Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00103

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00103

 

А.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/02998 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Н-ийн хариуцагч Э.Б-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 19,422,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.   Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 19,422,100 төгрөг гаргуулах,

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: А.Н нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 02 цаг 38 минутын үед Бенз Жи-500 маркийн 00-72 УНӨ дугаартай автомашинтай Чингэлтэй дүүргийн 14 хороо, Хайлаастын төв зам дагуу зорчиж байх үед гэнэт автомашиных нь дээр байшингийн дээвэр хийсч унасан. Энэ байшин нь Чингэлтэй дүүрэг 14 хороо, Хайлаастын 6-44/3 тоотод байршилтай иргэн Э.Б-ын ажиллуулдаг Гагнуур Сервис авто засварын газар байсан. Э.Б нь байшингийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас салхинд дээвэр нь хуурч автомашинд гэмтэл учруулсан болох нь замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, акт зэргээр тогтоогдсон. Тус осолд хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллагаа явуулж байсан боловч 2021 оны 07 дугаар дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирлын үнэлгээг Хас үнэлгээ ХХК-аар хийлгэхэд 18,550,000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээ хийлгэхэд 856,000 төгрөг төлсөн. Мөн нотариатын зардал 16,100 төгрөг төлж нийт 19,422,100 төгрөгийн хохирол учирсан тул Э.Б ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2.1 Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүчтэй цасан шуурга болсны улмаас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын нутаг дэвсгэр төв зам дагуу зорчиж байсан А.Н-ийн автомашин дээр байшингийн дээвэр хууларч унасан, хохирол учирсан нь бидний буруутай үйлдэл биш. Тухайн өдөр буюу 2021 оны 05 сарын 06-ны өдөр Нийслэл хот орчмоор 0.0-3.00 мм нойтон цас орж, 8-13 м.сек хурдтай, зарим үед 8-13 м.секундийн хүчтэй шуурга болсон. Салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, байгалийн аюултай үзэгдэл болсон. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар уг болсон үйлдэлд хэн буруутай, ямар шалтгаан нөхцөлийн улмаас байшингийн дээвэр хуурч унасан зэргийг шалган тогтоож эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах ёстой. Энэ талаар гэм буруутай нь тогтоогдоогүй. А.Н-ийн автомашинд хохирол учирсанд маргаагүй, харин байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас болсон үйл явдал тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б-аас 19,406,000 төгрөг гаргуулж А.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 16,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,061 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Э.Б ас 254,980 төгрөг гаргуулж А.Нт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а/ Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гараагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох нь хэргийг шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн шинжлэх, хэргийн оролцогчийн тайлбар, хүсэлт гомдлыг хэрхэн хуульд нийцүүлэн шийдэж буй эсэхэд дүгнэлт хийхэд ач холбогдолтойгоор оролцуулдаг. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхтэй холбоотой нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргахад шүүх бүрэлдэхүүн хангаагүй. Шүүх хуралдаанаас өмнө гаргах ёстой хэмээн үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2 хоногийн өмнө буюу 5-6-ны өдрийн 06:41:30 минутад МNВ телевизээр Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 2021 оны 05 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл хур тунадастай цаг агаарын аюултай хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулан сэрэмжүүлж байсан зэрэг мэдээ мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз радиогоор сэрэмжүүлж байсан талаар вэб сайтаас үзлэг хийлгэх хүсэлт гаргахад шүүх хангаж шийдвэрлээгүй. Тухайн цаг үед Нийслэл орчмоор 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 0.0-3.00 мм нойтон цас орж, хүчтэй салхи салхилж салхины хурд 8-13 метр, зарим үед 15-20 метр хүрч цасан шуурга болж Гамшгийн үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна гэдгийг дурдсан байна. Үүнийг Цаг Уур орчны шинжилгээний газрын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/326 тоот албан бичгээр нотлогддог болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хүсэлтийн дагуу хийгдэх үзлэг нь нотлох баримт мөн байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид тохиолдсон үйл явдал нь байгалийн гамшигт үзэгдэл болох талаар урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлж байхад бүх нийтийн хорио цээрийн дэглэмтэй үед өөрийн хайхрамжгүй, үйлдлээс болсон золгүй явдал юм. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1, 37.2.3, 37.2.7, 37.2.4-т заасныг зөрчсөн хуулиар олгогдсон иргэний үүргээ биелүүлээгүй өөрийн буруутай үйлдэл гэж харж байна.

б/ Шүүх хангалттай нотлох баримтыг үнэлээгүй. 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, хайлаастын нутаг дэвсгэрт байрлах төв зам дагуу зорчиж байсан автомашин дээр хүчтэй цасан шуурга болсны улмаас байшингийн дээвэр хууларч иргэн А.Н-ийн автомашинд хохирол учирсан нь бидний буруутай үйлдэл биш юм. Учир нь тухайн өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нийслэл хот орчмоор 0.0-3.00 мм нойтон цас орж, хүчтэй салхи салхилж салхины хурд 8-13 метр, зарим үед 15-20 метр хүрч цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаль цаг уурын аюултай үзэгдэл болсон талаар баримт хавтаст хэрэгт байгаа. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг Уур, Орчны шинжилгээний газрын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/326 дугаартай албан тоотоор байгаль цаг агаарын аюултай нөхцөл байдал үүссэн байна гэж гаргасан дүгнэлтийг үнэлээгүй. Тухайн болсон үйл явдал нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаартай тогтоолоор Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт-аар

тогтоосон байна.

в/ Иргэний хууль, Зөрчлийн тухай хууль, Өршөөлийн тухай хуулийн буруу хэрэглэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулсан эсэх үйлдэл, эс үйлдэхүйг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгаад, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхыг тогтоосон байх ёстой. Гэтэл зөрчлийн хэргээр хариуцагчийг буруутай үйлдэл, барилга байшингаа арчилж хамгаалаагүй эсэх талаар дүгнэлт огт гараагүй. Хариуцагчийг гэм буруутай эсэхийг хэн ч ямар ч хууль, хяналт, төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргаагүй, тогтоогоогүй болно. Иймд Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшингаас ямар нэг зүйл унасан, хаягдсан буюу асгарсны улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцлага хүлээхгүй. Мөн 2021 онд батлагдсан Өршөөлийн тухай хуулийн гол зарчим нь холбогдогч буюу гэм буруутай тал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт мэргэжлийн хяналтын газрын иргэн А.Н танаа хариу хүргүүлэх тухай гэсэн албан бичиг л байдаг. Төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр гэж үзэхээргүй хариуг нотлох баримтаар шүүх үнэлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх бүхий шийдвэр гэж үзэхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд мэргэжлийн хяналтын улсын байцаагч санал, дүгнэлт, шийдвэр, албан шаардлага гэх мэт эрх зүйн үр дагавартай бичиг гаргана гэж заасан. Шүүх хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, шүүх хуралдаанд оролцох ёстой иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Э.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 19,422,100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Чингэлтэй дүүрэг 14 хороо, Хайлаастын 6 дугаар гудамжны 443 тоот Гагнуур сервис авто засварын үйл ажиллагаа явуулж буй улсын бүртгэлийн Г-2202000094 дугаарт бүртгэгдсэн 131 м.кв газар, Ү-2202021544 дугаарт бүртгэгдсэн 200 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Э.Б бүртгэгдсэн болох нь хэргийн 57, 58 дахь талд авагдсан газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

 

5. А.Н нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Mersedes behz G500 маркийн 00-72 УНӨ дугаартай тээврийн хэрэгсэл Чингэлтэй дүүргийн 14 хороо, Хайлаастын төв замд зорчих үед уг тээврийн хэрэгсэл дээр байшингийн дээвэр хийсч унасны улмаас эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөл байдал байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 497, 500 дугаар зүйлд зааснаар тухайн этгээдийн гэм буруу буюу өмчлөгч нь бусдын эрхийг зөрчихгүйгээр өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхтэй, өмчлөлийн зүйлээ зохих ёсоор арчлан хамгаалах үүрэгтэй гэж гэм буруутай нөхцөл байдлыг дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. /4в/

 

6. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ ...байгалийн давагдашгүй хүчин зүйл хүчтэй цасан шуургын улмаас авто засварын байшингийн дээвэр унасан бөгөөд уг асуудлаар зөрчлийн хэрэг шалгаж, хэний гэм буруу байсныг тогтоогоогүй гэж маргаж байхад шүүх талуудын маргааны зүйлд хамааралтай нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй нь алдаатай болжээ.

 

7. Учир нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч талаас 2021 оны 05 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд телевизээр малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын аюултай хүч салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулсан сэрэмжлүүлгийн линкүүдэд үзлэг, шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрх нь зөрчигдсөн гэж үзнэ. /4а/

 

8. Түүнчлэн, маргааны гол зүйл нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу авто засварын байшингийн дээвэр хийсч унасан нөхцөл байдалд хариуцагчийн заавал гэм буруутай байх нөхцөлийг нотлох шаардлагагүй бөгөөд тухайн үеийн цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж нэхэмжлэгчийн хувьд гарч болох аюул хохирлын хэмжээг бууруулах, хохирлын хэмжээ нэмэгдэхэд шөнө цасан шуургатай үед мэргэжлийн байгууллагаас анхааруулга өгсөөр байхад явж байсан нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг тогтоолгохоор Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн зохицуулалт зохигчдын маргаанд хэрэглэгдэх эсэхийг тодруулах шаардлагатай. /4б/

 

Дээрх үндэслэлээр шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/02998 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ