Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2022/00082

 

Б.Туяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00616/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 19-ний өдрийн 821 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Туяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ажилгүй байсан 64 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор  болох 2,542,400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван /цахимаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...Миний бие “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.18-ны өдрийн №Б/224 тушаалаар “Шарын гол” ХК-ийн тогоочийн ажлаас хууль бусаар халагдсан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргасан.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 401 шийдвэрээр намайг “Шарын гол” ХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон.

Үүнийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн 54-р магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00581 тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн.

Хариуцагч “Шарын гол” ХК ажилгүй байсан бүх хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр биелүүлж, нэхэмжлэгч Б.Туяаг ажилд авах хүртэлх хугацаанд олгох үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг бодит байдлаар биелүүлэхгүй байсны үр дагаврыг хариуцах ёстой.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.26-ны өдрийн 176 шийдвэрээр надад 2020.04.02-2021.11.09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор буюу 16,108,350 төгрөгийг хариуцагч “Шарын гол” ХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч “Шарын гол” ХК нь хууль зөрчиж буруу шийдвэр гаргасан удирдах албан тушаалтан болон энэхүү хууль бус шийдвэрийг мэдсээр байж улайран хамгаалах гэж оролдсон хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван нараас компанид учирсан хохирлоо гаргуулж авах эрхтэй.

“Шарын гол” ХК-ийн тогоочийн ажлын байр байхгүй болсонтой холбогдуулан тус компанитай миний бие Б.Туяа нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022.02.11-ний өдрөөс эхлэн Гүний ус шүүрүүлэх хэсэгт гэрэл цэнэглэгч-үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Миний бие Б.Туяа одоо 2021.11.09-ний өдрөөс 2022.02.11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байна.

Тооцооллыг задалбал: Нэхэмжлэгч Б.Туяа миний 2021.11.09-ний өдрөөс 2022.02.11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хоногууд бол 2021 оны 11 дүгээр сард 16 хоног, 2021 оны 12 дугаар сард 22 хоног, 2022 оны 01 дүгээр сард 21 хоног, 2022 оны 02 дугаар сард 05 хоног, нийт 64 хоног.

Нэхэмжлэгч Б.Туяа миний анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1/нэг/ өдрийн дундаж цалин хөлс бол 39,725 төгрөг, 64 хоног*39,725 төгрөг = 2,542,400 төгрөг. Иймд Баатарын Туяа миний ажилгүй байсан 64 хоногийн урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2,542,400 төгрөгийг Шарын гол ХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тодорхой байсан.

Хэрэгт нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн байна. Аливаа этгээд шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхдээ нэхэмжлэгч эрхээ ямар хэмжээнд сэргээлгэх талаар шүүхэд ханддаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх цалин хөлсөө нэхэмжилсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргах шүүхийн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарахын өмнө Б.Туяа нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх цалинг нэхэмжилсэн байдаг. Тухайн уг цаг хугацааны эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны эрхийг сэргээх нь хуульд нийцэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д тухайн хэргийн үйл баримт тогтоогдсон шүүхийн шийдвэрээр дахин шүүхэд хандвал шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлийг хуульчилсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эцэслэн баталсан. Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг хуульчилсан.

Уг зохицуулалт дээр хөдөлмөрийн маргааныг урьдчилан маргаан таслах комиссоор хэргийг урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам нэхэмжлэгч зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх заалтуудыг тус бүр зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар 2,542,400 төгрөгийг хариуцагч “Шарын гол” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Туяад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Туяагийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шарын гол ХК-аас 56,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдах гомдолдоо:

            “Нэхэмжлэгч Б.Туяа нь тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 16,108,350 төгрөг гаргуулахаар болсон ба энэхүү шүүх хуралдаанаар 2020 оны 04 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан болох хүртэлх хугацааны байдлаарх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан ба нэхэмжлэгч тухайн шүүх хуралдаанаар  2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх цалин хөлсөө гаргуулахаар шаардах боломжтой байсан.

            Гэвч 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хурлын дараа /тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дуусаагүй байхад/ дахин мөн хугацаанд хамаарах цалин хөлсийг нэхэмжилснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус юм. Шүүхийн шийдвэр гарснаар шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй холбоотой маргаан эцэслэн дуусгавар болж, дахин нэхэмжлэл гаргах боломжгүй болно.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Туяа нь “Шарын гол” ХК-нд тогоочоор ажиллаж байгаад хууль бусаар ажлаас халагдсаны улмаас зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргаан үүсэж, улмаар нэхэмжлэгч Б.Туяагийн гомдлоор 3 шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,012,225 төгрөгийг хариуцагч “Шарын гол” ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Туяад олгохоор шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 6-13/

Ажил олгогч буюу “Шарын гол” ХК нь ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэрийн дагуу олгосон боловч нэхэмжлэгч Б.Туяаг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,108,350 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 176 дугаартай шийдвэрээр хариуцагч “Шарын гол” ХК-иас 16,108,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Туяад олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 25-27/

Хариуцагч “Шарын гол” ХК нь нэхэмжлэгч Б.Туяаг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 401 дугаартай шийдвэрийг биелүүлж, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч Б.Туяаг гүний ус шүүрүүлэх хэсэгт гэрэл цэнэглэгч-үйлчлэгчийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 3/

Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн/ 127 дугаар зүйлийн 127.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч Б.Туяа нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэ эрхээ эдэлж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоох тушаал гаргасан өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 64 хоногийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт төгрөг /64 хоног*39,725 төгрөг = 2,542,400/ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын дагуу нэхэмжлэгч Б.Туяагийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 873.960 төгрөг, нэг өдөрт ногдох цалинг тооцоход 39.725 төгрөгийг ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 64 хоногийн хугацааны цалин нийт 2,542,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Ажилгүй байсан хугацааны олговор гэдэгт ажил олгогч нь үндэслэлгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан үеэс эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээж, түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохыг ойлгох бөгөөд энэхүү олговрыг ажил олгогч нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.Туяа нь хуулиар олгогдсон эрхээ эдэлж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд авах байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроо гаргуулахаар нэхэмжилснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “нэхэмжлэгч Б.Туяа нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр гарахад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шаардах эрхтэй байсан. Гэвч дахин нэхэмжлэл гаргаж, энэ хугацааны цалин хөлс нэхэмжилснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус  тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдол нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, харин  анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт  оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 19-ний өдрийн 821 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар” гэснийг,

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж  заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55629 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

                                

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                          ШҮҮГЧИД                                    Х.БАЙГАЛМАА

                                                                           Я.ТУУЛ