Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2022/00232

 

2022           5            27                                       103/ШШ2022/00232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан   шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХБагануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 8 дугаар гудамжны 26 тоотод оршин суух, Бодонгууд овгийн Батаагийн Э-Дхолбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 28,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хариуцагч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.        

     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х Багануур салбар нь хариуцагч Б.Э-Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

           Үүнд: Б.Э нь тус банкны Багануур салбараас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр № ЭГ/693 тоот зээлийн гэрээ байгуулан 15,965,196.88 төгрөгийн зээлийг сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2,028,423.37 төгрөг, зээлийн хүү 1,887,790.84 төгрөг нийт 3,916,214.21 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч /2,314 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр үндсэн зээл 13,500,571.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,438,579.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,448,428.38 төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг нийт 28,400,279.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч Б.Э нь манай Хаан банкинд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа уг цалингийн зээлийг авсан. Зээлээ ажиллаж байх хугацаандаа төлж байгаад ажлаасаа гарсан үеэс хойш огт төлөөгүй. Одоогийн байдлаар 6 жил гарангийн хугацаа хэтэрсэн явж байна. Хариуцагч Энхбат 2015 оны сүүлээр ажлаасаа гарсан. Зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардаж байсан. Тогтсон хаяг байхгүй болохоор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан. 2020 оны 8 дугаар сард шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гарсан. 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарангийн 8 дугаар гудамжны 26 тоотод түр оршин сууж байх тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон талаар мэдэгдсэн. Тэгээд энэ хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хамт ажиллаж байсан, таньдаг болохоор ирж уулзахыг нь хүлээсээр байгаад 2020 он хүртэл явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

                    

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие анх 2008 онд Хаан банкинд ажилд орсон. Үүнээс хойш 2009-2015 он хүртэл давхардсан тоогоор Х10 гаруй нэгжүүдэд ажил сайжруулах зорилгоор томилогдон ажиллаж байсан болохоор байнга нүүдэл, шилжилт хийдэг байсан. Тэгээд аргагүй эрхэнд амьдралын шаардлагаар цалингийн зээл авсан нь үнэн. Одоогийн нэхэмжилж байгаа 28,400,279.66  төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээл авах болсон шалтгаан маань тогтвор сууршилтай ажиллаж чадахгүй олон дахин өөр өөр нэгж банкин дээр ажил сайжруулахаар томилогдож ажиллаад нүүдэл, шилжилт хийж банкныхаа төлөө бүх зүйлээ зориулсан. Хамгийн сүүлд Сэлэнгэ салбарын тооцооны төврүү өөрийн хүсэлтээр явсан. Тэгээд эрүүл мэндийн хувьд ойрын хараа муудаж бэрхшээл учирсаны улмаас ажил үүргийн алдаа гаргасан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш зээлээ төлж чадаагүй. Өөр ажилд орьё гээд ажилд авах газар байгаагүй. Эргээд ХБагануур салбар дээр уулзаад би зээлээ төлөх боломжгүй байгаа тул хуучин ажиллаж байсан тооцооны төвүүд дээр сул орон тоон дээр ажилд авах талаар өргөдөл, хүсэлт өгсөн. Гэвч тухайн үеийн удирдлагууд намайг дэмжээгүй. Тиймээс одоо нэхэмжилж байгаа 28,400,279.66 төгрөгийг төлж чадахгүй. Зээлийн хугацаа хэтрээд 90 хоног болсон бол зээлдэгчээ дуудаад шүүхэд өгөх журамтай байдаг. Тэгэх бүрэн боломжтой байсан. Тухайн үед шүүхэд өгөөд хүүг зогсоолгох боломж байсан, тэгсэн бол хамаагүй бага төлбөр гарах байсан. Одоо болохоор 6, 7 жилийн дараа шүүхэд өгөөд хаяг тогтоогдохгүй байгаа гэх үндэслэлээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байсан.

Би энэ хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сум Багануур хоёрын хооронд эрэн очин байдаг байсан. Эрэн сурвалжлах шаардлага байгаагүй. Банкны ажилчид Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 8 дугаар гудамжны 26 тоотод оршин сууж байгааг мэдэж байсан. 2015-2018 оны хооронд гурван жилийн хугацаанд ажилд орох хүсэлтээ өгч байхад нэг ч удаа надаас та зээлээ төлнө үү? гэж шаардаж байгаагүй. Мэдэгдэх хуудас ч гардуулж байгаагүй. Тийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэснийг үндэслээд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн 2693321 дугаартай гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаартай итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/12651 дугаартай итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12307 дугаартай итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 5770/73/22 дугаартай итгэмжлэл, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/693 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэх, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00494 дугаартай Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 26 м/440 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар,

 Хариуцагчаас хариу тайлбар, дансны хуулга зэргийг нотлох баримтаар тус тус ирүүлсэн байна.

        

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Х  Багануур салбар нь хариуцагч Б.Э-Д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,500,571.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13,438,579.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,448,428.38 төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг, нийт 28,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

         Нэхэмжлэгч ХБагануур салбар нь 2022 оны 3 дугаар сарын     28-ны 5770/73/22 тоот итгэмжлэлээр банкийг төлөөлөх эрхийг Н.Бт олгожээ.

       Хариуцагч Б.Э “нэхэмжлэгчийн зүгээс зээлээ төл гэсэн шаардлага тавьж байгаагүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн тул” нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

        Хариуцагч Б.Э нь ХБагануур салбараас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/693 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,965,196.88 төгрөгийн зээлийг 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан  байна.        

       Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

        Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

       Гэвч нэхэмжлэгчийг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч ХБагануур салбарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Тодруулбал ХБагануур салбар, Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан,  36 сарын хугацаатай гэрээ байх бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага  гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан  үеэс үүснэ” гэж хуульчилсан .

            Хариуцагчийн дансны хуулгаас харахад тэрээр зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүүгийн 19.068 төгрөгийн төлөлт хийсэн байна.

            Хариуцагч нь сар бүрийн 26-ны өдөр зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх нь түүний эрхийг зөрчсөн үеэс буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн үүсэж байх тул зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ өдрөөс тоолох нь зүйтэй байна.

            Хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа зогссон, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үйл баримт тогтоогдохгүй байна. 

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 2020.08.26-ны өдөр хариуцагчийн эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч байгууллага угаасаа гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хариуцагчийн эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.

           Иймд нэхэмжлэгч ХБагануур салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлж 2022 оны 3 дугаар сарын      29-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчийн татгалзлыг  хүлээн авах нь зүйтэй байна.

             Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХБагануур салбараас хариуцагч Б.Э-Дхолбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 13,500,571.47 төгрөг, хүү зээлийн хүүгийн төлбөр 13,438,579.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,448,428.38 төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг, нийт 28,400,279.66 төгрөгийг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 зааснаар нэхэмжлэгч ХБагануур салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х Багануур салбараас  хариуцагч  Б-д овгийн Б-ийн Э-Д холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,500,571.47 төгрөг, хүү зээлийн хүүгийн төлбөр 13,438,579.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,448,428.38 төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг, нийт 28,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 зааснаар нэхэмжлэгч Х Багануур салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ТУЯА