Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01869

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, .... байранд байрлах, регистр ..., Г... банк ХХК,

Хариуцагч:Баянгол ... тоотод оршин суух, эмэгтэй, регистр ..., Б... овогт Д...гийн Н...,

Нэхэмжлэлийн шаардлага:2 553 261 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..., хариуцагч Д.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Г... банк ХХК нь Д.Н...д холбогдуулан гэрээний үүрэгт 2 553 261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Д.Н... 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Г... банктай ... дугаартай зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж, 800 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан.Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Д.Н...аас зээлийн үндсэн төлбөр 874 219 төгрөг, зээлийн үндсэн хүү 872 207 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 419 740 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 387 093 төгрөг нийт 2 553 261 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа:Би Говь-Алтай аймагт байхдаа хүнээс хүүтэй мөнгө зээлж бизнес эхлүүлсэн.Картад мөнгө ороод эхлэнгүүт банкнаас зээл авах нөхцөл бүрдэж, зээл авсан боловч хувь хүнээс авсан өндөр хүүтэй зээлээ төлөөгүй. Тухайн үед Г... Банк ХХК-д тодорхой хугацаанд зээлээ төлж байсан боловч хувь хүний дарамт, Ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн хямралд орсон.Уг хугацаанд бусад хувь хүмүүсээс авсан зээлээс үүдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явж, дарамтад орж ажил хийх нөхцөлгүй болсон.Сард 800 000 төгрөгийн орлого олоход 500 000 төгрөгийг нь шүүхийн шийдвэрийн дагуу банканд өгдөг.Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, үндсэн хүүг зөвшөөрч байна. Зээлийн эрх хэтрүүлсэн хүүг зөвшөөрөхгүй.АТМ-ээс мөнгөө авахдаа гарч байсан мөнгийг нь л авч байсан.Хэрэв илүү гарч байсныг нь мэдэж байсан бол нэхэмжлэгч байгууллагатай уулзаж, лавлаж болох байсан.Надад картаас 800 000 төгрөгөөс илүү мөнгө гарна гэж тайлбарлаж байгаагүй.Гэтэл хэтрүүлсний хүү нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна.Хугацаа хэтрүүлсний хүүгийн хувьд би боломжтой байсан бол төлөх байсан.Иймд зээлийн эрх хэтрүүлсний төлбөр болон зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрийг төлөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн “Эрх олгох тухай” ... дүгээр тушаал, Г... банкны Д.Н...тай 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээ, зээлийн картын тооцооллын хүснэгтийг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г... банкны нэхэмжлэлээс 2 133 520 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 419 740 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 874 219 төгрөг, зээлийн үндсэн хүү 872 207 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 419 740 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 387 093 төгрөг нийт 2 553 261 төгрөгийг Д.Н...аас гаргуулна гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Үндсэн зээл, үндсэн хүүг зөвшөөрч байна.Энэ картаас 800 000 төгрөгөөс илүү мөнгө гарна гэж надад тайлбарлаагүй тул зээлийн эрх хэтрүүлсний төлбөр болон зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрийг төлөхгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г... банкны Д.Н...тай 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээ, зээлийн картын тооцооллын хүснэгт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь зээлийн эрх хэтрүүлсний төлбөр болон зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр байна, үндсэн зээл, үндсэн хүүгийн талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь кредит картыг эзэмшсэнээр зээлийн эрх үүссэн байх бөгөөд бэлэн бус гүйлгээнд 2 хувийн, бэлэн гүйлгээнд 3,5 хувийн хүүг сард тооцохоор тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэлд нийцсэн байна. 

Зээлийн гэрээний хугацаа дууссанхариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласны хүүг, үндсэн зээлийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй  байх тул үндсэн зээлийн төлбөрт 874 219 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 872 207 төгрөг нийт 1 746 426 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна.

Зохигч талуудын хооронд хийгдсэн гэрээний 2.1-т “зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 1 хувь” гэж, 3.6-д “төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцно” гэж тохирсон байна.

Зээлийн картын тооцооллын хүснэгтээс үзэхэд зээлдэгч нь гэрээгээр тохирсон үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү болох 387 093 төгрөгийг төлөх үндэстэй байна.

Харин зээлийн эрх хэтрүүлсэн хүүг аль дүнгээс тооцсон, мөн дээрх хүүгийн төлбөрүүдтэй давхардсан эсэх нь тодорхой бус байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Дээрх үндэслэлээр Д.Н...аас 2 133 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлээс үлдсэн 419 740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 803 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 заасныг баримтлан Д...гийн Н...аас 2 133 520 /хоёр сая нэг зуун гучин гурван мянга таван зуун хорин/ төгрөгийг гаргуулан Г... банкинд олгож, үлдсэн 419 740 /дөрвөн зуун арван есөн мянга долоон зуун дөчин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН