Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0732/з |
Дугаар | 128/ШШ2022/0927 |
Огноо | 2022-12-09 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2022/0927
2022 12 09 128/ШШ2022/0927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.С***** /РД:*****/
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хоорондын өргөдөл, хүсэлтийг хүлээж аваагүй эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.С*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М****, Н.У****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.С***** нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний өргөдөл, хүсэлтийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өргөдөл, хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргаж байна.
2. Нэхэмжлэгч Ө.С***** нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 60 нас хүрсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч “дээрээс өргөдөл авахыг зогсоосон гэсэн” хууль бус үндэслэлээр өргөдлийг огт хүлээж аваагүй. 60 настай байх үедээ хуулийн дагуу өргөдөл хүсэлтээ өгсөөр байтал өргөдлийг хүлээж аваагүй байсаар 61 нас хүрсэн үед “Энэ хууль 60 настай хүнд үйлчлэх хууль тул танд хамаарахгүй” гэсэн хариу өгч нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон.
3. Нэхэмжлэгч нь өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй гарсны дараа Нийслэлийн нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан ба 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын 03/284 дугаар албан тоот болон 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 05/34 тоот албан бичгээр 61 нас хүрсэн тул дээрх хуулийн заалтад хамаарахгүй гэсэн хариу авсан байна.
2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Ө.С***** миний бие Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгөх гэсэн боловч хүлээж аваагүй.
Миний бие 1959 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Тухайн хуульд зааснаар 60 насны үйлчлэл нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үйлчилж байсан. Хуульд заасны дагуу хуульд заасан бичиг баримтаа бүрдүүлээд 08 дугаар сарын 20-ны үед өргөдлөө өгсөн боловч хүлээж аваагүй. Яагаад авахгүй байгаа талаар асуухад манай байгууллага дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл материал хүлээж авахыг зогсоосон гэсэн хариу өгсөн. Энэ талаар тухайн хууль тогтоомжоос судалсан. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс тийм тушаал ирсэн гэдэг. Тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар тухайн оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүсэлт, өргөдлийг өгнө гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Миний бие энэ хуулийн дагуу өөрийн өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэхээр өгсөн боловч шийдвэрлүүлж чадаагүй.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс миний өргөдөл, хүсэлтийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, миний өргөдөл, хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхийг даалгуулж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төрийн байгууллагын буруутай үйлдлээс болоод хуульд заасан тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Хариуцагчид хангалттай хугацаа өгч байхад нотлох баримтаа хангалттай цуглуулж ирээгүй байна. Тухайн үеийн эс үйлдэхүйг тогтоохын тулд тухайн үед ажиллаж байсан ажилтныг тогтоох шаардлагатай. Тогтоох боломжтой байсан л гэж харж байна” гэв.
6. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ө.С***** нь нэхэмжлэлдээ 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 60 нас хүрсэн. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан хуулийн дагуу 2020 оны 1 сараас эхлэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч дээрээс өргөдөл авахыг зогсоосон гэх хууль бус үндэслэлээр өргөдөл огт хүлээн аваагүй гэсэн байна.
Монгол Улсын Их хурлаас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгал, шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд уг бүрэн эрхийн хугацаандаа хууль хэрэгжиж эхлэх хугацааг 4 удаа өөрчилсөн ба 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болохоор заасан. Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл уг хуулийн хэрэгжилтийг хангаж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хэмжээнд нийт 295 иргэнд тэтгэвэр тогтоосон байна. Тиймээс нэхэмжлэгчийн хэлж байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхлэх гэж байгаа тул бүх зөвлөгөө, мэдээллийг өгөөд, баримтыг үндэслээд 295 иргэний тэтгэврийг тогтоосон байгаа.
Иргэн Ө.С***** нь 60 настай байх үед хуулийн дагуу өргөдөл хүсэлт өгсөөр байтал гэсэн байна. Хууль хэрэгжиж эхлэх үед 60 нас хүрсэн иргэнд үйлчилнэ гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сард 60 нас хүрсэн тул энэ хууль 60 нас өнгөрсөн хүнд хамаарахгүй гэсэн хариу өгч гомдол гаргагчийн эрх ашгийг хохироосон, хуулийн үйлчлэлд хамаарах иргэн болохынхоо хувьд иргэн миний бие хуулийн хүсэлтээ удаа дараа шат шатны байгууллагад гаргасан боловч өргөдөл хүсэлтийг минь хүлээн авах үүрэг бүхий Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг тогтоолгох, хуульд зааснаар шийдвэрлэж өгөхийг даалгах гэсэн байгаа. Монгол Улсын Их хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан хуулийн 2 дугаар зүйлийн 2.8.1-т зааснаар энэ хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч нар тэтгэврийн даатгалыг нөхөн төлөхдөө тус хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс 1995 оноос хойш малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан хуульд заасан 15-60 насны иргэн хамаарна гэсэн байна. Иргэн Ө.С***** нь уг хууль хүчин төгөлдөр болох өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 61 нас хүрсэн байсан тул тухайн Нийгмийн даатгалын газар болон Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2022 онд хандсан байна. Тиймээс манай дээд шатны байгууллагууд та 61 нас хүрсэн тул хуульд хамаарахгүй гэсэн хариу өгсөн байна. Төрийн байгууллага Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг журмын 47.1-т заасан зөвхөн хуульд заасан шийдвэрийг биелүүлнэ гэсний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Яам, дээд шатны байгууллагаас өгсөн чиглэл зөвлөмжийн хүрээнд зөвхөн хуулийг биелүүлж ажилласан. Нэхэмжлэгч нь 2018 онд 60 нас хүрсэн байсан. Хууль 2020 онд хэрэгжиж эхлэхэд 61 нас хүрсэн байсан тул хуулийн үйлчлэлд хамаарч өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ө.С***** нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн манай хэлтэст хандсан. Гэтэл дээрээс өргөдөл хүлээн авахыг зогсоосон гээд байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг хууль нь хэрэгжиж эхэлсэн. Манай Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн ажилтнууд иргэн Ө.С*****д өргөдөл хүлээн авахыг зогсоосон гэж хэлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримт гаргуулах тухай албан бичигт иргэн Ө.С***** 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 09 дүгээр сарын 01-ний өдөр, 09 дүгээр сарын 5,6-ны өдөр ямар нэгэн өргөдөл, гомдол, санал хүсэлт өгсөн гэсэн ямар нэгэн нотлох баримт тус хэлтэст бүртгэгдсэн эсэх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан явуул гэсэн байна. Үүний дагуу манай байгууллагаас тухайн өдрүүдэд өөрсдийн ашигладаг 2 системд ирсэн өргөдөл гомдлыг шүүн хянаж үзсэн. Тухайн системд бүртгэгдээгүй нэг ч өргөдөл, гомдол байдаггүй. Үр дүнгийн тооцоо хийдэг учир нэг ч өргөдөл, гомдлыг хүлээж авахгүй байх тохиолдол байхгүй. Дээрх өдрүүдэд иргэн Ө.С*****гээс ямар нэг өргөдөл, гомдол ирээгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл, гомдол өгснийг тус өргөдөл, гомдол бүртгэх системд 21564 дугаартай гомдол бүртгэгдсэн бөгөөд тухайн хэлтсийн дарга н.******* 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/498 дугаар албан бичгээр хариу өгсөн. Хуулбарыг хэрэгт хавсаргасан. Иргэн Ө.С***** нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл өгч хандсан өдрийнхөө байдлаар 62 нас хүрсэн байсан тул уг хуулийн 4.1.1-т заасан 15-60 насны иргэнд хамаарна гэсэнд хамаарахгүй байх тул өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг хэлтэс болон Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас тус тус хариуг өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.С*****гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгчийн “...иргэн Ө.С***** миний Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хангахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хуульд зааснаар шийдвэрлэж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч захиргааны байгууллагад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн ба ийнхүү үүсгэхээс өмнө нэхэмжлэлд нь бүрдүүлбэр хангуулж, нэхэмжлэлийг буцааж, хүлээн авахаас татгалзаж байсныг тэмдэглээд энэхүү шаардлагын дагуу шүүх хуралдаанаар бүтэн хэлэлцүүлж, улмаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зайлшгүй тодруулах шаардлагатай, нэмэлт баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байсныг дурдах нь зүйтэй.
3. Ийнхүү шүүхээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулсны эцэст хариуцагч “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн миний өргөдөл хүсэлтийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, миний өргөдөл хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн үндэслэлдээ “... 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан” гэж дурдсан бол 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр “...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 1, 9 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд тус хэлтэст хандсан” гэж тайлбарласны дагуу нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг дахин тодруулж, чухам хэдэн сарын хэдний өдрийн татгалзал вэ, хариуцагчийн хэзээний, аль эс үйлдэхүйн улмаас хохирсон, эрх зөрчигдсөн гэж үзэж байна вэ гэдгийг асуусан. Гэвч 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа 2020 оны 6 дугаар сарын 20 болон 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл, гомдол гаргасан хэмээн өөрчлөн тайлбарласан.
5. Энэ тохиолдолд шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/10318 дугаар албан бичгээр “...Иймд Ө.С*****гээс 2020 оны 08 дугаар сарын 25, 2020 оны 09 дүгээр сарын 01, 2020 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу өргөдөл, гомдол, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хүлээн авч бүртгэсэн бол бүртгэл хяналтын дэвтэр, холбогдох бүхий л баримтуудыг нотлох баримтаар ирүүлэх” хэмээн хариуцагч захиргааны байгууллагаас шаардахад, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/1170 дугаар албан бичгээр “... 2020 оны 08 дугаар сарын 25, 2020 оны 09 дүгээр сарын 01, 2020 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдөр ямар нэгэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт өгсөн гэх нотлох баримт байхгүй өргөдөл гомдол хүлээн авч бүртгэдэг нэгдсэн системд байхгүй” гэж ирүүлсэн нь маргаан бүхий асуудлаар хариуцагчийн гаргасан хууль бус эс үйлдэхүй тогтоогдож байна гэж үзэхээргүй байна.
6. Харин өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн дурдсан 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 07 дугаар сарын 25-ны өдөр нь бүх нийтийн амралтын өдөр байх бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгчийн дээрх өдрүүдэд гаргасан өргөдөл, хүсэлтийг нь хүлээн аваагүй хариуцагчийн татгалзалтай холбоотойгоор нотлох баримт цуглуулах, шүүхээс үнэлэх үндэслэлгүй байна. Үүнээс гадна дээр дурдсан 2020 оны 9 дүгээр сарын 05, 06-ны өдрүүд нь бүх нийтийн амралтын өдрүүд байгаа нь учир дутагдалтай.
7. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1. “Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.2. “хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.8-д заасан иргэнийг”, 3.1.3. “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг”, 4 дүгээр зүйлийн 4.1. “Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна”, 6 дугаар зүйлийн 6.1. “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна” гэж хуульчилжээ.
8. Хуулийн зорилго болон агуулгаас үзэхэд өндөр насны тэтгэврээ тогтоолгоогүй 15-60 насны иргэдийн тухайд нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдсөн, эрхэлж байгаа ажлын онцлогоос хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин эсхүл хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана” гэж зааснаар гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэгдэх харилцаа байна.
9. Маргаан бүхий асуудлаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/498 дугаар албан бичгээр “иргэн Ө.С***** таны өргөдөл гомдолтой танилцаад дараах дүгнэлтийг хүргүүлж байна. “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна гэж заасан тул таны гомдлыг хүлээн авах боломжгүй” гэх, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Өргөдлийн хариу” хүргүүлэх тухай 03/284 дугаартай албан бичгээр “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна гэж заасан тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Өргөдлийн хариу” хүргүүлэх тухай 05/34 тоот албан бичгээр “Та тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх хүсэлт гаргахдаа 61 нас хүрсэн хүрсэн байх тул Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан 15-60 насны малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэдэгт хамаарахгүй байна” гэх хариуг нэхэмжлэгч нь тус тус хүлээн авсан.
10. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/498 дугаар албан бичгээр өгсөн хариунаас өмнөх үйл баримттай маргаж буй бөгөөд дээрх албан бичгээр хариуг өгөх үед гаргасан гомдол нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Ууган-Эрдэнэд хандах ба агуулга нь “Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7 хороолол ногоон нуур гудамж, 517 байр, 144 тоотод оршин суугч Ө.С***** миний бие 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн хүрээнд тэтгэвэр тогтоолгох материалаа өгөх гэсэн боловч үйлчилгээний тасгийн дарга Б.С*** “компьютерын программд таны насыг хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж заасан тул материалыг хүлээн авахгүй” гэсэн хариуг өгсөн болно. Энэхүү хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэсэн бол,
11. Мөн нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан “миний бие Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан танайд гомдол гаргасныг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт шилжүүлсэн билээ. Нийслэлийн нийгмийн даатгалын газрын хяналтын байцаагч Д.Б***** нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хариуг өөрчлөхгүй гэснийг өнөөдөр миний бие утсаар сонслоо. Иймээс Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын өгсөн хариуд гомдолтой байгаа тул шалгаж хуульд нийцсэн хариуг өгч гомдлыг барагдуулна уу” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна.
12. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар нийгмийн даатгалын шат шатны байгууллагад гомдол гаргаснаар холбогдох хариуг авсан байгаа атал эдгээр үйл баримтаас өмнөх цаг хугацааг тодорхойлж, хариуцагчийн эс үйлдэхүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй юм.
13. Нэхэмжлэгчийн хүсэл зориг бол хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний хувьд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх асуудал ба Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай 7 дугаар зүйлийн 7.1. “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 7.1.1. “иргэний үнэмлэхийн хуулбар”, 7.1.2. “малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт”, 7.1.3. “иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт”, 7.1.4. “иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь” гэж заасны дагуу холбогдох нотлох баримтууд, өөрөөр хэлбэл хүсэлт бүхий баримтууд нь юу байв гэдгийг нэхэмжлэгч нь гаргаж өгөөгүй.
14. Үүнээс гадна дээрх хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Заавар батлах тухай” А/08 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг хэрэгжүүлэх заавар”-ыг, хоёрдугаар хавсралтаар “Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх иргэний хүсэлтийн загвар”-ыг, гуравдугаар хавсралтаар “тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх болон баталгаажсан иргэдийн бүртгэлийн маягтыг” тус тус баталсан байна. Энэхүү “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг хэрэгжүүлэх заавар”-т заасан баримтыг хэрхэн бүрдүүлсэн үүнд хамаарах нотлох баримт нь юу болох талаар нэхэмжлэгч нь мөн нотлох баримтаар гаргаж маргахгүй байсныг тэмдэглэж байна.
15. Маргааны зүйл нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “Энэ хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагад маргаан бүхий харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль, зааврын дагуу гаргах хүсэлт /нэхэмжлэгч нь гомдол, хүсэлт, өргөдөл зэргээр янз бүрээр нэрлэсэн/ -ийн тухай асуудал, уг хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйн тухай маргаан байна.
16. Харин Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах төрийн байгууллага албан тушаалтанд хандсан өргөдөл, гомдол түүнийг шийдвэрлээгүй асуудлаар маргаагүй гэж үзнэ. Тиймээс шүүх энэ хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэхгүй болно.
17. Шүүх, хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн даалгах шаардлага мөн хангагдах үндэслэлгүй болно.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.С*****гээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь миний өргөдөл, хүсэлтийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өргөдөл, хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН