Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2022/01728

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 03 182/ШШ2022/01728

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох

 

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг захирлын 2022 оны А/01 тоот тушаалыг үндэслэн 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Төгссайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрах-Тамир,

Гэрч Б.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 2017 оноос -ийн Захиргаа хуулийн хэлтсийн өр барагдуулах хуулийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 421 тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тушаалд заасан 2021 оны аттестатчиллын комиссын бүрэлдэхүүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ комисс нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн, үнэлгээг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус, алдаатай тестүүдтэй, шалгалт нь журамдаа нийцээгүй, үнэлгээг танилцуулаагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй зэргийг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээр нотлох баримт бүрдүүлж хэргийн баримттай танилцахад эхний шалгалтын тестийн 3, 70,71,72,75 дугаар асуултуудын хариултууд буруу хариулт байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн мэргэжлийн хуульчид шууд 10 оноо өгөх байтал 8 оноо өгсөн байгаа нь алдаатай шалгалт болсныг харуулж байна. Шалгалтын оноо дээр миний хувьд гарын үсэг зурж байгаа нь танилцсан гэсэн агууулгатай болохоос харин хүлээн зөвшөөрсөн гэж зураагүй юм.

Давтан шалгалтад 45 ажилтан орсоноос 33 амжилттай, 12 хангалтгүй дүн үзүүлсэн. Миний бие болон захиргаа хуулийн хэлтэст ажиллаж байсан З.Чинзориг, О.Оюунтуяа нар хангалтгүй үнэлгээ авсан байдаг. Гэтэл бид гурав адилхан хангалтгүй үнэлгээ авсан байхад намайг Хөдөлмөрийн хуулийн 40.1.2 д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, бусдын хөдөлмөрийн гэрээг өөр үндэслэлээр цуцалсан байгаа нь хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Онооны дүнг мэйлээр явуулсан гэж байгаа боловч би энэ мэйлтэй танилцаагүй, энэ хугацаанд манай сүлжээ халдлагад өртсөн байсан, гэхдээ 2021 оны 11 сарын 30-ны өдрийн хувьд би ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нэгэнт гарсан тул аттестатчиллын комиссын гомдол гаргах шаардлагагүй тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дараах байдлаар гаргуулж өгнө үү. Компаний захирлын 2022.01.01-ний өдрийн тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 100 000 төгрөгөөр нэмсэн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж тооцож гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Манай компани нь Монгол улсын хэмжээнд харилцаа холбооны тасралтгүй бэлэн байдлыг хангаж, үүрэн холбооны оператор компаниудын ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг.

Э.Төгссайхан нь тус компанид 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хуулийн албаны хуулийн зөвлөхөөр туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дүгээр тушаалаар Ерөнхий удирдлагын газрын Захиргаа хуулийн хэлтсийн өр, авлага барагдуулах хуулийн үндсэн ажилтнаар томилогдон ажилласан.

Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 дугаар тушаалаар баталсан -ийн ажилтныг атестатчиллах журмын дагуу Улаанбаатар хотын ажилтнуудаас Жарвис Эл Эм Эс" цахим сургалтын программыг ашиглан аттестатчиллын шалгалтыг зохион байгуулсан. Уг сургалтын цахим программд компанид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм, журмууд тухайлбал Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн ажилтныг аттестатчиллах журам, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм болон нийтлэг хэрэглэгддэг хуулиуд, цахим хичээлүүд, ажилтан өөрийгөө сорих сорилын асуултууд гэх мэт талбартай бөгөөд ажилтан бүр өөрийн нэвтрэх нэрээр нэвтэрч орох эрхтэй.

Аттестатчиллын комиссын даргын баталсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны едөр шалгалтыг зохион байгуулах удирдамж, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр компанийн хуульч, эрх зүйч нараас аттестатчиллын шалгалт авах агуулга, сэдвийн хүрээг тус тус баталсныг ажилтнуудын е-майл хаяг руу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын бүх ажилчид гэсэн е-майл хаягаар хүргүүлсэн.

Э.Төгссайхан нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан эхний шалгалтанд 100 асуултаас 47 асуултад зөв хариулж 35.25 оноо авсан бөгөөд харьяалах газрын захирлын өгсөн ажлын байрны тодорхойлолтод заагдсан хэрэгжилтийн оноо, мэргэжил, ур чадварын түвшинг үнэлэх оноог нэмснээр нийт 53.25 оноо авч шалгалтанд тэнцээгүй. Мэдээлэл холбооны сүлжээХХК-ийн ажилтныг аттестатчиллах журмын 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт заасны дагуу эхний шалгалтад тэнцээгүй ажилтнуудаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өмнөх сэдвийн хүрээнд шалгалт авахад Э.Төгссайхан нь 100 асуултаас 38 асуултад зөв хариулж 28.5 оноо авсан.

Журмын 5.7-д шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй ажилтан оноотойгоо танилцсанаас хойш ажлын 5 хоногийн дотор Аттестатчиллын комиссын даргад бичгээр гомдол болон санал гаргах эрхтэй гэж заасан. Анхан болон давтан шалгалтын дүнг танилцуулснаас хойш Э.Төгссайхан нь ямар нэгэн гомдол санал гаргаагүй учир шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн.

Аттестатчиллын нэгдсэн үнэлгээгээр хангалтгүй буюу 60-аас доош оноо авсан ажилтнууд 1 сарын дотор бэлдэж дахин шалгалт өгөх ба дахин хангалтгүй үнэлгээ үзүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно гэж заасны дагуу Э.Төгссайханыг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу Э.Төгссайханд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдлийг Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Анхбаяр нь танилцуулсан бөгөөд мөн [email protected] майл хаягаар илгээсэн.

Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/421 дүгээр тушаалаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7а-д ажилтны дундаж цалин хөлсийг ...тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан. Мөн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан тул Э.Төгссайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: Мэдээлэл холбоо сүлжээХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/421 дугаар тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,4783 дугаарт хуульчийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, англи хэлний дүрмийн орчуулгын тайлбар, /хх3-7, 173/

 

Хариуцагчаас гаргасан нотлох баримт: итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбар, гэрээний хавсралт, Ажлын байрны тодорхойлолт, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбар, хасвралт, нэмэлт өөрчлөлт,2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолт, -ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 дугаарт Журам батлах тухай тушаалын хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/52 дугаарт гүйцэтгэх захирлын Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 тоот тушаалын хавсралт, Ажил байдлын тодорхойлолт болон ур чадварын үнэлэх журмын хавсралт, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/159 дугаар тушаалын хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/79 дугаар тушаалын хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/79 дугаар тушаалын хавсралт, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Мэдээлэл холбооны сүлжээХХК-ийн ажилтнуудын аттестатчиллын шалгалтыг зохион байгуулах ажлын удирдамж, аттестатчиллын шалгалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн аттестатчиллын шалгалтын агуулга, ерөнхий сэдэв, шалгалт өгсөн ажилтны мэдээлэл, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дугаарт гүйцэтгэх захирлын Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/297 дугаарт Э.Төгссайханд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, Ц.Мэндсайханы 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын бүх ажилчид хүргүүсэн мэйл, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 20 минутад хүргүүсэн аттестатчиллын шалгалтын тов хүргүүлэх тухай мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 57 минутад аттестатчиллын шалгалттай холбоотой мэдээлэл хүргүүлэх тухай мэйл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай мэдэгдэл, аттестатчиллын шалгалтыг хүргүүлэх тухай мэйл, Ankhbayar Batbold хаягаас Э.Төгссайханд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн аттестатчиллын шалгалтын дүнг хүргүүлсэн мэйл, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн аттестатчиллын давтан шалгалтын тайлан, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Төлбөрийн даалгавар 00006547, Эд хөрөнгийн тооллогын бүртгэл, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/419 дугаар захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/420 дугаар гүйцэтгэх захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дугаар гүйцэтгэх захирлын Үндсэн цалингийн жишиг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, хавсралт, З.Чинзориг, О.Оюунтуяа нарын шалгалт өгсөн ажилтны мэдээлэл, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зорилтын хэрэгжилтийг үнэлсэн оноо болон мэргэжил, ур чадварын түвшинг үнэлсэн оноо-ны жагсаалт /хх19-86,135,136,162,163,164/

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2022/03455 дугаар захирамжийн дагуу -иас 2021 оны 10,11 дүгээр сард зохион байгуулсан аттестатчиллын шалгалтын [email protected] хаягаар ирсэн тестийн материал, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт / хх105-118, 143-144, 145-151,187-190 / зэрэг бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ******* нь хариуцагч -д холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тус компаний захирлын 2022 оны А/01 тоот тушаалыг үндэслэн 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч...2021 оны аттестатчиллын комиссын шийдвэрийг зөвшөөрөхгүй...комисс нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн, үнэлгээг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, тестүүд нь алдаатай, шалгалт нь журамдаа нийцээгүй, үнэлгээг танилцуулаагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй зэргийг зөрчсөн гэснийг,

хариуцагч тал...Э.Төгссайхан нь эхний шалтгалтад 53.25 оноо буюу хангалтгүй үнэлгээ авсан тул давтан шалгалтад орж 28.5 оноо буюу дахин хангалтгүй үнэлгээ авсан. Ажил олгогчоос 2021 оны 11 сарын 30-нд мэйл хаягаар онооны нэгдсэн дүнг танилцуулсан...журамд зааснаар нэгдсэн дүнгийн талаар гомдол гаргаагүй тул зөвшөөрсөнд тооцсон...хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдсэн... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэж маргаж байна.

2. -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 25-ны Б/190 тоот тушаалаар г Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилж, талууд 2018 оны 12 сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулснаар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. /хх26, 73/

 

-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 31-ний Б/421 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42.1, 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3, -ийн ажилтныг аттестатчиллах журмын 6 дугаар бүлгийн 6.8, Аттестатчиллын комиссын 2021 оны дүгнэлтийг үндэслэн С.Төгссайханыг үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх3/

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 ...Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заажээ.

 

...Ажилтан мэргэжил, ур чадварын...хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэл нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт тайлан гарсан байхыг ойлгоно.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/421 тоот тушаалдаа -ийн аттестатчиллын давтан шалгалтын 2021 оны 11 сарын 21-ний өдрийн тайлангийн үнэлгээг үндэслэсэн байна.

 

Харин нэхэмжлэгч нь аттестатчиллын комиссын шалгалтын журмын үйл ажиллагаа, үнэлгээ буюу оноо дүгнэсэн байдал, нэгдсэн үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасныг хариуцагч тал үйл ажиллагаа журамд заасны дагуу явагдсан гэж маргасан.

 

4. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалын үндэслэл болж буй -ийн аттестатчиллын комиссын шалгалтын үйл ажиллагааны талаар хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч шалгалтад оролцсон үйл баримт нь аттестатчиллах журамтай нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл аттестатчиллах журам болон аттестатчиллын комиссын 2021 оны дүгнэлт нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалтай хамааралтай байна гэж үзлээ.

 

-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 сарын 21-ний өдрийн А/178 тушаалаар ажилтныг аттестатчиллах журмыг баталсан мөн уг тушаалд 2021 оны 08 сарын 25-ны өдрийн А/52 тоот тушаалаар...журмын 6.4-д хуульч гэж нэмэлт орж, 6.10-д мэргэжлийн гэрчилгээтэй хуульч гэснийг хасаж, тухайн тушаалуудыг үндэслэн шалгалт зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөө, шалгалтын агуулга ерөнхий сэдэв зэргийг боловсруулжээ.

/хх36,37,68-71/

 

Шалгалтыг сургалтын JARVIS-LMS программ ашиглахаар заасан бөгөөд уг программ ашиглах зааварчлагыг 2021.02.25-ны өдөр, аттестатчиллах журам зохион байгуулах ажлын удирдамжийг 2021.06.21-ний өдөр, сургалтын хуваарийг 2021.09.28-ны өдөр, шалгалт явуулах хугацааны мэдээллийг 2021.10.11-ний өдөр тус тус бүх ажилчдад хүргүүлжээ. /хх143-148/

 

Аттестатчиллах журмын хавсралт болон журмын 6.3-д зааснаар мэдлэгийн түвшинг үнэлэх шалгалт 75 оноо, ажлын байрны тодорхойлолтод заагдсан хэрэгжилт 15 оноо, мэргэжил ур чадварын түвшин 10 оноо -гоор тус тус үнэлэхээр ...6.6-д ажилтан нэгдсэн үнэлгээгээр 60-70 оноо авсан тохиолдолд ажлын байранд тэнцэх-ээр заажээ. /хх42-44/

 

Ажилтан С.Төгссайхан нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 2015 оны 02 сарын 06-ны өдрийн 4783 тоот гэрчилгээтэй хэдий ч -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 25-ны өдрийн А/52 тоот тушаалаар... аттестатчиллах журмын 6.10-д мэргэжлийн гэрчилгээтэй хуульч гэснийг хассанаар тухайн байгууллагынхаа мэргэжил ур чадвар түвшин тогтоох шалгалтанд оролцож шалгалт өгөхөөр байна.

 

Аттестатчиллах журмын 4.1, 4.2-д зааснаар комисс батлагдсан хуваарийн дагуу шалгалт зохион байгуулж, холбогдох мэдээллийг дээрх байдлаар бүх ажилчдад хүргүүлсэн байгаа нь уг ажиллагаа явуулах дэг зөрчөөгүй байна.

Э.Төгссайхан 2021 оны 10 сарын 14-ний өдөр явагдсан JARVIS-LMS программаар тестийн эхний шалгалтанд оролцож 100 асуултаас 47 асуултад зөв хариулсан баримтад, 2021 оны 11 сарын 18-ны өдрийн давтан шалгалтад оролцож 100 асуултаас 38 асуултад зөв хариулсан баримтад тус тус гарын үсэг зурсан, мөн түүнд 2021 оны 10 сарын 04-ний өдөр ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилтын хэрэгжилтэд 15 онооноос 10 оноо, мэргэжил ур чадварын түвшингийн 10 онооноос 8 оноо тус тус өгсөн байна./хх72, 177/

Журмын 5.3-д зааснаар комисс шалгалт явуулж дууссаны дараа ажлын 14 хоногт багтаан дүгнэж, нэгдсэн дүнг гүйцэтгэх захиралд танилцуулна гэж зааснаар 2021 оны 11 сарын 21-ний өдрийн давтан шалгалтын тайлан бичгээр гаргаж, 2021 оны 11 сарын 30-ны өдөр ажилтан С.Төгссайхан эхний шалгалтанд 53.25, давтан шалгалтанд 46.5 оноо авсан тухай нэгдсэн үнэлгээг аттестатчиллах журмын 5.6-д зааснаар түүний [email protected] мэйл хаягаар хүргүүлжээ.

Ажилтан Э.Төгссайхан эхний шалгалтын дүн болон нэгдсэн дүнг танилцуулаагүй, нэгдсэн дүнгээр хэдэн оноо авсан талаар мэдээгүй гэж маргаж байгаа боловч эдгээр шалгалтын дүнг мэдэгдсэн буюу мэдсэн гэж үзэхээр байна. Тухайлбал 2021 оны 10 сарын 14-ний өдрийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авснаар 2021 оны 11 сарын 18-ны өдрийн давтан шалгалтанд орсон байдал нь уг үнэлгээг танилцсан гэж үзнэ. Мөн комиссоос нэгдсэн дүнг 2021 оны 11 сарын 30-ны өдөр түүний [email protected] хаяг руу явуулсан болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулсан үзлэгийн ажиллагаагаар, мөн тэрээр тухайн өдрийн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж байсан байдлаар тус тус тогтоогдож байна. /хх143-149, 187-190/

Журмын 5.7...д дүнг хүлээн зөвшөөрөөгүй ажилтан гомдлоо дүнг танилцуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор аттестатчиллын комиссын даргад бичгээр гаргана гэж заасан бөгөөд ажилтанд аттестатчиллах комиссын нэгдсэн дүнг 2021 оны 11 сарын 30-ны өдөр мэдэгдсэн гэж үзэхээр байна. Ажилтан журамд зааснаар гомдол гаргаагүй, түүний гомдол гаргаагүй тухайд маргаагүй байна.

 

Иймд ажил олгогчоос явуулсан ажилтнуудын аттестатчиллын шалгалт нь -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 сарын 21-ний өдрийн А/178 тушаалаар батлагдсан журмын дагуу явагдаж, уг журамд зааснаар ажилтан С.Төгссайханы мэдлэг ур чадварын талаар гаргасан нэгдсэн дүгнэлтэд ажилтан гомдол гаргаагүй тул Аттестатчиллын комиссын 2021 оны дүгнэлтийг хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

 

Харин шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар аттестатчиллын комисс нь мэргэжлийн чиглэл ерөнхий агуулгын хүрээнд стандартын шаардлага хангасан шалгалтын материалыг боловсруулан шалгалтыг авах үүрэгтэй гэж заасан байхад эхний шалгалтын 3, 70,71, 72, 75 дугаар асуултуудын хариулт буруу байсан гэх, мөн журмын 6.4-д мэргэжлийн хуульч-ийн ур чадварын түвшинг үнэлэх 10 оноо шууд олгоно гэж заасан байхад 8 оноо өгсөн зэрэг зөрчлийг комисс гаргасан гэж нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй хэдий ч нэхэмжлэгч нь аттестатчиллын комиссын үнэлгээтэй холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ... заажээ.

 

Ажил олгогч нь аттестатчиллын комиссын дүгнэлтээр хангалтгүй үнэлгээ авсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг 2021 оны 11 сарын 30-ны өдөр мэдэгдсэн болох нь гэрч Б.Анхбаярын ...хангалтгүй үнэлгээ авсан ажилтан тус бүрийг дуудаж мэдэгдлийг гардуулсан...ажилтан С.Төгссайхан гарын үсэг зурахгүй гэсэн...хувийн нууцтай холбоотой тул ажилтан тус бүртэй ганцаарчлан уулзсан гэх мэдүүлэг, тухайн мэдэгдлийг бичгээр [email protected] мэйл хаягаар хүргүүлсэн талаарх үзлэгийн ажиллагаагаар тогтоогдож байна.

 

6. Иймд ажилтан аттестатчиллын комиссын нэгдсэн үнэлгээнд гомдол гаргаагүй, ажил олгогч хуульд заасан хугацаанд мэдэгдлийг хүргүүлсний дараа нэг сарын дараа хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар холбогдох хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг захирлын 2022 оны А/01 тоот тушаалыг үндэслэн 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас буцаан гаргуулж олгосугай.

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ЦОЛМОН