Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01420

 

 

 

 

 

 

 

2022 07 29 210/МА2022/01420

 

 

С.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Аын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн Улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон, төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ринчендулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар бүхий захирамжаар, С.Ааас үндсэн өр төлбөрт 10,040,849.32 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 158,002 төгрөг нийт 10,198,851.32 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Жи Эс Би капитал ББСБ ХХК-д олгохоор захирамжилсан. Энэхүү захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболдоос 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1-142/10382 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай мэдэгдэх хуудсыг ирүүлсэн бөгөөд С.Ааас 10,198,851 төгрөгийг гаргуулан Жи Эс Би капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Аын өмчлөлийн эрхийн улсын Г-2205001565 дугаартай, Баянгол, дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт гаргасан тул 2021 оны 4-142/9029 дүгээр албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээн, өмчлөх эрхийн гэрчилгээг Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг мэдэгдье гэжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт дараах барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно, 44.4.1-т Газар гэж заасан мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан байх бөгөөд дээрх хуулийн дагуу Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа огт хийгдээгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.17-д Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлэх, уг зорилгоор албадан чөлөөлөх гэж заасан заалтыг мөн зөрчсөн байгаа юм. Учир нь төлбөр төлөгч С.Аын өмчлөлийн эрхийн улсын Г-2205001565 дугаартай, Баянгол, дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан албадан дуудлага худалдаанд оруулаагүй, худалдан борлуулах ямар ч ажиллагаа хийгээгүй байж шууд тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагч Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгасан нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Түүнчлэн өмчлөх эрхтэй газрыг гагцхүү Монгол Улсын иргэн өмчилдөг. Ийм учраас өмчлөх эрхтэй газрын албадан дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын иргэнийг оролцуулах эрх зүйн зохицуулалт байдаг. Ийм байтал хуулийн этгээдэд өмчлөх эрхийг тооцон шилжүүлэх ажиллагаа явуулсан байгаа нь маш буруу юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-р зүйлийн 1,4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийг заахдаа: төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэжээ. Талууд эвлэрэлтэй холбоотой хүсэлт гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой талаар зохицуулсан байтал талуудын хүсэлтийг хүлээн аваад холбогдох бүртгэлийн хэлтэс рүү албан мэдэгдэл явуулсан байна. Хуульд заагаагүй ажиллагааг дур мэдэн явуулсан гэж үзэж байна. Талууд үнэхээр эвлэрэлд хүрсэн бол бүртгэлийн байгууллагад хандах эсэх нь өөрсдийнх нь мэдлийн асуудал байтал шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ асуудалд хөндлөнгөөс оролцож, бүртгэлийн байгууллагад хандах зэргээр хууль зөрчсөн байгаа нь буруу болсон байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас ирүүлсэн баримтаар гүйцэтгэх баримт бичгүүд хоорондоо зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэр нь албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудастайгаа зөрүүтэй. Албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн гүйцэтгэх баримт бичиг хоорондоо зөрүүтэй байх тохиолдолд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, 20.3 дахь заалтад тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхээс татгалзаж, зөрүүтэй гүйцэтгэх баримт бичгийг холбогдох шүүхэд буцаах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр байна. Гэтэл хариуцагч тал энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж хууль зөрчсөн байна. Гүйцэтгэх баримт бичиг нь хоорондоо зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэрийг хэрхэн, ямар байдлаар, ямар хөрөнгөөр, ямар журмаар гүйцэтгэж биелүүлэхийг тодорхойгүй, ойлгомжгүй болгодог. Зөрүүтэй гүйцэтгэх баримт бичгүүдийн алийг нь биелүүлэх, алийг нь биелүүлэхгүй байх талаар ойлгомжгүй нөхцөл байдал үүсдэг тул тухайн баримт бичгийг гаргасан шүүхэд буцаах талаар хуульчилсан байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болж буй 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ202003437 дугаартай захирамж нь хавтаст хэрэгт харилцан адилгүй 2 өөрөөр авагдсан байна. Захирамжийг гаргасан шүүгчийн хувьд захирамжлах нь хэсэгт барьцааны асуудлыг тусгасан захирамжийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр биш гэж, харин барьцааны асуудал тусгаагүй захирамжийг нь тухайн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр мөн гэж тодорхойлсон. Албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудаст барьцааны асуудал туссан байгаа байдал нь эдгээр баримт бичиг нь тухайн иргэний хэргийг шийдвэрлээгүй, хуурамч шүүхийн шийдвэр /барьцааны асуудал туссан/-т үндэслэгдэн гарсан гэх үндэслэлийг бүрдүүлээд байна. Хуурамч шүүхийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх баримт бичиг бичигдэн гарсан нөхцөл байдал байх учир түүний үндсэн дээр явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Иймээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ202003437 дугаартай захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний 102/Ш32021/04944 дугаартай албадан биелүүлэх захирамж, 0354 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцож, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн Улсын бүртгэлийн Г- 2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 хороо, Зүүн наран, 16 гудамжны 1 а тоот хаягтай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар шийдвэрээр С.Ааас 10,198,851 төгрөгийг гаргуулан Жи Эс Би капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн, төлбөр төлөгчид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг төлбөртөө тооцон шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах хүсэлт 2021 оны 6 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд гаргасны дагуу өмчлөх эрх шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/299 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж дуусгавар болгосон. Төлбөр төлөгч С.А нь 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 2021 оны байдлаар 29 насанд хүрсэн, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар өөрийн үйлдлээр өөртөө эрх олж, үүрэг бий болгох насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болно. Иргэний эрх зүйн харилцаанд орохдоо өөрийн бие даасан байдал, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцуулахгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд төлбөр авагчтайгаа тохирч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж өгөх тухай хүсэлтийг нотариатаар батлуулан гаргажээ. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч С.А нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг төлбөртөө тооцон Жи Эс Би капитал ББСБ ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэх ажиллагааг явуулах хүсэл зоригийг бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй байхдаа гаргасан тул түүнийг гэрчлэн баталсан байна. С.А нь энэхүү үйлдлээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөртөө тооцон шилжүүлж, манай байгууллагад явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байгааг мэдэж байсан. Энэхүү ажиллагаа явуулахыг өөрөө хүсч, хүсэлт гаргасан, үүсэх үр дагаврыг өөрөө мэдэж байсан, хуульд зааснаар энэ асуудалд бодитой хандан гэрчлүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд болохынхоо хувьд үүссэн үр дүнг өөрөө хариуцах үүрэгтэй байна. Иймд өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа хууль зөрчөөгүй, бүртгэлийн байгууллага ч мөн адил хууль зөрчөөгүй гэж үзсэн тул өмчлөх эрхийг шилжүүлсэн. Бүртгэлийн байгууллага нь энэхүү ажиллагааг хууль бус гэж үзсэн бол шилжүүлэн бүртгэхээс татгалздаг, энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хүсэл зоригийг үндэслэн ажиллагаа явуулсан тул хуульд нийцсэн гэж үзсэн байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ төлбөртөө тооцох, зөрүү төлбөр авах, өгөх, барьцаанаас чөлөөлж, худалдан борлуулах болон бусдад дахин барьцаалах замаар төлбөрийг төлөх, хугацаа олгох гэх мэт олон арга замыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд ашиглан харилцан тохиролцдог бөгөөд энэ асуудалд манай байгууллага хөндлөнгөөс оролцоогүй болно. Төлбөртөө тооцон өмчлөх эрхийг шилжүүлэхийг талууд харилцан тохиролцсон тохиолдолд манай байгууллага нь өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх тухай албан бичгийг эрх бүхий байгууллагад хүргүүлдэг бөгөөд энэ нь иргэд, байгууллага өөрсдийн гаргасан хүсэлт, түүний үр дагаврыг хариуцдагтай холбоотой. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул төлбөр төлөгч С.Аын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ат холбогдох ээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 10,040,849.32 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамжид 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 102/Ш32021/15060 дугаар захирамжаар өөрчлөлт оруулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг боловч С.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Бидний зүгээс удаа дараа боломж олгож асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээсээр ирсэн боловч огт үр дүнд хүрээгүй. С.А нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр ННШШГГт асуудлыг шилжүүлсэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгч С.Аын 2021 оны 6 сарын 03-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт гаргасан ...үл хөдлөх хөрөнгийг Жи Эс Би капитал ББСБ ХХК-д өөрийн өр төлбөр болох 10,040,849.32 төгрөгтөө тооцон шилжүүлэх хүсэлтэй байна. Иймд өмчлөлийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаж өгнө үү гэх хүсэлтэд үндэслэн барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн үндэслэлээр дуусгавар болгосон байдаг. Төлбөр төлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авч, хуульд заасан өмчлөх эрхийнхээ хүрээнд барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан. Гэтэл хариуцагч С.Аын зүгээс ийм нөхцөл байдал үүссэний дараа гэнэт үндэслэлгүй хүсэлтүүдийг шүүх, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гаргах болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх дараах арга хэмжээг гүйцэтгэж болно, 77.1.5-д шийдвэрт заасан тодорхой хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгүүлэх, 85 дугаар зүйлийн 85.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд шилжүүлсэн хөрөнгийн эрхийг бүртгүүлэх зорилгоор дараах тохиолдолд зохих баримт, материалыг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хандана, 85.1.2-т төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчийн санал болгосноор төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөрт суутган хүлээн авсан гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр газар нь хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан байна. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал бол С.Аын өөрийнх нь зээлийн гэрээний үүрэгтээ хариуцлагагүй хайнга хандсан, зээлдүүлэгчээс удаа дараа хугацаа тогтоож олгосон боломж үнэгүйдүүлснээс үүссэн. Гэтэл шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруу мэтээр элдэв гомдол хүсэлт гаргасаар байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв үнэхээр тухайн ажиллагаа явагдах үед гомдолтой байсан бол хуульд заасны дагуу гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж, барьцаа хөрөнгө худалдан борлуулсны дараа удаа дараа үндэслэлгүй хүсэлт, гомдол гаргах боллоо. Нэхэмжлэлд ...албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа огт хийгдээгүй, худалдан борлуулах ажиллагаа хийгээгүй байж шууд өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгасан, ...хуулийн этгээдэд өмчлөх эрхийг тооцон шилжүүлэх ажиллагаа явуулсан байгаа нь буруу, ...хуульд заагаагүй ажиллагааг дур мэдэн явуулсан, эвлэрэлд хүрсэн бол бүртгэлийн байгууллагад хандах эсэх нь өөрсдийнх нь мэдлийн асуудал зэрэг огт хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. С.А нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөртэй байсан, үүндээ барьцаа хөрөнгөө тооцон шилжүүлэх хүсэлт гаргасан, төлбөр авагчийн зүгээс энэ саналыг хүлээн зөвшөөрсөн, иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас өмчлөх эрхийг шилжүүлэх албан бичгийг улсын бүртгэлийн газарт явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бүх процесс нь хуульд нийцсэн байгаа тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.3, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Аын хариуцагч ННШШГГт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/04944 дугаартай албадан биелүүлэх захирамж, 0354 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн Улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Хуурамч шүүхийн шийдвэрт үндэслэн явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус тухайд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай шүүхийн шийдвэр 2 өөр зөрүүтэй байдлаар гарсан. Шүүгч нэг шүүхийн шийдвэрийг жинхэнэ, нөгөөг нь жинхэнэ биш хуурамч гэж тодорхойлсон. Яагаад хуурамж шүүхийн шийдвэр гарч ирсэн талаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан. Шүүгч А.Сарантуяа нь барьцаа хөрөнгийн асуудлыг захирамжлах хэсэгт тусгаагүй шүүхийн шийдвэрийг жинхэнэ гэж, харин барьцаа хөрөнгийн асуудлыг тусгасан шүүхийн шийдвэрийг хуурамж гэж үзсэн. Гүйцэтгэх хуудас, албадан биелүүлэх захирамж нь н.Сарантуяа шүүгчийн жинхэнэ гэсэн шүүхийн шийдвэрээс зөрүүтэй, харин хуурамч гэж тодорхойлсон шүүхийн шийдвэртэй агуулга ижилхэн байсан. Шүүгч гүйцэтгэх хуудас бичихдээ хэрэгт байсан хуурамч шүүхийн шийдвэрийг жинхэнэ гэж андуурч албадан гүйцэтгэх захирамж гаргасан. Гэтэл хуурамж шүүхийн шийдвэрт үндэслэн гарсан гүйцэтгэх баримт бичиг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болчихсон байдаг. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль ёсны шинжийг алдагдуулж байгааг анхан шатны шүүхээс зөв зүйтэй дүгнээгүй.

5.б. Ямар учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас жинхэнэ нь гарч ирсэн бэ гэвэл Жи Эс Би капитал ББСБ ХХК нь хуурамч болон жинхэнэ шүүхийн шийдвэрийн жинхэнийг нь сонгоод гүйцэтгэх баримт бичигтэй хамт шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн.

Жи Эс Би капитал ББСБ ХХК-д жинхэнэ болоод хуурамч шүүхийн шийдвэрүүд аль аль нь байсан нь тус байгууллагын төлөөлөгчийн тайлбар, мөн БГД-н улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа өгсөн шүүхийн шийдвэр (хуурамч) зэргээс харагддаг. Тус байгууллагын төлөөлөгч барьцаа хөрөнгө туссан шүүхийн шийдвэрийг гардаж авсан гэж тайлбарласан. Харин барьцаа хөрөнгө тусаагүй жинхэнийг шүүхийн архиваас авсан гэж хэлдэг.

Хариуцагч талд жинхэнэ шүүхийн шийдвэр очсон байх хэдий боловч тус шүүхийн шийдвэрт тулгуурлаж гарсан гүйцэтгэх баримт бичиг очоогүй. Хуурамч шүүхийн шийдвэрт тулгуурлан гарсан гүйцэтгэх баримт бичиг очсон. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Гүйцэтгэх баримт бичгүүдийн хүчин төгөлдөр байдалд маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, харин ч хамгийн их маргасан. Маргааны гол ч үндэслэл байсан.

Хариуцагч байгууллагаас жинхэнэ шүүхийн шийдвэр гарсан байдал нь гүйцэтгэх баримт бичгийг жинхэнэ шүүхийн шийдвэрт тулгуурлан гарсан гэж шууд дүгнэлт өгөх үндэслэл болохгүйг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй болно.

н.Сарантуяа шүүгчийн хувьд нэхэмжпэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтын дагуу гаргасан гүйцэтгэх баримт бичгийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангаагүй нь буруу юм. Гагцхүү жинхэнэ шүүхийн шийдвэр нь хариуцагчаас гарч ирсэн байдлаар гүйцэтгэх баримт бичгийг жинхэнэ шүүхийн шийдвэрт тулгуурласан гэж үзсэн нь учир дутагдалтай болно.

5.в. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичиг зөрүүтэй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэлгүй тухайд:

Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгө тусаагүй, харин гүйцэтгэх баримт бичигт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал туссан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус заасны ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ойлгомжгүй болгосон. Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбараар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шүүхийн шийдвэртэй гэж үзэж ажиллагаа явуулсан гэж тайлбарласан. Хэрэв тийм бол зөвхөн барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулах ёстой. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсэг шүүхийн шийдвэрт байхгүй гэж үзвэл хуульд заасны дагуу хөрөнгө мэдүүлэг авахаас зхлээд шат дараалласан арга хэмжээ авах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.6-т ... шийдвэрийг гүйцэтгэх арга журам-ыг тодорхой заасан байх шаардлага гүйцэтгэх баримт бичиг, түүний агуулгад тавигдсан байна. Гэтэл шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичгүүд нь шийдвэрийг гүйцэтгэх арга журмаараа ялгаатай байгаа нь тухайн гүйцэтгэх баримт бичгийг ямар журмаар хэрхэн биелүүлэхийг тодорхойгүй болгосон. Иймээс мөн хуулийн 20.3 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэлтэй байсан. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

Хэрэв шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгүүд зөрүүгүй байсан бол ШШГТхуульд заасны дагуу шат дараалласан арга хэмжээг авч хэрэгжүүлэх явцад С.Аын шүүхийн шийдвэр гарснаас хойш төлсөн 3,8 сая төгрөгийн төлөлтийг хасч тооцох нөхцөл бүрдэх байсан болно.

Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтэд гүйцэтгэх баримт бичгийн барьцаа хөрөнгө тусаагүй хэсгээрээ хүчинтэй, барьцаа хөрөнгө туссан хэсэг нь хүчингүй мэтээр тайлбарласан нь мөн л үндэслэлгүй. Хүчинтэй хэмжээнд нь ажиллагаа явагдсан гэж үзсэн. Энэ нь бас буруу. Хуурамч шүүхийн шийдвэрт тулгуурлан гарсан бол гүйцэтгэх баримт бичиг бүхэлдээ л хууль бус болох учиртай юм.

5.г. Хуурамч шүүхийн шийдвэр зээлийн асуудлыг шийдвэрлэсэн хэргийн баримтад орсон тухайд: Жи эс би капитал ХХК-н зүгээс барьцаа хөрөнгөтэй шүүхийн шийдвэрийг анх гардаж авсан гэж тайлбарладаг. Энэ тайлбар нь н.Сарантуяа шүүгчийн тайлбараас зөрдөг. Учир нь жинхэнэ шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоогүй гэсэн үг болно.

Мөн нэхэмжлэгч С.А нь төлбөрт газраа тооцож өгөх хүсэлтийг өөр санаа зорилготой үйлдсэн байдаг. Учир нь Жи Эс Би капитал ББСБ ХХК-аас тус агуулгатай хүсэлтийг бичиж өгөөд газраа өөрсдөө зараад зээлээ хааж зөрүү мөнгөө авах санал тавьсан байдаг. Энэ талаар тайлбартаа хэлсэн бөгөөд түүнтэй холбоотой баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүгч хэрэт хамраалгүй хэмээн хангаагүй энэ бүх зүйлийг шүүгчийн зүгээс дүгнэж үзээгүйд гомдолтой байна.

5.д. Өмчлөх эрхтэй газрыг хуулийн этгээдэд тооцон шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлсэн нь хууль бус болсон. Өмчлөх эрхтэй газрыг хуулийн этгээд өмчлөх эрхгүй учир гагцхүү МУ-ын иргэн оролцож буй албадан дуудлага худалдаагаар худалдах, худалдан борлогдоогүй бол төлбөр авагч МУ-ын иргэн байх нөхцөлд төлбөрт тооцон авах саналыг тавих ажиллагааг явуулдаг. Энэ хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс хэрэглээгүй алдаа гаргасан.

Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлын үндэслэлээ хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн байхад шүүх тухайн асуудлыг анзааралгүй хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, тухайн шаардлагын хүрээнд маргасан. Мөн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон албадан гүйцэтгэх захирамж 2 өөр захирамж байна гэж маргасан. Энэ талаар нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр явуулаагүй гэж тайлбарладаг боловч тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн нөхцөл буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч С.А өөрийн биеэр хүсэлт гаргаж миний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар тухайн барьцаа хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан. Мөн нэхэмжлэгч талаас хууль бусаар баримт бүрдүүлж хүсэлт бичүүлсэн гэх тайлбарыг удаа дараа шүүх хуралдаанд гаргадаг боловч энэ талаар нотлогдсон ямар нэгэн баримт байхгүй. Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадан гүйцэтгэх хуудас гарсан бол энэ ажиллагаа хийгдэх нь зөв. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ..

 

2. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч ННШШГГт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/04944 дугаартай албадан биелүүлэх захирамж, 0354 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулж, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон, төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон шүүхийн шийдвэр болон уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зөрүүтэй байдлаар гарсан. Газрын тухай хуульд зааснаар газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлэхээр хуульчилсан байхад төлбөр авагч хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлэхээр хариуцагч байгууллага шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, төлбөр төлөгч нь шийдвэр гарснаас хойш төлбөр авагчид төлөх төлбөрөөс 3,800,000 төгрөгийг төлсөн байхад уг төлбөрийг нийт төлөх төлбөрөөс хасаагүй үнээр газрыг төлбөрт тооцон шилжүүлсэн, мөн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахгүйгээр төлбөр авагчид төлбөрт тооцон шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч өөрийн сайн дурын үндсэн дээр төлбөр авагчид барьцаа хөрөнгөө төлбөрт тооцон шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж тус тус тайлбарласан.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ат холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,040,849.32 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй байна.

4.а. Хэрэгт шүүгчийн дээрх захирамж 2 өөр байдлаар авагдсан буюу нэг захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан, нөгөө захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заагаагүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, улмаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. Гэтэл уг захирамжийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл хууль бус шийдвэр болох талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1245 дугаар албан бичиг хэрэгт авагджээ.

4.б. Дээрх хууль бус шийдвэрийг үндэслэн ННШШГГ төлбөр төлөгчийн өмчлөлийн газрын өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ. Гэтэл Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс тухайн газрыг төлбөр авагч Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн нэр дээр бус иргэн Ч.Чинбатын нэр дээр бүртгэсэн байна.

4.в. Хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6/299 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ийнхүү дуусгавар болсноос хойш тухайн ажиллагааны үндэслэл болсон шүүгчийн захирамжид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/15060 дугаар захирамжаар өөрчлөлт оруулжээ.

Дээрхээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.

5. Гүйцэтгэгдсэн шийдвэр болох дээрх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох үеийн ханшаар газрын үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч нь хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй.

Иймд буцаан олгох үеийн ханшаар газрын үнийг тогтоож төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх тухай гомдол үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.3, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д гүйцэтгэх баримт бичигт тавигдах шаардлагыг, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлийг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн хамгаалалтын зорилгыг тус тус заасан байх ба эдгээр заалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалт биш юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/02042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/03437 дугаартай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/04944 дугаартай албадан биелүүлэх захирамж, 0354 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт үндэслэн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөрт тооцон шилжүүлсэн улсын бүртгэлийн Г-2205001565 дугаартай, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 16 дугаар гудамжны 1а тоот хаягтай, 482 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг буцаан олгох үеийн ханшаар үнийг тогтоон, төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, 140,400 гэсний дараа төгрөгөөс 70,200 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ааас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.БЯМБАСҮРЭН