Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2022/00544

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2022/00544

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...................................,

Хамтран нэхэмжлэгч: .......................... нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................... хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,

30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч .................. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөг гаргуулах тухай хамтран нэхэмжлэгч .................д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй, 155/2021/00462/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч .................,

хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

(хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгч .................гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х аймгийн И сумын иргэн ахмад настан Бын ................. миний бие нөхөр .................гийн хамт И сумын халуун усны газрыг эзэмших сонгон шалгаруулах тендер-т ялж, Төв халуун усны барилгын эзэмшигчээр шалгарч, тус барилгад их засварыг өөрийн хөрөнгөөр хийж, 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуутөгрөг зарцуулж, 2 сар 20 хоногт багтааж гүйцэтгэн нутгийн иргэд, малчид хөдөлмөрчдөд соёлтой үйлчилгээг хямд үнээр үзүүлсээр ирсэн. Гэтэл 2015 оноос хойш сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч ................. нь янз бүрээр дарамталж, ажил үйлчилгээнд саад учруулж, ажлын байрны дарамт үзүүлэн Муу, сайн юмнуудаас халуун усыг хурааж авна, та нар муу, сайн юмнууд эндээс зайл гэж дайрч доромжлон халуун усны үйлчилгээг хааж, ус тасалж 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл бүтэн 6 сар ажил үйлчилгээг хүчээр зогсоож байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж, муу муухайгаар хэлж байгаад, бид маш их гомдолтой байна. Манай нөхөр ................. нь унаган И сумын хүн юм. Сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч байж байгаад одоогоор .................. ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа .................ийн улс төржсөн, явуургүй байдал болон эгэл жирийн иргэдтэй харьцах харилцаа нь биднийг энэ орон нутагт амьдрах аргагүй болгож байгаа тул ахмад настай бид хоёр хаана очиж амьдрахаа мэдэхгүй хэцүү байдалд байна. Бид анх тендер шалгаруулалтад оролцож, төслөө танилцуулан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн И сумын Засаг даргын тамгын газрын хуралдааны шийдвэрийн дагуу төв халуун усны барилгад их засвар хийж эзэмшилдээ авахдаа бидний өмчлөлд шилжүүллээ гэж ихэд баярлан өөрсдийн өмч мэт хайрлан хамгаалж ирсэн. Гэтэл 3 жилийн өмнөөс халуун усны барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа төр өмчөө эргүүлж авна гэж сүрдүүлж, ажлын байрны болон сэтгэл санааны дарамт учруулсаар ирсэн. Нэгэнт дээрх барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа бол бидний зүгээс өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ болон хүн авч ажиллуулсантай холбоотойгоор гарсан нийт 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг .................. ХХК-иас гаргуулах хүсэлтэй байх тул биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ................. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би анх 2011 оны 02 дугаар сарын 23, 24-ний үед ашиглагдахгүй байгаа халуун усны барилгыг тендер шалгаруулах гэж байна, та хоёр орохгүй юм уу гэсэн иргэний хүсэлт ирсэн. Энэ бол сумын төвийн 36 дугаар авто баазын халуун ус байсан. 1960 оны барилга, олон жил ашиглагдаагүй засвар хийгдээгүй барилга байсан. Хоёулаа энэ барилгын зураг төслийг гаргаж өгөөд тендерт нь оролцвол яасан юм бэ гэж би нөхөртөө хэлээд бид хоёр тендерт нь орсон. Тэрний дагуу 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тендерийн хурлыг н.Мянганбаяр дарга зохион байгуулж бид хоёрыг дуудаж оролцуулаад хурлын тогтоол гарсан. Тухайн үед энэ хурал дээр засвар үйлчилгээг өөрсдийнхөө хүчээр хийж чадах уу гэхээр нь энэ барилгыг бид хоёрт өгсөн гэж ойлгосон. Тэр хурал дээр танайд өглөө, та хоёр энэ барилгыг хүлээж аваад, өөрсдийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж халуун усыг ажиллуулаад явж чадах уу гэхэд нь тухайн үед хүүхдүүд байсан учраас бид хоёр баярлаад зөвшөөрсөн. Тэгээд өөрсдийнхөө хөрөнгөөр засвараа хийсэн. 2 сар гаруй хугацаанд бид хоёр засвараа хийж дуусгаад уг барилгыг ажиллуулж эхэлсэн. Үүний үндсэн дээр 2011 оноос 3 жилийн хугацаатай ямар ч төлбөр тооцоо авахгүй, харин 2014 оноос эхэлж төлбөр тооцоогоо авъя гэсэн. 2014 оноос төлбөр тооцоогоо бичиж эхэлсэн буюу халаалт дулааны мөнгө бичигдсэн байдаг. 2014 оноос эхлээд бид нар төлж байсан чинь н.................. гэдэг хүн Мандал багийн засаг дарга байхдаа багийн хурал дээрээ бид нар төв халуун усны барилгаа авч Мандал багийн малчдаа үнэгүй халуун усанд оруулна гэж хэлсэн байдаг. Тухайн үедээ малчдынхаа өмнөөс манайтай гэрээ хийгээд халуун усандаа хямдралтай үнээр оруулаач гэж хэлэх гэж байгаа юм болов уу гэж бодоод өнгөрсөн. ...Харин энэ хүн манайд 2015 оноос хойш ажлын байрны дарамт учруулж эхэлсэн. Та нар муусайн юмнуудыг суманд ямар хүмүүс ирснийг чинь мэднэ шүү дээ. Муу сайн гуйлгачингууд И сумынхан та нарыг тэжээж байна шүү дээ гэж дайрч эхэлсэн. Тухайн үедээ би н..................т миний дүү ингэж хэлж болохгүй. Нэгт чи төрийн албан хаагч, хоёрт чи иргэдийн төлөөлөгч хүн ухамсартай байх хэрэгтэй. Та нар авах гэж байгаа бол үүнийгээ ав гэж хэлсэн. Тэгтэл 02 дугаар сард яг Цагаан сарын өмнө ирээд манайхыг хаачихсан. 2015 оны 02 дугаар сард хаагдаж 5, 6 дугаар сард энэ хүмүүсийн хэрэг сөхөгдөөд буюу эд хөрөнгөтэй холбоотой хэргүүд нь илэрч энэ хүмүүс, Засаг дарга нар бүгд ажлаа өгч өөр хүмүүс ажлыг нь авч 8 дугаар сард миний халуун усыг нээж өгсөн. ...Халуун усны барилгаа аваач гээд аваагүй, эвлэрье, зохицъё гэхээр тийм зүйл байхгүй гэж загнадаг. 2021 оны 01 дүгээр сард эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн байсан. Тэрнийх нь дагуу би ковидын үед зөвшөөрлийн бичиг авч энд ирээд эвлэрүүлэн зуучлалын н.Лхамдолгор гэдэг хүнтэй уулзахад ... н.................. тийм зүйл байхгүй, эвлэрэхгүй гэсэн хариулт өгсөн. ...Надтай холбоотой энэ асуудлын хувьд хурлын тогтоолоор надад энэ халуун усыг өгсөн гэж ойлгосон учраас тэгж их хөрөнгө мөнгө зарцуулж, хүмүүс авч ажиллуулж, маш хурдан хугацаанд хөдөлмөр зүтгэл гаргасан. Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө ариун цэвэр соёлч талаас нь гэсэн анхаарч байсан. Тухайн үедээ би 1000 төгрөгөөр халуун усанд оруулж байсан. Тэгтэл халаалтын үнэ, усны үнэ, түлээний үнэ нэмэгдэхэд тэрийгээ дагаад би зардлаа нөхөж чадахгүй болдог. Тэгээд би 500 төгрөг нэмээд 1,500 төгрөг болгоход хүрч ирээд та нар ингэж үнэтэй оруулахгүй шүү гээд дайрдаг. ...Би энэ халуун усыг надад өгсөн гэж ойлгож ийм их мөнгө оруулсан. Энэ халуун ус одоо ч хаана ч хэний ч үндсэн хөрөнгөд бүртгэгдээгүй. 2018 онд нөхөж бүрдүүлж авсан юм байна лээ. Үүнийг би хуурамч бүрдүүлэлт гэж үздэг. ...Би нэхэмжилсэн мөнгөө нэхэмжилнэ. 30,970,300 төгрөгөөс засвар үйлчилгээ хийх гээд өөрийн хөрөнгөөр барилгын материал авсан зардал 26,815,300 төгрөг. 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд энэ засварын ажил дууссан. Энэ хугацаанд хүн авч ажиллуулж цалин олгосонтой холбоотой зардал 4,005,000 төгрөг. ЗИЛ-130 маркийн машинаар хог ачуулсан 150,000 төгрөг, нийт 30,970,300 төгрөг нэхэмжилнэ. Энэ мөгөө авсны дараа би халуун усаа өгнө гэв.

 

Хариуцагч байгууллагын захирал ................. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч .................гийн тус шүүхэд гаргасан засварын үнэ, ажилтны цалин хөлс, хог хаягдлын зардал 30,970,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Х аймгийн Их Уул сумын халуун усны газрыг ажиллуулж амьдрал ахуйгаа дээшлүүлэх үүднээс 2011 онд иргэн ................. сумын халуун усны газрын барилгыг эзэмшихээр болж тус барилгад засвар хийж, нутгийн иргэд, малчид, хөдөлмөрчдөд үйлчлэхээр болсон. .................. ХХК нь иргэн .................д тухайн халуун усны байрыг өмчлүүлж өгөөгүй. Тухайн үед манай байгууллага Орон нутгийн өмчийн үйлчилгээний газар сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд төлөөлөн удирдах зөвлөл нь Иргэдийн төлөөлөгчийн хурал байсан ба иргэн ................. нь Засаг даргын тамгын газартай буюу сумын Засаг даргын тамгын газрын даргатай гэрээ хийснээр түр эзэмшин ажиллуулж байсан болно. Манай байгууллага нь 10-аад жил эдгээр хүмүүст тус халуун усыг эзэмшүүлж, ашиглуулж, өрхийн амьжиргааг нь дэмжиж ирсэн байтал ийм их хэмжээний төлбөр тооцоо нэхэмжилж байгаад гайхаж байна. Энэ хугацаанд халуун усны барилгыг засварласан хөрөнгийг хэд нугалан ашиг, орлого олсон гэж бодож байна. Харин ч ................., ................. нар нь 2014 оноос хойш халаалт дулаан, цэвэр, бохир усны төлбөрөө төлж байгаагүй ба 11,047,840.92 төгрөгийн өр манай байгууллагад үүссэн байгаа. Манай байгууллага дээрх төлбөрийг барагдуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандахад ................., ................. нар нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон юм. 2011 онд .................. ХХК нь ОНӨҮГазар байсан ба сумын ЗДТГ-ын мэдэлд ТУЗ нь сумын ИТХ байсан. Энэ үед ................. нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон үнэ тарифын дагуу иргэдэд үйлчилнэ, халуун усны байрыг өөрсдийн хөрөнгөөр тог цахилгаанаар халдаг, түлээ мод түлдэггүй эко халуун ус болгоно хэмээн ажиллах эрх авсан. Гэвч сумаас тогтоосон үнэ тарифыг удаа дараа зөрчин үнэ нэмж иргэдийг хохироосон. Мөн сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон байгууллагын халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг 10-аад жил төлөлгүй манай байгууллагыг алдагдалд оруулж өр, авлага үүсгэн өдийг хүрсэн. ................. нь дээрх төлбөрөө төлөхгүй хирнээ халуун усны байранд засвар хийсэн гэх 30,970,300 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2011 онд засвар хийсэн гэх 30 гаруй сая төгрөгөөр тухайн үед ийм барилга иж бүрнээр нь хоёрыг барих боломжтой. Манай компанийн ахуй үйлчилгээний барилга болох 8x12 хэмжээтэй, 192 метр квадрат талбай бүхий 2 давхар барилгыг 2013 онд 36,472,878 төгрөгөөр шинээр барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байсан. Халуун усны барилгад хийсэн засварыг харахад 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн байх боломжгүй нь харагдана. Харин 2-3 сая төгрөгөөс хэтрэх зардал гараагүйг тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна. Манай байгууллагын зүгээс иргэн .................д ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй тул 30,970,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. ................., түүний эхнэр ................. нар нь Хурлын төлөөлөгчдийн зүгээс иргэдийн санал гомдол, зөрчил дутагдал гарах бүрд тавьсан шаардлагыг үл тоомсорлон хэл амаар доромжлох, ажил үүргээ гүйцэтгэж яваа байгууллагын ажилчдыг мод чулуугаар цохих зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан. Эдгээр хүмүүс нь манай байгууллагын халуун усны барилгыг тодорхой нөхцөлтэйгээр эзэмшиж, ашиглаж байгаа гэдгээ мартаж өөрсдийн хувийн эд хөрөнгө шиг аашлах болсон. Манай байгууллагаас цаашид .................тэй хамтарч ажиллах боломжгүй тул байгууллагын өмч болох халуун усны байрыг буцаан авч, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 төгрөгийг нэхэмжлэх болно. .................гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2011 онд иргэн .................тэй Засаг даргын тамгын газраас халуун усны байрыг түрээслэн ашиглах гэрээг хийсэн. .................тэй ямар нэгэн гэрээ хийгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Иймд .................гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал ................. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2011 онд Орон нутгийн өмчийн үйлчилгээний газар байх үед манай байгууллага нь сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд байсан ба Төлөөлөн удирдах зөвлөл нь сумын иргэдийн төлөөлөгчийн хурал байсан. Энэ үед буюу 2011 онд И сумын Засаг даргын тамгын газар нь сумын Халуун усны барилгыг түр эзэмшүүлэн ажиллуулахаар иргэн .................тэй гэрээ байгуулсан байдаг юм. ................. нь анх сумын халуун усыг ажиллуулж эхлэхдээ сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоосон үнэ тарифын дагуу иргэдэд үйлчилнэ, халуун усны байрыг өөрсдийн хөрөнгөөр тог цахилгаанаар халааж, түлээ мод түлдэггүй эко халуун ус болгоно гэж ажиллах эрх авсан боловч өнгөрсөн хугацаанд өөрсдийн дураар үнэ тарифыг нэмж, сумын Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон түүгээр ч зогсохгүй халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг төлөлгүй өдийг хүрч байна. Одоо манай байгууллага нь хэдийгээр төсвөөс татаас авдаггүй ч төрийн өмчийн оролцоотой компани гэдэг утгаараа орон тоо болон жилийн төсвийн төлөвлөгөөгөө аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлуулан Төрийн аудит тогтмол хийлгэж явдаг компани юм. Тиймээс тухайн байгууллагын төсөв мөнгө хүндрэлтэй энэ үед олон жил дамнасан өр авлагыг үүсгэн төсвийн алдагдалд оруулж, байгууллага цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж байхгүй байгаа тул төрийн өмч, байгууллагын өөрийн үндсэн хөрөнгө болох халуун усны барилгыг буцаан авах шаардлагатай байна. Мөн иргэн ................. нь халуун усны барилгыг ашиглаж байх хугацаандаа 2011 оноос хойш халаалт дулааны төлбөр, цэвэр, бохир усны төлбөрийг төлөлгүй явсаар 2011-2013 хүртэл 3,352,920 төгрөг, 2014-2020 он хүртэл 11,047,840.92 төгрөг, нийт 14,400,760 төгрөгийн өр үүссэн байгаа болно. Үүнийг барагдуулахаар 2020 оны 11 дүгээр сард Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ................. нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд .................гээс Х аймгийн И сумын халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14.400.760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа: .................. ХХК нь халаалт, цэвэр бохир усны төлбөр 14,400,760 төгрөг гаргуулах, халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд тус сөрөг нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Халаалт, цэвэр бохир усны төлбөр 14,400,760 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч .................г 2011 онд И сумын Засаг даргын тамгын газартай халуун усны барилгыг түр эзэмших гэрээ байгуулж, халуун усны байрыг ажиллуулах эрх авсан хэдий ч гэрээний үүргээ зөрчиж, өнгөрсөн хугацаанд өөрсдийн дураар халуун усны үнэ тарифыг нэмж, сумын Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон, цэвэр бохир усны төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн талаар дурджээ. Анх нэхэмжлэгч ................. нь И сумын халуун усны газрыг эзэмших сонгон шалгаруулах тендер-т ялж, төв халуун усны барилгын эзэмшигчээр шалгарсан бөгөөд тухайн үед халуун усны газрыг түр эзэмшүүлэх гэрээг сумын Засаг даргын тамгын газартай огтхон ч байгуулаагүй, тус барилгыг тодорхой хугацаатай эзэмших талаар ярилцаж тохиролцсон зүйл байдаггүй. Мөн халуун усны үнэ тарифыг нэмж, сумын ЗДТГ болон Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тавьсан шаардлагыг биелүүлдэггүй талаар бичжээ. ................., ................. нар нь И сумын халуун усны газрыг эзэмших болсноос хойш маш хурдан хугацаанд буюу 2 сар 20 хоногийн хугацаанд хуучирч муудсан, ашиглалтаас гарах дөхсөн барилгад засвар үйлчилгээг хийж, тэр цагаас хойш саяхныг хүртэл нутгийн иргэд, малчид хөдөлмөрчдөд соёлтой боловсон үйлчилгээг тогтмол хямд үнээр үзүүлсээр ирсэн. Хариуцагч нь цэвэр, бохир усны 2011-2013 он хүртэлх хугацааны 3,352,920 төгрөг, 2014-2020 он хүртэлх хугацааны 11,047,840 төгрөгийг нэхэмжилжээ. 2011-2013 оны хоорондох 3,352,920 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь И сумын халуун усны газрын эзэмшигчийг сонгон шалгаруулах 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр дулаан, цэвэр усны үнийг 3 жилийн хугацаанд .................. ХХК хариуцахаар тохиролцсон. Дээрх тохиролцоог ч хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа 2014 оноос хойшхи халаалт, цэвэр бохир усны мөнгийг нэхэмжлэх талаар дурдсан байдаг. 2014 оноос хойшхи төлбөрийн тухайд ийм өндөр төлбөр гарч байгаад гайхаж байна. Манай халуун усны барилгатай ойролцоо объектийн халаалт, цэвэр бохир усны төлбөр манайхаас хамаагүй бага гардаг. Аль хууль, эрх зүйн актыг үндэслэн, ямар тооцооллыг ашиглан дээрх мөнгийг нэхэмжилж байгааг хариуцагч байгууллага өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд гаргасан хууль ёсны төлбөрийг нотлох баримтад үндэслэн төлөх болно. Дээрх халаалт, цэвэр бохир усны 2015 оноос хойшхи төлбөрийг нэхэмжлэгч нь тодорхой хэмжээнд төлж байсан. Тодруулбал, 2014 онд халаалтын мөнгийг .................. ХХК хариуцахаар тохиролцсон хэдий ч 2015.09.15-ны өдөр 24,640.00 төгрөг, 2015.10.26-ны өдөр 49,280.00 төгрөг, 2016.02.26-ны өдөр 55,440.00 төгрөг, нийт 374,960 төгрөгийг төлсөн. 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл бүтэн 6 сарын хугацаанд ажил, үйлчилгээг хүчээр зогсоож, ажлын байрны дарамт учруулж, халуун усаа буцааж авна гэж сүрдүүлж эхэлсэн тул бид обьектоо хамгаалж үлдэх үүднээс арга буюу төлбөр төлөлтийг хойшлуулж ирсэн. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд нэхэмжлэгчдийг ирээгүйгээс шалтгаалж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаар дурдсан байна. Бодит байдалд нэхэмжлэгч ................., ................. нар нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан ч эмчилгээний хугацааг дуусгалгүй яаран ирж, Х аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч н.Лхамдолгортой өөрийн биеэр биечлэн уулзсан бөгөөд тус ажиллагаанд хариуцагч байгууллагаас төлөөлөл ирээгүйтэй холбогдуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байдаг.

Хоёр. Халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд: 2011 онд халуун усны барилгыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөд нэхэмжлэгч нь өөрийнх нь өмчлөлд шилжүүлж өглөө гэж ихэд баярлан өөрсдийн өмч мэт хайрлан хамгаалсаар ирсэн. Гэтэл 3 жилийн өмнөөс .................. ХХК-ийн захирал ................. халуун усны барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа төр өмчөө эргүүлж авна гэж сүрдүүлж, ажлын байрны болон сэтгэл санааны дарамт үзүүлж ирсэн байдаг. Нэгэнт дээрх барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа бол өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийсэн 30,970,300 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсны дараа .................. ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурлын тэмдэглэлийг харахад халуун усны барилгыг эзэмшүүлэх тендер гэж байгаа учраас эзэмших ойлголт харагдаж байна. Тэмдэглэлийн хамгийн сүүлийн шийдвэрлэсэн хэсгийг харахаар олонхын саналаар .................д өгөхөөр шийдвэрлэв гэсэн байгаа. Тэгээд дулаан, цэвэр усны мөнгийг 3 жилийн хугацаанд авахгүй байхаар тохиролцсон байгаа. Дээр нь эзэмшүүлж гэдэг агуулга байгаа боловч хэдэн жилийн хугацаатай юм бэ, ямар журмаар юм бэ, эсвэл гэрээ байгуулах юм уу гэдэг асуудал яригдах байх. Тэрийгээ бас тусгаж өгөөгүй. Эзэмших сонгон шалгаруулалтын тендер гэдгийг нь харахаар эзэмшүүлж байгаа юм шиг шийдвэрлэсэн хэсгийг нь харахаар олонхын саналаар .................д өгөхөөр шийдвэрлэв гэж байгаа нь өмчлөлд нь шилжүүлж байгаа юм шиг харагдаж байна. Хүмүүсээс асуухаар бид нарын өмчлөлд шилжүүлсэн гэх процесс байдаг. Үүнтэй холбоотой өөр баримт байна уу гэхээр бид нарт үлдсэн ганц баримт нь энэ гэж хэлдэг. Үүнтэй холбоотой баримт байж магадгүй гэж шүүхийн журмаар бид нар өөрсдөө ч очиж уулзаж асуухад баримт байхгүй гэдэг учраас байгаа нь энэ хурлын тэмдэглэл юм. Үүнээс харахад өмчлөлд нь шилжүүлсэн гэж үзэж болохоор байна гэж дүгнэж байгаа гэв.

Нэхэмжлэгчээс барилгад засвар хийхтэй холбоотой гарсан гэх зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 7 ширхэг 4 хуудас, 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар 1 хуудас, ажилласан хүмүүсийн цалин гэх гарчигтай баримтын хуулбар 1 хуудас, .................гийн Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, .................гөөс М.Батчимэгт олгосон итгэмжлэл 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, хамтран нэхэмжлэгч .................гээс М.Батчимэгт олгосон итгэмжлэл 1 хуудас, .................гийн 5897045013 дугаар Хаан банкны дансны хуулгын хуулбар 2 хуудас, өглөг, авлагын дэлгэрэнгүй журналын хуулбар 3 хуудас,

 

          Хариуцагчаас .................ээс Г.Түвшинтөгсөд олгосон итгэмжлэл 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байсан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл 1 хуудас, Х аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/172 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаар албан бичгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаартай албан бичгүүдийн Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн И сумын .................. ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай албан бичгийн Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 36-03/14 дугаар албан шаардлагын Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлийн Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн Их-Ууд дулаан ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар албан бичгийн Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийн Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн И сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/59 дугаар албан бичгийн Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,01, 02, 2017.01 дугаартай .................д мэдэгдсэн мэдэгдэх хуудасны Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, барилга байгууламжийн 2017 оны бүртгэлийн Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын актын Х аймгийн И сумын .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Х аймгийн И сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар албан бичгийн хуулбар, .................. ХХК, иргэн ................. нарын 2011 оны 6 сараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны халаалт, цэвэр, бохир усны тооцооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн Орон нутийн өмчийн газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/152 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 01, 02, 2017.01 гэсэн дугаартай .................д өгсөн мэдэгдэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн И сумын .................. ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний 15 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/461 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаартай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Х аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, .................. ОНӨААТҮГ, ................. нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Цэвэр ус, дулаанаар хангах аж ахуйн гэрээ №14” дугаартай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, .................. ХХК, ................. нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Дулааны эрчим хүч, хүйтэн усаар хангах бохир ус татан зайлуулах гэрээ 20” дугаартай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас, тооцооны үлдэгдлийн баталгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 6 хуудас, авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, .................. ХХК, ................. нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Дулааны эрчим хүч, хүйтэн усаар хангах бохир ус татан зайлуулах гэрээ 21” дугаартай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, өглөг авлагын дэлгэрэнгүй журналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 9 хуудас зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

          Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэгийн хүсэлтээр П.Бямбахишиг, Б.Батбаяр, Н.Амраа нараас гэрчийн мэдүүлэг авсан, шинжээчийн Х аймгийн И сумын Засаг даргын тамгын газраас нотлох баримт гаргуулах, шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байна. (хх-ийн 36-42, 54-100 дугаар тал)

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ................., ................. нар нь  .................. хязгаарлагдмал хариуцлагатай компаниас засвар, үйлчилгээ хийсэн материал болон ажлын хөлс нийт 30,970,300  (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч .................. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал ................. манай байгууллагын зүгээс .................д ямар нэгэн хохирол учруулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь эс зөвшөөрч марган нэхэмжлэгч .................д холбогдуулан Х аймгийн И сумын төвд байрлах халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлов.

Үүнд: И сумын засаг даргын тамгын газрын хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр тус халуун усны барилгыг эзэмшилдээ авч иргэдэд халуун усаар үйлчилж ирсэн. Ингэхдээ өөрсдийн хөрөнгөөр засвар үйлчилгээг хийсэн бөгөөд одоо биднээс тухайн халуун усны барилгыг авахаар болж байгаа тул засвар хийсэн материалын зардал 26,815,300 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлс 4,005,000 төгрөг, хог ачуулсантай холбоотой үүссэн зардал нийт 30,970,300  (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг  гаргуулах, бидний засвар хийсэн зардал нь .................. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөрөнгө болж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Бид халуун усны барилгыг бидний өмчлөлд өглөө гэж бодож байтал буцааж авья гэж байгаа болохоор засвар хийсэн зардлыг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн болно.

Үүнд: ................. нь 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн байх боломжгүй, манай байгууллагын зүгээс .................д ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар доорх үйл баримт тогтоогдлоо.

Үүнд: 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Х аймгийн И сумын засаг даргын өрөөнд халуун усны газарт ажиллах хүнийг сонгон шалгаруулах хуралдаан болж үүгээр тус сумын төвд байрлах халуун усны байрын иргэн .................д өгөхөөр, ................. нь засвар хийх боломжтой гэдгээ илэрхийлж, 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засвар хийж дуусган ашиглалтанд оруулах, дулааны газар нь дулаан цэвэр усаар хангаж дулаан, цэвэр усны үнийг 3 жил авахгүй байхаар тохиролцсон нь хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар (нэг дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудас) нотлогдсон.

2011 онд нэхэмжлэгч нь өөрийн зардлаар засвар үйлчилгээг хийн ашиглалтад оруулан  2021 оны 7 дугаар сарыг хүртэл Х аймгийн И сумын иргэдэд халуун усанд орох үйлчилгээг үзүүлж байсан, энэ хугацаанд түрээс, халуун усныг ашигласнаас олсон орлогоос татвар хураамж төлж байгаагүй нь энэ талаар өмчлөгч болон нэхэмжлэгч ................., ................. нар тохиролцсон зүйлгүй тэдний хооронд байгуулагдсан гэрээгүй байна.

Мөн И сумын төвд байрлах Халуун усны барилга нь 20021960004 дугаартай 5,401,600 төгрөгийн өртөгтэй .................. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшилд, Х аймгийн орон нутгийн өмчийн барилга байгууламж болох нь Х аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/172 дугаар албан бичиг (нэгдүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас), Х аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/152 дугаар албан бичгүүдээр (хоёрдугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас) тус тус нотлогдлоо.

Талууд тухайн эд хөрөнгөд засвар үйлчилгээг хийсэн зардлын хэмжээний талаар, хариуцагч байгууллага нэхэмжлэгч нарт хохирол учруулаагүй эсэх талаар маргасан бөгөөд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаагүй.

Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна.

Харин нэхэмжлэгч шаардах эрхээ хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм.

Гэтэл Х аймгийн И сумын төвд байрлах халуун усны барилга нь Х аймгийн орон нутгийн өмч байх бөгөөд .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани нь зөвхөн  эд хөрөнгийн эзэмшигч байх тул дээрх маргаанд хариуцагч этгээд биш юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Х аймгийн орон нутгийн өмчид засвар үйлчилгээ хийснээс тухайн эд хөрөнгө тэр хэмжээгээр засварлагдсан гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх тул тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх бүхий байгууллагад холбогдуулан нэхэмжлэлээ гаргах учиртай.

Иймд нэхэмжлэгч ................., ................. нарын Х аймгийн И сумын төвд байрлах Х аймгийн орон нутгийн өмч болох халуун усны барилгад засвар үйлчилгээ хийсний зардал болох 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг .................. хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн засвар хийсэн зардалтай холбоотой шүүхэд нотлох баримтаар гаргасан баримтыг үндэслэн зардлыг тодорхойлох, энэ талаар хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэгт дүгнэлтийг хийх шаардлагагүй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Х аймгийн И сумын төвд байрлах халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч .................гээс  гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг нэхэмжлэгч ................. нь тухайн халуун усны байрыг одоогоор эзэмшээд ашиглаад байгаа зүйлгүй байгаа ч засвар үйлчилгээ хийсэн зардлыг гаргаж өгсний дараа чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй, анхны тохиролцоо ёсоор 3 жилийн хугацаанд халаалт, усны төлбөрөөс нэхэмжлэгч нарыг чөлөөлсөн учир энэ хугацааны халаалт усны төлбөрийг төлөхгүй, мөн 2015 оны 02 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэл ажил үйлчилгээг хүчээр зогсоосон тул энэ хугацааны төлбөрийг ч төлөхгүй, мөн халаалтын төлбөрт 374,960 төгрөгийг төлсөн, энэ талаар хоёр талаасаа тооцоог хийж нийлсэн тохиолдолд төлбөрийг төлнө, иргэнээр үйл ажиллагаа явуулдаг байтал халаалт, усны төлбөр нь бусад дэлгүүр, айл өрхүүдээс өндөр гараад байгаа нь үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж маргажээ.

Халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.

Гэтэл .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тухай үл хөдлөх эд хөрөнгө болох Х аймгийн И сумын нутагт байрлах халуун усны барилгын өмчлөгч биш байна.

Учир нь хэрэгт авагдсан Х аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болдын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/172 дугаар (нэгдүгээр хаввсрат хэргийн 119 дүгээр хуудас), Х аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/152 дугаар албан бичгүүдээр (хоёрдугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас) тухайн эд хөрөнгө нь Х аймгийн орон нутгийн өмч болох нь нотлогдсон болно.

 Иймд ..................хязгаарлагдмал хариуцлагатай компани шаардах эрхгүй юм.

Халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч .................гээс  гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

.................. хязгаарлагдмал хариуцлагатай компани дээрхи нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой .................. орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, .................. ОНӨҮГ-ын захирал Ц, “Халуун ус” захирал ................. нарын хооронд байгуулагдсан 2014, 2019, 2020 онуудад байгуулагдсан “Дулаанаар хангах аж ахуйн гэрээ”, “Дулааны эрчим хүч, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах” гэрээнүүд, 2014-2020 оны өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, 2014-2019 оны тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудыг нотариатчаар гэрчлүүлэн ирүүлжээ.

Дээрхээс үзвэл ................. нь халуун усны үйл ажиллагааг эрхлэхдээ .................. ОНӨҮГ, .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани халаалт, цэвэр ус, бохир зайлуулах үйлчилгээг авч байсан, уг үйлчилгээний төлбөрт .................гээс 374,960 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иймд ..................хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар шаардах эрхтэй.

Дулаанаар хангах үйл ажиллагааг эрхлэх, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах зөвшөөрөл, түүнтэй холбогдсон харилцаа болох эрхлэгч, хэрэглэгчийн харилцаа, үнэ тарифийг Эрчим хүчний тухай хуулиар зохицуулсан бөгөөд .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани нь энэхүү үйл ажиллагааг явуулдаг талаараа холбогдох баримтыг ирүүлээгүй боловч энэ талаар талууд маргаагүй учир шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө.”, гэж

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэж тус тус хуульчилсан байна.

Үүнээс үзвэл хангагч, хэрэглэгчийн хооронд гэрээ байгуулагдсан байх, гэрээнд зааснаар төлбөрийг нийтлэгдсэн тарифийн дагуу хэрэглэгч төлөхөөр зохицуулагджээ.

Хангагч байгууллага болох .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани хэрэгт хэрэглэгчтэй 2014, 2019, 2020 онд байгуулсан гэрээнээс өөр гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч .................гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 02 дугаар сараас 8 сарыг хүртэл үйл ажиллагааг зогсоосон учир тэр хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй, мөн манай төлбөр бусад иргэд, айл өрхүүдээс өндөр гарсан байгаа гэж тус тус маргасан ба дулаанаар хангагдаагүй, цэвэр ус ашиглаагүй, бохир зайлуулаагүй гэж маргаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч халуун усны үйл ажиллагааг явуулахдаа иргэнээр үйл ажиллагаа явуулдаг байсан гэж тайлбарласан ба уг гэрээнд хэрэглэгчийг иргэн, аж ахуйн нэгж алинаар тооцон Эрчим хүчний зохицуулах хорооны хэдэн онд тогтоосон ямар тарифаар тогтоож, нэхэмжилсэн болох нь тодорхойгүй байна.

Учир нь Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф тогтоох тухай аргачлалд зааснаар дулаан, эрчим хүч хэрэглэгч айл өрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн метр квадратаар, аж ахуйн нэгжийг метр кубээр тус тус тооцдог байх ба нэхэмжлэгч алинаар тооцсон нэхэмжилсэн нь тодорхойгүй, дулааны төлбөр, цэвэр усны төлбөр, бохир зайлуулсны төлбөр хэд болох талаар тодруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж дүгнэв.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон баримтгүй, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг ирүүлсэн боловч үүнд ................. гэж гарын үсэг зурагдсан нь .................гээс нэхэмжлэх эрхийг үүсгэхгүй юм.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэгчийн нэгэн адил эрхийг эдлэх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн  38.1-т заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагч .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани биелүүлээгүй гэж үзлээ.

Иймд хариуацгчийн халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч .................гээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгэсэхгүй болгосон тул .................. хязгаарлагдмал хариуцлагатай компани нь .................д холбогдуулан халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдлаа.

Хариуцагч байгууллагын захирал .................т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд түүнээс “шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү”, “өмгөөлөгч оролцуулах тухай” хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс 48 минутын өмнө шүүхэд ирүүлсэн бөгөөд хүсэлтийг шүүх шийдвэрлэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч .................. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Х аймгийн И сумын төвд байрлах халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч .................гээс  гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,802 төгрөгийг, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 370,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1-т зааснаар нэхэмжлэгч ................................... нарын хариуцагч .................. хязгаарлагдмал хариуцлагатай компаниас завсар хийсэн материалын болон ажлын хөлс нийт 30,970,300  (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч .................гээс халуун усны барилгыг чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулах тухай хариуцагч .................. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,802 (гурван зуун арван хоёр мянга найман зуун хоёр) төгрөгийг, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 370,150 (гурван зуун далан мянга нэг зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА