Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01469

 

 

 

С.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/01932 дугаар шийдвэртэй С.Өын нэхэмжлэлтэй Н.Б, Б.Ү нарт холбогдох 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Б, Б.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С.Ө нь HYUNDIA PORTER 2 маркийн 1000 кг даацтай, ачааны зориулалттай ердийн тэвштэй 2013 онд үйлдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр импортолсон цагаан өнгийн автомашиныг 13,700,000 төгрөгөөр Н.Боос худалдан авсан.

2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хаан банк ХХК дахь 5018394828 тоот дансанд 13,700,000 төгрөгийг төлж, тус автотээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр бүртгүүлэн 00-00 УУУ улсын дугаар авсан.

Уг автомашинаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн туулын гүүр орчим явах үед эвдэрч, мотор нь цохисон тул хамт явсан машинаар чирүүлж, Улаанбаатар хотод байрлах Өгөөмөр захын Цагаан мөрөн худалдааны төвийн хашаан доторх засварчинд 500,000 төгрөгт тооцон хуучин моторыг өгсөн.

Худалдагч талд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мотор цохисон тул засч өгөхийг мэдэгдэхэд татгалзсан ба яаралтай хөдөө явах шаардлагатай байсан учраас мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банк ХХК дахь 5030302272 тоот дансанд шинэ моторын үнэ 2,700,000 төгрөгийг шилжүүлж, моторыг тус засварын газраар солиулсан. Иймд худалдагч талаас моторын үнэ 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.Бийн татгалзал, тайлбарын агуулга: БНСУ-аас тээвэрлэгдэн ирсэн ачилтын контейнер миний нэр дээр ирсэн бөгөөд HYUNDAI PORTER 2 маркийн ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгсэл нь миний өмч биш. Автомашины үнэ 13,700,000 төгрөг 5018394828 тоот дансанд орсон ба тус автомашиныг Б.Ү худалдсан. Миний бие тухайн автомашиныг худалдаагүй тул маргаан бүхий моторын төлбөрийг хариуцахгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б.Үын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2020 оны 10 сарын 31-ний өдрийн С.Өт HYUNDAI PORTER 2 маркийн ачааны автомашиныг худалдахдаа эвдрэл, гэмтэлгүй өгсөн.

С.Ө 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр над руу утсаар ярьж чамаас авсан автомашины мотор эвдэрсэн, сольж өг гэхээр нь ...тэр өдөр ямар ч эвдрэл, гэмтэлгүй автомашин өгсөн, халаад мотор нь эвдэрсэн байх аваад ир гэхэд авч ирээгүй. Харин ...чи надад 500,000 төгрөг буцаагаад өгчих, би өөрөө засуулъя гэж санал тавьсан учраас түүнд 500,000 төгрөг шилжүүлсэн.

С.Ө нь ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй автомашин авчихаад 2 жилийн дараа моторын үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б, Б.Ү нараас моторын үнэ 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Маргаан бүхий автомашиныг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Боос 13,700,000 төгрөгөөр худалдан авч, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө замд явах үед мотор нь цохисон тул хамт явсан автомашинаар Улаанбаатар хот руу чирүүлж, засварчинд 500,000 төгрөгт тооцож моторыг өгч, 2,700,000 төгрөгөөр шинэ мотор худалдаж авсан. Гэтэл шүүх энэ талаарх баримтыг үнэлээгүй.

Худалдагч талд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мотор цохисон тул засаж өгөх талаар мэдэгдэхэд татгалзсан тул чи надад 500,000 төгрөг буцаагаад өгчих, би өөрөө засуулъя гэх санал тавьсан учир 500,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг нь Б.Үын 500,000 төгрөг шилжүүлж, тухайн автомашины моторын доголдолтой болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэхээр байна. Энэ мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн баримтгүй. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Н.Бийн татгалзал, тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчид 500,000 төгрөгийг өгсөн талаар баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь моторын асуудал гарснаас хойш 1 жилийн дараа шүүхэд гомдол гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Үын татгалзал, тайлбарын агуулга: С.Ө над руу тухайн үед ...мотор чинь болохгүй байна гэж ярьсан. Би түүнд ...моторыг чинь үзээд өгье, автомашинаа аваад ир гэхэд ...засвар нь 1,000,000 төгрөг болох юм шиг байна гэж хэлсэн тул би тал төлбөрийг нь өгье гэж бодоод С.Өтай тохиролцож данс руу нь 500,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл жил гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Н.Б, Б.Ү нарт холбогдуулан 2,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

 

4. Хариуцагч Н.Б нь маргаж буй тээврийн хэрэгсэл БНСУ-аас миний нэр дээр тээвэрлэгдэж ирсэн Б.Үын автомашин учир би хариуцахгүй гэх агуулга бүхий тайлбарыг нэхэмжлэгч, хариуцагч Б.Ү нар няцаагаагүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн ба хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч С.Өтай гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэх ёстой үүрэг үүссэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх Н.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон автомашины үнийг нэхэмжлэгчээс хариуцагч Б.Үын дансанд шилжүүлсэн үйл баримтаас дүгнэвэл С.Ө, Б.Ү нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

С.Ө нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, цагаан өнгийн Хьюндай портер 2 маркийн автомашиныг Н.Боос худалдан авч, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр автомашины үнэ болох 13,700,000 төгрөгийг Б.Үын дансанд шилжүүлж, мөн өдөр тус автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт нь талуудын тайлбар, С.Өын Хаан банк ХХК дахь дансны хуулга, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх8, 9-11/

 

5.а.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5.б.Нэхэмжлэгч С.Ө автомашины үнийг хариуцагч Б.Үын дансанд шилжүүлж, автомашиныг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй, харин автомашин биет байдлын доголдолтой байсан эсэх талаар маргажээ.

 

5.в.Анхан шатны шүүх нэхэмжлэгч маргаан бүхий автомашиныг худалдан авахад биет байдлын доголдолтой байсан буюу түүнд мотор солихтой холбоотой 2,700,000 төгрөгийн зардал гарсан гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Ө нэхэмжлэлийн шаардлагаа бусдад мотор гэх гүйлгээний утгаар 2,700,000 төгрөг шилжүүлсэн банкны дансны хуулгаас өөр баримтаар нотолж чадаагүйгээс гадна уг автомашины моторыг авто засварын газраар солиулсантай холбоотой баримтгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Б.Үаас нэхэмжлэгч С.Өт моторын засварт 500,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбараар нэхэмжлэгчид мотор засуулахтай холбоотой 2,700,000 төгрөгийн бодит зардал гарсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжтой нотлох баримт биш байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/01932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ