Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01511

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01511

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШШ2022/00232 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК-ийн Багануур салбар

Хариуцагч: Б.Жад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 28,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг, хариуцагч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Ж нь тус банкны Багануур салбараас 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ЭГ/693 дугаартай тоот зээлийн гэрээ байгуулан 15,965,196.88 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу зээл, хүүг төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2,028,423.37 төгрөг, зээлийн хүүнд 1,887,790.84 төгрөг, нийт 3,916,214.21 төгрөг төлсөн.

1.2. Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2,314 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй.

1.3 Иймд зээлийн гэрээнд заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 13,500,571.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,438,579.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,448,428.38 төгрөг, нотариатын зардалд 12,700 төгрөг, нийт 28,400,279.66 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Эрүүл мэндийн шалтгааны улмаас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Зээл төлөх боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Зээлийн хугацаа хэтрээд 90 хоног болсон тохиолдолд шүүхэд өгөх журамтай боловч нэхэмжлэгч нь 6, 7 жилийн дараа шүүхэд намайг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна. 2015-2018 оны хооронд гурван жилийн хугацаанд ажилд орох хүсэлтээ өгч байхад надаас та зээл төлүүлэх талаар шаардаж, мэдэгдэх хуудас өгч байгаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Аны Багануур салбарын нэхэмжлэлтэй, Б.Жад холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13,500,571.47 төгрөг, хүү зээлийн хүүгийн төлбөр 13,438,579.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,448,428.38 төгрөг, нотариатын зардал 12,700 төгрөг, нийт 28,400,279.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Аны Багануур салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч нь сар бүрийн 26-ны өдөр зээлийн төлбөрөө төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх нь түүний эрхийг зөрчсөн үеэс буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн үүсэж байх тул зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ өдрөөс тоолох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.1. Хариуцагч Б.Ж нь зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй зээл буцаан төлөх хуваарийг зөрчсөн боловч зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.5, 2.1.6, 2.1.7-д заасан заалтуудаас үзэхэд гэрээний 36 сарын хугацаа болон эргэн төлөлтийн хуваарьт заасан дэд хугацаа-ны аль алиныг зээлийн гэрээний хугацаа гэж ойлгоно. Иймд зээл эргэн төлөлтийн хуваарь тухайн үед зөрчигдсөн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд зээлдэгч зохих ёсоор үүргээ биелүүлэх үүрэгтэй. Гэрээний 36 сарын хугацаа дуусах үед зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй тул уг өдрөөс эхлэн зээлдүүлэгчид шаардах эрх үүсч, энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

4.2. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд зээлдэгч Б.Ж зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул зээлдүүлэгчийн эрх зөрчигдсөн үеийг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тооцохоор байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний холбогдох заалтуудыг анхаараагүйгээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн. Зээлдэгч зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь зээлдүүлэгчид хэсэгчлэн төлбөл зохих төлбөрөө төлөхийг шаардах эрх үүсгэхээс биш гэрээний нийт төлбөрийг шаардах эрхийг үүсгэхгүй юм. Мөн талуудын хэн аль нь гэрээний дэд хугацааг зөрчсөнтэй холбоотойгоор гэрээг цуцлаагүй байхад шүүх хамгийн сүүлд зээл төлөгдсөн өдрөөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь үндэслэлгүй байна.

4.3. Нэхэмжпэгч нь эрх зөрчигдсөн 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гурван жилийн хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Зээлдэгч Б.Жыг эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоох ажиллагаа явуулсан нь шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдсэн ажиллагаа бөгөөд түүнийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарснаас хойш хаягийг нь тогтоох хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт тус тус зааснаар тасалдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч байгууллагаас гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажлаас гарсан өдрөөс хойш 3 жил дараалан А ХХК-ийн Багануур салбарт ажилд эгүүлэн орох тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сард салбарын захирлын зөвлөлүүдтэй уулзаж, өргөдлөө өгсөн. 2018 онд зээлийн гэрээ дуугавар болсон байх ёстой. Дуусгавар болсон хугацаанаас 10 сар хүртэлх хугацаанд А ХХК-ийн Багануур салбарын удирдлагууд болон ажилтнуудтай уулзаж байх явцад нэг ч удаа зээлийг буцаан төлөх тухай шаардлага тавьж байгаагүй. Байгууллагын дотоод журмаар зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний заалтыг зөрчсөн харилцагч нартаа энэ талаар мэдэгдэж, ямар шалтгаанаар зээлийн хугацааг хэтрүүлж байгааг асууж тодруулан, зээлийн буцаан дуудах мэдэгдлийг хүлээлгэж өгөн, гарын үсэг зуруулж, 30 буюу түүнээс дээш хоног зээлийн буцаан дуудаж, шүүхэд шилжүүлэн зээлийг хүүг зогсоолгох ёстой байсан. Ажиллах хугацаандаа буюу 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 10 гаруй тооцооны төвүүдэд томилолтоор ажиллаж байсан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр намайг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А ХХК-ийн Багануур салбар нь хариуцагч Б.Жад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,400,279.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хавтаст хэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/693 дугаартай барьцаат зээлийн гэрээ авагдсан байна. /хх 9-11/ Уг гэрээг нэг талаас А ХХК нөгөө талаас Б.Ж нар байгуулсан байх бөгөөд гэрээний 2.1.1.1-д зээлийн үлдэгдэл 14,465,196.88 төгрөг гэж, 2.1.1.2-т олгох зээл зээлийн хэмжээ 1,500,000 төгрөг гэж, 2.1.1.3-т нийт зээлийн хэмжээ 15,965,196,88 төгрөг гэж тус тус заасан байна.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох дээрх гэрээний бодит үнийн дүн буюу зээлдүүлэгчээс бодитойгоор зээлдэгч Б.Жад хэдэн төгрөг шилжүүлсэн, мөн 1,500,000 төгрөгөөс өмнөх зээлийн үлдэгдэл 14,465,196.88 төгрөгт үндсэн зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг хамаарч байгаа эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжилж байгаа үнийн дүнгээс тухайн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хувьд ямар хэмжээнд хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай. Шүүх хуралдаанаар энэ талаар хэлэлцээгүй байна.

5. Түүнчлэн, анхан шатны шүүх гэрээний үүргийг шаардах буюу хугацаатай зээлийн гэрээний үүргийн хувьд үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, эсхүл уг хугацааг тасалдсан, зогссон гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулаагүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, зохих хуулийг хэрэглээгүй, энэ талаар зохигчид мэтгэлцсэн эсэх нь тодорхой бус байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШШ2022/00232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН