Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01524

 

Б.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/02087 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г- ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 12,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 98 дугаар цэцэрлэгийн баруун урд хэсэгт байршилтай 73 тоот гараашийг манай гэр бүл 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан иргэн Ж.Ц-гээс 10,000,000 төгрөгөөр худалдан авч, үүнээс хойш эзэмшиж байна. Тухайн үед Баянгол дүүргийн газрын албанд хандаж, нэр шилжүүлэх хүсэлт гаргахад нэр шилжүүлэхгүй, газар эзэмшлийн төлбөрийн гэрээ хийж, төлбөрөө төлж болно гэсний дагуу гэрээг хийж, жил бүр газар эзэмшлийн төлбөрт 95,040 төгрөгийг төлдөг байсан. 2015 оны 07 дугаар сараас Г- ХХК манай хойд талын гараашуудыг буулган барилгын ажлыг эхлүүлснээр уг гараашийг ашиглах, түрээслэх боломжгүй болсон. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Г- ХХК бидэнд мэдэгдэхгүйгээр гараашийг буулгасан байсан. Ийнхүү буулгасан үндэслэлээ Баянгол дүүргийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу гэдэг боловч Баянгол дүүргийн Засаг даргаас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Г- ХХК-д иргэний асуудлыг шийдвэрлэж хохирлыг барагдуул гэсэн албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу хариуцагч компанийн захирал Ш.А-тай холбогдоход 2020 оны 10 дугаар сард хохирлыг барагдуулахгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн хувийн эзэмшил, өмчид халдсан Г- ХХК-аас гараашийн үнэ 10,000,000 төгрөг, 2015 оноос хойш газар эзэмшлийн төлбөр төлсөн 95,000 төгрөг, бусад зардал 905,000 төгрөг, түрээслүүлсэн бол олох байсан боломжит орлого 1,800,000 төгрөг, нийт 12,800,000 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Маргаан бүхий гараашийн байрлаж буй газрыг анх 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Эм жи би ай ХХК-д олон давхар гараашийн төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон. Бид хамтран ажиллах гэрээ байгуулж, манай компани уг төслийг хариуцан хэрэгжүүлэхээр болсон. Тухайн газар дээр газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй 74 тооны гарааш байсан. Бид уг гараашийн хаалган дээр Газар чөлөөлөх албан шаардлагыг удаа дараа нааж, гарааш эзэмшигч нарт анхааруулсан. Нэхэмжлэлд дурдсан 73 тоот гарааш манай байгууллагатай ямар нэгэн гэрээ хийгээгүй, эзэн нь олдохгүй байсан ба дулааны шугам татах шаардлагын улмаас барилга барьснаас хойш 3 жилийн дараа буюу 2018 онд гараашийг буулгасан. Уг гарааш газар эзэмших ямар ч бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй гарааш байсан. 73 тоот гарааш ямар нэгэн өмчлөх бичиг баримтгүй байхад Б.Ж- болон Ж.Ц- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг нотариат гэрчилсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 2013 оноос хойш бүтэн 5 жил эзнийг нь хүлээж, эрж хайж байгаад эзэн нь гарч ирэхгүй байсанд холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж, ажлаа явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж нураасан. Хэрэв нэхэмжлэгч нь тухайн үед манай компанитай гэрээ байгуулсан бол бид худалдаж авах болон гараашаар солих гэрээг байгуулж байсан, гараашийн үнэд 5,000,000 төгрөг өгч болох юм гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г- ХХК-иас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,800,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 219,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Гараашийг анх худалдаж авсан үнэ болох 10,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Б.Ж- болон Ж.Ц- нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-нд төлбөрийн хэлбэрийг нотариатч бэлнээр гэж бичсэнийг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 12,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.1. Б.Ж- нь 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 98 дугаар цэцэрлэгийн баруун талд байрлах 73 тоот, 18 м.кв талбай бүхий гараашийг эзэмшиж, ашиглаж байсан талаар талууд маргаагүй, харин уг гарааш доорх газрыг ашиглах, эзэмших эрхийг олж аваагүй байна. /хх-8,10/

3.2.Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14а байрны зүүн талд олон давхар гараашийн зориулалтаар 2004 м.кв газрын эзэмших эрхийг Эм жэй би ай ХХК-д олгосон, захирамж хүчинтэй.

3.3.Тус компани нь гарааш барьж ашиглалтад оруулах, худалдан борлуулах, гарааш эзэмшигчтэй холбогдох гэрээ, хэлцэл хийх эрхээ Г- ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. /хх-50-56/ Энэ эрхийн хүрээнд Г- ХХК нь уг газар дээр байрлах гарааш эзэмшигч иргэдэд газар чөлөөлөх талаар зарлан мэдэгдэж, улмаар гэрээ байгуулж, нөхөн төлбөр олгох, газар дээр байрлах гараашуудыг нураах ажиллагаа явуулсан. Үүнд Б.Ж-гийн гарааш хамрагдсан талаар талууд маргаагүй.

3.4.Б.Ж- нь энэ зарын дагуу хариуцагч Г- ХХК-тай гэрээ байгуулж, олговор аваагүй.

3.5.Хариуцагч байгууллага нь гараашийг нурааж, зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхэлжээ.

4.Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар бусдын гараашийг нураасан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Хариуцагч Г- ХХК-ийн хууль бус үйлдлээс нэхэмжлэгч Б.Ж-гийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

5.Харин Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох-оор заасан байх ба уг нөхөх олговор олгох обьектод Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гараашийг оролцуулан тооцохоор болсон Эм жэй би ай ХХК-иас эрхээ Г- ХХК-д шилжүүлэхээр заасан баримтад тусгасан байна.

Иймд Б.Ж- нь нөхөх олговрыг шаардах эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т зааснаар шаардах эрхтэй.

6.Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 5,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

Учир нь нэхэмжлэгч Б.Ж- гараашийг иргэн Ж.Ц-гээс 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж, Автомашин худалдах-худалдан авах гэрээ-г нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч гэрээгээр тохиролцсон үнээр гараашийг бодит үнэлгээг тогтоох боломжгүйгээс гадна Б.Ж- нь тухайн үед гэрээ хэлцэл хийх замаар үнийг тодорхойлох боломжгүй гэж үзэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдосонгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г- ХХК газар чөлөөлөх зарыг нэхэмжлэгч Б.Ж-гийн эзэмшлийн гараашийн хаалга дээр нааж, мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагч компанитай очиж уулзаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

7.Хариуцагч тал шүүх хуралдааны үеэр гараашийн үнэд 5,000,000 төгрөг олгож болох агуулгатай тайлбар гаргасан байх тул энэ хэмжээнд нөхөн төлбөрийг тогтоон олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймд гараашийн үнэд нэмж 5,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас газрын төлбөрт төлсөн 95,000 төгрөг, бусад зардал 905,000 төгрөг, олох ёстой орлого 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээв.

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/02087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг гэснийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т заасныг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД