Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01981

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Боржигон овогт С...ийн Ц...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., А... ХХК,    

Нэхэмжлэлийн шаардлага:Хан-Уул дүүрэг, ... тоот 293 м.кв талбай бүхий орон сууц, 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Ц..., өмгөөлөгч Н.Э..., Н.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц... нь хариуцагч А... ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ... тоотод байршилтай, 293 м.кв талбай бүхий орон сууц, 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

А... ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн ... тоотод байршилтай, 293 м.кв талбайтай, дотоод засалгүй байрыг 1 м.кв талбайг 3 000 000 төгрөгөөр, 2 ширхэг авто машины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон.Мөн А... ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн ... байрны зоорийн давхарт байршилтай, 293 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрыг, 1 ширхэг авто машины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон.Гэрээнүүдийн дагуу 939 000 000 төгрөг болон 1 280 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь бүрэн төлж, А... ХХК-тай тооцоо нийлж дуусаад зээлийн үлдэгдлийн баталгааг 2019 оны 8 сарын 21-ний өдөр үйлдсэн.Би дээрх орон сууцны дотоод заслын ажлыг өөрийн хөрөнгөөр хийгээд 2018 оны 11 дүгээр сараас хойш амьдарч байгаа.А... ХХК нь орон сууц болон авто машины зогсоолуудыг улсын онцгой комисст хүлээлгэж өгсөн талаарх баримтыг надад гаргаж өгөхгүй байгаа.Би зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан боловч 293 м.кв талбай бүхий орон сууц болон 3 ширхэг авто машины дулаан зогсоолыг улсын онцгой комисст хүлээлгэж өгөхтэй холбоотой баримтыг аваагүй тул Хан-Уул дүүргийн ... тоотод байршилтай, 293 м.кв талбай бүхий орон сууц, доод давхарт байрлах 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно, орон сууц болон 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч шүүхэд тайлбар өгөөгүй болно.

Нэхэмжлэгчээс Н.Энхтуяад олгосон итгэмжлэл, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нэхэмжлэгчийн А... ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хуулбар, төлбөрийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн А... ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хуулбар, төлбөрийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгааг шүүхэд өгсөн./хх 4-10, 27-34/ 

Хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн үзлэгийн тэмдэглэл байна./хх 99-107/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь А... ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, 293 м.кв талбай бүхий орон сууц, 3 ширхэг авто машины дулаан зогсоолыг худалдан авч, үнийг бүрэн төлсөн, тухайн орон сууц болон зогсоолыг 2018 оны 11 дүгээр сараас хойш эзэмшиж байгаа боловч А... ХХК нь өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн ... тоотод байршилтай, 293 м.кв талбай бүхий орон сууц, 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно, орон сууц болон 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн А... ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хуулбар, төлбөрийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн А... ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хуулбар, төлбөрийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

С.Ц... нь А... ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ... тоотод байршилтай, 293 м.кв талбай бүхий орон сууцыг 879 000 000 төгрөгөөр, В1 давхарт байрлалтай 2 ширхэг авто машины зогсоолыг 60 000 000 төгрөгөөр,  мөн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ... дугаар байрны В1 давхарт байрлалтай 18 м.кв талбай бүхий, 1 ширхэг авто машины зогсоолыг 30 000 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Худалдан авагч С.Ц... нь гэрээний дагуу орон сууц болон авто машины зогсоолуудын төлбөрийг худалдагчид бүрэн төлсөн болох нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн баримт, зохигч талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна.

Улмаар нэхэмжлэгч нь тухайн орон сууц болон авто машины зогсоолуудыг 2018 оны 11 дүгээр сард хүлээн авсан нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүсэл зоригийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өөрийн мэдэлдээ авч эзэмшил үүссэн байна.

Харин худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдсан хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргах эрхтэй байна.

Хан-Уул дүүргийн ... тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, 4400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр анх А... ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, өмчлөгчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр бүртгэл салгаснаар хэмжээ өөрчлөгдөж, 2200 м.кв болсон бүртгэл бүртгэгдсэн, 2017 оны Ч... банк ХХК-тай байгуулсан ..., Ү... банк ХХК-тай байгуулсан ... дугаартай барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа болох нь Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн баримтаар нотлогдож байна.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар С.Ц...г Хан-Уул дүүргийн ... тоотод байршилтай, 293 м.кв талбай бүхий орон сууц болон тус байрны В1 давхарт байрлалтай 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагч А... ХХК-д даалгаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлөх байтал 351 000 төгрөг төлж, 210 600 төгрөгийг илүү төлсөн байгааг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар буцаан олгож, үлдсэн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан  Сэмжидийн Ц...г Хан-Уул дүүргийн ... тоотод байршилтай, 293 м.кв талбай бүхий орон сууц, тус байрны В1 давхарт байрлалтай, 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууц болон 3 ширхэг авто машины зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Ц...д шилжүүлж өгөхийг хариуцагч А... ХХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 140 400 төгрөгийг хариуцагч А... ХХК-иас тус тус гаргуулан С.Ц...д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН