх зээлийн гэрээний 3.2-д зээлдэгчийн үүргийг заасан, 3.2.1-д үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, 3.2.2-д зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний 2.4-т заасан нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлнө гэж заасан. Зээлдэгч А.А- нийт 12 удаагийн үйлдлээр 17 115 000 төгрөгийг төлсөн нь зөвхөн зээлийн хүү юм. 2016 оны 8 дугаар сард манай компани шинэ захиралтай болсноор А.А-тай үл ойлголцол гарч төлөлт хийгдээгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа сунгаагүй тул хэтэрсэн хугацааны хүүг төлөх ёстой.

“П Д” ХХК--ийн зүгээс А.А-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үүргээ биелүүлээгүй. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.4, 4.12, барьцааны гэрээний 3.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар А.А- зээлийн үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, зээлийн хүү 22 225 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 445 000 төгрөг 26 670 000 төгрөг, нийт 56 670 000 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-2204030912 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал ”П Д” ХХК--иас 30 000 000 төгрөгийн зээл авсныг хүлээн зөвшөөрч байна. А.А- нь 2015 оны 4 дүгээр сард 30 000 000 төгрөг зээлж авснаас хойш 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 12 удаагийн төлөлтөөр 20 732 000 төгрөгийг төлсөн байдаг.

Талуудын хооронд энэхүү зээлийн гэрээнээс өөр төрлийн төлбөр тооцоо байсан тул 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 4 702 000 төгрөгийн 3 617 000 төгрөгийг өөр төлбөрт суутган, зээлийн төлбөрт нийт 17 115 000 төгрөг төлсөн. Хариуцагч тал зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул төлөгдсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасч үлдэгдэл 12 885 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 250 дугаартай тогтоол гарган Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлагыг баталсан. Энэхүү журмын зорилго нь даатгагчийн даатгалын нөөц сангаас хийх хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, хөрөнгө оруулалтын ангилал тодорхойлох, хэмжээ хязгаарыг тогтоох замаар даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, даатгагчийн мөнгөн хөрөнгийг хангалттай хүрэлцэхүйц, баталгаатай байлгахад оршдог ба даатгагч даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхдээ учирч болох эрсдэлүүдээс сэргийлэх зорилготой.

Үүнд, үнэт цаас гаргагч, зээлдэгч, харилцагч түнш болон мэргэжлийн оролцогч байгууллагуудын зээлийн чанар буурах, зээл хугацаандаа төлөгдөөгүйн улмаас даатгагч санхүүгийн хохирол амсах эрсдэл буюу зээл төлөгдөхгүй байх, зээлийн чанар буурах, шууд бус зээл, зээлийн тархалтын эрсдэл, төвлөрлийн эрсдэл зэргийг тодорхойлсон. Улмаар нөөц сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх ангилал, хувь хэмжээг тодорхойлж даатгагч даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийж, хөрөнгөө байршуулах ангилал, хэмжээ хязгаарыг тогтоосон. Энэхүү ангилалд зээлийн үйл ажиллагаа эрхлэх, нөөц сангаас зээл олгох эрх хэмжээ даатгалын байгууллагад байхгүй. Даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хийх хөрөнгө оруулалтын зохистой ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 271, 273 дугаар тогтоол, 2013 оны 249, 250 дугаар тогтоолоор батлагдсан урт хугацааны болон ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага, даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журмуудад 2013, 2015 онуудад холбогдох өөрчлөлтүүд орсон.

Эдгээр зохицуулалтаар даатгалын компанийн нөөц сангаас арилжааны зээл олгох үйл ажиллагааг хориглож, санхүүгийн бусад салбаруудад хөрөнгө оруулах боломжийг бий болгох, хөрөнгө оруулалтын өгөөжийг өсгөх, хөрөнгө оруулалтаар дамжуулан тухайн салбарыг чадавхижуулахад шаардлагатай гэж үзсэн хөрөнгө оруулалтын ангилалыг нэмж, зарим ангилалын хөрөнгө оруулах хувийг өсгөсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч “П Д” ХХК- нь даатгалын компанийн нөөц сангаас арилжааны зээл олгох үйл ажиллагаа явуулахыг хориглосоор байтал зээл олгох үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлийн үйл ажиллагаа явуулсан байдаг.

Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд даатгалын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулах ба даатгалын багц дүрэм нь дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээгээр зохицуулагдах бөгөөд даатгалын нөөц сан албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам болон даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага зэрэг нь багтдаг байна.

Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт даатгагч нь энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, 27.1.1-т мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “П Д” ХХК- нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон болно.

Иймд нэхэмжлэгч “П Д” ХХК- нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасны дагуу түүнтэй байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030912 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт даатгагч этгээд мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулах, хязгаарлалттайгаар зээл олгож болно гэжээ. Мөн барьцаагүй зээл олгохыг хориглосон агуулгатай зохицуулалт байна. Хариуцагчийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “П Д” ХХК- зээл олгох эрхтэй эсэх асуудал гэж тайлбарлажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаар тогтоолоор баталсан ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлагыг баталсан бөгөөд уг тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1.5-д холбогдох этгээд болон түүнтэй холбоотой этгээдээс бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан богино /1 жил хүртэл/ хугацаатай зээлийг нийт хөрөнгийн 20 хувь хүртэл олгохыг зөвшөөрсөн байдаг. Хожим 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 279 дугаар тогтоолоор 250 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын 2 дахь хэсгийн 3-д энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгохыг хориглоно гэж заасан. Маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээ нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ба зээл олгох үйл ажиллагааг хориглоогүй үед зээлийг олгосон тул хүчин төгөлдөр хэлцэл. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.А-аас 12 885 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П Д” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 785 000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, улсын бүртгэлийн Ү-2204030912 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцааны гэрээний дагуу бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 221 110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П Д” ХХК-д, нэхэмжлэгч ”П Д” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 448 350 төгрөг гаргуулж хариуцагч А.А-ад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “П Д” ХХК- болон А.А- нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний барьцаа болгож улсын бүртгэлийн Ү-2204030912 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаанд авч, зээлдэгч А.А- болон барьцааны зүйлийн өмчлөгч болох Т.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхтулга нартай 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч бүхэлд нь төлөх боломжгүй тул хүүгээ төлөөд зээлийн гэрээг сунгая гэсэн үргэлжлээд явсан. Зээлдэгч нийт 12 удаагийн төлөлтөөр 17 115 000 төгрөгийг төлсөн нь зөвхөн хүү юм. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар хариуцагч А.А-аас зээлийн үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, зээлийн хүү 26 370 000 төгрөг нийт 56 370 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн.

Уг гэрээгээр талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэн нэгний хавчлага, шахалт, аргагүй нөхцөл байдлын улмаас хийсэн гэрээ биш бөгөөд хариуцагч уг гэрээгээр хэлэлцэн тохиролцсоны дагуу зээлийн хүүг төлж байсан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа даатгагч нь Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т зааснаар мөнгө зээлдүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах, холбогдох этгээдэд аливаа сангаас зээл олгохыг хориглосон.

Түүнчлэн банкнаас бусад этгээд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулхаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан атал нэхэмжлэгч компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй учраас зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй. Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болж хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаартай тогтоолоор баталсан ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлагыг баталсан бөгөөд тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1.5-д холбогдох этгээд болон түүнтэй холбоотой этгээдээс бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан богино хугацаатай зээлийг нийт хөрөнгийн 20 хувь хүртэл олгохыг зөвшөөрсөн. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 279 дүгээр тогтоолоор 250 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын 2.3-д энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгохыг хориглоно гэж заасан.

Маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээ нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд зээл олгох үйл ажиллагааг хориглоогүй байсан үед зээлийг олгосон тул хүчин төгөлдөр хэлцэл. Санхүүгийн зохицуулах хорооны 250 дугаар тогтоол нь Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3. даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй, 14 дүгээр зүйлийн 14.2.4. даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүний хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлагыг батлах эрхтэй гэснийг үндэслэсэн. Уг журмын 6.1-т даатгалын нөөц сангийн хөрөнгө оруулалтад хороо улирал бүр санхүүгийн тайланг үндэслэн хяналт тавина, 6.3-т хороо энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд зөрчсөн этгээдэд Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ба зээл олгосон ажиллагаа нь холбогдох хууль, журам зөрчсөн гэж ямар нэгэн хариуцлага хорооноос тооцоогүй болно.

Нэхэмжлэгч компаниас А.А-тай байгуулсан зээлийн гэрээ нь Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан журмын дагуу байгуулагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч “П Д” ХХК- нь хариуцагч А.А-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 56 670 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлийн Ү-2204030912 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үл хөдлөх барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч “П Д” ХХК- нь хариуцагч А.А-ад 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногийн 3.5 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлүүлэх нөхцлийг харилцан тохиролцож ЗГ15/002 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхтулга нарын өмчлөлийн Ү-2204030912 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх9-13/

 

Талууд дээрх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ болон эргэн төлөлтөөр 17 115 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. /хх40-48,93/ Харин нэхэмжлэгч “П Д” ХХК- нь даатгалын үйл ажиллагаанаас гадна зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд мөн эсэх, улмаар зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан даатгагч нь энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 27 дугаар зүйлийн 27.1.1-д мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах, 27.1.2-т холбогдох этгээдэд аливаа сангаас зээл олгохыг хориглосон байгааг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь зөв.

 

Мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 12 885 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин барьцааны гэрээг үндэслэж бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, хэлцлийн үр дагаврыг нэг мөр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдлоо, Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан богино хугацаат зээлийг нийт хөрөнгийн 20 хувь хүртэлх хэмжээгээр олгохыг зөвшөөрсний дагуу зээл олгогдсон. Уг тогтоолд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 279 дугаар тогтоолоор өөрчлөлт орж, даатгалын нөөц сангаас үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл олгохыг хориглосон бөгөөд хариуцагчид олгосон зээл нь дээрх өөрчлөлтөөс өмнө олгогдсон гэх агуулгаар тайлбарласан байна. 

 

Гэтэл хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх “П Д” ХХК--ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулсан нь хэрэгт авагдсан ба үүгээр тус компанид даатгалын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон нь тогтоогдож байна. Харин зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарласнаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор зээлийн үйл ажиллагааг эрхлэх нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэрлэн зааж буй тогтоол болон журам нь хуулиас илүү хүчин чадалтай үйлчлэх эрх зүйн акт биш юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “П Д” ХХК- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                                           

                                 ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                       Т.ТУЯА