Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/02042

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Б дүүрэг, ..... дугаар хороо, З н .. гудамж, .. тоотод оршин суух, Б овогт С-ын А /РД:УП............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, .... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, Н-т холбогдох,

Гуравдагч этгээд: Х дүүрэг, .. дугаар хороо, үйлдвэр, чингисийн өргөн чөлөө, ../. тоот хаягт байрлах, Ж ХХК /РД:........../,

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШЗ..../........ дугаартай албадан биелүүлэх захирамж, 0000 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн Улсын бүртгэлийн Г-................... дугаартай, Б дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны .. тоот хаягтай ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон, төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Р , Б.Н ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Я

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А ,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаар бүхий Захирамжаар, С- овогтой А-аас үндсэн өр төлбөрт 10,040,849.32 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 158,002 төгрөг нийт 10,198,851.32 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Ж ХХК-д олгохоор захирамжилсан. Энэхүү Захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.О-оос 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр .-.../..... тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас-г ирүүлсэн. Албан тоотод Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаар шийдвэрээр С-ын А-аас 10,198,851 төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.А/УП92061935/-ын өмчлөлийн эрхийн улсын Г- ................. дугаартай,Б , дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны .. тоот хаягтай ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт гаргасан тул 2021 оны 4-142/90..дүгээр албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээн, өмчлөх эрхийн гэрчилгээг Ж ХХК /РД:...../- ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг мэдэгдье гэжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Дараах барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно, 44.4.1 -т Газар гэж заасан мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан байх бөгөөд дээрх хуулийн дагуу Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа огт хийгдээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.17-д Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлэх, уг зорилгоор албадан чөлөөлөх гэж заасан заалтыг мөн зөрчсөн байгаа юм. Учир нь төлбөр төлөгч С.А /00......../-ын өмчлөлийн эрхийн улсын Г-................... дугаартай,Б , дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны .. тоот хаягтай ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан албадан дуудлага худалдаанд оруулаагүй, худалдан борлуулах ямар ч ажиллагаа хийгээгүй байж шууд тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагч Ж ХХК /РД:...../-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгасан нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Түүнчлэн өмчлөх эрхтэй газрыг гагцхүү Монгол Улсын иргэн өмчилдөг. Ийм учраас өмчлөх эрхтэй газрын албадан дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын иргэнийг оролцуулах эрх зүйн зохицуулалт байдаг. Ийм байтал хуулийн этгээдэд өмчлөх эрхийг тооцон шилжүүлэх ажиллагаа явуулсан байгаа нь маш буруу юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлийн 1,4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийг заахдаа: төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэжээ. Талууд эвлэрэлтэй холбоотой хүсэлт гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой талаар зохицуулсан байтал талуудын хүсэлтийг хүлээн аваад холбогдох бүртгэлийн хэлтэс рүү албан мэдэгдэл явуулсан байна. Хуульд заагаагүй ажиллагааг дур мэдэн явуулсан гэж үзэж байна. Талууд үнэхээр эвлэрэлд хүрсэн бол бүртгэлийн байгууллагад хандах эсэх нь өөрсдийнх нь мэдлийн асуудал байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ асуудалд хөндлөнгөөс оролцож, бүртгэлийн байгууллагад хандах зэргээр хууль зөрчсөн байгаа нь буруу болсон байна.

Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас ирүүлсэн баримтаар гүйцэтгэх баримт бичгүүд хоорондоо зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нь албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудастайгаа зөрүүтэй.

Албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн гүйцэтгэх баримт бичиг хоорондоо зөрүүтэй байх тохиолдолд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, 20.3 дахь заалтад тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхээс татгалзаж, зөрүүтэй гүйцэтгэх баримт бичгийг холбогдох шүүхэд буцаах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр байна. Гэтэл хариуцагч тал энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж хууль зөрчсөн байна. Гүйцэтгэх баримт бичиг нь хоорондоо зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэрийг хэрхэн, ямар байдлаар, ямар хөрөнгөөр, ямар журмаар гүйцэтгэж биелүүлэхийг тодорхойгүй, ойлгомжгүй болгодог. Зөрүүтэй гүйцэтгэх баримт бичгүүдийн алийг нь биелүүлэх, алийг нь биелүүлэхгүй байх талаар ойлгомжгүй нөхцөл байдал үүсдэг тул тухайн баримт бичгийг гаргасан шүүхэд буцаах талаар хуульчилсан байна.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болж буй 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ202000000 дугаартай захирамж нь хавтаст хэрэгт харилцан адилгүй 2 өөрөөр авагдсан байна. Захирамжийг гаргасан шүүгчийн хувьд захирамжлах нь хэсэгт барьцааны асуудлыг тусгасан захирамжийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр биш гэж, харин барьцааны асуудал тусгаагүй захирамжийг нь тухайн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр мөн гэж тодорхойлсон. Албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудаст барьцааны асуудал туссан байгаа байдал нь эдгээр баримт бичиг нь тухайн иргэний хэргийг шийдвэрлээгүй, хуурамч шүүхийн шийдвэр /барьцааны асуудал туссан/-т үндэслэгдэн гарсан гэх үндэслэлийг бүрдүүлээд байна. Хуурамч шүүхийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх баримт бичиг бичигдэн гарсан нөхцөл байдал байх учир түүний үндсэн дээр явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

ИймээсБ дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ202000000 дугаартай захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний .../ШЗ..../..... дугаартай албадан биелүүлэх захирамж, 0000 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцож, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн Улсын бүртгэлийн Г- ................. дугаартай, Б дүүрэг, 22 хороо, З н, 16 гудамжны 1 а тоот хаягтай ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү.

 

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Төлбөр төлөгч С.А-н нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаар шийдвэрээр С-ын А-аас 10,198,851 төгрөгийг гаргуулан ЖХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн, төлбөр төлөгчид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын Г-................... дугаартай,Б дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны 1 а тоот хаягтай ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөртөө тооцон шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах хүсэлт 2021 оны 6 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд гаргасны дагуу өмчлөх эрх шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ./... дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж дуусгавар болгосон.

Төлбөр төлөгч С.А нь .... оны 6 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 2021 оны байдлаар ..насанд хүрсэн, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар өөрийн үйлдлээр өөртөө эрх олж, үүрэг бий болгох насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болно. Иргэний эрх зүйн харилцаанд орохдоо өөрийн бие даасан байдал, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцуулахгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд төлбөр авагчтайгаа тохирч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж өгөх тухай хүсэлтийг нотариатаар батлуулан гаргажээ. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч С.А нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг төлбөртөө тооцон Ж ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагааг явуулах хүсэл зоригийг бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй байхдаа гаргасан тул түүнийг гэрчлэн баталсан байна.

С.А нь энэхүү үйлдлээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөртөө тооцон шилжүүлж, манай байгууллагад явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байгааг мэдэж байсан. Энэхүү ажиллагаа явуулахыг өөрөө хүсч, хүсэлт гаргасан, үүсэх үр дагаврыг өөрөө мэдэж байсан, хуульд зааснаар энэ асуудалд бодитой хандан гэрчлүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд болохынхоо хувьд үүссэн үр дүнг өөрөө хариуцах үүрэгтэй байна. Иймд өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа хууль зөрчөөгүй, бүртгэлийн байгууллага ч мөн адил хууль зөрчөөгүй гэж үзсэн тул өмчлөх эрхийг шилжүүлсэн. Бүртгэлийн байгууллага нь энэхүү ажиллагааг хууль бус гэж үзсэн бол шилжүүлэн бүртгэхээс татгалздаг, энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хүсэл зоригийг үндэслэн ажиллагаа явуулсан тул хуульд нийцсэн гэж үзсэн байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ төлбөртөө тооцох, зөрүү төлбөр авах, өгөх, барьцаанаас чөлөөлж, худалдан борлуулах болон бусдад дахин барьцаалах замаар төлбөрийг төлөх, хугацаа олгох гэх мэт олон арга замыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд ашиглан харилцан тохиролцдог бөгөөд энэ асуудалд манай байгууллага хөндлөнгөөс оролцоогүй болно. Төлбөртөө тооцон өмчлөх эрхийг шилжүүлэхийг талууд харилцан тохиролцсон тохиолдолд манай байгууллага нь өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх тухай албан бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлдэг бөгөөд энэ нь иргэд, байгууллага өөрсдийн гаргасан хүсэлт, түүний үр дагаврыг хариуцдагтай холбоотой. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул төлбөр төлөгч С.А-н гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй С.А-н нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт Ж ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэгч нь газрыг төлбөрт тооцон шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах болон газрыг төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг бүхэлд нь эс зөвшөөрч доорх хариу тайлбарыг гаргаж байна. ЖХХК-ийн нэхэмжлэлтэй, С.А-т холбогдох Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 10,040,849.32 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийгБ дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжид 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 102/Ш32021/00000 дугаар захирамжаар өөрчлөлт оруулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1- т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг боловч С.Ань шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Бидний зүгээс удаа дараа боломж олгож асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээсээр ирсэн боловч огт үр дүнд хүрээгүй. С.Ань эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт асуудлыг шилжүүлсэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгч С.А-н 2021 оны 6 сарын 3-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт гаргасан ...үл хөдлөх хөрөнгийг Ж ХХК-д өөрийн өр төлбөр болох 10,040,849.32 төгрөгтөө тооцон шилжүүлэх хүсэлтэй байна. Иймд өмчлөлийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаж өгнө үү гэх хүсэлтэд үндэслэн барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр дуусгавар болгосон байдаг. Төлбөр төлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авч, хуульд заасан өмчлөх эрхийнхээ хүрээнд барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан. Гэтэл хариуцагч С.А-н зүгээс ийм нөхцөл байдал үүссэний дараа гэнэт үндэслэлгүй хүсэлтүүдийг шүүх, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гаргах болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх дараах арга хэмжээг гүйцэтгэж болно, 77.1.5-д шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгүүлэх, 85 дугаар зүйлийн 85.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд шилжүүлсэн хөрөнгийн эрхийг бүртгүүлэх зорилгоор дараах тохиолдолд зохих баримт, материалыг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хандана, 85.1.2-т төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчийн санал болгосноор төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөрт суутган хүлээн авсан гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр газар нь хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан байна. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал бол С.А-н өөрийнх нь зээлийн гэрээний үүрэгтээ хариуцлагагүй хайнга хандсан, зээлдүүлэгчээс удаа дараа хугацаа тогтоож олгосон боломж үнэгүйдүүлснээс үүссэн. Гэтэл шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруу мэтээр элдэв гомдол хүсэлт гаргасаар байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв үнэхээр тухайн ажиллагаа явагдах үед гомдолтой байсан бол хуульд заасны дагуу гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж, барьцаа хөрөнгө худалдан борлуулсны дараа удаа дараа үндэслэлгүй хүсэлт, гомдол гаргах боллоо. Нэхэмжлэлд ...Албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа огт хийгдээгүй, худалдан борлуулах ажиллагаа хийгээгүй байж шууд өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгасан, ...Хуулийн этгээдэд өмчлөх эрхийг тооцон шилжүүлэх ажиллагаа явуулсан байгаа нь буруу, ...Хуульд заагаагүй ажиллагааг дур мэдэн явуулсан, эвлэрэлд хүрсэн бол бүртгэлийн байгууллагад хандах эсэх нь өөрсдийнх нь мэдлийн асуудал зэрэг огт хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. С.Ань шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөртэй байсан, үүндээ барьцаа хөрөнгөө тооцон шилжүүлэх хүсэлт гаргасан, төлбөр авагчийн зүгээс энэ саналыг хүлээн зөвшөөрсөн, иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас өмчлөх эрхийг шилжүүлэх албан бичгийг улсын бүртгэлийн газарт явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бүх процесс нь хуульд нийцсэн байгаа тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .-.../..... тоот албан бичиг /хх-6/, ЖХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 21/684 тоот албан бичиг хх-7/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/968 тоот албан бичиг /хх-8/,Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаар захирамж /хх-9-10/, Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 04/2734 тоот албан бичиг /хх-11/, С.А-н иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан лавлагаа /хх-12/, итгэмжлэл /хх-39/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /хх-51-53/, хэрэглээний зээлийн гэрээ /хх-54-55/, зээлийн барьцааны гэрээ /хх-56-57/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-161-162/,Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1245 тоот албан бичиг /хх-165/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Яын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 22/120 тоот албан бичиг /хх-166-167/,Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяад гаргасан 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22/152 тоот хүсэлт /хх-168/,Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/00000 дугаар захирамж /хх-174-180/, итгэмжлэл /хх-199/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

 5. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-16/, шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-20/,Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 000 дугаар гүйцэтгэх хуудас /хх-27/,Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШЗ..../........ дүгээр захирамж /хх-28/,Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаар захирамж /хх-29-30/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0000000000 дугаар тогтоол /хх-31/, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-32/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4-142/90..тоот албан бичиг /хх-33/, нэхэмжлэгч С.А-н Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх-34/,Б дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 734 тоот албан бичиг /хх-35/, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 142/13 дугаар хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол /хх-36/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн .-.../..... тоот албан бичиг /хх-37/, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ./... тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-38/, итгэмжлэл /хх-153/, Бүртгэл хяналтын карт /хх-208/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/00000 дугаар захирамж /хх-209-210/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

6. Гуравдагч этгээдээс итгэмжлэл /хх-149/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-150/, хариу тайлбар /хх-171-173/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-206/, итгэмжлэл /хх-211/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээрБ дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Г-................... дугаарт бүртгэлтэй,Б дүүргийн .. дугаар хороо, З н .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаа /хх-62-136/ зэрэг нотлох баримтыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ань хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдуулан  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, Улсын бүртгэлийн Г-................... дугаартай,Б дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны .. тоот хаягтай ... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон гүйцэтгэх баримт бичиг буюу төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зөрүүтэй байдлаар гарсан байхад хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль бус,

 

2.2 Газрын тухай хуульд зааснаар газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлэхээр хуульчилсан байхад төлбөр авагч хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлэхээр хариуцагч байгууллага шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн,

 

2.3 Төлбөр төлөгч ньБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай захирамж гарснаас хойш төлбөр авагчид төлөх төлбөрөөс 3,800,000 төгрөгийг төлчхөөд байхад уг төлбөрийг нийт төлөх төлбөрөөс хасаагүй үнээр газрыг төлбөрт тооцон шилжүүлсэн, гүйцэтгэх баримт бичиг болох шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж болон гүйцэтгэх хуудсанд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай заасан байхад уг барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахгүйгээр төлбөр авагчид төлбөрт тооцон шилжүүлсэн нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч өөрийн сайн дурын үндсэн дээр төлбөр авагчид барьцаа хөрөнгөө төлбөрт тооцон шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЖХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцсэн.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1 Тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч ЖХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.А-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,040,849 төгрөг, 32 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

6.Хэрэгт шүүгчийн дээрх захирамж 2 өөр байдлаар авагдсан байна.

Өөрөөр хэлбэл тус шүүхийн архивт хадгалагдаж байгаа захирамж болон ЖХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.А-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,040,849 төгрөг, 32 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай иргэний хэргийн материалд байгаа захирамж 2 өөр байх бөгөөд шүүхийн архивт хадгалагдаж байгаа захирамжийн захирамжлах хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгаагүй бол, хэрэгт авагдсан захирамжийн захирамжлах хэсэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна.

 

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх захирамжийн зөрүүтэй байдлын талаар тус шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 1245 дугаартай албан бичгээр тайлбарлахдаа ... ЖХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.А-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,040,849 төгрөг, 32 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар тусгаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тусгасан захирамж нь тухайн хэргийг шийдвэрлэсэн захирамж биш бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллагад шалгуулах болно гэжээ.

 

Дээрх тайлбараас үзвэл ЖХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар тусгаагүй гэж үзэхээр байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

8.Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх үндэслэл болсон тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай захирамж, тус захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн .../ШЗ..../........ дугаартай захирамжийг болон мөн өдрийн 0000 дугаартай гүйцэтгэх хуудсыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Ийнхүү хариуцагч талаас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар тусгаагүй байна. Харин тус захирамжийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан байна.

 

9.Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай захирамж, тус захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн .../ШЗ..../........ дугаартай захирамж болон мөн өдрийн 0000 дугаартай гүйцэтгэх хуудас хүчин төгөлдөр байх бөгөөд эдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүйгээс гадна нэхэмжлэгч нь ../ШШ..../..... дугаартай захирамжаар С.А-с зээлийн гэрээний үүрэгт 10,040,849 төгрөг, 32 мөнгийг гаргуулан ЖХХК-д олгохоор шийдвэрлэсэн талаар маргаагүй болно.

 

10.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх баримт бичгүүд буюу Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай захирамж, тус захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн .../ШЗ..../........ дугаартай захирамж болон мөн өдрийн 0000 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0000000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч С.А-т дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг өгч, мөн өдрөөБ дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-................... дугаартай,Б дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны 1 а тоот хаягтай, ...м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын талаарх мэдээллийг авахаар албан тоот явуулж, 10/142 дугаартай тогтоолоор тус газрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

УлмаарБ дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 734 дугаартай албан тоотоор С.А-н өмчлөлийн дээрх газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тусгай тэмдэглэл хийсэн талаар хариу ирүүлжээ.

 

Хариуцагч байгууллага нь С.А-г 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүрэлцэн ирэхийг 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн зарлан дуудах хуудсаар дуудсан байна.

 

11.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлбөр авагч ЖХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ...төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгө болох С.А-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-................... дугаартай, Баянгол дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны 1 а тоот хаягтай, ...м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөртөө тооцон манай компанид шилжүүлэх хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг хүлээн авч, төлбөртөө суутган, барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах хүсэлтэй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг,

Төлбөр төлөгч С.А нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан, өөрийн өмчлөлийнБ дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны 1 а тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-................... дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ж ХХК-д өөрийн өр төлбөр болох 10,198,851 төгрөгт тооцон шилжүүлэх хүсэлтэй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус гаргасан байна.

 

12.Улмаар хариуцагч байгууллага нь талуудын дээрх хүсэлтийг хүлээн аваад 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 142/13 дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх газрын захиран зарцуулах эрхийг сэргээж, мөн өдрийн 1-142/10384 дугаартай албан бичгийг Б дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс явуулж, тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээг ЖХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг мэдэгдэж, мөн өдрийн ./... дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ..дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төлбөр төлөгч С.А-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

13.Төлбөр авагч Ж ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөрБ дүүргийн эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, тус компанийн С.А-с төлбөрт тооцон шилжүүлэн авсан газрыг компанийн захирал Ч.Ч ын өмчлөлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ч.Ч ын өмчлөлд бүртгэл 000561767 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

 

14.Дээрх үйл баримтаас дүгнэвэл:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн .../ШЗ..../........ дугаартай тус захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж болон мөн өдрийн 0000 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг нь хоорондоо зөрүүтэй байх боловч энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээсэн хариуцагч байгууллагын үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь гүйцэтгэх хуудасд заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үүрэгтэй боловч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг хоорондоо харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрсдийн хүсэлтээр дуусгавар болгоход саад болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ..дүгээр зүйлийн 29.1.3 болон 29.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө төлөх, төлбөр авагчтай эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах талаар хуульчилсан.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь буюу төлбөр төлөгч С.А нь дээрх хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр төлбөр авагч Ж ХХК-д төлөх 10,198,851 төгрөгт тооцон өөрийн өмчлөлийн газраа шилжүүлж, төлбөрийг төлөх талаар хүсэлт гаргасны дагуу уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь дээрх хуульд нийцэж байна.

 

Өөрөөр хэлбэл гүйцэтгэх баримт бичигт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар зөрүүтэй байдлаар туссан байх боловч уг зөрүүтэй байдалд заасны дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй тул гүйцэтгэх баримт бичгийн зөрүүтэй байдал нь ямар нэгэн үр дагаврыг бий болгоогүй буюу энэхүү байдлаас болж нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

15.Мөн нэхэмжлэгч нь төлбөр авагчид 3,800,000 төгрөгийг төлсөн байхад нийт төлөх үнээс хасч тооцоогүй гэжээ.

 

Дээр дурдсанчлан, хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар нэгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй буюу барьцаа хөрөнгө болох газрыг битүүмжлэн хураагаагүй, уг газрын үнийг тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулаагүй байна. Харин төлбөр төлөгч С.А нь хариуцагч байгууллагад гаргасан хүсэлтдээ өөрийн өмчлөлийн газраа нийт төлөх төлбөр болох 10,198,851 төгрөгт тооцон шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байхаас гадна шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн дагуу 3,800,000 төгрөгийг төлсөн талаар мэдэгдээгүй байна.

Иймд төлбөр төлөгч нь төлбөр авагчид газраа шилжүүлэхдээ шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнээр тооцон шилжүүлсэнд хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй юм.

 

16. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч С.А-н өмчлөлийн газрыг төлбөр авагч хуулийн этгээд болох Ж ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдсон дээрх үйл баримтаас дүгнэвэл төлбөр төлөгч С.А-н өмчлөлийн газрыг төлбөр авагч ЖХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг нь төлбөр төлөгч С.А-н хүсэл зориг байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зорилготой хариуцагч байгууллагын үйлдэл биш байна.

 

Харин хариуцагч байгууллага нь талуудын хүсэлтийн дагуу газрын өмчлөл шилжүүлэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллага болохБ дүүрэг дэх улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байна. Улсын бүртгэлийн байгууллага нь төлбөр авагчийн хүсэлтээр төлбөрт тооцон шилжүүлэн авсан газрыг иргэн Ч.Ч ын өмчлөлд бүртгэсэн байх тул хариуцагч байгууллагыг газрын өмчлөлийг хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

17.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.А-н хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн Г-................... дугаартай,Б дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны .. тоот хаягтай ... м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, ..дүгээр зүйлийн 29.1.3, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-н хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ../ШШ..../..... дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШЗ..../........ дугаартай албадан биелүүлэх захирамж, 0000 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн Улсын бүртгэлийн Г-................... дугаартай,Б дүүрэг, .. дугаар хороо, З н, .. дугаар гудамжны .. тоот хаягтай ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА