Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/01932

 

 

 

 

 

 

2022 04 26

101/ШШ2022/01932

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ө -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б,

Хариуцагч: Б.Ү нарт холбогдох,

Моторын үнэ 2,700,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Хариуцагч Н.Б,

Хариуцагч Б.Үын төлөөлөгч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Худалдан авагч С.Ө нь HYUNDIA PORTER 2 маркийн 1000 кг даацтай, ачааны зориулалт бүхий ердийн тэвштэй 2013 онд үйлдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр импортолсон цагаан өнгийн Монгол улсад огт яваагүй орж ирсэн автомашиныг 13,700,000 төгрөгөөр Н.Боос худалдан авсан. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хаан банкны 5018394828 дугаарын дансанд 13,700,000 төгрөгийг бүрэн төлснөөр Автотээврийн үндэсний төвд биечлэн очиж, энэ өдөр дээрх автомашины автотээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгүүлсний үндсэн дээр 1237ХЭА улсын дугаар авсан. Дээрх автомашинаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө замд гарч явах үед буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн туулын гүүр орчим гэнэт эвдэрч, мотор нь цохисон тул цуг явсан машинаар чирүүлж, Улаанбаатар хотод байрлах Өгөөмөр захын Цагаан мөрөн худалдааны төвийн хашаан доторх засварчинд 500,000 төгрөгийн төлбөрт хуучин моторыг тооцон өгч, шинэ мотор худалдан авсны төлбөрт 2,700,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хаан банкны 5030302272 тоот дансанд төлж, моторыг нь тус засварын газраар солиулсан. Худалдагч талд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мотор нь цохисон, засч өгөхийг мэдэгдэхэд татгалзсан. Хөдөө яаралтай явах шаардлагатай учраас өөрийн мөнгөөр шинэ мотор худалдан авч солиулсан. Иймд худалдагч талаас моторны үнэ болох 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н овогтой Б нь Солонгос улсаас тээвэрлэгдэн орж ирсэн тус ачилтын контейнер нь миний нэр дээр ачигдаж ирсэн бөгөөд HYUNDAI PORTER 2 маркийн ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгсэл нь миний өмч биш бөгөөд 13,700,000 төгрөг болох 5018394828 тоот дансанд шилжигдэн төлбөр тооцоо хийгдсэн бөгөөд зөвхөн худалдан борлуулсан гэх иргэн Б.Ү болно. Иймд миний бие худалдан борлуулах ямар ч нөхцөлгүй бөгөөд дээрх маргаан бүхий моторын төлбөр тооцоог гаргах боломжгүй. гэв.

 

3. Хариуцагч Б.Ү шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б овогтой Ү би 2020 оны 10 сарын 31-ний өдрийн 16.00 минутад худалдан авагч Ө гэх иргэнд HYUNDAI PORTER 2 маркийн ачааны машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй өгсөн бөгөөд 2020 оны 11 сарын 03-ны өдөр утсаар ярьж чамаас авсан автомашины мотор нь эвдэрсэн, сольж өг гэсэн ба тэр өдөр би чамд ямар ч эвдрэл гэмтэлгүй машин өгсөн халаад мотор нь эвдэрсэн ба аваад ир гэж хэлэхэд авч ирээгүй ба чи надад 500,000 төгрөг буцаагаад өгчих, би өөрөө засуулъя гэж санал тавьсан учир 500,000 төгрөг шилжүүлсэн. Иймд би тэр үед аваад ир ямар шалтгаанаар мотор нь цохисон болохыг тодруулъя ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй машин өөрөө үзэж авчихаад өнөөг хүртэл 2 жил өнгөрч байхад моторын үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй, шаардлага үндэслэлгүй гэдгийг тогтоож өгнө үү.гэв.

 

4. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2021.11.11-ний өдрийн 26ж3/4665 тоот албан бичиг, С.Өын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.08.06-ны өдрийн С.Өаас М.Б-д олгосон итгэмжлэл, 1237ХЭА улсын дугаартай, HYUNDAI PORTER 2 маркийн автомашины гэрчилгээ, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн шүүгчийн 2021.02.23-ны өдрийн 101/ШЗ2021/03067 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч Б.Ү нь 2022.03.22-ны өдөр А.А-д олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,700,000 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/04353 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Б.Үыг оролцуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч Н.Б нь автомашин нь гаалиар миний нэр дээр орж ирсэн боловч Б.Үын автомашин учир би хариуцахгүй гэсэн тайлбарыг, хариуцагч Б.Ү нь 500,000 төгрөг шилжүүлж эвдрэлийг шийдсэн, одоо 2 жилийн дараа моторын үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

3. Нэхэмжлэгч С.Ө нь 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улсад импортоор орж ирсэн, 12 37 ХЭА улсын дугаартай, HYUNDAI PORTER2 маркийн, ачааны автомашиныг хариуцагч Б.Үаас худалдан авч, Б.Үын Хаан банкны 5018394828 дансанд 2020.10.31-ний өдөр машины үнэ гэх утгаар 13,700,000 төгрөг шилжүүлж, мөн өдөр тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч С.Өын Хаан банкны дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-8, 9/

Нэхэмжлэгч нь автомашиныг худалдан авснаас хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө замд гарч явах үед Баянзүрх дүүрэг, Туулын гүүрний орчим гэнэт эвдэрч, мотор цохьсон тул цуг явсан машинаар чирүүлж Улаанбаатар хот, Өгөөмөр захын Цагаан мөрөн худалдааны төвийн хашаан доторх засварчинд 500,000 төгрөгийн төлбөрт хуучин моторыг өгч, шинэ мотор худалдан авсны төлбөрт 2,700,000 төгрөгийг төлж моторыг уг засварын газраар солиулсан, худалдагч талд мэдэгдэхэд засч өгөхөөс татгалзсан гэх боловч, хариуцагч Б.Үын төлөөлөгч нь мотор цохьсон гээд 500,000 төгрөг шилжүүлсэн, доголдолгүй машин хүлээлгэн өгсөн, цоо шинэ тээврийн хэрэгсэл биш тул худалдан авагч авч явсаны дараа ямар асуудал болж машин эвдэрснийг мэдэхгүй гэж маргаж байна.

Мөн зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч Н.Б нь өөрийн нэрээр чингэлэг ачуулж, уг чингэлэгт өөр өөр хүмүүсийн автомашин ачигдаж ирсэн талаар тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч, хариуцагч Б.Ү, түүний төлөөлөгч үүнийг үгүйсгэж маргаагүй, автомашины үнийг Б.Үын дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримтаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч С.Өлзийбатаар, хариуцагч Б.Ү нарын хооронд үүссэн байна.

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа байна.

Автомашин нь худалдах үед доголтой байсан эсэхэд талууд маргаантай байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх юм.

Маргаан бүхий автомашиныг худалдах үед ямар нэгэн доголтой байсан гэх баримт тогтоогдоогүй, худалдан авагч нь худалдагчид автомашины үнийг төлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр нэхэмжлэгч гаргуулж, автомашиныг хүлээн авсан байна.

Худалдагч нь худалдсан хөрөнгийн талаар баталгаат хугацаа тогтоогоогүй, худалдан авснаас хойш эвдрэл үүсвэл худалдагч хариуцах талаар тохиролцсон гэрээ хэлцэл байхгүй энэ талаарх баримт хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй.

Иймээс Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон орлого үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжих тул доголдлыг арилгахад гаргасан зардлыг хариуцагч Б.Үаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч Н.Б нь худалдах-худалдан авах гэрээний оролцогч тал биш тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь засварын газарт моторын үнэ 2,700,000 төгрөг шилжүүлсэн, дугуй, засвар зэрэгт 110,000 төгрөг, 160,000 төгрөг зарцуулсан баримт гаргаж байгаа боловч уг мөнгийг хариуцагч Б.Ү хариуцах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Н.Б, Б.Ү нараас моторын үнэ 2,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н.Б, Б.Ү нараас моторын үнэ 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ