Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01583

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01583

 

 

“Сф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02577 дугаар шийдвэртэй,

“Сф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Аү” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Сф” ХХК нь “Аү” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 12 болон  2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг тус тус байгуулж,  бараа материалыг түрээслүүлсэн.

Түрээний гэрээнүүдийн үүрэгт төлөгдөөгүй төлбөр 7,000,000 төгрөг болсон. Түрээсийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.1.“Сф” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Б.Э- нэхэмжлэлд гарын үсгээ зураагүй тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2.Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан ч гэрээний зүйлийг гэрээний хугацаа дууссны дараа хүлээлгэн өгсөн. Иймд уг гэрээний дагуу үүрэг шаардахгүй. 

2.3. 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ байгуулагдсан боловч бидэнд бараа материал шилжүүлж өгөөгүй.   

2.4. Гэрээнд заасан төлбөрийг төлсөн. Төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Аү” ХХК-аас 4,951,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сф” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,548,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Аү” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 94,178.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сф” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн агуулга: “Сф” ХХК нь “Аү” ХХК-иас 10,500,000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

2. Нэхэмжлэгч “Сф” ХХК нь хариуцагч “Аү” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Аү” ХХК-аас 4,951,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,548,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

4. Хариуцагч тал давж заалдах гомдол гаргасны дараа нэхэмжлэгч 10,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02577 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Аү” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч “Сф” ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ш.ОЮУНХАНД

                                      

                                ШҮҮГЧИД                                                 С.ЭНХБАЯР

                                                                                        

                                                                                                  Э.ЗОЛЗАЯА