Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00062

 

 “П Д” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00138 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 620 дугаар магадлалтай,

“П Д” ХХК-ний нэхэмжлэлтэй

А.Аад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 56 670 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Аын зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үл хөдлөх барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гантөмөрийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П Д” ХХК болон А.А нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг зээлийн гэрээний барьцаа болгож улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаанд авч, зээлдэгч А.А болон барьцааны зүйлийн өмчлөгч Т.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхтулга нартай 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч бүхэлд нь төлөх боломжгүй тул хүүгээ төлөөд зээлийн гэрээг сунгая гэсэн учир өнөөдрийг хүртэл үргэлжлээд явсан. Дээрх зээлийн гэрээний 3.2-д зээлдэгчийн үүргийг заасан, 3.2.1-д үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, 3.2.2-д зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний 2.4-т заасан нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлнө гэж заасан. Зээлдэгч А.А нийт 12 удаагийн үйлдлээр 17 115 000 төгрөгийг төлсөн нь зөвхөн зээлийн хүү юм. 2016 оны 8 дугаар сард манай компани шинэ захиралтай болсноор А.Атай үл ойлголцол гарч төлөлт хийгдээгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа сунгаагүй тул хэтэрсэн хугацааны хүүг төлөх ёстой. “П Д” ХХК-ийн зүгээс А.Ааас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үүргээ биелүүлээгүй. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.4, 4.12, барьцааны гэрээний 3.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар А.А зээлийн үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, зээлийн хүү 22 225 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 445 000 төгрөг 26 670 000 төгрөг, нийт 56 670 000 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох Ү-0000000000дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал “П Д” ХХК-иас 30 000 000 төгрөгийн зээл авсныг хүлээн зөвшөөрч байна. А.А нь 2015 оны 4 дүгээр сард 30 000 000 төгрөг зээлж авснаас хойш 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 12 удаагийн төлөлтөөр 20 732 000 төгрөгийг төлсөн байдаг. Талуудын хооронд энэхүү зээлийн гэрээнээс өөр төрлийн төлбөр тооцоо байсан тул 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 4 702 000 төгрөгийн 3 617 000 төгрөгийг өөр төлбөрт суутган, зээлийн төлбөрт нийт 17 115 000 төгрөг төлсөн. Хариуцагч тал зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул төлөгдсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасч үлдэгдэл 12 885 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 250 дугаартай тогтоол гарган Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлагыг баталсан. Энэхүү журмын зорилго нь даатгагчийн даатгалын нөөц сангаас хийх хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, хөрөнгө оруулалтын ангилал тодорхойлох, хэмжээ хязгаарыг тогтоох замаар даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, даатгагчийн мөнгөн хөрөнгийг хангалттай хүрэлцэхүйц, баталгаатай байлгахад оршдог ба даатгагч даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхдээ учирч болох эрсдэлүүдээс сэргийлэх зорилготой. Үүнд, үнэт цаас гаргагч, зээлдэгч, харилцагч түнш болон мэргэжлийн оролцогч байгууллагуудын зээлийн чанар буурах, зээл хугацаандаа төлөгдөөгүйн улмаас даатгагч санхүүгийн хохирол амсах эрсдэл буюу зээл төлөгдөхгүй байх, зээлийн чанар буурах, шууд бус зээл, зээлийн тархалтын эрсдэл, төвлөрлийн эрсдэл зэргийг тодорхойлсон. Улмаар нөөц сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх ангилал, хувь хэмжээг тодорхойлж даатгагч даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийж, хөрөнгөө байршуулах ангилал, хэмжээ хязгаарыг тогтоосон. Энэхүү ангилалд зээлийн үйл ажиллагаа эрхлэх, нөөц сангаас зээл олгох эрх хэмжээ даатгалын байгууллагад байхгүй. Даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хийх хөрөнгө оруулалтын зохистой ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 271, 273 дугаар тогтоол, 2013 оны 249, 250 дугаар тогтоолоор батлагдсан урт хугацааны болон ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага, даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журмуудад 2013, 2015 онуудад холбогдох өөрчлөлтүүд орсон. Эдгээр зохицуулалтаар даатгалын компанийн нөөц сангаас арилжааны зээл олгох үйл ажиллагааг хориглож, санхүүгийн бусад салбаруудад хөрөнгө оруулах боломжийг бий болгох, хөрөнгө оруулалтын өгөөжийг өсгөх, хөрөнгө оруулалтаар дамжуулан тухайн салбарыг чадавхижуулахад шаардлагатай гэж үзсэн хөрөнгө оруулалтын ангилалыг нэмж, зарим ангилалын хөрөнгө оруулах хувийг өсгөсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч “П Д” ХХК нь даатгалын компанийн нөөц сангаас арилжааны зээл олгох үйл ажиллагаа явуулахыг хориглосоор байтал зээл олгох үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлийн үйл ажиллагаа явуулсан байдаг. Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд даатгалын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулах ба даатгалын багц дүрэм нь дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээгээр зохицуулагдах бөгөөд даатгалын нөөц сан албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам болон даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага зэрэг нь багтдаг байна. Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт даатгагч нь энэ хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, 27.1.1-т мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “П Д” ХХК нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон болно. Иймд нэхэмжлэгч “П Д” ХХК нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасны дагуу түүнтэй байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт даатгагч этгээд мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулах, хязгаарлалттайгаар зээл олгож болно гэжээ. Мөн барьцаагүй зээл олгохыг хориглосон агуулгатай зохицуулалт байна. Хариуцагчийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “П Д” ХХК зээл олгох эрхтэй эсэх асуудал гэж тайлбарлажээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаар тогтоолоор баталсан ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлагыг баталсан бөгөөд уг тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1.5-д холбогдох этгээд болон түүнтэй холбоотой этгээдээс бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан богино /1 жил хүртэл/ хугацаатай зээлийг нийт хөрөнгийн 20 хувь хүртэл олгохыг зөвшөөрсөн байдаг. Хожим 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 279 дугаар тогтоолоор 250 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын 2 дахь хэсгийн 3-д энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгохыг хориглоно гэж заасан. Маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээ нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ба зээл олгох үйл ажиллагааг хориглоогүй үед зээлийг олгосон тул хүчин төгөлдөр хэлцэл. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00138 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Ааас 12 885 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 785 000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоотын 34.4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцааны гэрээний дагуу бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 221 110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Практик даатгал ХХК-д, нэхэмжлэгч “П Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 448 350 төгрөг гаргуулж хариуцагч А.Аад тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 620 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “П Д” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. “П Д” ХХК болон иргэн А.А нарын хооронд 2015 оны 04 сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 30 000. 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5%-ийн хүүтэйгээр зээлүүлсэн. 2018 оны 04 сарын 17-ны өдрийн байдлаар хариуцагч А.Ааас зээлийн үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, зээлийн хүү 26 670 000 төгрөг, нийт 56 670 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт “П Д” ХХК нь Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т заасан хориглосон үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан байна. Ийм учраас зохигчдын хооронд 2015.04.10-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Мөн барьцааны гэрээ нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол болон журам нь хуулиас илүү хүчин чадалтай үйлчлэх эрх зүйн акт биш гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т “мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах” 27.1.3-т “аливаа этгээдэд барьцаагүй зээл олгох”-ыг хориглоно гэж заасан байх боловч дээрх заалтууд нь хоорондоо зөрчилтэй гэж үзэж байна. 27.1.1-т заасан зохицуулалтаар мөнгө зээлүүлэх үйл ажиллагааг бүхэлд нь хориглосон гэж ойлгогдохоор байгаа боловч 27.1.3-т барьцаагүй зээл олгохыг хориглоно гэж заасан нь барьцаатай зээл олгож болохоор ойлгогдож байна. Хуулийн дээрх заалттай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2013.07.17-ны өдрийн 250 дугаартай тогтоолоор ердийн даатгалын компаний нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлагыг баталсан байх бөгөөд тус тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1.5-т холбогдох этгээд болон түүнтэй холбоотой этгээдээс бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан богино /1 жил хүртэл/ хугацаатай зээлийг нийт хөрөнгийн 20% хүртэл олгохыг зөвшөөрсөн. Санхүүгийн зохицуулах хорооны 2013.07.17-ны өдрийн 250 дугаар тогтоол нь Даатгалын тухай хуулийн 13.1.3, 14.2.4-ийг үндэслэл болгосон бөгөөд Даатгалын тухай хуулийн 13.1.3-т “Даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих” эрхтэй, 14.2.4-т “Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага”-ыг батлах эрхтэй гэж тус тус заасан байна. Дээрх журмыг батлан гаргаснаас хойш Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 06 сарын 10-ны өдрийн 279 дүгээр тогтоолыг гарах хүртэл 2 жил шахам хугацаанд тухайн журам нь хүчин төгөлдөр байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг хянах эрх бүхий этгээд болох УИХ-аас тус журмыг баталсан тогтоолыг хүчингүй болгоогүй. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааны талаарх заалтууд нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар УДШ-ийн тайлбар, зөвлөмж гараагүй. Хуулийн үг үсэг хоёрдмол утгагүй, хэн ч уншсан нэг адил утгаар ойлгогдох ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан зохицуулалтын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол болон журам нь хуулиас илүү хүчин чадалтай үйлчлэх эрх зүйн акт биш гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайлсан харилцааг хуулиар бүрэн гүйцэт зохицуулах боломжгүй бөгөөд илүү нарийвчилсан зохицуулалт нь эрх бүхий этгээдийн батлан гаргасан журам гэж ойлгож байна. Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “П Д” ХХК нь хариуцагч А.Аад холбогдуулан зээлийн үүрэгт 56 670 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч “зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө 127/4 дүгээр байрны 27 тоот 1 өрөө орон сууцны үл хөдлөх барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 12 885 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дах хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, маргаанд хамааралтай нарийвчилсан зохицуулалт болох Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 07 сарын 17-ны өдрийн 250 дугаар тогтоолыг хэрэглээгүй тул хянан үзэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэн гомдлыг гаргажээ.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэлийн үндэслэл болох “П Д” ХХК, А.А нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлэх зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Барьцааны гэрээ нь үндсэн гэрээний салшгүй хэсэг бөгөөд үндсэн гэрээний хүчин төгөлдөр байдлаас хамаардаг тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор мөн адил хүчин төгөлдөр бус болох тул сөрөг нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг зөрчөөгүй юм.

Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.3-т “даатгагч нь мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах; аливаа этгээдэд барьцаагүй зээл олгох...” үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Даатгагч нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу, даатгалын гэрээ байгуулах, даатгалын тохиолдол үүсэхэд гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх үндсэн үйл ажиллагааг эрхлэхдээ мөн хуулийн 15.1-д заасан “Зохицуулах хорооноос даатгагчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлан журам гаргаж болно.”  зохицуулалтын хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулж болно. Харин мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа хуулиар хориглогдсон байна.

Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “аливаа этгээдэд барьцаагүй зээл олгох” гэж заасан нь эсрэгээр, барьцааны гэрээ байгуулсны үндсэн дээр зээл олгож болно гэсэн утгыг хөндөж болох ч энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул барьцаатай эсэхээс үл хамаарч даатгагч нь мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж үзнэ. Иймд хуулиар хориглосон хэлцлийг байгуулсан нь хууль зөрчсөн тул 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд “П Д” ХХК 30 000 000 төгрөгийн зээл олгосон, А.А нь 17 115 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус  хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй тул гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн дутуу 12 885 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, хэлцлийн үр дагаврыг нэг мөр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зохицуулах хорооноос даатгагчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлан журам гаргаж болно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан богино хугацаат зээлийг нийт хөрөнгийн 20 хувь хүртэлх хэмжээгээр олгохыг зөвшөөрсний дагуу зээл олгосон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг боловч уг тогтоолд мөнгө зээлүүлэхийг бус банк бус санхүүгийн байгууллагад байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хязгаар 20 хувь байхыг  заасан байна. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн байгууллагад мөнгө байршуулах, тус этгээд нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дагуу зээл олгох боломжтой байхад өөрөө бусдад мөнгө зээлсэн нь хуульд нийцээгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр   сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00138 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 620 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 447 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА