Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/шш2022/02087

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Ж.Кульдана, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: .... ХХК,

Эд хөрөнгө учирсан гэм хорын хохиролд 12,800,000 /арван хоёр сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...../,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ... дугаар цэцэрлэгийн баруун урд хэсэгт байршилтай 73 тоот гаражийг манай гэр бүл 2013 онд иргэн Ж....гээс 10,000,000 төгрөгөөр охин Б....гийн нэр дээр, гэр бүлийн хэрэгцээнд худалдан авч, худалдах-худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэн зээмшиж байгаа бөгөөд одоог хүртэл гэрээ хүчинтэй байгаа. Тухайн үед нотариатаар гэрчлүүлсэн худалдах-худалдан авах гэрээнд үндэслэн Баянгол дүүргийн газрын албанд очиж, нэр шилжүүлэх хүсэлт гаргасан. Газрын албаны зүгээс нэр шилжүүлэхгүй, газар эзэмшлийн төлбөрийн гэрээг одоо эзэмшиж буй этгээдийн нэрээр хийж, төлбөрөө төлж болно гэсний дагуу гэрээг хийж, жил бүр газар эзэмшлийн төлбөрт 95,040 төгрөгийг дүүргийн Орон нутгийн орлогын дансанд төлж байсан. 2015 оны 7 дугаар сараас ... ХХК манай хойд талын гаражуудыг буулган барилгын ажлыг эхлүүлснээр гаражаа ашиглах, түрээслэх боломжгүй болсон. 2019 оны 6 дугаар сарын 10-ны орчим гаражаасаа тавиур авахаар иртэл ... ХХК гаражийг маань буулгасан байсан тул тус компанид хандаж тодруулахад дүүргээс буулга гэсэн гэж хариу өгсөн. Уг асуудлыг тодруулахаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Засаг дарга нарт хандахад тус компаниас хүсэлт гаргаагүй бөгөөд буулгах тухай зөвшөөрөл олгоогүй, дүүргийн засаг даргаас болон газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдэл өгч байгаагүй бөгөөд газрыг албадан чөлөөлөх тухай захирамж гарч байгаагүй гэсэн хариу өгч, миний өргөдөлтэй холбогдуулан Баянгол дүүргийн засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ... ХХК-д иргэний асуудлыг шийдвэрлэж хохирлыг барагдуул гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлснийг надад ирүүлсэн. Эдгээр албан бичгүүдийн дагуу би ... ХХК-ийн захирал Ш....тай гар утсаар нь холбогдон уулзахаар хөөцөлдөж, хэд хэдэн удаа ярьсан боловч 2020 оны 10 дугаар сард хохирлыг барагдуулахгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Миний гэр бүлийн эзэмшил өмчид хариуцагч халдаж байна. Гаражийг нураах гэж байгаа тухай бидэнд мэдэгдээгүй гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгө хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Манай нураагдсан гараж хариуцагч талын барьсан барилгын дотор ороогүй, нэг буланд таарсан байсан. Үүнийг мэдээд нөхөн төлбөр өгөхгүй гэх болсон. Бусад гараж эзэмшигчдэд нөхөн төлбөр өгсөн байсан. Бидэнд мэдэгдэх ч үгүй нураачихаад хохирол барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Иймд миний хувийн эзэмшил, өмчид халдсан ... ХХК-иас гаражийн үнэ 10,000,000 төгрөг, 2015 оноос хойш газар эзэмшлийн төлбөр төлсөн 95,000 төгрөг, бусад зардал 905,000 төгрөг, түрээслүүлэн олох байсан боломжит орлого 1,800,000 төгрөг, нийт 12,800,000 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэж тайлбарлав.

2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Ш.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

...ХХК болон ... ХХК хамтран Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаар цэцэрлэгийн баруун талд өөрийн эзэмшлийн ... м.кв газар дээр олон давхар гаражийг 2015 оноос барьж эхэлсэн. Уг газрыг анх 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамжаар ...ХХК-д олон давхар гаражийн төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон. Бид хамтран ажиллах гэрээ байгуулж, манай компани уг төслийг хариуцан хэрэгжүүлэхээр болсон. Тухайн газар дээр ямар нэгэн газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй 74 гараж байсан. Бид уг гаражуудыг буулгуулахаар Нийслэлийн болон дүүргийн газрын албанд хандаж, гаражийн хаалган дээр Газар чөлөөлөх албан шаардлагыг удаа дараа нааж, гараж эзэмшигчдэд анхааруулсан. Албадан буулгуулах талаар дахин очиж уулзахад Нийслэлд уг гаражуудыг буулгах төсөв хөрөнгө байхгүй, шаардлага л хүргүүлнэ, харин зөвшөөрөлгүй гараж эзэмшигчидтэй та нар өөрсдөө харилцан тохиролцож буулга гэсэн хариуг амаар өгсөн. Ингээд бид гараж эзэмшигчидтэй 2015 оноос газар чөлөөлөх албан шаардлага болон манай компанитай харилцан тохиролцох гэрээ байгуулах талаар удаа дараа зар тавьж, 8,000,000 төгрөгөөр худалдан авах, эсхүл баригдах гаражаар солих гэсэн гэрээг хийж эхэлсээр зөвхөн барилга барих газраа чөлөөлж, барилгын ажлаа 2015 оны 6 дугаар сард эхэлсэн. Уг ажиллагаа маш хүндрэлтэй явагдаж, цаг хугацаа их зарцуулсан. Чөлөөлөгдөөгүй, эзэн нь олдохгүй, тохиролцоо хийгээгүй 3 гараж үлдсэн. Нэхэмжлэлд дурдсан ... тоот гараж манай байгууллагатай ямар нэгэн гэрээ хийгээгүй, эзэн нь олдохгүй байсан ба дулааны шугам татах шаардлагын улмаас барилга барьснаас хойш 3 жилийн дараа буюу 2018 онд гаражийг буулгасан. Уг гараж газар эзэмших ямар ч бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй гараж байсан. Зөвхөн төлбөр төлж түр хугацаагаар ашиглаж байсан ба холбогдох эрх бүхий засаг даргын шийдвэргүй, газар эзэмших эрхгүй ба гараж нь ...ХХК-ийн эзэмшлийн газар дээр байсан. Хэрэв ... тоот гараж газар эзэмших эрхтэй байсан бол газрыг давхардуулан олгохгүй.

... тоот гараж ямар нэгэн өмчлөх бичиг баримтгүй байхад Б.... болон Ж.... нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийг нотариат гэрчилсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэлд албадан буулгах шаардлага газрын албанаас өгөөгүй гэжээ. Нийслэлээс болон дүүргийн газрын албанаас удаа дараа газар чөлөөлөх шаардлага хүргүүлж гаражийн хаалган дээр нааж байсан. Мөн дүүргийн газрын албанд гаргасан ... ХХК-ийн албадан буулгуулах хүсэлт байгаа. Бид эзэнд нь хэлэлгүй шууд нураагаагүй. 2013 оноос хойш бүтэн 5 жил эзнийг нь хүлээж, эрж хайж байгаад эзэн нь гарч ирэхгүй байсанд холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж, ажлаа явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж нураасан. Харин ч бидний ажилд маш их саад болж, цаг хугацаагаар хохироосон. Хэрэв тухайн үед манай байгууллагатай гэрээ хийсэн бол бид худалдаж авах болон гаражаар солих гэрээг байгуулж байсан. Харин одоо бид гэрээ байгуулах боломжгүй ба бүх үйл ажиллагаа явагдаж дууссаны дараа тухайн этгээд газрын зөвшөөрөлгүй, нураагдсан гаражийн үнэ мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг удаа л бидэнтэй ирж уулзсан. Бидний зүгээс тухайн гаражийг эзэмшдэг болохоо нотлох гэрээгээ өгөхийг л хүссэн...гэж тайлбарлав.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч Б....ын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хариу өгөх мэдэгдэл /хх-5/, Баянгол дүүргийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот Газрын маргаантай асуудлын талаар С....д өгсөн албан бичиг /хх-6/, 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ж...., Б.... нарын байгуулсан Автомашины гараж худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-8-9/, Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт /хх-10/, Газрын төлбөр төлсөн 2014 оны 11 дүгээр сарын 19 болон 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөрийн баримтууд /хх-11-12/, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /хх-13/, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-14-15/, 73 тоот гаражийн нураагдахаас өмнөх үеийн фото зургууд /хх-19-20/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэр /хх-16-17/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзлаа нотлохоор: ...ХХК-ийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэнтэй хийсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт /хх-32-34/, ...ХХК-ийн Баянгол дүүргийн засаг даргад хүсэлт гаргасан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/022 тоот албан бичиг /хх-35/, Гаражуудад наасан гэх Гараж эзэмшигчдийн анхааралд гэх мэдэгдэл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ... СӨХ-ны гүйцэтгэх захиралд хандан ...ХХК-ийн барилгын тухай 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг /хх-36, 42/, ...ХХК, Ш.... нарын 2019 оноы 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-37-38/, Авто замын газрын ...ХХК-д Зөвшөөрөл олгох тухай 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/1074 тоот албан бичиг /хх-39/, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны ...ХХК-ийн захиралд хүргүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 713 тоот албан бичиг /хх-40/, Газрын байршлын кадастрын зураг /хх-41/, Газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэлгүй тухай 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б-32 тоот, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга, кадастрын хэлтсийн мэргэжилтэн нарын тодорхойлолт /хх-43/, Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын ...ХХК-д хүргүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1002 дугаар албан бичиг /хх-44/, ...ХХК-иас ... ХХК-д өөрийн эзэмшлийн газар дээр олон давхар гаражийн төсөл хэрэгжүүлэгчээр төлөөлж, гаражийг барьж ашиглалтад оруулах, худалдан борлуулах, гараж эзэмшигчтэй холбогдох гэрээ, хэлцэл хийх болон холбогдох бусад эрхийг шилжүүлсэн тухай батламж /хх-45/, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /хх-46/, ...ХХК-ийн газар эзэмших эрхийн 2013 болон 2020 оны гэрчилгээ, кадастрын зураг /хх-47-49/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ /хх-50-51/, 36 тоот гаражийн эзэмшигчийн нөхөн төлбөр авсан тухай гар бичмэл баримт болон 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-61-62/, Нийслэлийн засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/365 дугаар захирамж /хх-63/, ...ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Мэдэгдэл /хх-64/, ...ХХК-ийн Ц....тэй 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Авто зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ /хх-65-66/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцохоор томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон учир өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай бичгээр хүсэлт гаргасныг зохигчид зөвшөөрч, иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 12,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

2.Шүүх бүрэлдэхүүн Б....гийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хангаж, 7,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч нь урьдчилж мэдэгдэн зөвшөөрөл авалгүйгээр миний эзэмшлийн авто гаражийг нурааснаар эд хөрөнгөд санаатай гэм хорын хохирол учруулсан учир тухайн гаражийг анх худалдаж авсан үнэ болох 10,000,000 төгрөг, нураалгаагүй байсан бол бусдад түрээслүүлж олох байсан орлого 1,800,000 төгрөг, гаражийн доорх газрын төлбөрт төлсөн 95,000 төгрөг, бусад зардал 905,000 төгрөг, нийт 12,800,000 төгрөгийг шаардаж байна. Хариуцагч тухайн гаражийн доорх газар эзэмших, өмчлөх эрхтэй болон гаражуудыг чөлөөлүүлэх талаар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл өгөөгүй тухай холбогдох байгууллагаас бидэнд мэдэгдсэн... гэж тайлбарласан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэлийн үндэслэл болсон гараж болон бусад гаражуудын байрлах газрыг ...ХХК-д Нийслэлийн засаг даргын захирамжаар олон давхар гараж барих зориулалтаар эзэмших эрх олгогдсон ба тус компанитай ... ХХК хамтран ажиллаж, давхар гаражийг 2015 оноос барьж эхэлсэн. Гараж эзэмшигчдэд газар чөлөөлөх албадан шаардлага нааж, гаражийг 8,000,000 төгрөгөөр худалдах, эсвэл шинээр баригдах гаражаар солих зэрэг зар тавьж, иргэдтэй харилцан тохиролцож байсан боловч 3 гаражийн эзэмшигч ирж уулзаагүй. Дулааны шугам татах шаардлагын улмаас 73 тоот гаражийг 3 жилийн дараа 2018 онд нураасан. Нэхэмжлэгч нь тухайн ...тоот гаражийг болон газрыг өмчлөх бичиг баримтгүй байхад худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус байна. Бүх ажил дууссаны дараа газрын зөвшөөрөлгүй, нураагдсан гаражийн үнэ нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Автомашины гараж худалдах, худалдан авах гэрээ, газрын төлбөр төлсөн баримтууд, Нийслэлийн болон Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, мөн Баянгол дүүргийн засаг даргын албан бичгүүд, ... тоот гаражийн доорх газрын Эргэлтийн цэгүүд газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, фото зургууд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан ...ХХК, Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай хийсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, гараж эзэмшигчдэд мэдэгдсэн шаардлага, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ... СӨХ-нд хүргүүлсэн албан бичиг, ...ХХК, Ш.... нарын байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Авто замын газрын ...ХХК-д зөвшөөрөл олгосон албан бичиг, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны ...ХХК-ийн захиралд хүргүүлсэн албан бичгүүд, Газрын байршлын кадастрын зураг, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга, кадастрын хэлтсийн мэргэжилтэн нарын тодорхойлолт, ...ХХК-иас ... ХХК-д өөрийн эзэмшлийн газар дээр олон давхар гаражийн төсөл хэрэгжүүлэгчээр төлөөлж, гаражийг барьж ашиглалтад оруулах, худалдан борлуулах, гараж эзэмшигчтэй холбогдох гэрээ, хэлцэл хийх болон холбогдох бусад эрхийг шилжүүлсэн тухай батламж, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, ...ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, .... тоот гаражийн эзэмшигчийн нөхөн төлбөр авсан тухай гар бичмэл, Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Нийслэлийн засаг даргын А/365 дугаар захирамж, ...ХХК-ийн Мэдэгдэл, ...ХХК-ийн Ц....тэй байгуулсан Авто зогсоол захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Б.... нь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Автомашины гараж худалдах, худалдан авах гэрээг иргэн Ж....тэй байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар цэцэрлэгийн баруун талд байрлах .... тоот 18 м.кв талбай бүхий гаражийг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлжээ. Улмаар тухайн газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг Классик лэнд ХХК-иар гаргуулж, Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн .... тоот актаар 2013 оны 1-4 дүгээр улирлын газар ашигласны төлбөрт жилд 95,040 төгрөг төлөхөөр тогтон, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 95,040 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 95,040 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд уг гаражийн доорх газрыг Б....д эзэмшүүлэхээр олгосон эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй ч худалдах, худалдан авах гэрээний дагуу эзэмшин ашиглаж байжээ.

5.2.Харин Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 14а дугаар байрны баруун талд байршуулан орчны тохижилт бүхий олон давхар гараж байгуулах зориулалтаар 0,16 га газрыг ...ХХК-д эзэмшүүлэхээр Нийслэлийн засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/365 дугаар захирамжаар, мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот шийдвэрийг үндэслэн ...ХХК-д тус дүүргийн 6 дугаар хороонд олон давхар нэгдсэн гараж байгуулах зориулалтаар 2004 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр №000303716 тоот гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгон, тухайн өдрөө Нийслэлийн өмчийн харилцааны газартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

5.3.Нийслэлийн засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 820 тоот захирамжийг үндэслэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, орон сууцны .... байрны зүүн талд ...ХХК-ийн 200 автомашины гаражийн барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгогдож, уг зөвшөөрлийн хугацааг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сунгаж, барилгын ажил явагдсан талаар зохигчоос тайлбарласан. Улмаар Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын албанаас ...ХХК-д 98 дугаар цэцэрлэгийн баруун талд байршилтай 5 нэгж талбарын гаражид газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл албан шаардлага хүргүүлсэн боловч эзэн нь тодорхойгүй тул өөрийн эзэмшил газарт байгаа гаражуудыг өөрийн зардлаар буулгах ажлыг зохион байгуулахыг албан бичгээр 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мэдэгджээ.

5.4.Дээрх олон давхар гаражийн төсөл хэрэгжүүлэхээр ...ХХК-ийг төлөөлөн гараж барьж ашиглалтанд оруулах, худалдан борлуулах, гараж эзэмшигчтэй холбогдох гэрээ, хэлцэл хийх болон бусад эрхийг газар эзэмшигч ...ХХК-иас хариуцагч ... ХХК-д шилжүүлэн, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр батламж үйлдэн, уг батламжийн дагуу ... ХХК нь гараж эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлж, 3 гараж эзэмшигчдээс бусадтай нь гэрээ байгуулан, тэдэнд нөхөн төлбөр олгож, хуучин байсан гаражуудыг нураасан байна.

5.5.2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн .... тоот Нийслэлийн засаг даргын захирамжийг үндэслэн ...ХХК-д Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж хаягт байрлах, нэгж талбарын ... дугаар бүхий 2002 м.кв газрыг олон давхар нэгдсэн гараж, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр .... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон байх тул маргаан бүхий гараж байрлаж буй газар ...ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн байна.

5.6.Нэхэмжлэгч Б....гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.... хариуцагч ... ХХК-д холбогдуулан адил агуулга бүхий нэхэмжлэл гаргаж, гараж нураасны гэм хорын хохирол 12,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1.. дугаар шийдвэрээр С....ийг хохирол шаардах эрхгүй этгээд гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.Зохигчид маргааны зүйл болох 73 тоот автогаражийг нураасны хохирлыг ... ХХК хариуцах эсэх, уг гаражийг болон газрыг нэхэмжлэгч Б.... өмчилж, эзэмших эрхтэй эсэх, хариуцагчийн гэм буруу байгаа эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж мэтгэлцсэн бол 73 тоот гаражийг ... ХХК нь 2018 онд нураасан, тухайн газарт олон давхар авто гараж баригдсан зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

7.Нэхэмжлэгч Б.... маргаан бүхий 73 тоот автогаражийг эзэмшиж, ашиглан, гаражийн доорх газрын 2014, 2016 оны төлбөрийг төлсөн болох нь түүний Ж....тэй байгуулсан Автомашины гараж худалдах, худалдан авах гэрээ, газрын төлбөр төлсөн тухай баримтуудаар тус тус тогтоогдсон.

8.Гараж худалдах, худалдан авах тухай гэрээнд гаражийн үнийг 10,000,000 төгрөг байхаар тусгасан бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан учир энэ хэмжээгээр хариуцагчаас хохирол гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч гэрээний дагуу тохирсон мөнгийг худалдагч талд төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ үйл баримт нь худалах, худалдан авах гэрээгээр бүрэн нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.

9.Мөн нэхэмжлэгч нь газрын төлбөрт зарцуулсан 95,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, төлбөр төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Гэвч тухайн баримтуудаар нэхэмжлэгч автогаражийг өөрөө эзэмшиж, ашиглаж байсан хугацааных буюу 2014 онд 95,040 төгрөг, 2016 онд 95,040 төгрөгийн төлбөр төлсөн баримтууд байх бөгөөд гаражийг 2018 онд нураасан, энэ хугацаанд газрын төлбөрт 95,000 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

10.Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох автогаражийг бусдад түрээслүүлэн олох байсан орлого 1,800,000 төгрөг, бусад зардал 905,000 төгрөг зэргийг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул мөн нэхэмжлэгчийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11.Харин нэхэмжлэгчийн ашиглаж байсан автогаражийг нураасан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд дулааны шугам татах шаардлагын улмаас нураасан гэх тайлбар, Шаардлага наасан боловч гаражийн эзэн олдоогүй гэх тайлбар зэргийг баримтаар нотлоогүй ба нэхэмжлэгч гаражийн үнэ 10,000,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй тул шүүх хуралдааны явцад хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээ болох 5,000,000 төгрөгийн хүрээнд нэхэмжлэлийг хангаж, үлдэх 7,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,800,000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 219,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.КУЛЬДАНА

 

Х.ЭНХЗАЯА