Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2019/00023

 

    А.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00207 дугаар шийдвэртэй, А.А-ийн нэхэмжлэлтэй, Х банкны Баян-Өлгий салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү,  Н.А /онлайнаар/  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, Х банкны Баян-Өлгий салбарын С тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд: “А.А миний бие 2007 оны 8 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 18-ыг хүртэл банкны Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарын С тооцооны төвд нийт 12 жил теллер, ахлах теллерийн албан тушаалыг тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, зөрчил дутагдалгүй хийж ирсэн, туршлагатай албан хаагчийн нэг билээ. Х банкны С тооцооны төвийн харилцагч Ш.Ө нь миний эх А.Э-аас 6 сая төгрөгийг хүүтэй зээлсэн ба зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг үлдсэн байсныг зээлдэгч Ш.Ө нь эхнэр Т.Б амаржиж байгаа тул ойрын үед банканд ирж гүйлгээ хийх боломжгүй, хадгаламжийн хугацаа дуусах 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч А.Э-ы дансанд шилжүүлж, тэр хүний үндсэн зээлийг барагдуулахыг надаас хүсэж, Ш.Ө өөрөө дахин дахин тооцооны төвд ирэх боломжгүй болох талаар учирлаж, мөнгөний шилжүүлгийн баримтад гарын үсэг зурж, 900,000 төгрөг шилжүүлэхийг надад даалгаж явсан. А.А миний бие 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ш.Ө-ийн даалгаврыг биелүүлж, түүний зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэж, 900,000 төгрөгийн шилжүүлгийг зохих журмаар зээлдүүлэгч А.Э-ийн дансанд шилжүүлсэн үйлдэл нь ямар нэгэн хууль тогтоомж, банкны системд мөрдөгдөж буй журмыг зөрчөөгүй болно. Харилцагч Ш.Ө-ийн өөрийн гарын үсэг нь банкны шилжүүлэг болон тус тооцооны төвийн камерын бичлэгээр нотлогдож байна. Иргэн X.Б нь миний эх А.Э-тай тохиролцож 3,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаагаар зээл авсан боловч хугацаанд нь төлж өгөлгүй, байсаар сүүлд хүүтэй төлөхөөр тохирсон байна. Уг А.Э-аас авсан зээл 3,500,000 төгрөгийг хүүгийн хамт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр X.Б нь өөрөө авч ирж надад бэлнээр өгч, манай ээж А.Э-д өгчих гээд баярлаж талархсанаа хэлж, удаан хугацаагаар төлж өгөөгүй явдалд ээжээс уучлалт хүсэж байгааг илэрхийлж явсан. Харин X.Б-ын энэхүү 3,500,000 төгрөг зээлсэн явдал нь иргэд хоорондын зээлийн асуудал бөгөөд Х банкны тооцооны төвөөр дамжаагүй, иргэд хооронд байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл тул А.А миний хөдөлмөрлөх үйл ажиллагаанд ямар ч холбогдолгүй. Ш.Ө, X.Б нарын миний ээж А.Э-аас зээлсэн мөнгийг буцаан төлсөн үйлдэлтэй холбоотой иргэд хоорондын зээлийг А.А миний ажил төрлийн байдалтай холбогдуулан “Ажлаас халах" сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4; 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.Хоёр: Х банкны захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/17 тоот тушаалын Үндэслэх хэсэгт баримталсан “Банкс програм”-ын баримталсан заалт, Ёс зүйн дүрмийн болон Хөдөлмөрийн дотоод журмын, Хөдөлмөрийн гэрээний заалтууд нь А.А надад зөрчилд тооцож буй үйлдэлд огт хамааралгүй. Миний бие уг заалтуудыг зөрчөөгүй бөгөөд хамааралгүй заалтуудыг баримталж ажлаас халах шийтгэл ногдуулсныг зөвшөөрөх боломжгүй. Х банк буюу ажил олгогчийн зүгээс зөрчлийг шалган тогтоогоогүй ба Х банкны С тооцооны төвийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил гараагүй, иргэд хоорондын зээлийн төлбөрийг барагдуулсан үйл ажиллагаанаас үүдэлтэй маргаанд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Х банкны Баян-Өлгий аймаг дахь Салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, А.А намайг Х банкны С тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн тайлбарт: “А.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 40.1.4, 131.1.3, Х Банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.А нь ажлын байрны давуу тал, эрх мэдлээ ашиглан ээжийнхээ өр төлбөрийг барагдуулах зорилгоор харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлгийн гүйлгээ хийсэн, мөн энэхүү зорилгоор тэтгэврийн зээл авсан харилцагчийн данснаас шилжүүлгийн гүйлгээ хийж Банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Энэхүү зөрчил нь шалгалтаар илэрч, нотлох баримтуудаар нотлогдсон байна. Нэхэмжлэгч А.А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад ажилтан нь сахилгын ноцтой зөрчлийг гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ба талууд тохирч А.А үүнийг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээ цуцлахыг ажил олгогчид зөвшөөрсөн байдаг. Иймд Х Банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 тоот тушаал хууль тогтоомжийн дагуу гарсан хуульд нийцсэн тул А.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00207 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан нэхэмжлэгч А.А-ийн Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Х банкны Баян-Өлгий салбарын С тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

           

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Манай эх болох А.Э-ийн хүнд тусламж үзүүлж, зээл олгосныг далимдуулж, өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгоор С сумын Засаг дарга С.Х нь өөрийн утсаар Х банкны лавлах 18001917-д гомдол, мэдээлэл өгч, Х банкны Баян-Өлгий салбарын тооцооны төв хариуцсан менежер З.Ү-тэй хуйвалдаж намайг ажлаас гаргаж, өөрийн хамсаатан болох Е.К-г тус сумын Х банканд теллерийн ажилд оруулсан. Манай ээж А.Э-ийн Ш.Ө, Х.Б нарт өгсөн зээл нь надад огт холбогдолгүй бөгөөд миний эх А.Э-ийн өөрийн данснаас Х банкны интернэт банкны үйлчилгээгээр шилжүүлэн зээл олгосныг авч хэлэлцээгүй. Эх А.Э-ийн дансны хуулгыг өгсөн ч шийдвэрт огт дурдаагүй байна. Х банкны тооцооны төв хариуцсан менежер З.Ү намайг “тэр хүмүүсийн мөнгийг буцааж өгөхгүй бол чамайг ажлаас хална” гэж дарамталсанд санаа зовж, би ээжид хэлснээр ээж маань өөрийн интернэт банкаар Ш.Ө, Х.Б нарын урьд зээл төлж шилжүүлсэн мөнгийг буцааж шилжүүлэн өгсөн. Энэ зээлийн асуудал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагын хүрээнд хийгдсэн иргэд хоорондын зээл авсан, төлсөн асуудал тул түүнийг надад холбож үзсэн нь хуулийн үндэслэлгүй. Харин би Ш.Ө-ийн зөвшөөрсөн ёсоор банканд байгаа хадгаламжийн мөнгөнөөс ээжийн дансанд шилжүүлж өгснөөр намайг ийнхүү буруутгаж хамгийн сүүлд ажилгүй болгож хохироож байна. Харилцагч ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж үзжээ. Энд харилцагч ирээгүй биш өөрийн биеэр ирж, ямар ч нөлөө, дарамт шахалтгүйгээр, өөрийн зөвшөөрлөөр мөнгөн шилжүүлэгт гарын үсэг зурж өгөөд гүйлгээг хийж өгөхийг хүссэн. Би үүнийг биелүүлсэн төдий билээ. Миний бие ээж А.Э-ийн олгосон итгэмжлэлийн дагуу мөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд харилцагч өөрийн биеэр ирж, нэг баримтаар зээлийг хаалгах, нөгөө баримтаар А.Э-ээс авсан зээлийн үлдэгдлийг шилжүүлэхийг зөвшөөрч мөнгөн шилжүүлгийн маягтад гарын үсэг зурсныг шүүх зөв үнэлж чадаагүй. Зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөнгө зээлэхдээ сайн хүн болж зөвшөөрчхөөд дараа нь Ш.Ө, Х.Б нар гэрчийн мэдүүлгийг хэн нэгний дарамт шахалт, зориуд зохион байгуулалттай өгснийг шүүх нухацтай авч үзээгүй, миний үнэн байдлыг учирлан тайлбарласныг минь харж үзээгүй. Тухайн үеийн камерын болон CD бичлэгүүдийг нотлох баримтаар авсан гэж байгаа боловч шүүх хуралд уншуулаагүй. Мөнгөн шилжүүлэгт гарын үсэг зуруулахдаа түүгээр ямар гүйлгээ хийхийг Ш.Өт тайлбарлаж өгөөгүй гэсэн байна. Үүнийг яаж мэдэж бичсэнийг мөн маргааш нь дахин ирж асуусан гэдгийг юугаар нотолсон болохыг ойлгохгүй байна. Ш.Ө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хадгаламжид байгаа мөнгө мартсан байсан гэсэн дараа нь А.А надад Б-ны цайнд сууж байхад чиний хадгаламжаас мөнгө гарах юм байна тэрийг шилжүүлнэ гэж хэлсэн гээд тодорхой хэлээд байхад харилцагч зөвшөөрөөгүй байна гэсэн нь шүүгчийн шийдвэр хэтэрхий нэг талыг барьсан болохыг давхар нотолж байна. Х банканд данстай хүн болгон банкны харилцагч. Би банкны ажилтан гээд хүмүүстэй харьцаж болдоггүй юм уу. Би Хөдөлмөрийн гэрээний хүрээнд банкны ажлыг ном ёсоор нь хийж өгөөд, хариуд нь цалин авдаг ажилтан. Хөдөлмөрийн гэрээнд заасанчлан банкийг хохироосон, нэр хүндэд халдсан, харилцагчийг хохироосон асуудал огт байхгүй учир миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөнийг үнэнээр нь шүүж өгөхийг хүсэж байна. Тэгээд ч энэ үйлдлээс болж хувь хүн болон банк нэг ч төгрөгийн хохирол үзээгүй. Та бүхэн миний үнэн байдлаар чин зүрхнээс минь бичсэн энэхүү гомдол болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хянан үзэж иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.  

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

 

            Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дахь заалт, Х банкны хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн Х банкны Баян-Өлгий салбарын С тооцооны төвийн ахлах теллер ажилтай А.А нь ажлын байрны давуу тал, эрх мэдлээ ашиглан ээжийнхээ өр төлбөрийг барагдуулах зорилгоор харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр шилжүүлгийн гүйлгээ хийсэн, мөн энэхүү зорилгоор тэтгэврийн зээл авсан харилцагчийн данснаас шилжүүлгийн гүйлгээ хийсэн,  Банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ноцтой зөрчил гаргасан үйлдлээр  Х Банкны Банкс программ ашиглах технологи журмын хориглох зүйлийн 1.4, 1.8, 03-04-01, Ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4, 5.5.2, 5.8.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 4.3.12, 4.3.12, 4.3.14, 4.4.1, 4.4.2, 4.4.3, 4.4.12, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.27,  ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж, хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.3, 5.7.12-т заасан ноцтой зөрчил гаргасан байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

 

Зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, банкны харилцагч Ш.Ө-ийн гомдол, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Х банкны Ёс зүйн дүрэм, гэрч Ш.Ө, Х.Б, М.З нарын мэдүүлэг зэргээс дүгнэвэл, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын С тооцооны төвийн ахлах теллер ажилтай А.А нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.12.-т “Харилцагчид аливаа байдлаар нөлөөлөх, гуйх, дарамт шахалт үзүүлэх, харилцагчийг хууран мэхлэх, харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэх, орох” гэж, Х банкны Ёс зүйн дүрмийн 5.4.1.-т “...Ажилтанд өөрт нь болон эсхүл түүний гэр бүлийн гишүүд, төрлийн хүмүүс, садангийн хүмүүс зэрэгт тодорхой эрх, давуу байдал, боломж олгох нөхцөл байдал бий болохоор тийм ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх буюу хэрэгжихтэй холбоотой үүсэж буй асуудлыг шийдвэрлэхэд ажилтны зүгээс ямар нэгэн хэлбэрээр оролцохыг хориглоно.” гэж, 5.4.3, 5.5.2 “Албан тушаал, эрх мэдлээ ашиглан орлого, ашиг хонжоо олох зорилгоор шууд болон шууд бус байдлаар банкны эд хөрөнгө, мэдээ, мэдээлэл, баримт бичиг, албан тушаалын нэр хүндийг ашиглахыг хориглоно.” гэж,  5.8.1 “Харилцагчийг хүндэтгэн түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, ажил хэрэгч харилцаж, тэдэнд хүндрэл, чирэгдэл учруулалгүй түргэн шуурхай үйлчилнэ.” гэж заасныг тус тус  зөрчиж, ээжийнхээ өр төлбөрийг барагдуулах зорилгоор харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлгийн гүйлгээ хийсэн, мөн энэхүү зорилгоор тэтгэврийн зээл авсан харилцагчийн данснаас шилжүүлгийн гүйлгээ хийж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь бүрэн, хангалттай тогтоогдсон байна.

 

Ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн талаар талууд маргаагүй боловч А.А нь ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “иргэд хоорондын зээлийн асуудлыг миний ажил үүрэгт холбогдуулан хариуцлага тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж, гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр ажилтны ажлаас буруу халагдсан тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Түүний давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар А.А-ийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

Д.КӨБЕШ