Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01361

 

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01869 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Д.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,553,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Д.Н- нь Г- ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж, 800,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Д.Н-аас зээлийн үндсэн төлбөр 874,219 төгрөг, зээлийн үндсэн хүү 872,207 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 419,740 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 387,093 төгрөг нийт 2,553,261 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Говь-Алтай аймагт байхдаа хүнээс хүүтэй мөнгө зээлж бизнес эхлүүлсэн. Картад мөнгө ороод эхлэнгүүт банкнаас зээл авах нөхцөл бүрдэж, зээл авсан боловч хувь хүнээс авсан өндөр хүүтэй зээлээ төлөөгүй. Тухайн үед Г- ХХК-нд тодорхой хугацаанд зээлээ төлж байсан боловч хувь хүний дарамт, ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн хямралд орсон.Уг хугацаанд бусад хувь хүмүүсээс авсан зээлээс үүдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явж, дарамтад орж ажил хийх нөхцөлгүй болсон. Сард 800,000 төгрөгийн орлого олоход 500,000 төгрөгийг нь шүүхийн шийдвэрийн дагуу банкинд өгдөг. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, үндсэн хүүг зөвшөөрч байна. Зээлийн эрх хэтрүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. АТМ-ээс мөнгөө авахдаа гарч байсан мөнгийг нь л авч байсан. Хэрэв илүү гарч байсныг нь мэдэж байсан бол нэхэмжлэгч байгууллагатай уулзаж, лавлаж болох байсан. Надад картаас 800,000 төгрөгөөс илүү мөнгө гарна гэж тайлбарлаж байгаагүй. Гэтэл эрх хэтрүүлсний хүү нэхэмжилж байгаа нь ойлгожгүй. Хугацаа хэтрүүлсний хүүгийн хувьд би боломжтой байсан бол төлөх байсан. Иймд зээлийн эрх хэтрүүлсний төлбөр болон зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Дамбасүрэнгийн Н-аас 2 133 520 төгрөгийг гаргуулан Г-инд олгож, үлдсэн 419 740 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... миний авсан зээлүүд ар араасаа шүүхээр орж, одоо шүүхийн шийдвэрийн дагуу сар бүр 450,000 төгрөг төлж байгаа. Би нярай хүүхэдтэй, нөхөр ажилгүй. Г-наас шаардсан 2,553,261.76 төгрөгөөс зээлийн эрх хэтрүүлсний хүү 419,740.86 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 387,093.97 төгрөгөөс татгалзаж байна. Үндсэн төлбөр болон хүүг сар бүрийн 05-нд 50,000 төгрөг буюу 3 жилийн хугацаанд төлөх хүсэлттэй байна. Иймд эрх хэтрүүлсний хүү 387,093.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,553,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч гэрээний агуулгыг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г- ХХК нь 800,000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны сарын хүү 3,5 хувиар ашиглуулах, хариуцагч Д.Н- нь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нь 800,000 төгрөгийн эрхтэй кредит картыг эзэмшиж, ашигласан болох нь талуудын тайлбар, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-10-р тал/

4.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.б.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Г- ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Н-аас шаардах эрхтэй.

4.в.Талуудын байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 3.5-д Зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэж, 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж тус тус заажээ. /хх-ийн 8-р тал/

4.г.Гэвч дээрх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсгийн Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно ... гэж заасан шаардлагад нийцээгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч Г- ХХК-д гэрээний 3.5, 3.6-т заасныг үндэслэн эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсэхгүй.

4.д.Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Д.Н-аас үндсэн зээл 874,219 төгрөг, зээлийн хүү 872,207 төгрөг нийт 1,746,426 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 806,834.83 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Хариуцагч Д.Н- нь 800,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 2 жилийн хугацаатай ашиглахаар тохиролцсон байх бөгөөд карт ашиглах эрхийн хугацаа дууссан, үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хугацаанд нь гүйцэтгэх зарчимтай тул зээлийн төлбөрийг 3 жилийн хугацаанд хувааж төлөх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01869 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 2 133 520 /хоёр сая нэг зуун гучин гурван мянга таван зуун хорин/ төгрөгийг ... гэснийг 1,746,426 төгрөгийг гэж, ... 419 740 /дөрвөн зуун арван есөн мянга долоон зуун дөчин/ төгрөгийг ... гэснийг 806,834.83 төгрөгт холбогдох хэсгийг гэж,

2 дах заалтын ... 49 086 ... гэснийг 42,893 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,263 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ