Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01444

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01444

 

Ж.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22ы өдрийн 101/ШШ2021/02155 дугаар шийдвэртэй, Ж.Баттулгын нэхэмжлэлтэй Б.Бд холбогдуулан 13 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь 2008 оны 2 дугаар сард Солонгос улсад ажиллахаар явсан ба хүү Б.Бд болон ээжид нь мөнгөө явуулдаг байсан. Улмаар 2020 оны 5 дугаар сард Монголд ирэхэд эхнэр өөр хүнтэй суучихсан байсан. Б.Бд хандаж аавынхаа хадгалуулж байсан мөнгийг өгчих гэхэд уурлаж таны мөнгийг хэрэглэчихсэн гэж хэлсэн. Б.Баас мөнгө нэхэмжлэхэд Приус-20 маркийн автомашин өгснийг 9 000 000 төгрөгөөр зарсан. Мөн Б.Баас 3 000 000 төгрөг, 1000 доллар авсан ба харилцан тохиролцож үлдэгдэл 13 000 000 төгрөгийг өгөхөөр тодорхойлолт гаргаж өгсөн. Гэтэл уг тодорхойлолтод заасан мөнгийг удаа дараа нэхүүлж, 5-6 сар хүлээлгэж, тохирсон хугацаа хэтэрч төлөхгүй,шүүхээрээ нэхэмжлээд аваарай гэж хэлсэн. Б.Баас шүүхийн журмаар 13 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь 2008 онд Б.Быг 12 настай байхад Солонгос улсад ажиллахаар яваад энэ хугацаанд хүүхдүүддээ сургалтын төлбөр, хэрэгцээний мөнгө явуулдаг байсан. Улмаар 2020 оны 5 дугаар сард Солонгос улсаас ирээд манай гэрт амьдарсан ба та нар боломжийн амьдарч байна, лангуу түрээсэлж байна гэх мэтээр эд хөрөнгийн маргаан үүсгэж эхэлсэн. Нэхэмжлэлд дурдсан 13 000 000 төгрөгийг бэлнээр тоолж аваад буцааж өгнө гэсэн зүйл байхгүй. Хэрүүл маргаан үүсээд байсан учраас тодорхойлолт бичиж өгсөн. Нэхэмжилж буй 13 000 000 төгрөгийг зээлж авсан, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох хэсгийг тодорхойлсон зүйл байхгүй. Хоорондын хэрүүл маргаан, зодоон бухимдлыг дарахын тулд 13 000 000 төгрөг өгнө гэж бичиж өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь Б.Б нь 13 000 000 төгрөг төлнө гэж зөвшөөрч нотариатаар баталгаажуулсан. Б.Бд 13 000 000 төгрөг шилжүүлсэн баримтаа нотлох баримтаар өгдгийг ойлгоогүй. Хэрэв энэ баримтыг өгвөл 56 000 000 төгрөг ч нэхэмжлэх байсан нь тодорхой болно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зөв харьцуулан үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б. Батнамсалд холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тодорхойлолтын дагуу 13 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Б.Б нар эцэг, хүү болох нь зохигчдын тайлбар, иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон. /хх 5/

 

Мөн Ж.Б нь эхнэр Ж.Бямбасүрэнтэй 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ. /хх14-15/

 

Нэхэмжлэгч Ж.Б 2008 оны 2 дугаар сард Солонгос улсад ажиллахаар яваад 2020 оны 5 дугаар сард Монголд буцаж ирсэн, нэхэмжлэгч гадаад улсад ажиллаж байх хугацаандаа эхнэр, хүүхэддээ тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан үйл баримтын хувьд зохигчид маргаангүй.

 

Хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гараар үйлдсэн Тодорхойлолт гэх бичмэл баримт авагдсан бөгөөд уг баримтад Б.Б нь 13 000 000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр сард өгөх, хугацаандаа өгөхгүй бол эд материалаар төлөх үүрэгтэй гэх агуулга бүхий бичигдсэн байх бөгөөд хариуцагч үйлдэж, гарын үсэг зурсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж маргаангүй. /хх 4/

 

Түүнчлэн, уг тодорхойлолт заасан мөнгийг удаа дараа нэхүүлж, 5-6 сар хүлээлгэсэн ба тохирсон хугацаандаа төлөхгүй байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Харин дээрх 13 000 000 төгрөг төлнө гэх нотлох баримтын талаар бичгийг хариуцагч нь эцгээсээ айж дарамтад орсон тул бичсэн, уг мөнгийг төлөх үүрэггүй гэж, нэхэмжлэгч 2017 оноос хойш буюу Б.Быг насанд хүрсэний дараа 56 000 000 төгрөгийг хариуцагчид каргогоор шилжүүлсэн. Уг мөнгөний үлдэгдэл 13 000 000 төгрөг гэж тус тус маргажээ./хх 1, 13/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дах хэсэгт заасан эцэг, эхийн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг зэрэгтэй холбон тодорхойлж нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл болгон тайлбарласан нь буруу юм.

 

Хариуцагч Б.Б нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бөгөөд эцэг Ж.Бас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авч байсан үйл баримтыг үгүйсгээгүй байх бөгөөд энэхүү өр төлбөрөөс 13 000 000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр сард өгөх, хугацаандаа өгөхгүй бол эд материалаар төлөх гэж өөрөө бичиж гарын үсэг зурахад хүч хэрэглэсэн гэх баримт байхгүй байна.

 

Анхан шатны шүүхээс Б.Бын бичсэн тодорхойлтолтод Ж.Бд мөнгө төлөх үүрэг хүлээсэн агуулга байхгүй гэж хүсэл зоригийг тайлбарласан боловч уг баримтыг зохигчдын гаргасан Солонгос улсад байхдаа Ж.Бас Б.Бд мөнгө шилжүүлсэн гэх тайлбартай харьцуулан үнэлэхэд бусдаас эд хөрөнгө хууль, эсхүл гэрээний үндэслэлгүйгээр авсан нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 13 000 000 төгрөг гаргуулахаар байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн хууль хэрэглээний алдааг залруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22ы өдрийн 101/ШШ2021/02155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас 13 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 222 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД