Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01205

 

 

 

 

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01205

 

 

                                        А.И ын нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01167 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.И ын хариуцагч “БТЭН” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.И, түүний өмгөөлөгч Ц.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Г.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.И 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “БТЭН” ХХК-тай агуулахад хөрөнгө хадгалуулах гэрээг байгуулж, тус компанийн эзэмшлийн ........... зооринд 20,000,000 төгрөгийн үнэтэй 1-р сортын 10 тонн Голланд сонгиныг нэг хайрцагийг 35,000 төгрөгөөр, нийт 14 хайрцаг сонгиныг сарын 490,000 төгрөгөөр хадгалуулахаар тохиролцож, эхний сарын төлбөрийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлөх, цаашид гэрээг сунгах нөхцөлд үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 22-ны өдөр төлөх, “БТЭН” ХХК сонгиныг чанарын шаардлага хангасан стандартын зооринд хадгалж ялзруулахгүй, муудуулахгүй, хөлдөөхгүй биет байдлын доголдолгүй хадгалах үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр 490,000 төгрөг бэлнээр төлж, 14 хайрцаг биет байдлын доголдолгүй, цэвэрхэн сонгиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь гэрээний дараа сарын төлбөрийг төлсөн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч талаас “сонгино зооринд хайрагдаад байна” гэж хэлсэн. Сонгиныг үзэхэд муудсан байсан ба сонгино хадгалж байсан зоорины агааржуулалт нь ажиллахгүй, ногоо хадгалах боломжгүй хүйтэн, хана  мөстсөн байсан. Сонгиныг байцаатай хадгалах боломжгүй байхад байцаатай хадгалсан байсан. Иймд гэрээнд заасны дагуу хадгалуулсан сонгины үнэ 20,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээгээр 14 хайрцаг сонгиныг тус бүр 35,000 төгрөгөөр сарын 490,000 төгрөгөөр түрээслэхээр тооцон 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч 1 сарын төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлсөн. Нэхэмжлэгч нь ........... аймгаас сонгино ачуулчихсан, танай зооринд хийе гэсэн. Хариуцагч нь зоорь байцааны дүүргэлттэй байгаа, сонгино хадгалах боломжгүй талаар анхааруулсан боловч сонгинийг нэг сар хадгална, цаашид хадгалалтын явцыг харж байгаад гэрээгээ сунгахаа шийдье гэж гуйж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч байцаа, сонгинийг хамтад нь хадгалах боломжгүй талаар мэдэж байсан нь түүний нэхэмжлэлд тодорхой дурдагдсан байдаг. Сонгиныг хүлээн авсан өдөр зооринд байцаа хадгалахаар хураачихсан байсан, сонгино хадгалсны дараа байцааг нэмж байршуулаагүй. Хариуцагч тал өөрсдөө байцаа үрслүүлж, тарьж, хадгалдаг бүхнийг цогцоор нь явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд зөвхөн хадгалалтын үйл ажиллагаа эрхэлдэг компани биш. Уг зооринд хариуцагч талын 120 тонн байцаа, зах зээлээс худалдаж авсан 30 тонн байцаа, 3 тонн сонгино, түрээсийн 36 хайрцаг байцаа байсан. Тухайн үед 10 дугаар сарын сүүлээр ногоо хураалтын үйл ажиллагаа дууссан хүйтний үе байсан болохоор хөлдөлттэй эсвэл их хэмжээний чийгшилтэй сонгино орсон байж болно. Хадгалуулахаар өгсөн сонгино нь 14 хайрцаг, хайрцагтай жин 11,492 кг, хайрцаг тус бүрийн цэвэр жин 154 кг, нийт 14 хайрцаг нь 2,156 кг, цэвэр жин 9,336 кг сонгино байсан. 2021 оны 10 дугаар сарын 28-ны үеэр сонгины зах зээлийн бөөний үнэлгээ 1000-1200 төгрөг, дундаж үнэлгээ 10,269,600 төгрөг, одоогийн статистикийн үнэ мөн үеийн статистикийн үнийг харахад сонгины үнэд өөрчлөлт ороогүй байгаа нь одоогийн бөөний үнэ 1,000-1,200 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Хүнсний ногоог удаан хугацаагаар хадгалах нөхцөлд /ногоор зооринд/ хадгалах ногооны өөрийн шинж чанараас шалтгаалан тодорхой хэмжээний цанталт, ууршилт, конденсаци үүсэх үйл явц үргэлж байдаг. Хүнсний ногоог хадгалах процесс, хадгалах ёстой дулааны стандарт хэмээс шалтгаалан тодорхой хэмжээний цанталт тодорхой хана хэсэгт үүсдэг. Хайрцагтай хүнсний ногоог хананд тулгаж тавьдаггүй, хөлдөлт үүсээгүй. Хариуцагч компани одоог хүрэтл тус зооринд байцаа, сонгино стандартын хэм хэмжээний дагуу хадгалж байна. Эхний сарын хадгалалтын горимд асуудал гараагүй ба 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сонгино эрсдэлд орсон. Нэхэмжлэгчид энэ талаар хэлэхэд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 4 хайрцаг сонгиныг хөлдөөд гэсчихсэн байна гээд явсан. 4 хоногийн дараа хэмжих багаж авчирч үзэхэд шалны температур 0, сонгино дээрх температур -0,3 зааж байсан нь стандартын шаардлагад нийцсэн. Анх сонгиныг талбай дээр 7 хоног хатаасан гэж ярьж зооринд хадгалсан. Ургац хураалтын сонгиныг хамгийн багадаа талбай дээр чийг үзүүлэлгүйгээр байгалийн нарны гэрэлд 15-25 хоног хатаасан байх шаардлагатай талаар судалгаа байдаг. Хадгалуулагч тал нь нөхцөл байдлаа бүрэн хүлээн зөвшөөрч хадгалуулсан тул хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2 дахь сарын 490,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг буцааж олгоно гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д тус тус зааснаар хариуцагч “БТЭН” ХХК /5465869/-иас 18,672,000 /арван найман сая зургаан зуун далан хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А / /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,328,000 /нэг сая гурван зуун хорин найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч “БТЭН” ХХК-аас 251,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.И од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь “БТЭН” ХХК-ийн зооринд эрүүл, биет байдлын доголдолгүй сонгино хадгалуулсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нотолж чадаагүй, хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт огт авагдаагүй байхад шүүх нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

4.2. А.И нь “БТЭН” ХХК-ийн зооринд 10 тонн сонгино хадгалуулахаар өгөхдөө сонгинод шинжилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, шинжилгээ хийлгэсэн баримтыг шаардсан боловч гуйж хадгалуулсан. “БТЭН” ХХК-ийн зооринд их хэмжээний байцаа хадгалагдаж байсан нь хавтаст хэргийн 60-63 дугаар талд авагдсан “БТЭН” ХХК болон Б.М нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр байгуулагдсан “Агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ”, мөн хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээ, хариуцагч “БТЭН” ХХК-иас гаргасан хариу тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Сонгино, байцааг хамт хадгалах боломжгүй, хадгалалтын горим нь өөр байдаг. Хамт хадгалсан тохиолдолд сонгино мууддаг талаар А.И од хэлж, сонгиныг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн боловч гуйж сонгино хадгалуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “сонгиныг байцаатай хадгалах боломжгүй байдаг, гэтэл зоориор нь дүүрэн битүү байцаатай хамт хадгалсан байсан” гэж дурдсан нь түүнийг сонгино болон байцааг хамт хадгалах боломжгүй талаар мэддэг байсныг нотолж байна.

 

4.3. Сонгино, байцааг хамт хадгалах боломжгүй, хэрэв хамт хадгалсан тохиолдолд сонгино мууддаг гэдгийг мэдсээр байж их хэмжээний байцаа хадгалж байсан агуулахад сонгино хадгалуулсан үйлдэл нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байх тул А.И ын “БТЭН” ХХК-д хадгалуулсан сонгино эрүүл байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Мөн агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний 5.2-т “Хадгалагч нь эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй талаар хадгалуулагчид мэдэгдэж, зохих шаардлагыг тавьсан бөгөөд хадгалуулагч биелүүлээгүйгээс хохирол учирсан бол хадгалагч хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заасан.

“БТЭН” ХХК-ийн зүгээс анх сонгиныг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн. сонгиныг хадгалж байх хугацаанд сонгино эрсдэлд орсон талаар мэдэгдсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд “БТЭН” ХХК-ийн зүгээс гэрээнд заасны дагуу мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

4.4. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд А.И нь хөлдөлттэй эсвэл их хэмжээний чийгшилтэй сонгиныг санаатайгаар “БТЭН” ХХК-ийн зооринд хадгалуулсан байж болзошгүй тул сонгиныг “БТЭН” ХХК-ийн зооринд буулгах үед байсан хоёр талын ажилчдыг гэрчээр асуух, “БТЭН” ХХК-аас А.И од мэдэгдэл өгсөн эсэхийг тогтоох, 2021 оны 10 сарын цаг агаарын мэдээг албан ёсоор авах зэрэг ажиллагаануудыг хийж, “БТЭН” ХХК-ийн зооринд хадгалуулсан сонгино эрүүл байсан эсэхийг хөдөлбөргүй тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... сонгиныг байцайтай хамт хадгалаж болохгүй гэдэг талаар мэдээгүй. Шинжилгээний дүгнэлтээр сонгино, байцай хоёрын чийгшил ондоо, зоорины температур байцай хадгалахад тааруулсан гэж хэлсэн.Энэ тухай хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлсэн. Сонгиноны зах зээлийн үнэ хямд байсан учир зооринд хадгалж байгаад үнэ өсөхөөр худалдаалах төлөвлөгөөтэй таньдаг хүнээсээ дугаарыг нь авч утсаар холбогдож зооринд хадгалуулсан байсан. Хариуцагч компаниас сонгиныг хадгалах боломжтой эсэхийг тодруулахад боломжтой гэж хэлсэн мөн гэрээ байгуулж бүх сарын түрээсийн төлбөрийг хамтад нь төлөх гэтэл сар сардаа төлбөрөө төл гэж хэлсэн. Гэрээ байгуулж эхний хоёр сарын төлбөрийг төлсөн. Хариуцагч компаниас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр утсаар холбогдож сонгино муудсан тухай мэдэгдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурьдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.И хариуцагч “БТЭН” ХХК-д холбогдуулан хадгалалтын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 20,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

4. Талууд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн ......... гэх газарт орших зооринд 14 хайрцаг сонгино, 1 хайрцагийг 35,000 төгрөгөөр тооцон сарын 490,000 төгрөгөөр хадгуулахаар тохиролцжээ. Нэхэмжлэгч нь 2 сарын төлбөр төлсөн, 2021 оны 12 дугаар сард сонгино муудсан үйл баримт тогтоогдсон. /хх4-7/

   

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах, хадгалуулагч нь тохиролцсон хөлс төлөх тухай хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу хөлс төлсөн, хадгалуулсан сонгино муудсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Зохигчид сонгино хадгалалтын явцад муудсан эсэх талаар маргаантай байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... гэрээ байгуулах үед нэхэмжлэгчид сонгиныг байцайтай хамт хадгалах боломжгүй талаар анхааруулсан боловч 1 сар хадгалуулахыг гуйсан, гарал үүслийн бичиггүй, зөвшөөрөлгүй хүнсний ногоо хадгалуулсан, тухайн үед ногоо хураалтын үе дуусч хүйтний үе эхэлсэн байсан учраас хөлдөлттэй эсвэл их хэмжээний чийгшилтэй сонгино хадгалуулсан байж болно, сонгины цэвэр жин нь 9,336 кг байсан, тухайн үеийн зах зээлийн бөөний үнэ нь 1000-1200 төгрөг, нийт дундаж үнэ нь 10,269,600 төгрөг байсан ..,” гэж тайлбарласан.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар хариуцагчийн дээрх татгалзал дараахь байдлаар үгүйсгэгдэж байна.

 

Агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээний 4.1.2-т зааснаар хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн бүтээгдэхүүнийг зохих ёсоор хайрцаглан, зоорийн чийглэг, температурын дагуу хадгалах үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч нь стандартын шаардлага хангасан зооринд нэхэмжлэгчийн сонгиныг хадгалсан гэж тайлбарлан “НС” ХХК-ийн зоорины температур чийгшлийн хэмжилт бүртгэсэн баримтыг ирүүлсэн байна. Уг баримт нь сонгиныг хадгалуулсан хугацаанаас хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны зоорины ногоо хадгалалтын температур чийгшлийн мэдээллийг агуулсан тул сонгино хадгалалтын хугацаанд хамаарахгүй. /хх44-51/ Мөн хариуцагчийн “нэхэмжлэгчид сонгиныг байцайтай хадгалах боломжгүй талаар мэдэгдсэн байхад өөрийн хүсэлтээр хадгалуулсан” гэх тайлбараа нотолсон баримтаа гаргаж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “анхнаасаа сонгиныг байцайтай хамт хадгална гэж хэлээгүй” гэх тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэв. /хх114/

 

Талууд гэрээний 1.1, 4.1.3-т хадгалагч гэрээнд заасан эд хөрөнгийн гарал үүслийн тодорхойлолт болон шинжилгээ хийлгэсэн баримтыг үндэслэн бүтээгдэхүүн хүлээн авна, бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа фото зургаар баримтжуулж шинжилгээний бичиг зэргийг гэрээнд хавсаргах үүрэг хүлээнэ гэж заасан боловч хадгалагчийн сонгиныг байцайтай хадгалсан нөхцөл байдал нь төмс, хүнсний ногоог хадгалах Монгол Улсын MNS 3024:2020 стандартын 5.1-д заасан зоорь, агуулахын дотоод тоноглолд тавигдах шаардлагыг зөрчсөн байна. Хариуцагч компани нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын хувьд хүнсний ногоо хадгалах горим, стандартыг мөрдөх шаардлагатай. /хх24/

 

Зохигчид гэрээ байгуулах үед бүтээгдэхүүний шинжилгээний бичгийг гэрээнд хавсаргаагүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгчийн “биет байдлын доголдолгүй сонгино хүлээлгэн өгсөн, гэрээ байгуулах үед гарал үүслийн бичгээ авч яваагүй боловч хөдөө аж ахуйн сайтад цахимаар бүртгэлд орсон байсан, хариуцагч гэрээ байгуулах үед шаардлагагүй гэж хэлсэн” гэх тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй байна.

 

6. Хэргийн 39-40 дугаар тал дахь ........... газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторын шинжилгээний дүгнэлтээр “... сонгины болц гүйцсэн, бүтэн, ургаж соёлжсон, 100 хувь хөлдөж хайрагдсан, зүсэлт хийж үзэхэд булцуу муудаж, харлан ялзарсан, хэвийн бус үнэртэй” гэж дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-т зааснаар хадгалагч нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Шүүх хариуцагчаас ирүүлсэн 1 кг сонгины зах зээлийн үнийн талаарх нотлох баримт, нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн статистикийн газрын цахим сайтад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, 1 кг сонгины үнэ ханшийг 2,000 төгрөгөөр тооцсныг буруутгах үндэслэлгүй. Сонгины нийт жинг талуудын зөвшөөрсөн хэмжээ буюу 9,336 кг-аар тооцоход /2,000*9,336 кг/ хариуцагчаас нийт 18,672,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. /хх43, 108-111/

7. Талуудын байгуулсан гэрээний 5.2-т “Хадгалагч нь эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй талаар хадгалуулагчид мэдэгдэж, зохих шаардлагыг тавьсан бөгөөд хадгалуулагч биелүүлээгүйгээс хохирол учирсан бол хадгалагч хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчид эд хөрөнгөд нь хохирол учирч болзошгүй талаар мэдэгдэж сануулж байсан гэх боловч энэ талаар нотолсон бичгийн нотлох баримтгүй байна.

 

Тус хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгчээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан гэрч асуулгах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг хүсэлт гаргаагүй байна. Иймд хариуцагчийн “сонгиныг зооринд буулгах үед байсан хоёр талын ажилчдыг гэрчээр асуулгах, 2021 оны 10 сарын цаг агаарын мэдээг албан ёсоор авах зэрэг ажиллагаануудыг хийлгэсний дараа хэргийг шийдвэрлэх байсан” гэх гомдлыг хангахгүй орхив. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,310 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                ШҮҮГЧИД                                                         Д.НЯМБАЗАР

                                                                        А.МӨНХЗУЛ