Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01167

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2022/01167 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

***-***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- Дар***-***аймаг, Дархан 0 дугаар баг, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт А.И /ТИ00000000/

 

хариуцагч- ***-***дүүргийн 00 дүгээр хороо,а з м таун00-000 тоот хаягт байрлах **** ХХК /0000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.И

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.И нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан Агуулахад хөрөнгө хадгалуулах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.И би **** ХХК-тай 2021.10.28-ны өдөр **** ХХК-ийн эзэмшлийн ***-***дүүргийн 10 дугаар хороолол Айдсын давааны зооринд 20 000 000 төгрөгийн үнэтэй 1 дүгээр сортын 10 тонн Голланд сонгиныг өдөрт нэг хайрцагийг 35 000 төгрөгийн төлбөртэй, нийт 14 хайрцаг сонгиныг нэг сар хадгалуулахад 490 000 төгрөг төлөх, эхний сарын төлбөр 490 000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр бэлнээр төлөх, цаашид сунгах бол үлдэгдэл 490 000 төгрөгийг сар брийн 22-ны өдөр төлөх **** ХХК нь хадгалуулж буй сонгиныг чанарын шаардлага хангасан стандартын зооринд хадгалуулж буй барааг ялзруулахгүй, муудуулахгүй, хөлдөөхгүй биет байдлын доголдолгүй хадгалах нөхцөлтэй агуулахад хөрөнгө хадгалуулах гэрээ хийсэн. А.И би гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээ хиймэгц 490 000 төгрөгийг бэлнээр өгч, бүтэн 14 хайрцаг биет байдлын доголдолгүй, цэвэрхэн сонгиныг **** ХХК-д хүлээлгэн өгч хадгалуулсан, мөн дараа сарын төлбөрийг төлсөн. Гэтэл 2021.12.20-ны өдөр **** ХХК-иас утасдаж, танай сонгино манай зооринд хайрагдаад байна гэж утасдсан. Бид нар очиход бүх сонгино муудсан байсан. Биднийг очиход зоорь нь агааржуулалт нь ажиллахгүй, ногоо хадгалах боломжгүй хүйтэн, хана нь мөстсөн. Сонгиныг байцаатай хадгалах боломжгүй байдаг, гэтэл зоориор дүүрэн битүү байцаатай хамт хадгалсан байсан. Манай сонгиноос ашиглах бүтэн зүйл үлдээгүй, бүгд ялзарсан, хөлдсөн байсан. Иймээс агуулахад хөрөнгө хадгалуулах гэрээний үүргийн дагуу хадгалуулсан сонгины үнэ болох 20 000 000 төгрөгийн хохирлыг **** ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: **** ХХК нь иргэн А.Итой 2021.10.28-ны өдөр Агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээг нийт заасан хугацаагүйгээр /1.5/-д заасан, 14 хайрцаг сонгиныг тус бүр 35 000 төгрөгөөр 1 сарын 490 000 төгрөгийн түрээсийн төлбөрөөр тооцон 2021.10.22-ны өдөр хүлээ авсан. Түрээсийн 1 сарын төлбөрийг 2021.10.28-ны өдөр төлсөн. Дээрх гэрээг байгуулахад анхны ярилцлагад А.И нь *******өөс сонгино ачуулчихсан юм, танай зооринд хийе гэхэд манай талаас байцааны дүүргэлттэй байгаа, сонгино хадгалах боломжгүйг анхааруулахад харгалзан үзэлгүйгээр гуйж байсан учраас тухайн сонгинийг зөвхөн нэг сар л зоориндоо хадгалъя, цаашид хадгалалтын явцыг харж байж сунгахаа шийдье гэж хэлээд гэрээ байгуулсан. А.И нь байцаа болон сонгинийг хамтад нь хадгалах боломжгүй гэдэг технологийн горимийг мэддэг болох нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна. Мөн сонгиныг хүлээн авсан өдөр зооринд байцааг хадгалахаар хураачихсан байсан бөгөөд нэхэмжлэгчийн хэлсэн шиг бид сонгино хадгалсны дараа байцааг нэмж байршуулаагүй болно. Манай компани нь өөрсдөө байцааг үрслүүлж, тарьж, хадгалдаг бүхнийг цогцоор нь явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд зөвхөн хадгалалтын үйл ажиллагаа эрхэлдэг компани биш болно. Тухайн зооринд манай компанийн өөрсдийн 120 тонн байцаа, зах зээлээс худалдаж авсан 30 тонн байцаа, 3 тонн сонгино, түрээсийн 36 хайрцаг байцаа байсан. Тухайн үеийн 10 дугаар сарын сүүл нь ногоо хураалтын үйл ажиллагаа дуусаад 1 сар гаруй шахам болчихсон байдаг хүйтний үе болохоор хөлдөлттэй эсвэл их хэмжээний чийгшилтэй сонгино орсон байж болно. Тухайн хадгалуулахаар өгсөн сонгино нь 14 хайрцаг, хайрцагтай жин 11492 кг, хайрцаг тус бүрийн цэвэр жин 154 кг 14 хайрцаг нь 2156 кг, цэвэр жин 9336 кг сонгино байна. Сонгины 2021.10.28-ны үеэрх зах зээлийн бөөний үнэлгээ 1000-1200 төгрөг, нийт дундаж үнэлгээ 10 269 600 төгрөг одоогийн статистикийн үнэ мөн үеийн статистикийн үнийг харахад сонгины үнэд өөрчлөлт ороогүй байгаа нь одоо ч бөөний үнэ 1000-1200 төгрөгийн хооронд байна. Хүнсний ногоог удаан хугацаагаар хадгалах нөхцөлд /ногоор зооринд/ хадгалах ногооны өөрийн шинж чанараас шалтгаалан тодорхой хэмжээний цанталт, ууршилт, конденсаци үүсэх үйл явц үргэлж гарч байдаг. Энэхүү үйл явцын нөлөөнөөс болон хүнсний ногоог хадгалах процесс, хадгалах ёстой дулааны стандарт хэмээс шалтгаалан тодорхой хэмжээний цанталт тодорхой хана хэсэгт үүсдэг. Хайрцагтай хүнсний ногоог хананд тулгаж тавьдаггүй. Түүнээс биш иргэн А.Иын хэлсэн шиг хөлдөлт бол үүсээгүй болно. Зооринд одоо ч гэсэн манай компани байцаа, сонгино стандартын хэм хэмжээний дагуу хадгалагдсан хэвээр байгаа. Эхний сарын хадгалалтын горимд асуудал гараагүй, анх гэрээ байгуулахад хэлж байсанчлан 2 дахь сарын дундуур 2021.12.15-ны өдрөөс эхлэн сонгино эрсдэлд орсон, ирж шалгаарай асуудал үүсэхээр байна гэхэд 2021.12.21-ний өдөр ирж 4 хайрцаг сонгино ялгахаар асгачихаад хөлдөөд гэсчихсэн байна гээд явчихсан бөгөөд 4 хоногийн дараа хэмжих багаж авчирч үзэхэд шалны температур 0, сонгино дээрх температур -0,3 зааж байсан нь стандартын шаардлагад нийцсэн. Анх сонгиноо талбай дээр 7 хоног хатаасан гэж ярин зооринд хадгалсан. Ургац хураалтын сонгиныг хамгийн багадаа талбай дээр чийг үзүүлэлгүйгээр байгалийн нарны гэрэлд 15-25 хоног хатаасан байх шаардлагатай талаар судалгаа байдаг. Дээрх байдлаас харахад хадгалуулагч тал нь нөхцөл байдлаа бүрэн хүлээн зөвшөөрч хадгалуулсан тул манай компани нь нэхэмжлэхийн дүнг төлөх боломжгүй юм. 2 дахь сарын 490 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг буцааж олгоно гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: А.Иын иргэний үнэмлэхний лавлагаа, 2021.10.28-ны өдрийн Агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ, А.Иын цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2021.12.28-ны өдрийн 3092 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.01.19-ний өдрийн 1247 дугаартай ***-***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, фото зургууд, 2021.10.15-ны өдрийн 227 дугаартай ******* аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн Засаг даргын албан тоот, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн Шинжилгээний дүн, 2022.01.12-ны өдрийн 0000000 дугаартай Бүтээгдэхүүнээс дээж авах акт, 2022.01.00-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Шинжилгээний дүн зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-19, 35-40 ху/

 

4. Хариуцагчаас: **** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, **** ХХК-ийн дүрэм, 2022.02.10-ны өдрийн итгэмжлэл, 2022.02.16-ны өдрийн 22/19 дугаартай Цэвэр хөрсний шим хоршооны Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, Н со ХХК-ийн албан бичиг, **** ХХК-ийн 0000000, 000000000 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Ургамал газар тариалангйин хүрээлэнгийн Хөрс агрохимийн лабораторийн гэрчилгээ, Ургамал түүний гаралтай хүнсний түүүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээ, 2021.10.28-ны өдрийн Агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ, 2021.09.28-ны өдрийн Агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ, Хадгалалтын технологи, фото зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 24-29, 43-83 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.И нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан хадгалалтанд шилжүүлсэн эд хөрөнгөд учирсан хохиролд 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас 18 672 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1 328 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021.10.28-ны өдөр **** ХХК-ний эзэмшлийн зооринд нийт 20 000 000 төгрөгийн үнэ бүхий 14 хайрцаг буюу 10 тонн 1-р сортын голланд сонгиныг хадгалуулах, 1 сарын хадгалалтын 490 000 төгрөг байхаар тохиролцсон агуулахад хөрөнгө хадгалуулах гэрээ байгуулж 2 сарын төлбөр төлсөн. 2021.12.20-ны өдөр **** ХХК-иас танай сонгино манай зооринд хайрагдаад байна гэж утсаар хэлсний дагуу очиж үзэхэд зоорины агааржуулалт ажиллахгүй, ногоо хадгалах боломжгүй, хана мөстсөн, хадгалуулсан сонгино бүгд хөлдөж, ялзарсан байсан тул агуулахад хөрөнгө хадаглуулах гэрээний дагуу хадгалуулсан сонгины үнэ 20 000 000 төгрөгийн хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд гэрээ байгуулах үед сонгиныг байцаатай хамт хадгалах нь хадгалалтын горим зөрчиж, улмаар хохирол учирч болзошгүй талаар мэдэгдсэн тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Түүнчлэн, сонгиныг хүлээн авахад зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээний чийгшилтэй байсан, ногооны хувийн жингийн хорогдлыг хасч тооцвол 9.3 тонн болох тул 10 тонн гэх хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, сонгины кг тутмын зах зээлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дундын хоршооны бөөний үнэ 1000-1200 төгрөгт хэлбэлзэж байхад жижиглэнгийн үнээр буюу 2000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар, нэхэмжлэгч А.И 2021.10.28-ны өдөр **** ХХК-ийн эзэмшлийн зооринд 14 хайрцаг /1 хайрцагт 1 тонн/ сонгиныг хадгалуулахаар, хадгалалтын хөлсөнд хайрцаг тутамд 35 000 төгрөг буюу нэг сард 490 000 төгрөг төлөхөөр тохиролцсон Агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээг **** ХХК-тай байгуулсан, хадгалалтын 2 сарын хөлс 980 000 нэхэмжлэгч хариуцагчид төлсөн, сонгино 2021.12.20-ны үеийн байдлаар муудсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

5. Талууд, гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, төлөгдсөн төлбөр зэрэгт маргаангүй. Харин хадгалалтанд хөрөнгө шилжүүлэх үед гэмтэх муудах эрсдэлийг сануулсан эсэх, хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй эсэх, хадгалуулсан хөрөнгийн хэмжээ, сонгинын зах зээлийн үнэлгээ зэрэгт маргаантай.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ гэж заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн ба талууд хадгалалтын хөлсийг сар тутам 490 000 төгрөг байхаар тохиролцсон нь мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.2-т заасанд нийцэж байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.3-т Хадгалагч эд зүйлийг хадгалах журмыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ тухайгаа ажлын 7 хоногт хадгалуулагчид мэдэгдэнэ гэж, 4.3.5-д Эд хөрөнгийг хадгалахтай холбогдон хадгалуулагчид түүний буруугүйгээр учирсан хохирлыг хадгалагч нөхөн төлнө гэж, 5.2-т хадгалагч нь эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй талаар хадгалуулагчид мэдэгдэж, зохих шаардлагыг тавьсан бөгөөд хадгалуулагч биелүүлээгүйгээс хохирол учирсан бол хадгалагч хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус тохиролцсон байна.

Хариуцагч түүний эзэмшлийн зоорь стандартын шаардлага хангасан, чийгшил, температур хэвийн тогтмол байсан, сонгиныг байцаатай хамт хадгалах нь сонгины чанарт муугаар нөлөөлж муутгаж болзошгүй талаар нэхэмжлэгчид сануулсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

Иймд шүүх, нэхэмжлэгч Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө  гэж заасны дагуу хариуцагчаас учирсан хохирлоо төлөхийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, агуулахад эд хөрөнгө хадгалуулах тухай гэрээгээр хадгалагч учирч болзошгүй эрсдэлийн талаар хадгалуулагчид мэдэгдсэн, сануулсан тохиолдолд хадгалагч учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх талаар тохиролцсон боловч ийнхүү сануулсан мэдэгдсэн болохоо хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийг хадгалуулсан хөрөнгөд учирсан хохирлоо хадгалагчаас шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Түүнчлэн зохигч, сонгины хүндийн жинг 10 тонн, 9.3 тонн гэж маргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ногооны хувийн жингийн хорогдлыг хасч тооцоход татгалзахгүй гэж тайлбарласан тул хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслэн сонгины хүндийн жинг 9 336 кг-аар, кг тус бүрийг 2 000 төгрөгөөр тооцон 18 672 000 төгрөг хариуцагч **** ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.Иод олгохоор шийдвэрлэв.

Хэдийгээр хариуцагч 1 кг сонгины өнөөгийн зах зээлийн бөөний үнэ 1000-1200 төгрөгт хэлбэлзэж байгаа гэж маргаад тухайн татгалзлаа нотлохоор дундын хоршооны 2022.02.16-ны өдрийн 22/19 дугаар албан бичгийг ирүүлсэн боловч тухайн албан бичигт дурдсан үнэ хэдий үеийн зах зээлийн ханш гэдэг нь тодорхойгүй байна.

Иймд шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийсэн UBSTAT.MN сайтад тавигдсан нэр бүхий 10 худалдааны төв, хүнсний дэлгүүрийн 2021.11.24-ний өдрөөс 2021.12.22-ны өдөр хүртэл хугацааны сонгины дундаж үнэ ханшийг үндэслэн сонгины үнийг кг тутмыг нь 2 000 төгрөгөөр үнэлсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзээд сонгины үнэ ханшийг 2 000 төгрөгөөр тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцнэ гэж үзсэн.

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч **** ХХК-иас хадгалалтанд шилжүүлсэн эд хөрөнгөд учирсан хохиролд 18 672 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Иод олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 328 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д тус тус зааснаар хариуцагч **** ХХК /0000000/-иас 18 672 000 /арван найман сая зургаан зуун далан хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт А.И /ТИ00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 328 000 /нэг сая гурван зуун хорин найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч **** ХХК-иас 251 310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Иод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ