Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/02577

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 03 101/ШШ2022/02577

 

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  с ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: а констракшн ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

с ХХК нь а констракшн ХХК-тай 2019 оны 09 сарын 12-ны өдрөөс 10 сарын 12-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, мөн 2020 оны 03 сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай түрээсийн гэрээг байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. 2019 оны 09 сарын 12-ны өдрөөс 10 сарын 12-ны өдөр хүртэлх бараа материалын тооцоогоор 460 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 1 хоногийн 165 төгрөгөөр түрээслүүлж, нийт түрээсийн төлбөрт 2,277,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг а констракшн ХХК нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр түрээсийн төлбөрт 2,277,000 төгрөгийг, барьцаанд 1,000,000 төгрөгийг төлсөн. Бараа материалыг 2019 оны 09 сарын 13-ны өдрөөс эхлэн түрээсэлж эхэлсэн тул 2019 оны 09 сарын 13-ны өдрөөс 12 сарын 20-ны өдрийг хүртэлх өмнөх тооцоо давхардаж орсон авлага өглөгийн тооцоогоор нийт 1798 ширхэг бараа материалыг 46-98 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээсэлж нийт түрээсийн төлбөрт 23,900,360 төгрөгийг төлүүлэх тооцоон дээр борлуулсан буюу худалдсан 15750 ширхэг бараа материалын үнэ 1,985,500 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл дүн 25,858,860 төгрөгийг төлүүлэхээс төлсөн 17,794,100 төгрөгийг хасаж тооцоход нийт төлбөл зохих үлдэгдэл дүн 8,064,760 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг а констракшн ХХК нь хүлээн зөвшөөрч Авлага өглөгийн товчоо тооцоонд болон тооцооны үлдэгдлийн баталгаа тооцоонд захирал Ц.Батбаясгалан нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн барьцаанд 2019 оны 10 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэмж төлөөд нийт барьцаа үлдэгдэл 3,000,000 төгрөг болсон. Түрээсийн үргэлжлэл болох 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх бараа материалын товчоо тооцоогоор нийт 1519 ширхэг бараа материалыг 9-86 хоногийн хугацаанд 1 хоногийн 50-220 төгрөгөөр түрээсэлж нийт түрээсийн төлбөрт 4,056,830 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Мөн түрээсийн үргэлжлэл болох 2020 оны 03 сарын 15-ны өдрөөс 07 сарын 21-ний өдөр хүртэлх түрээсийн тооцоогоор нийт 509 ширхэг бараа материалыг 73-128 хоногийн хугацаанд 1 хоногийн 165,220 төгрөгөөр түрээсэлж нийт түрээсийн төлбөрт 7,640,325 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Мөн эвдэрсэн 74 ширхэг бараа материалын үнэ 782,000 төгрөгийг нэмж төлүүлэх тооцоо гарсан. Түрээсийн нийт тооцоо болох өмнөх тооцооны үлдэгдэл 2019 оны 09 сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүртэлх түрээсийн үлдэгдэл төлбөр 8,063,760 төгрөг дээр 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 4,056,830 төгрөгийг нэмэх, мөн 2020 оны 03 сарын 15-ны өдрөөс 2020 оны 07 сарын 21-ний өдөр хүртэлх 7,640,325 төгрөгийг нэмэх, мөн эвдэрсэн 74 ширхэг барааны үнэ 782,000 төгрөгийг тус тус нэмж нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл дүн 20,543,915 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас 2020 оны 05 сарын 12-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж тооцоход нийт тооцооны үлдэгдэл дүн 17,543,915 төгрөгийг төлүүлэх тооцоо гарснаас хөнгөлөлт 5,048,200 төгрөгийг, мөн барьцаанд төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж тооцоход нийт төлбөл зохих үлдэгдэл төлбөр 14,543,915 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг а констракшн ХХК нь хүлээн зөвшөөрч бараа материалын тооцоонд гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн авлага өглөгийн товчоо тооцоогоор 2020 оны 08 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан үлдэгдэл төлбөр 14,543,915 төгрөгөөс 2020 оны 09 сарын 04-ний өдөр төлсөн 4,543,915 төгрөг болон 2021 оны 05 сарын 18-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг хасаж нийт төлбөл зохих түрээсийн үлдэгдэл дүн 7,000,000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй манай компанийг хохироож байна. Түрээсийн алданги тооцоог 2021 оны 05 сарын 18-ны өдрөөс 10 сарын 11-ний өдөр хүртэлх 146 хоногийн хугацаанд 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд алданги 5,460,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 7,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 3,500,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Иймд түрээсийн төлбөр болон эвдэрсэн барааны нийт үнэ 7,000,000 төгрөг дээр алданги 3,500,000 төгрөгийг нэмж, нийт 10,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч а констракшн ХХК-аас 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгчийг хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг илэрхийлье. Өөрөөр хэлбэл с ХХК-ийн 2021 оны 11 сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нэхэмжлэгч гарын үсэг зурсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Б.Э гарын үсгээ зураагүй буюу түүний өмнөөс бусад этгээд гарын үсэг зурж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргасан байна. Иймд с ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд 2019 оны 09 сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний 1.3-т зааснаар түрээсийн гэрээ 1 сарын хугацаатай буюу 2019 оны 09 сарын 12-ны 10 сарын 12-ны өдөр хүртэл, түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг хүлээн авсан өдрөөс түрээсийн хугацаа эхэлж, буцааж хүлээлгэж өгснөөр түрээсийн хугацаа дуусгавар болох нөхцөл тусгагдсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 09 сарын 13-ны өдөр хүлээж авсан бол тухайн өдрөөсөө эхлээд үргэлжлээд 2019 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх хугацаатай байсан. Гэвч түрээслүүлэгч с ХХК-аас 2019 оны 09 сарын 13-ны өдрөөс 10 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг шилжүүлээгүй. 2019 оны 10 сарын 18-ны өдөр түрээсийн зүйлийг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл сонирхлын нөхцөл 1 сарын хугацаатай үргэлжилж байхад энэ хугацаанд түрээсийн зүйлийг шилжүүлэн өгөөгүй, өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ байгуулагдсан боловч хугацаа нь дуусгавар болчихсон. Тийм учраас 2019 оны 10 сарын 18-ны өдөр хариуцагч байгууллагаас барилгад ашиглах зарим бараа материалыг хүлээж авсан нь Иргэний хуульд зааснаар өөр түрээсийн гэрээний харилцаагаар явах ёстой гэж үзэж байна. Бусад бараа материалыг шилжүүлэн өгсөн үйл баримт байдаггүй. а констракшн ХХК-аас түрээсэлж авсан хавтаст хэргийн 44 дүгээр хуудаст авагдсан бараа материалын нэгж бүрийн үнэ хөлс болох тодорхой төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. с ХХК 2020 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу түрээсийн төлбөр болон эвдэрсэн барааны үнэ 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 03 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулагдсан боловч бараа материал шилжүүлсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл тус гэрээний 1.3-т зааснаар түрээслүүлэгчээс түрээслэгчид түрээсийн гэрээний хавсралтад заасан нэгж бүрийн үнэтэй тодорхой төрлийн бараа материалыг шилжүүлэн өгсөн үйл баримт байдаггүй. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Бидний маргаж байгаа зүйл бол түрээсийн гэрээ, түүнтэй холбоотой санхүүгийн маргаан үүсэж байгаа. Санхүүгийн маргаантай холбоотой асуудалд нэг талын нотлох баримтыг үндэслэж шүүхээс шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэж байна, өөрөөр хэлбэл манай санхүүгийн баримтаар нотлогдож байгаа гэдэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч санхүүгийн баримт гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаа бүрдүүлэхээс гадна дансны тооцоолол, төлбөрийн асуудал яригдаж байсан бол түүнтэй холбоотой дансны хуулгаа гаргаж өгөөд эрх зүйн дүгнэлт хийлгэж, талууд уг баримт дээр мэтгэлцэх ёстой гэж үзэж байна. Манай байгууллага 6 сая төгрөг өгсөн, 2019 оны 09 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг түрээсийн барьцаанд шилжүүлсэн, хүлээж авсан талаар маргаагүй. Нэхэмжлэгч тал 2019 оны 09 сарын 13-ны өдөр өгсөн 1,000,000 төгрөгийн барьцаан дээр нэмээд түрээсийн төлбөр 2,700,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна, тийм бол шүүхэд тэр талаар баримтаа өгөх үүрэгтэй. Бидний хувьд түрээсийн зүйлийг хүлээж авах боломжгүй юм байна гэж үзсэнээс 2019 оны 09 сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 10 сарын 18-ны өдөр Э.Сэнгэдорж бараа материал хүлээж авахдаа 2,000,000 төгрөгийг нягтлан бодох журмаар түрээслэгч компанид шилжүүлсэн байдаг. 2019 оны 10 сарын 18-ны өдөр, 11 сарын 01, 04-ний өдөр бараа материал хүлээж авсан талаар маргаагүй. 2020 оны 05 сарын 12-ны өдөр төлөгдөж байгаа 3,000,000 төгрөг ямар учиртай вэ гэвэл хүлээж авсан бараа материалын түрээсийн үргэлжлэл нь явсаар түрээсийн төлбөр нь 7,000,000 төгрөг болж тухайн өдөр төлөгдөж байгаа гэсэн үг. 2020 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хууль зүйн хүчин чадалгүй гэрээ гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч 7,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж байгаагаа баримтаар нотолж чадаагүй, алдангиа 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 3.5, 4.2-т зааснаар шаардаж байгаа гэж байна, хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний зохицуулалтаар шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор судлан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4, 5/, 2019.09.13-ны өдрийн t664 дугаартай Түрээсийн гэрээ /хх-6-7/, 2020.03.01-ний өдрийн t25 дугаартай Түрээсийн гэрээ /хх-8-9/, бараа материалын тооцоо /хх-10/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-11/, авлага өглөгийн тооцоо /хх-12, 13, 14/, а констракшн ХХК-ийн 2019.09.12, 2019.12.03-ны өдрийн итгэмжлэл /хх-15, 14/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-18/, итгэмжлэл /хх-19, 21/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-20/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-22/, 2020.05.27-ны орлогын баримт /хх-41/, 2020.07.21-ний орлогын баримт /хх-42/, 2019.12.10-ны орлогын баримт /хх-43/, 2019.12.29-ний орлогын баримт /хх-44/, 2019.09.13-ны зарлагын баримт /хх-45/, 2019.10.18-ны зарлагын баримт /хх-46/, 2019.11.01-ний зарлагын баримт /хх-47/, 2019.11.04-ний зарлагын баримт /хх-48/, итгэмжлэл /хх-62/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-63/, бараа материалын тооцоо /хх-179/,

Хариуцагч талаас ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28-29/, итгэмжлэл /хх-30/, хариу тайлбар /хх-66/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: УБЕГ-ын 2022.04.05-ны өдрийн 10/2657 дугаартай албан бичиг, а констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримт /хх-83, 84-151/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.05.16-ны өдрийн 1372 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-155-174/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 4,951,800 төгрөгийг хангаж, үлдэх 5,548,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулсан гэрээний дагуу барилгын ажилд шаардлагатай бараа материалыг хариуцагчид түрээслүүлсний төлбөр дээр эвдэрсэн 74 ширхэг бараа материалын үнэ 782,000 төгрөгийг нэмж, нийт төлбөрөөс хариуцагчийн төлсөн төлбөрийг, барьцааны мөнгийг, мөн хөнгөлөлтийг хасаж үлдэгдэл 7,000,000 төгрөгийг, мөн гэрээнд заасны дагуу алданги тооцож 3,500,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч тал гэрээгээр тохирсон хугацаанд бараа материалыг шилжүүлээгүй, түрээслэсэн бараа материалын төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн тул алданги төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Нэхэмжлэгч с ХХК-ийн захирал Б.Э шүүхэд компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлд зурсан гарын үсэг нь тус компанийн захирлын гарын үсэг биш, өөр этгээд гарын үсэг зурж нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасан бөгөөд Б.Э нь с ХХК-ийн Гүйцэтгэх захирал болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэлд зурсан гарын үсэг нь Б.Эын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1372 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлд зурсан гарын үсэг нь Б.Эын гарын үсэг мөн болохыг тогтоосон. /хх-155-163/

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар 83.8-д гүйцэтгэх удирдлага нь эрх хэмжээний хүрээнд гэрээ хэлцэл байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар заасан тул нэхэмжлэгч с ХХК-ийн захирал Б.Э компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна.

 

5. Хэрэгт нэхэмжлэгч с ХХК, хариуцагч а констракшн ХХК-ийн хооронд нэхэмжлэгч компанийн өмчлөлийн барилгын ажилд шаардлагатай 37 нэр төрлийн бараа материалыг түрээсэлж, түрээслүүлэхээр харилцан тохиролцсон дараах гэрээ нотлох баримтаар авагджээ. Үүнд:

- 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн t664 дугаартай 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг түрээслэх, эхний түрээсийн төлбөр 2,277,000 төгрөгийг барьцаа 1,000,000 төгрөгийн хамт төлөх, түрээсийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилан төлөх, хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэх, түрээсийн эд хөрөнгийг дутагдуулсан нөхцөлд үнийг 2 дахин нэмэгдүүлэн төлж хохирлыг барагдуулах нөхцөлтэй Түрээсийн гэрээ /хх-6-7/,

- 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн t25 дугаартай 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг түрээслэх, эхний түрээсийн төлбөр 5,217,300 төгрөгийг төлөх, түрээсийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилан төлөх, хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэх, түрээсийн эд хөрөнгийг дутагдуулсан нөхцөлд үнийг 2 дахин нэмэгдүүлэн төлж хохирлыг барагдуулах нөхцөлтэй Түрээсийн гэрээ /хх-8-9/.

 

Зохигчдид дээр дурдсан түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь түрээслүүлэгч болох нэхэмжлэгч с ХХК 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн t664 дугаартай гэрээнд заасан хугацаанд түрээсийн зүйлийг шилжүүлээгүй, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн t25 дугаартай гэрээний дагуу түрээсийн зүйл шилжүүлээгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн гэрээний дагуу бараа материал шилжүүлсэн талаарх дор дурдсан баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:

-       2019.09.13-ны өдрийн зарлагын баримтаар V4 сапуд 460 ширхэг, 6м труба 100 ширхэг /хх-45/,

-       2019.10.18-ны өдрийн зарлагын баримтаар 600х1200 хэв хашмал 610 ширхэг, 500х1200 хэв хашмал 15 ширхэг, 400х1200 хэв хашмал 65 ширхэг, 300х1200 хэв хашмал 50 ширхэг, 200х1200 хэв хашмал 110 ширхэг, 2400 гадар булан 8 ширхэг, 150х150 дотор булан 120 ширхэг, 30 см тай 1100 ширхэг, 20 см тай 620 ширхэг, түгжээ 14000 ширхэг /хх-46/,

-       2019.11.01-ний өдрийн зарлагын баримтаар 6 м 160 ширхэг /хх-47/,

-       2019.11.04-ний өдрийн зарлагын баримтаар 450х1200 хэв хашмал 100 ширхэг /хх-48/,

-       2019.12.10-ны өдрийн орлогын баримтаар 600х1200 хэв хашмал 153 ширхэг, 200х1200 хэв хашмал 50 ширхэг, 150х150 дотор булан 19 ширхэг, 6м труба 57 ширхэг, 600х1200 хэв хашмал 2 ширхэг, 200х1200 хэв хашмал 1 ширхэг, тай 4 ширхэг, хөл 1 ширхэг /хх-43/,

-       2019.12.29-ний өдрийн орлогын баримтаар 600х1200 хэв хашмал 456 ширхэг, 500х1200 хэв хашмал 15 ширхэг, 450х1200 хэв хашмал 100 ширхэг, 400х1200 хэв хашмал 65 ширхэг, 300х1200 хэв хашмал 50 ширхэг, 200х1200 хэв хашмал 58 ширхэг, 150х150 дотор булан 101 ширхэг, 24 6 ширхэг, V4 сапуд 106 ширхэг, 6м труба 53 ширхэг, торхи 6 ширхэг, гуя 6 ширхэг, тай 15 ширхэг, хөл 11 ширхэг, 600х1200 25 ширхэг /хх-44/,

-       2020.05.27-ны өдрийн орлогын баримтаар 6 м труба 26 ширхэг, V4 сапуд 319 ширхэг, V4 сум 2 ширхэг /хх-41/,

-       2020.07.21-ний өдрийн орлогын баримтаар V4 сапуд 35 ширхэг, 2,4 2 ширхэг, 600х1200 хэв хашмал 1 ширхэг, 200х200 хэв хашмал 2 ширхэг, 60х1200 с-панер 1 ширхэг, 20х1200 с-панер 2 ширхэг /хх-42/,

 

Хариуцагч нь дээр дурдсан баримтуудаас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зарлагын баримтаар шилжүүлсэн бараа материалыг компаниас итгэмжлэл олгосон Э.Сэнгэдоржид хүлээлгэн өгөөгүй тул хүлээн авсанд тооцохгүй, бусад зарлагын болон орлогын баримтын дагуу бараа материал хүлээн авсныг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан.

 

а констракшн ХХК-ийн захирал Ц.Батбаясгалан 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 195 дугаартай итгэмжлэлээр тус компанийг төлөөлөн гэрээ хэлэлцээр хийх эрхийг Э.Сэнгэдоржид олгосон байх ба талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд түрээслэгч тал болох а констракшн ХХК-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэнгэдорж төлөөлөх талаар дурджээ.

 

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр с ХХК-аас Б.Э, а констракшн ХХК-аас захирал Ц.Батбаясгалан нар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тулгаж 8,064,760 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэн гарын үсэгээ зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-11/

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэнгэдоржид бараа материалыг хүлээлгэн өгөөгүй, н.Энхбатад хүлээлгэн өгч гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч а констракшн ХХК-ийн захирал Ц.Батбаясгалан нь дээр дурдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс бараа материал хүлээн авсныг хүлээн зөвшөөрч тооцоо нийлжээ.

 

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан бөгөөд дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд а констракшн ХХК-ийг төлөөлөн н.Энхбат гэх хүн бараа материалыг хүлээн авсан үйлдлийг захирал Ц.Батбаясгалан хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бараа материал хүлээн аваагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

6. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.3-т Гэрээний дагуу түрээсийн эд зүйлийг хүлээн авсан он сар өдрөөс эхлэн нэр төрөл, тоо ширхэгээр тооцож буцааж хүлээлгэн өгсөн он сар өдрөөр хэд хоног түрээслэснийг тогтоож нэг хоногийн түрээсийн төлбөрөөр үржүүлэн нийт түрээсийн тооцоог тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний тооцоог гарган хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаарджээ.

 

Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан нь Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж заасантай нийцэж байх ба түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч түрээслүүлэгч болох нэхэмжлэгч с ХХК-аас бараа материалыг үргэлжлүүлэн шилжүүлсэн, түрээслэгч болох хариуцагч а констракшн ХХК түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашигласан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019.09.13-ны өдрөөс 2019.12.20-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн бараа материалын тооцоог түрээсэлсэн хоног, түрээсийн нэгжийн үнээр тооцон 2019.09.13-ны өдөр шилжүүлсэн бараа материалын түрээсийн төлбөр 8,961,150 /827,640+ 7,438,200+ 695,310/ төгрөг, 2019.10.18-ны өдөр шилжүүлсэн бараа материалын түрээсийн төлбөр 12,633,610 /1,783,980+ 583,000+ 166,155+ 6,334,020+ 207,900+ 693,000+ 831,600+ 83,160+ 1,049,895+ 900,900/ төгрөг, 2019.11.01-ний өдөр шилжүүлсэн бараа материалын түрээсийн төлбөр 1,293,600 төгрөг, 2019.11.04-ний өдөр шилжүүлсэн бараа материалын түрээсийн төлбөр 1,012,000 төгрөг, нийт түрээсийн төлбөр 23,900,360 төгрөг, мөн хугацаанд хариуцагчид шилжүүлэн худалдан борлуулсан 20-н тай 650 ширхэг 162,500 төгрөг, 30-н тай 1100 ширхэг 396,000 төгрөг, 14000 ширхэг түгжээ 1,400,000 төгрөг, борлуулалтын нийт төлбөр 1,985,500 төгрөг гэж тооцон хариуцагчийн төлбөл зохих нийт дүн 25,858,860 төгрөг гэсэн тооцоог гаргасан.

 

Тус мөнгөн дүнгээс хариуцагчийн 2019.09.13-ны өдөр төлсөн 2,277,000 төгрөг, 2019.09.18-ны өдөр төлсөн 697,950 төгрөг, 2019.10.18-ны өдөр төлсөн 1,645,050 төгрөг, 1,978,000 төгрөг, 6,243,600 төгрөг, 2019.11.01-ний өдөр төлсөн 1,292,500 төгрөг, 2019.11.04-ний өдөр төлсөн 660,000 төгрөг, 2019.12.02-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөг, нийт 17,79,4,100 төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөр 8,064,760 төгрөг гэсэн тооцоог гаргаж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн бараа материалын түрээсийн тооцоог дээр дурдсан хугацаанаас хойш буюу 2019.12.20-ны өдрөөс 2020.03.15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг тооцон 4,056,830 төгрөг, 2020.03.15-ны өдрөөс 2020.07.21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг тооцон 7,640,325 төгрөг гэсэн тооцоог гаргаж, 2019.12.20-ны өдрийн байдлаарх төлбөрийн үлдэгдэл 8,064,760 төгрөгийг нэмж тооцоход хариуцагчийн төлбөл зохих төлбөр нийт 19,761,915 төгрөг гэж, мөн эвдэрсэн бараа материалын төлбөр 782,000 төгрөг гэсэн тооцоог гаргажээ. Уг мөнгөн дүнгээс хариуцагчийн 2020.05.12-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг, мөн барьцааны мөнгө 3,000,000 /2019.09.13-ны өдөр төлсөн 1,000,000+ 2019.10.18-ны өдөр төлсөн 2,000,000/ төгрөгийг хасаж, мөн 2020.09.04-ний өдөр төлсөн 4,543,915 төгрөг, 2021.05.18-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг тус тус хасаж тооцон үлдэгдэл төлбөрийг 7,000,000 төгрөг гэж тодорхойлон хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,064,760 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрнө, үүнээс 2019.09.13-ны өдөр гэрээ байгуулахдаа 1,000,000 төгрөг, 2019.10.18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020.05.12-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээний үүргийг дүгнэвэл хариуцагч а констракшн ХХК нь 2019.09.13-ны өдрөөс 2019.12.20-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 23,900,360 төгрөг, шилжүүлэн авсан бараа материалын төлбөрт 1,958,500 төгрөг, 2019.12.20-ны өдрөөс 2020.03.15-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 4,056,830 төгрөг, 2020.03.15-ны өдрөөс 2020.07.21-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 7,640,325 төгрөг, нийт 37,556,015 төгрөгийг төлөхөөс хариуцагчийн төлсөн нийт 28,338,015 төгрөгийг хасахад 9,218,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар хөнгөлөлт 5,048,200 төгрөгийг хасаж тооцоход 4,169,800 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн бараа материалаас нийт 728,000 төгрөгийн бараа материал эвдэрсэн гэсэн тооцооллыг гаргаж хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь энэ талаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлбөл зохих төлбөрт оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 4.2-т Түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө гэж тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний төлбөр 2,277,000 төгрөг, барьцааны 1,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр эдгээр төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нь тус гэрээний дагуу алданги төлөх үүрэггүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр дууссанаас хойш бараа материал шилжүүлэх үед анз тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй байх тул 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш шилжүүлсэн бараа материалын төлбөрт алданги тооцох үндэслэлгүй, хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн дүгнэж хариуцагч а констракшн ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,951,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч с ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,548,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 94,178,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч а констркашн ХХК-аас 4,951,800 /дөрвөн сая есөн зуун тавин нэгэн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч с ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,548,200 /таван сая таван зуун дөчин найман мянга хоёр зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч а констракшн ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 94,178,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч с ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР