Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/02023

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Г.Ариунаа, шүүгч Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Хуацай овогт А...ын Н..., 

Хариуцагч:Баянгол дүүргийн ...тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Э...ын Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохиролд 19 422 100 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н..., өмгөөлөгч Б.Б..., хариуцагч Э.Б..., өмгөөлөгч Ж.У..., иргэдийн төлөөлөгч Б.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н... нь Э.Б...д холбогдуулан гэм хорын хохиролд 19 422 100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би тухайн үед 2 ихэр ураг тээж байсан бөгөөд зусландаа байж байтал бие эвгүй болоод хот явж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болоод 2021 оны 5 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 02 цаг 38 минутын үед дүүгээрээ машинаа бариулаад хот орохоор Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын төв зам дагуу  явж байтал гэнэт маш том хүчтэй нэвсийсэн хар зүйл орж ирээд машин ямар ч жолоодлогогүй болж эргэж хараад зогсчихсон,  би такси бариад явсан, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай болсон ба өглөө болохыг хүлээх боломжгүй байсан.Эмнэлэг 09 цагаас 16 цаг хүртэл ажилладаг ба тэр хугацаанд бүртгэлээ хийдэг.Түүнээс шөнө очсон хүмүүсийн бүртгэлийг хийдэггүй юм байна лээ.Би өглөө болтол эмнэлэг дээр байсан ба үзүүлэх шаардлагатай бүх зүйлээ үзүүлж эмчилгээ хийлгэсэн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Тухайн өдөр А.Н...ийн машин дээр хариуцагч Э.Б...ын өмчлөлийн байрны дээвэр нурж унасан, энэхүү дээврийн арчилгаа хамгаалалтыг сахих, аюулгүй байдлыг хангах нь өмчлөгчийн үүрэг бөгөөд тухайн өдөр давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшгийн үзэгдэл болсон гэдэг боловч бусад байшин, барилга байгууламжийн дээвэр нурсан зүйл болоогүй. Тиймээс өмчлөгч үүргээ биелүүлээгүйгээс дээвэр хийсч машин дээр унасан нөхцөл байдал үүссэн.Өнөөдөр гэм буруутай нь заавал тогтоогдсон байх шаардлагагүй нөхцөл байдал буюу хуулиас үүдэлтэй гэм хорын хохирол шаардаж байгаа. Иргэний хуулийн 502 дугаар зүйлд 2 үндэслэл байгаа ба гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал, эсвэл тухайн барилга дээрээс юм унахад хохирогч өөрөө нөлөөлсөн буруутай үйл ажиллагаа байдаг.Тиймээс нотлох баримтын хүрээнд болон хохирогчийн шууд нөлөөлсөн дээвэр нурахтай холбоотой идэвхтэй үйлдэл байхгүй, мөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл гэдэг нь тогтоогдохгүй байна.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт гамшиг, аюулт үзэгдлийн нэгдсэн сан гэж байдаг ба энэ сангаас тухайн өдөр гамшиг, аюулт үзэгдэл болсон талаар мэдээлэл, түүнтэй холбоотой баримт байхгүй.Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон гэж хариуцагч хэлдэг боловч тухайн нөхцөл байдлыг таамаглах  боломжгүй байсан ба даван туулах боломжгүй нөхцөл, хяналтаас гадуур болсон үйл явцыг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон гэж үздэг.Гэтэл тухайн салхи шуургыг бусад эргэн тойрны өмчлөгч, эзэмшигчид даван туулсан  байхад ганцхан Э.Б... гэдэг хүний байшингийн дээвэр хийссэн байдаг.Э.Б... нь байшингийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас салхинд дээвэр нь хуурч машинд гэмтэл учруулсан болох нь замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, акт зэргээр тогтоогдсон.Тус осолд хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллагаа явуулж байсан боловч 2021 оны 7 дугаар дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон.Хохирлын үнэлгээг Хас Үнэлгээ ХХК-иар хийлгэхэд 18 550 000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээ хийлгэхэд 856 000 төгрөг төлсөн, нотариатын зардал 16 100 төгрөг төлж нийт 19 422 100 төгрөгийн хохирол учирсан тул Э.Б...ас гаргуулна гэж тайлбарласан. 

Хариуцагч хариу тайлбартаа:Энэ үйл явдалд би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа.Тиймээс байгалийн хүчин зүйл болон карентин, улаан бүсд байсан гэдэг утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарласан.

Хариуцагчийн өмгөөлөгч:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 2021 оны 5 дугаар сарын 6-ны шөнө хүчтэй цасан шуурга болсны улмаас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын нутаг дэвсгэр төв зам дагуу зорчиж байсан А.Н...ийн авто машин дээр байшингийн дээвэр хууларч унасан, хохирол учирсан нь хариуцагчийн буруутай үйлдэл биш.Тухайн өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Нийслэл хот орчмоор 0.0-3.00 мм нойтон цас орж, 8-13 метр.сек хурдтай, зарим үед 8-13 метр секундийн хүчтэй шуурга болсон.Салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, байгалийн аюултай үзэгдэл болсон, энэ тухай цаг уурын орчны шинжилгээний байгууллагаас сэрэмжлүүлж байсан, салхины дундаж хэмжээ нь 18 м.секунд болон түүнээс дээш байх юм бол энэ нь аюултай үзэгдэл, цасан шуурга 10 м.секунд хурдтай бол  аюултай үзэгдэлд орно гэж тогтоогдсон. Тиймээс цасан шуурганаас буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлээс нэхэмжлэгч өөрийгөө хамгаалах үүрэгтэй.

Мөн тухайн үед Засгийн газрын тогтоолоор хатуу хөл хорио тогтоосон байсан.Нэхэмжлэгч нь тухайн үед зуслангаас хотын төв орохоор явж байсан гэдэг боловч машин нь хотоос зуслан явах чиглэлтэй зогсож байсан.И... эмнэлгээс ирсэн баримтуудаас харахад тухайн шөнө 00:00 цагаас 01:00 цаг, 02:00 цагийн үед эмнэлэгт үзүүлсэн нотлох баримт харагдахгүй байна.Харин 5 дугаар сарын 06-ны өглөө эмнэлэгт үзүүлсэн баримтууд буюу 08:00 цаг, 08:15 цаг болон  өглөө 10:00 цагт ирж байсан тухай сүүлд ирсэн баримтууд байна.Яг цасан шуурга болж байхад шөнийн 00:00 цагт зуслангаас Улаанбаатар явсан нотолгоо байхгүй байна.Тухайн үед ганцхан хариуцагчийн байшингийн дээвэр нураагүй, тухайн газар байсан самбарууд нурсан.

Мөн хариуцагчийн буруутай үйлдэл гэдгийг хэрэг бүртгэл, мэргэжлийн хяналтын байгууллагууд тогтоосон тогтоол байхгүй.Нэхэмжлэгч мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хүсэлт өгөөд түүний хариу болох хариу хүргүүлэх тухай баримтыг  эрх зүйн үр дагавар үүсгэх акт гэж үзэхгүй байгаа.Учир нь төрийн хяналт шалгалт, мэргэжлийн хяналтын байцаагчаас гаргаж байгаа шийдвэр бүр эрх зүйн үр дагавар үүсгэх хэмжээний байх ёстой.Тиймээс хариуцагчийн шууд буруутай үйлдэл бус нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

Иргэдийн төлөөлөгч:Хариуцагч гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч А.Н...ээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Э.Б...ас мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, Х... Үнэлгээ ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн авто машины техникийн үнэлгээний тайлан, авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар шүүхэд өгсөн./хх 4-27/

Хариуцагчаас:Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын даргад хүргүүлсэн баримт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож, ажиллагаа хийлгүүлэх тухай” ... дугаар тогтоол, Э.Б...гын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... тоот хаягт байршилтай, ... нэгж талбарын дугаартай, 131 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын ... дугаартай гэрчилгээ, мөн хаягт байршилтай, 200 м.кв талбайтай, хувийн сууц, гарааш зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаартай гэрчилгээг нотлох баримтаар шүүхэд өгсөн./хх 54-58/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр цахим баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, И...д эмнэлгээс ирүүлсэн баримтыг шүүх бүрдүүлсэн.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н...ийн нэхэмжлэлээс 19 406 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 16 100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би 2021 оны 5 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнийн 02 цаг 38 минутын үед зуслангаас хот орж эмнэлэгт үзүүлэх зорилгоор Хайлаастын төв замд  явж байтал гэнэт машин дээр байшингийн дээвэр хийсч унасны улмаар машинд учирсан хохирол 18 550 000 төгрөг, үнэлгээний хөлс 856 000 төгрөг, нотариатын зардал 16 100 төгрөг нийт 19 422 100 төгрөгийг Э.Б...ас гаргуулна гэж тайлбарласан. 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Байгалийн гамшигт үзэгдэлийн улмаас нэхэмжлэгчийн машин дээр байшингийн дээвэр хийсэж унасан үйлдэлд би буруугүй, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хориотой байсан, мэдээллийн хэрэгслээр бүх нийтэд цаг агаарын талаар урьдчилан анхааруулсан байхад нэхэмжлэгч шөнийн цагаар цасан шуургатай үеэр явж байсан, мөн Зөрчил хянан шйдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, нэхэмжлэгчийн машин хотоос зуслан явах чиглэлд зогсож байсан тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч А.Н...ээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Э.Б...ас мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, Х... Үнэлгээ ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн авто машины техникийн үнэлгээний тайлан, авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын даргад хүргүүлсэн баримт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож, ажиллагаа хийлгүүлэх тухай” 27 дугаар тогтоол, Э.Б...ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн . тоот хаягт байршилтай, ... нэгж ..талбарын дугаартай, 131 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын ... дугаартай гэрчилгээ, мөн хаягт байршилтай, 200 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаартай гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

А.Н... нь 2021 оны 5 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн ... маркийн, ... дугаартай машинаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын төв замд зорчиж явах үед түүний машин дээр Э.Б...ын өмчлөлийн байшингийн дээвэр салхинд хийсч унасны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтад талууд маргахгүй байна.

Харин дээрх үйлдлийн улмаас А.Н...ийн эд хөрөнгөд учирсан хохиролд би буруугүй, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хориотой байсан, цаг агаарын аюултай үзэгдлийн талаар бүх нийтэд урьдчилан анхааруулсан байхад нэхэмжлэгч шөнө явж байсан гэж хариуцагч тайлбарлан маргаж байна. 

Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, ... тоотод байршилтай, ... авто засварын үйл ажиллагаа явуулж байгаа улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 131 м.кв газар, ... дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Э.Б... бүртгэгдсэн байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар өмчлөгч нь өөрийнхөө өмчлөлийн хөрөнгийг эзэмшиж, ашиглах явцдаа бусдын эрхийг зөрчихгүй байж, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-т “Зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг Э.Б... хариуцах үндэстэй байна.

Нийслэл хот орчмоор 2021 оны 5 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө цаг агаарын аюултай үзэгдэл болох талаар бүх нийтэд сэрэмжлүүлж, анхааруулсан,  мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хориотой байсан  хэдий ч нэхэмжлэгч нь хоёр ихэр ураг тээж байсан, эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлын улмаас хот руу явж байсныг түүний буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч А.Н... нь И... эмнэлэгт 2021 оны 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд үзүүлсэн болох нь тус эмнэлгээс ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Нөгөө талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс А..Н...ийн гомдлыг шалгаж, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн, энэхүү гомдол нь Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх талаар” ... тоотын 1-д заасан хугацаанд зөрчил үйлдсэн нь нотлогдсон, тус барилгад хувийн сууцны зориулалтаар гэрчилгээ олгосон зэрэг нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тушаалаар батлагдсан төвөгшлийн ангиллын зөвшөөрөл шаардахгүй барилга, байгууламжийн төрөлд багтаж байх тул Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах үндэслэлгүй гэжээ. 

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Х... Үнэлгээ ХХК нь 18 550 000 төгрөгөөр тогтоосон, үнэлгээ хийлгэсэн зардалд 856 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь баримтаар ноглогдож байна. 

Харин нотариатын үйлчилгээний хөлсөнд 16 100 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 19 406 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 16 100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1-т  заасныг баримтлан Э...ын Б...ас 19 406 000 /арван есөн сая дөрвөн зургаан мянган/ төгрөг гаргуулж А.ын Н...т о..лгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 16 100 /арван зургаан мянга нэг зуун/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.Б...ас 254 980 төгрөг гаргуулж А.Н...т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ДОРЖНАМЖИН

                                                 

                                                    ШҮҮГЧИД                         Г.АРИУНАА

                                                                                             

                                                                                              Х.ЭНХЗАЯА