Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01446

 

 

 

 

 

 

2022 08 03 210/МА2022/01446

 

 

Э.Т-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/01728 дугаар шийдвэртэй,

Э.Т-ы нэхэмжлэлтэй

М ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг захирлын 2022 оны А/01 тоот тушаалыг үндэслэн 500,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие нь 2017 оноос М ХХК-ийн захиргаа, хуулийн хэлтсийн өр барагдуулах хуулийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 421 тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тушаалд заасан 2021 оны аттестатчиллын комиссын бүрэлдэхүүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ комисс нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн, үнэлгээг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус, алдаатай тестүүдтэй, шалгалт нь журамдаа нийцээгүй, үнэлгээг танилцуулаагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй зэргийг зөрчсөн гэж үзэж байна.

Эхний шалгалтын тестийн 3, 70,71,72,75 дугаар асуултуудын хариултууд буруу. Мөн мэргэжлийн хуульчид шууд 10 оноо өгөх байтал 8 оноо өгсөн. Шалгалтын оноотой танилцаж гарын үсэг зурсан, харин шалгалтын оноог хүлээн зөвшөөрсөн гэж зураагүй.

Давтан шалгалтад 45 ажилтан орсноос 33 нь амжилттай, 12 нь хангалтгүй дүн үзүүлсэн. Надтай хамт ажиллаж байсан З.Ч-, О.О- нар хангалтгүй үнэлгээ авсан байхад миний тушаалыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр, бусдын хөдөлмөрийн гэрээг өөр үндэслэлээр цуцалсан байгаа нь хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Онооны дүнг цахимаар явуулсан гэж байгаа боловч би танилцаагүй, энэ хугацаанд манай сүлжээ халдлагад өртсөн байсан, гэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хувьд би ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нэгэнт гарсан тул аттестатчиллын комисст гомдол гаргаагүй.

Иймд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

Компанийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 100,000 төгрөгөөр нэмсэн тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж тооцож гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Э.Т- нь тус компанид 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хуулийн албаны хуулийн зөвлөхөөр туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дүгээр тушаалаар Ерөнхий удирдлагын газрын Захиргаа хуулийн хэлтсийн өр, авлага барагдуулах хуулийн үндсэн ажилтнаар томилогдон ажилласан.

Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 дугаар тушаалаар баталсан М ХХК-ийн ажилтныг аттестатчиллах журмын дагуу Улаанбаатар хотын ажилтнуудаас Жарвис Эл Эм Эс" цахим сургалтын программыг ашиглан аттестатчиллын шалгалтыг зохион байгуулсан.

Аттестатчиллын комиссын даргын баталсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шалгалтыг зохион байгуулах удирдамж, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр компанийн хуульч, эрх зүйч нараас аттестатчиллын шалгалт авах агуулга, сэдвийн хүрээг тус тус баталсныг ажилтнуудын цахим хаяг руу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн.

Э.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан эхний шалгалтанд 100 асуултаас 47 асуултад зөв хариулж 35.25 оноо авсан бөгөөд харьяалах газрын захирлын өгсөн ажлын байрны тодорхойлолтод заагдсан хэрэгжилтийн оноо, мэргэжил, ур чадварын түвшинг үнэлэх оноог нэмснээр нийт 53.25 оноо авч шалгалтанд тэнцээгүй. М ХХК-ийн ажилтныг аттестатчиллах журмын 6.8 дахь хэсэгт заасны дагуу эхний шалгалтад тэнцээгүй ажилтнуудаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өмнөх сэдвийн хүрээнд шалгалт авахад Э.Т- 100 асуултаас 38 асуултад зөв хариулж 28.5 оноо авсан.

Журмын 5.7-д шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй ажилтан оноотойгоо танилцсанаас хойш ажлын 5 хоногийн дотор аттестатчиллын комиссын даргад бичгээр гомдол болон санал гаргах эрхтэй гэж заасан. Анхан болон давтан шалгалтын дүнг танилцуулснаас хойш Э.Т- ямар нэгэн гомдол санал гаргаагүй учир шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн.

Аттестатчиллын нэгдсэн үнэлгээгээр хангалтгүй буюу 60-аас доош оноо авсан ажилтнууд 1 сарын дотор бэлдэж дахин шалгалт өгөхөд хангалтгүй үнэлгээ авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Э.Т-ыг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Э.Т-д 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдлийг Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Анхбаяр танилцуулсан бөгөөд мөн түүний цахим хаягаар илгээсэн.

Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/421 дүгээр тушаалаар мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр Э.Т-ыг ажлаас нь чөлөөлсөн.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д ажилтны дундаж цалин хөлсийг ...тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тодорхойлно, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан тул Э.Т-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-д холбогдох хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг захирлын 2022 оны А/01 тоот тушаалыг үндэслэн 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж гаргуулах тухай Э.Т-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас буцаан гаргуулж С.Төгссайханд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

М ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний А/178 тоот ажилтныг аттестатчиллах журмын 4.1-д аттестатчилалыг гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон комисс, сургалт хариуцсан нэгжийн ажилтнуудтай хамтран батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулна. Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон комисс байж албан ёсны дүгнэлт тайлан гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан нөхцлийг хангах ёстой хэмээн үзэж байна. Анхан шатны шүүх аттестатчиллах журмын 4.1, 4.2-д зааснаар комисс батлагдсан хуваарийн дагуу шалгалт зохион байгуулж, холбогдох мэдээллийг дээрх байдлаар бүх ажилчдад хүргүүлсэн байгаа нь уг ажиллагаа явуулах дэг зөрчөөгүй байна гэж үзсэн. Гэтэл аттестатчиллах журмын 4.1-т заасан гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдоогүй комисс байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

Эхний шалгалтын нийлбэр оноог шалгалтын комисс танилцуулаагүй. Шалгалтын комисс аттестатчиллах журмын 5.6-д зааснаар ажилтнуудад оноог танилцуулах үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал журмын 5.7-д заасан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Давтан шалгалтын нийлбэр оноог мөн мэдэгдээгүй байхад шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн цахимаар хүргүүлсэн нь танилцуулсан гэж дүгнэсэн.

Хариуцагч болон хариуцагчийн дуудсан гэрчийн мэдүүлгээс илүү цахимаар явуулсанд ач холбогдол өгч байгаад гомдолтой байна. Учир нь тухайн үед компанийн үндсэн сервер халдлагад өртсөн талаар гэрчийн мэдүүлэг болон хариуцагч тал хэдий хугацаанд халдлагад өртөж байсан талаар тайлбарлаж байсан. Анхан болон давтан шалгалтын дараа мөн шүүхийн шатанд хариуцагч талаас аттестатчиллах журмын хавсралттай холбоотой баримт цахимаар, аман болон бичгээр танилцуулаагүйгээс гадна хэргийн материалд байхгүй байхад шүүх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилтын хэрэгжилтэд 15 онооноос 10 оноо, мэргэжил, ур чадварт 10 онооноос 8 оноо тус тус өгсөн байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. 2021 оны комиссийн дүгнэлт нь ажилтны аттестатчиллах журмын холбогдох заалтуудтай зөрчилтэйгээс гадна журамд заасан нэгдсэн үнэлгээг ажилтнуудад танилцуулаагүй. Үүнд, 75 онооны мэдлэгийн шалгалт эхлэхээс 7 хоногийн өмнө ур чадварын түвшинг үнэлэх үнэлгээ болон ажлын байрны тодорхойлолтонд заагдсан зорилтын хэрэгжилтийн үнэлгээ /25 оноо/-г байнгын комисст хүргүүлсэн байна. Э.Т- хувьд А журмын хавсралтанд заагдсан оноо байхгүй байхад анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 онооноос 10 оноо, ур чадварын 10 онооноос 8 оноо тус тус өгсөн гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна.

Мөн анхан болон давтан шалгалтын тестийн материалууд /3,70,71,72,75,83/ гэх мэт тестүүдийн хариулт буруу байсан гэх, мөн журмын 6.4-д мэргэжлийн хуульчийн ур чадварын түвшинг үнэлэх 10 оноо шууд олгоно гэж заасан байхад 8 оноо өгсөн зэрэг зөрчлийг комисс гаргасан гэж нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй байхад шүүх 2021 оны дүгнэлтийг хүчин төгөлдөр болсон гэж үзсэн нь ойлгомжгүй.

Хуулийн ажилтан З.Ч-, хуулийн мэргэжилтэн О.О- нартай холбоотой анхан болон давтан шалгалтын оноо, өөр хоорондоо зөрүүтэй гарсан тушаалуудтай холбоотой шүүх дүгнэлт хийгээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр З.Ч-, О.О- нарыг оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан тул анхан шатны шүүхийг дүгнэлт хийгээгүй гэж буруутгах боломжгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагад хууль зүйн, үнэн, зөв дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаалаар Э.Т-ыг Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилж, талууд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/421 тушаалаар ажилтан Э.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42.1, 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3, М ХХК-ийн ажилтныг аттестатчиллах журмын 6 дугаар бүлгийн 6.8, Аттестатчиллын комиссын 2021 оны дүгнэлтийг тус тус үндэслэжээ. /хх3/

Нэхэмжлэгчийг ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг М ХХК-ийн аттестатчиллын давтан шалгалтын 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тайлангаар тогтоосон гэж тушаалын үндэслэлийг тодорхойлсон байна.

 

5.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/178 тоот тушаалаар ажилтныг аттестатчиллах журам /цаашид журам гэх/-ыг баталсан ба нэхэмжлэгч С.Төгссайхан нь уг журамтай танилцсан талаар маргаагүй. /хх 38-44/

 

Цахим сургалтын Жарвис Эл Эм Эс" программ ашиглах зааврыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүх ажилтнуудад цахимаар хүргүүлсэн, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр компанийн ажилтнуудын аттастатчиллын шалгалтыг зохион байгуулах ажлын удирдамж, уг шалгалтын бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус баталсан, мөн өдөртөө бүх ажилтнуудад цахимаар хүргэгдсэн, сургалтын хуваарийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, шалгалт явуулах хугацааны мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус бүх ажилчдад хүргүүлсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 68-70, 143-151/

 

Нэхэмжлэгч нь дээрх шалгалтыг зохион байгуулахтай холбоотой буюу захирлын тушаалаар комисс байгуулагдаагүй, комисс мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн гэх зэрэг гомдлыг шүүхэд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 3 сарын хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр зүйлийн 11-ний өдрийн дотор гаргах байсан ба уг гомдлыг гаргаагүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

6. Журмын 6.1, 6.3 болон хавсралтад зааснаар ажилтны мэдлэгийн түвшинг үнэлэх шалгуур оноо тодорхойлогдсон. /хх42-44/

 

Э.Т- 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Жарвис Эл Эм Эс" программаар авагдсан тестийн шалгалтанд оролцож 100 асуултаас 47 асуултад зөв хариулсан, уг дүнгийн талаархи баримттай танилцаж гарын үсэг зурсан, уг үнэлгээг зөвшөөрснөөр тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн давтан шалгалтад оролцсон талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Тэрээр мөн давтан шалгалтад орж 100 асуултаас 38 асуултад зөв хариулсан талаархи баримттай танилцаж, гарын үсэг зурсан, түүнд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилтын хэрэгжилтэд 15 онооноос 10 оноо, мэргэжил ур чадварын түвшингийн 10 онооноос 8 оноо тус тус өгсөн байна./хх72, 177/

 

Ажилтан С.Төгссайханд шалгалтын үнэлгээг тухай бүрт нь журмын 5.6-д зааснаар түүний [email protected] цахим хаягаар хүргүүлжээ.

 

Нэхэмжлэгч Э.Т- нь журмын 5.7-д ...дүнг хүлээн зөвшөөрөөгүй ажилтан гомдлоо дүнг танилцуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор аттестатчиллын комиссын даргад бичгээр гаргана гэж заасны дагуу гомдол гаргаагүй тул шалгалтын оноо хүчинтэй болжээ. Шалгалтын дүнг зөвшөөрөхгүй байх үндэслэл нь шалгалтын материал стандартын шаардлага хангагдсан эсэх, алдаатай байсан эсэх, мэргэжилтэнд ур чадварын түвшингийн оноог хасалгүй өгөх байсан зэрэг хамаарна.

 

6. Компанийн аттестатчиллын давтан шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажилтныг ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж, түүнийг ажлаас халсан тушаалын үндэслэл хуульд нийцсэн байна.

 

7. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/420 тоот тушаалаар З.Ч-ийг өөрийн хүсэлтээр, Б/420 тоот тушаалаар О.О-г орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр тус тус ажлаас чөлөөлсөн байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн өдөртэй адил цаг хугацаанд хамаарч байх бөгөөд хөдөлмөрийн харилцааг цуцалсан үндэслэлийг өөр өөрөөр заасан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах тул ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан гэж дүгнэхээргүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч байгууллагын гаргасан тушаал нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч Э.Т-ыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тушаал гарах үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/01728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн гэснийг Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА