Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/02155

 

 

 

 

 

 

 

 

2021 07 22

101/ШШ2021/02155

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б-д холбогдох,

 

13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2008 оны 02 сард Бүгд Найрамдах Солонгос улс руу амьдралаа дээшлүүлэх гээд явсан. Миний бие хүү Б.Бдаа хамаг юм, мөнгө төгрөгөө явуулдаг байсан. Өмнө нь ээжид нь явуулдаг байсан. байрыг шилжүүлж өгсөн, Нарантуул захын гурван лангуугаа бараатай нь бүгдийг нь өгсөн, арван гурав орчим сая төгрөг үлдээгээд охиноо Улаанбаатар дээд сургууль, хүүгээ Батлан хамгаалахын их сургууль төгсөх бүх зардлыг өгч байсан. Би Солонгос улсад ажиллаж байгаад 2020 оны 05 сард Монгол улсдаа ирэхэд манай эхнэр хүнтэй суучихсан байсан. Эхнэр, хүүхдүүд тэр хүнтэй хамт Нарантуул зах дээр худалдаа хийж байсан учраас би хүү Б.Бд хандаж аавынхаа хадгалуулж байсан мөнгийг өгчих гэж гуйсан. Гэтэл Б.Б уурлаж таны мөнгийг хэрэглэчихсэн байхад одоо авах гэлээ гэж хэлсэн. Би тэгэхэд нь та нар хөөгөөд байх юм, би одоо та нартай амьдрахгүй, олон юм ярихгүй, Түмэннаст хотхоны 2 өрөө байрыг чи ав, охиндоо Чухаг хотхоны байрыг үлдээнэ, булаацалдахгүй. Миний сүүлийн 3 жил явуулсан 56 сая төгрөгийг аавдаа өгчих гэж хэлсэн. Ээж нь гэрлэлтийн баталгаагаа салга, тэгж байж чиний хашааг өгнө гэж хэлсэн. Гэхдээ тэр хашааг миний аав өгч байсан, тал газрыг нь зараад ТЭЦ 3-т байдаг байр авч өгч байсан, тал нь байгаа. Б.Баас мөнгө нэхэмжилсэн чинь Приус 20 маркийн автомашин өгсөн. Тэр машиныг хүүтэйгээ хамт явж 9 000 000 төгрөгөөр зарсан. Би Б.Баас 3 000 000 төгрөг, 1000 доллар авсан. Цувуулж өгөөд байгаа болохоор юм болохгүй байсан. Би 56 сая төгрөг авахаа болъё, тохиролцсон ёсоороо 28 сая төгрөгийг гүйцээгээд өгчих, ядаж хашаандаа гэр бариад амьдаръя гэж хэлсэн. Ээж нь бүх хөрөнгийн асуудлыг шийдчихсэн, хүүхдүүдээ миний эсрэг болгочихсон байсан. Миний өгсөн мөнгө гэж бодохгүйгээр банкнаас зээл авсан, өөрсдөө зах дээр зогсоод олсон мөнгөөрөө байр авсан гэсэн байр суурьтай байсан. Миний хүү Б.Б намайг дарж унагаагаад, том биетэй хүүхэд намайг дарж унахад амьсгаа авч чадахгүй байсан. Сүүлдээ дарамтанд ороод мөнгө, төгрөгөө ч авч чадахгүй, энд байж байгаад зодуулах юм байна гээд ээжийндээ очсон чинь араас чемодантай хувцсыг маань өгч явуулсан. Б.Б бид нар харилцан тохиролцож 2021 оны 01 сарын 02-ны өдөр Солонгос улсаас миний дамжуулан явуулж байсан мөнгөнөөс үлдэгдэл болох 13 000 000 төгрөгийг өгөхөөр тодорхойлолт гаргаж өгсөн юм. Гэтэл уг тодорхойлолтондоо заасан мөнгийг удаа дараа нэхүүлж, 5, 6 сар хүлээлгэж, тохирсон хугацаа хэтэрч төлөхгүй байгаа. Аавдаа 13 000 000 төгрөгөө өгчих гэсэн боловч чамд би өгөхгүй, чаддаг юм бол шүүхээрээ нэхэмжлээд аваарай гэж хэлээд өгөхгүй байгаа учир Б.Баас шүүхийн журмаар 13,000,000 төгрөг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баттулгын Б миний бие аав Ж.Б-хаа шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад аав минь яагаад намайг шүүхэд өгсөн юм бол гэж маш их гайхаж, гомдож байна. Энэ нэхэмжилж байгаа мөнгийг нь төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.Б нь 2008 онд Б.Быг 12 настай байхад Солонгос улс руу ажиллахаар явсан. Энэ хугацаанд хүүхдүүддээ сургалтын төлбөр, хэрэгцээний мөнгө явуулдаг байсан. Ж.Б нь 2020 оны 05 сард Солонгос улсаас ирээд Б.Бын гэрт нь ирж амьдарсан бөгөөд та нар боломжийн амьдарч байна, лангуу түрээсэлж байна гэх мэтээр эд хөрөнгийн маргаан үүсгэж эхэлсэн. Нэхэмжлэлд дурдсан 13 000 000 төгрөгийг бэлнээр тоолж аваад буцааж өгнө гэсэн зүйл байхгүй. Аавтайгаа хэрүүл маргаан үүсээд байсан учраас хэрэгт авагдсан тодорхойлолтыг аргагүйн эрхэнд бичиж өгсөн. Эд хөрөнгө авна гэж маргаад байсан учраас өөрийн унаж байсан Приус машиныг аавдаа өгсөн. Ж.Б нь шүүх хуралдаанд ганцаараа амьдарч байгаа гэж байгаа боловч Солонгос улсад амьдарч байх хугацаандаа өөр эмэгтэй хамтран амьдардаг байсан. Монгол улсад ирээд тэр эмэгтэйтэйгээ хамтран амьдарч байгаа гэсэн тайлбар өгсөн. Нэхэмжилж байгаа 13 000 000 төгрөгийг зээлж авсан, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох хэсгийг тодорхойлсон зүйл байхгүй. Хоорондын хэрүүл маргаан, зодоон үүсээд бухимдаад байсан учраас үүнийг дарахын тулд 13 000 000 төгрөг өгнө гэж бичиж өгсөн болохоос ааваасаа тоолж авсан зүйл байхгүй гэв.

г


 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан 13 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Солонгос улсаас 2017 оноос хойш каргогоор шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 13 000 000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

 

Хэрэгт 2020 оны 09 сарын 02-ны өдөр үйлдсэн Тодорхойлолт гэсэн баримт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг баримтад Б.Б нь 13 000 000 төгрөгийг 2021 оны 01 сард өгөх, хугацаандаа өгөхгүй бол эд материалаар төлөх болно гэжээ. /хх 4/

 

Хариуцагч нь дээр дурдсан баримтыг үйлдсэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгчээс 13 000 000 төгрөгийг бэлнээр аваад буцааж төлнө гэсэн асуудал байхгүй, аавтайгаа эд хөрөнгийн маргаан үүсээд байсан учраас уг тодорхойлолтыг бичсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Б.Б нар нь эцэг, хүү болох нь, нэхэмжлэгч Ж.Б нь эхнэр Ж.Б-тэй 1989 оны 10 сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2020 оны 09 сарын 02-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь тогтоогдож байна. /хх- 14, 15/

 

Нэхэмжлэгч нь 2008 оны 02 сард Солонгос улсад ажиллахаар яваад 2020 оны 05 сард Монгол Улсад буцаж ирсэн, нэхэмжлэгч нь өөрийн эхнэр, хүүхдүүдэд мөнгө шилжүүлж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2.2-т эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх үүргийг хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б нь эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэхээр мөнгө шилжүүлж байсан талаар маргаагүй, хуулиар хүлээсэн энэ үүрэгтэй холбоотой шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас шаардаагүй.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь 2017 оноос хойш буюу хариуцагч Б.Быг насанд хүрсэний дараа 56 000 000 төгрөгийг хариуцагчид каргогоор шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Б нь 2020 оны 09 сарын 02-ны өдөр 13 000 000 төгрөгийг 2021 оны 01 сард өгөх агуулга бүхий тодорхойлолтыг бичсэн үйл баримт тогтоогдож байх боловч уг тодорхойлтолтод нэхэмжлэгч Ж.Бд мөнгө төлөх үүрэг хүлээсэн агуулга байхгүй байна. /хх- 4/

 

Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болж хэлцэл хийгддэг бөгөөд хариуцагч Б.Б нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хүлээн авч, тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн гэж үзэх, нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагчийн өмчлөлд буцаан авах нөхцөлтэй мөнгө шилжүүлсэн гэж үзэх аль ч үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид 56 000 000 төгрөг шилжүүлснээс 13 000 000 төгрөгийн үлдэгдэл байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2020 оны 09 сарын 02-ны өдөр үйлдсэн итгэмжлэлтэй холбогдуулан хариуцагч нь тухайн өдөр эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсантай холбоотой  улсын дугаартай Тоёота Приус автомашиныг шилжүүлэхээр итгэмжлэл үйлдэж шилжүүлсэн, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар 56 000 000 төгрөгөөс 28 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, 9 000 000 төгрөгт нь автомашин шилжүүлсэн асуудал байхгүй гэх тайлбар, татгалзал гаргасныг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учраас нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Б.Баас 13 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР