Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2022/00821

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/00616/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Б.Т /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, “Ш.г” ХК /РД:..., утас: .../-д холбогдох,

 

"...Ажилгүй байсан 64 хоногийн цалин хөлс болох 2,542,400 төгрөгийг гаргуулах тухай...” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Миний бие Б.Т нь “Ш.г” ХК-ийн гүйцэтгэх захирлын ...-ны өдрийн ... тушаалаар “Ш.г” ХК-ийн тогоочийн ажлаас хууль бусаар халагдсан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргасан.

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн ... шийдвэрээр намайг “Ш.г” ХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон.

Үүнийг ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн ... магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн ... тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.

Хариуцагч “Ш.г” ХК ажилгүй байсан бүх хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр биелүүлж, нэхэмжлэгч Б.Т-г ажилд авах хүртэлх хугацаанд олгох үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг бодит байдлаар биелүүлэхгүй байсны үр дагаврыг хариуцах ёстой.

Хэрэв хариуцагч “Ш.г” ХК нь шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон даруйд сайн дураар, бодитойгоор биелүүлсэн бол нэхэмжлэгч Б.Т нь 2020.04.02-2022.02.11-ний хугацааны цалин хөлсийг шүүхээр явж заргалдах шаардлагагүй, ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж үзнэ.

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.26-ны өдрийн ... шийдвэрээр надад 2020.04.02-2021.11.09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор буюу 16,108,350 төгрөгийг хариуцагч “Ш.г” ХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч “Ш.г” ХК нь хууль зөрчиж буруу шийдвэр гаргасан удирдах албан тушаалтан болон энэхүү хууль бус шийдвэрийг мэдсээр байж улайран хамгаалах гэж оролдсон хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нараас компанид учирсан хохирлоо гаргуулж авах эрхтэй шүү.

“Ш.г” ХК-ийн тогоочийн ажлын байр байхгүй болсонтой холбогдуулан тус компанитай миний бие Б.Т нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022.02.11-ний өдрөөс эхлэн Гүний ус шүүрүүлэх хэсэгт гэрэл цэнэглэгч-үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Миний бие Б.Т одоо 2021.11.09-ний өдрөөс 2022.02.11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан цаг хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байна.

Тооцооллыг задалбал: Нэхэмжлэгч Б.Т миний 2021.11.09-ний өдрөөс 2022.02.11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хоногууд бол 2021 оны 11 дүгээр сард 16 хоног, 2021 оны 12 дугаар сард 22 хоног, 2022 оны 01 дүгээр сард 21 хоног, 2022 оны 02 дугаар сард 05 хоног, нийт 64 хоног.

Нэхэмжлэгч Б.Т миний анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1/нэг/ өдрийн дундаж цалин хөлс бол 39,725 төгрөг, 64 хоног * 39,725 төгрөг = 2,542,400 төгрөг. Иймд Б-ын Т миний ажилгүй байсан 64 хоногийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2,542,400 төгрөгийг “Ш.г” ХК-аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэн Б.Т нь Ш.г ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... дүгээр тушаалаар тогоочийн албан тушаалаас хууль бусаар халагдсан. Хууль бусаар ажлаас халагдсан талаараа шүүхэд хандсан.

... аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 тоот шийдвэрээр Б.Т-г Ш.г ХК-ийн тогоочийн албан тушаалд эгүүлэн томилохоор тогтоосон. Уг шийдвэрийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Хариуцагч Ш.г ХК-аас ажилгүй байсан хугацааны мөнгийг урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх цалин хөлсийг олгохоор шийдсэн. Иймд иргэн Б.Тг ажилд авах хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан тул хариуцагч Ш.г ХК биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ хариуцагч Ш.г ХК шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлсэн бол Б.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг шүүхэд хандаж заргалдах шаардлагагүй байсан ба ажил үүргээ хэвийн гүйцэтгэж явж байхаар байсан.

... аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрээр иргэн Б.Т-д 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний төгрөг 16,108,350 төгрөгийг хариуцагч Ш.г ХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Ш.г ХК-ийн тогоочийн ажлын байр байхгүй болсонтой холбогдуулан тус компанитай Б.Т нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гүний ус шууруулах хэсэгт гэрэл цэнэглэгч, үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Одоогоор иргэн Б.Т 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилд орох хугацааны буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүртэлх 64 хоног ажилгүй байсан. Анхан шатны шүүхээс иргэн Б.Т-гийн ажилгүй байсан нэг хоногийн цалин хөлсийг 39,725 төгрөгөөр тогтоосон ба ажилгүй байсан 64 хоногт үржвэл 2,542,400 төгрөг гарч байна. Иймд ажилгүй байсан хугацааны мөнгийг хариуцагч Ш.г ХК-аас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тодорхой байсан. Хэрэгт нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн байна. Аливаа этгээд шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхдээ нэхэмжлэгч эрхээ ямар хэмжээнд сэргээлгэх талаар шүүхэд ханддаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх цалин хөлсөө нэхэмжилсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргах шүүхийн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарахын өмнө иргэн Б.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх цалинг нэхэмжилсэн байдаг. Тухайн уг цаг хугацааны эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны эрхийг сэргээх нь хуульд нийцэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д тухайн хэргийн үйл баримт тогтоогдсон шүүхийн шийдвэрээр дахин шүүхэд хандвал шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлийг хуульчилсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эцэслэн баталсан. Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг хуульчилсан. Уг зохицуулалт дээр хөдөлмөрийн маргааныг урьдчилан маргаан таслах комиссоор хэргийг урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам нэхэмжлэгч зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх заалтуудыг тус бүр зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь “ажилгүй байсан 64 хоногийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2,542,400 төгрөгийг “Ш.г” ХК-аас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Т нь ... дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 тоот шийдвэрээр “Ш.г” ХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн томилсон ажилтан байна.

Шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч “Ш.г” ХК-ын гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн б/80 тоот тушаалаар Б.Тг шүүхийн шийдвэрийн дагуу Гүний ус шүүрүүлэх хэсэгт гэрэл цэнэглэгч, үйлчлэгчийн албан тушаалд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс үндсэн ажилтнаар томилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэснээр ажилтан Б.Т ажилд томилогдсон өдөр хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй.

Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 176 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.Т-г ажилд эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан огноо болох 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг нэхэмжилсэн нь түүнийг ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үндсэн ажилтнаар томилсон тушаал гаргасан ажил олгогч буруутай тул 2021 оны 11 дүгээр сарын 09-нөөс ажилд эгүүлэн томилогдсон өдөр 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 64 хоногийн цалин нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн тайлбар тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн маргаан тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэснээр шууд шүүхэд хандахаар хуульчилсэн тул нэхэмжлэгч Б.Т шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-т энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж хуулийг ажилтанд ашигтай байдлаар хэрэглэх зарчимтай.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр болсон 401 тоот шийдвэрт түүний авч байсан цалинг 1 өдрийн 39,725 төгрөг гэж тогтоосон, 64 хоногийн цалин 2,542,400 төгрөгийг “Ш.г” ХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 56,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2,542,400 төгрөгийг хариуцагч “Ш.г” ХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-гийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш.г” ХК-аас 56,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ