Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00934

 

 

 

 

 

 

 

 

2022 04 22 181/ШШ2022/00934

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны №1 танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Л.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, гэрч Б.А, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь мөнгөний яаралтай хэрэг болоод байна гэж учирлаж гуйгаад 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатайгаар, ямар ч хүүгүйгээр зээлж авсан. Зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн.

Тухайн үед өөрийнхөө ажлыг бүтэж байгаа, удахгүй мөнгөтэй болно гэж ойлгуулж байсан боловч зээлээ эргэн төлөх хугацаа болмогц утсаа авахгүй, сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Бизнес хийж байгаа хүнд санхүүгийн хүндрэлтэй асуудлууд олон гардаг байдлыг сайн мэдэх хүний хувьд итгээд мөнгөө зээлүүлсэн.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, нэг ч удаа холбогдож учир байдлаа яриагүй зүй бус үйлдэл гаргаж маш ихээр хохироож байна.

H.Эрдэнэбаттай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний 3.7-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Мөн Н.Эыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг тогтоосон болно.

Иймд иргэн Н.Эаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болох 20,000,000 төгрөг, мөн алданги болох 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Э, түүний өмгөөлөгч Ч.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Хтай танилын харилцаатай бөгөөд түүнээс 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр мөнгө зээлсэн нь үнэн. Харин нэхэмжлэлд дурдсан шиг 20.000.000 төгрөгийг зээлээгүй. харин 15.000.000 төгрөгийг зээлж авсан юм. Тухайн үед надад 15.000.000 төгрөгийн хэрэг байсан бөгөөд Л.Хгийн ажил дээр нь очиж учир байдлаа хэлж 15.000.000 төгрөгийг зээлүүлээч гэхэд Л.Х нь надад дараах шаардлагыг тавиад зөвшөөрвөл ав гэсэн юм. Түүний тавьсан шаардлага нь 15 саяыг аваад 20 сая болгож өгвөл өг, тэгье гэвэл би 5.000.000 төгрөгөө нэмж бичээд 20.000.000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ хийгээд 20.000.000 төгрөгийг шилжүүлнэ, чи мөнгө оронгуут буцаагаад 5.000.000 төгрөгийг маань гаргаад надад бэлэн өг, тэгээд дараа нь харин 15.000.000 төгрөгөө өгөөрэй, хугацаа хэтэрвэл алданги тооцно шүү гэсэн шаардлага тавихад нь мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул аргагүй эрхэнд зөвшөөрсөн.

Ингээд 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн өглөө Л.Хтай Хан-Уул дүүрэгт байрлах нотариатчид орж 20,0 сая төгрөгийн үнийн дүнгээр гэрээгээ хийхэд нотариатч мөнгөө шилжүүл гэхэд нь интернет банкаар банк хооронд буюу миний Голомт банкны данс руу 20.000.000 төгрөгийг Эркад Х-гаас гэсэн утгаар шилжүүлсэн.

Тухайн үед 20 сая төгрөг банк хооронд хэсэг хугацааны дараа ордог байсан учраас мөнгө оронгуут эргээд уулзая гээд бид салсан ба удалгүй буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 11.37 минутад миний дансанд 20.000.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөнөөс би шаардлагатай байсан 15.000.000 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан хүн рүүгээ 14-ны өдрийнхөө 12.25 минутад шилжүүлсэн ба үлдсэн 5.000.000 төгрөгийг данснаасаа бэлнээр 14-ны өдрийнхөө 13.47 минутад авч Л.Хтай түүний 99117222 дугаарын утас руу өөрийн 90096989 дугаарын утаснаас залгаж хаана байгааг нь асуухад Яармагийн Хүннү Моллд байна 5,0 сая төгрөгөө бэлнээр авчихсан уу аваад иp гэсний дагуу эхнэртэйгээ машинтай очсон. Хүннү Маллын гадаа очоод эхнэр машиндаа үлдээд би мөнгийг оруулж өгөхөд Л.Х нь өөрийн найз болох Ч.Отай хамт хоол идээд сууж байсан. Ч.О нь Л.Хгийн найз бөгөөд намайг Л.Хгийн ажил руу явахад надтай яриад 10 дугаар хорооллын гэрээсээ авхуулж надад дайгдаж хэд хэдэн удаа явж байхдаа танилцаж байсан хүн юм.

Ингээд би 5,0 сая төгрөгийг Л.Хд бэлнээр өгөөд гарсан, тэр үед бид хоёрын хажууд энэ бүгдийг Л.Хгийн найз Ч.О хараад сууж байсан.

Мөн намайг Л.Хгаас дээрх нөхцлөөр 15,0 сая төгрөгийг зээлэхдээ 20 болгож гэрээг хийгээд түүнээс 5 саяыг бэлнээр тэр өдрөө буцааж Хүннү Маллд аваачиж өгсөн, өгөх гээд ороход Л.Х, Ч.О нар нь хамт хоол идээд сууж байна гэж эхнэртээ гарч ирээд ярьсан гээд дээрх бүгдийг миний эхнэр Д.Амэдэж байгаа. Миний хувьд яг авч хэрэглэсэн мөнгө нь 15 сая төгрөг тул түүнийг төлөхийг зөвшөөрч байна. Хугацаа хэтрүүлсэн нь үнэн учраас 15 сая төгрөгийн 50%-р тооцож алданги 7,500,000 төгрөгийг нэмж нийт 22,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Бидний хооронд дээрх тохиролцоо болж зээл өгсөн тэр өдрөө 5,0 сая төгрөгийг буцаагаад авчихсан учраас би энэ талаар түүнтэй ярилцаж, 5.0 сая төгрөгөө хасахгүй юм уу гэдгийг асууж ярилцахаар өдийг хүртэл холбогдох гэж хичээсэн боловч эвлэрэхгүй явдаг газраараа явна гэсэн тул түүнд эргүүлэн төлсөн 5,0 сая төгрөгийг хасуулж тооцуулмаар байна.

Иймд зээл 15,000,000 төгрөг, түүний алданги болох 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх 7.500.0000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.10.27-ны өдрийн 47 дугаар албан бичиг, 2020.10.14-ний өдрийн Зээлийн гэрээ, Л.Хгийн ХААН банкны дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.11-ний өдрийн 969 дугаар шийдвэр зэргийн нотлох баримаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Н.Эын Голомт банкны дансны хуулга 7х-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар Мобиком корпораци ХХК болон Скайтел ХХК нараас утасны орсон, гарсан ярианы мэдээллийг гаргуулах, шүүх хуралдаанд гэрч Д.А, Ч.О нарыг асуух ажиллагаа хийж нотлох баримт бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Н.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Л.Х нь үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргасныг, хариуцагч 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэх үндэслэлээр үндсэн зээл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн эсэх талаар маргаж байна.

 

1. Зээлдүүлэгч Л.Х нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөгийг, хүүгүй, 2020-10-14-ны өдрөөс 2020-11-05-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Н.Э нь зээл 20,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцож, Зээлийн гэрээ бичгээр байгуулан гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хавтаст хэргийн 5-6 хуудас/

Талуудын хүсэл зоригийн илэрхийллийн агуулга, зорилго нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний зохицуулалтад нийцсэн, гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Иргэний 282 282.4- Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно ан.

Зээлийн гэрээний 3.4-д Зээл олгох хэлбэр хугацаа: бэлэн бусаар Голомт банкны 1505108479 тоот Н.Эын дансанд 2020.10.14-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу зээлдүүлэгч Л.Х нь зээлдэгч Н.Эын Голомт банкны 1505108479 тоот дансанд 2020.10.14-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Л.Хгийн ХААН банкны дансны хуулга /хх-7х/, Н.Эын Голомт банкны дансны хуулга /хх-47-51х/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

2. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

а. Зээлдүүлэгч Л.Х нь зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг Н.Эад шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

б. Зээлдэгч Н.Э нь зээлийн гэрээний 3.6-д Эргэн төлөх нөхцөл: 2020.11.05-нд бүтэн төлнө гэсний дагуу 20,000,000 төгрөгийг 2020-11-05-ны өдөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, харин зээл авсан өдрөө буцааж 5,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч аваагүй гэж маргасан.

 

3. Хариуцагч Н.Э 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэдгээ нотлох зорилгоор өөрийн Голомт банкны 1505108479 тоот дансны хуулгыг болон гар утасны интернэт банкны дансны хуулгаас гүйлгээ хийгдсэн цаг хугацааг тодруулан гаргасан бөгөөд эдгээрээс үзэхэд 2020.10.14-ний өдрийн 11:37 цагт 20,000,000 төгрөгийн орлого орж, тухайн өдөртөө дансаар 15,000,000 төгрөгийг бусдад шилжүүлж, бэлнээр 5,000,000 төгрөгийн зарлага 13:47 цагт гарсан байна.

Мобиком корпораци ХХК-иас 99117222 дугаарын мэдээллийг гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд Скайтел ХХК-иас 2020.10.14-ний өдрийн 90096989 дугаарын орсон, гарсан ярианы мэдээллээр 90096989 дугаараас 99117222 дугаарт 9:58 цагт 156 сек, 12:03 цагт 70 сек, 13:08 цагт 96 сек, 14:11 цагт 22 сек, 14:18 цагт 37 сек холбогдсон, 99117222 дугаараас 90096989 дугаарт 13:53 цагт 21 сек холбогдсон байна. /хх-63, 65-66х/

Гэрч Д.А...Л.Хгаас мөнгө орж ирэхээр нь бид хоёр хамт гараад замдаа АТМ-ээс 5,000,000 төгрөг аваад Н.Э Хүннү молл-руу орж Л.Хд өгсөн. Би машиндаа сууж байсан учраас мөнгө өгөхийг нь хараагүй гэж, гэрч Ч.О ...зээлийн гэрээ байгуулсныг мэдээгүй, Л.Хтай хамт ирээд машиндаа сууж байсан, буцах замдаа Л.Х бид хоёр Хүннү молл-д орж хоол идсэн, хоол идээд сууж байхад Н.Э ирж ойр зуурхан юм яриад гараад явсан. Л.Хд мөнгө өгөхийг би хараагүй, мөнгө өгснийг би мэдэхгүй гэж тус тус мэдүүлсэн.

Эдгээр баримтуудыг харьцуулан дүгнэхэд Н.Эыг Л.Хд 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэж үзэх боломжгүй байна.

 

4. Нотлох үүргийн хуваарилалтын хувьд үйлдлээ нотлох буюу 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэдгээ нотлох үүргийг Н.Э хүлээх тул хариуцагч Н.Эыг татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч Н.Эыг зээлийн төлбөр 20,000,000 төгрөгийг төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

 

6. Нэхэмжлэгч Л.Х нь шүүхэд хандаж, хариуцагч Н.Эыг эрэн сурвалжлуулж, цагдаагийн байгууллагаар оршин суух хаягийг нь тогтоолгосон байна. /хх-28, 3х/

 

7. Зээлийн гэрээ-ний 3.7-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тохиролцжээ.

 

Зээлдэгч Н.Э нь зээлийн төлбөр 20,000 000 төгрөгийг 2020.11.05-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацааг хэтрүүлсэн байна.

Иймээс хугацаа хэтрүүлсэн 2020-11-06-ны өдрөөс 2021-11-10-ны өдрийг хүртэл 370 хоногоор гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /20,000,000 төгрөг/-гээс алдангийг тооцоход 37,000,000 төгрөг /20,000,000 х 0,5% = 100,000 төгрөг х 370 хоног =37,000,000 төгрөг/ болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг 20,000,000 төгрөгийн 50%-иар алдангийг тооцож, алданги 10,000,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Дээрхи үндэслэлээр хариуцагч Н.Эаас үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Хд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Эаас 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Хд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эаас 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж Л.Хд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА