Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2022/0449/З |
Дугаар | 128/ШШ2022/0918 |
Огноо | 2022-12-06 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2022/0918
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б******* даргалж, П***** ХХК-н нэхэмжлэлтэй Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд,
Нэхэмжлэгч: П***** ХХК,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар
Гуравдагч этгээд: "П*******-***" ХХК
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц**********, А.О****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, Д.З*****, А.О*********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*****нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч: Үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгох тухай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмж болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны А-1/670 тоот Мэдэгдэл тус тус хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүх бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: П***** ХХК нь тендер шалгаруулалтын ажиллагаанд захиалагчийн тендерийн баримт бичигт заасан буюу техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан тоног төхөөрөмж нийлүүлэхээр ТШЗ-н бүхий л шаардлагыг хангасан тендерийг бэлтгэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр захиалагчид хүргүүлсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А-1/358 дугаартай БШУЯ/202212125 дугаартай тендерийн Багц 3-т дараах шалтгаанаас болон хангалтгүй гэсэн үнэлгээг өгсөн тухай мэдэгдэл ирүүлсэн. Үүнд:
Тендерийг нээх үед "Багц3- Хөгжмийн тоног төхөөрөмж-ийн тендерт П*******-***, Богдын буян, Хашхан, Е** П***** компаниуд тендер ирүүлсэн байсан бөгөөд манай компанийн санал болгосон үнэ багаасаа 2-т байсан. Ирүүлсэн танай тендер шаардлагад нийцсэн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлэхэд "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос их харьцуулах үнэтэй байна гэж заасны дагуу танай тендерээс татгалзаж байна гэжээ. Гэвч БШУЯ/202212125 дугаартай тендерийн ухаалаг самбарын техникийн шаардлага болох ухаалаг самбар нь компьютерийн бүхий л программ дээр ажиллана. Онлайн сургалтанд 80" ашиглахад тохиромжтой" гэж заасан боловч шалгарсан "П*******-***" ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон "WJ901-88 загварын самбар нь компьютерийн бүхий л программ дээр ажилладаггүй, Онлайн сургалтанд ашиглахад тохиромжгүй бөгөөд захиалагчаас шаардсан техникийн годорхойлолтыг хангаагүй ба үзүүлэлтийг шаардлагад нийцэж байгаагаар хуурамчаар техникийн шаардлагыг боглож хууль бусаар шалгарсан. Гэтэл "Төрийн худалдан авах ажиллагааны газар" нь БШУЯ/202212125 дугаартай тендерийн Багц: 3 "Хөгжмийн тоног төхөөрөмж худалдан авах"-ийг дахин үнэлсэн тухай хариуг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-1/670 тоотоор хүргүүлсэн ба мэдэгдэлдээ ухаалаг самбарын техникийн шаардлагад тавигдаагүй үзүүлэлт гарган манай байгууллагыг шаардлагад нийцээгүй гэж дахин П*******-***" ХХК шалгаруулсан. Дахин энэ асуудал болон П*******-***" ХХК бичиг баримтын бүрдэл дутуу ирүүлсэн талаар 2022 оны 04 дүгээ сарын 01-ний өдөр 22/133 дугаартай албан тоотоор Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлын хариу 2022 оны 04 дүгээр сарын 20-нд 03/2379 дугаартай гомдол хянасан тухай мэдэгдэлдээ.
П*******-*** ХХК-ийн загварын самбар захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтыг хангаагүй гэх үндэслэлийг тус яам хянаж шийдвэрлэсэн тул дахин хянан П*******-*** ХХК-ийн загварын самбар захиалагчийн шаардсан техникийн үзэх боломжгүй, ТШЗ 19.5-д заасан Барааны хувьд тасралтгүй горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх гэж заасан нөхцөлийг хангаагүй байхад шалгаруулсан тухай гомдлын хүрээнд П*******-*** ХХК нь Тендертээ 2022 оны 02 дугаар сарын 09-ний 100/21 тоот албан бичигтээ баталгаат хугацаа 12 сар байхаар хуваарийг баталгаажуулж ирүүлсэн байна Иймд ТШЗ 19.5-г хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ. /Хавсралтаар Монгол Улсын сангийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/2379 тоот мэдэгдэл хуулбар/ Тус тендертэй холбоотой шаардлагыг тодруулбал "П*******-***" ХХК нь дараах шаардлагуудыг огт хангаагүй болно. Үүнд:
Захиалагчийн 80" ухаалаг самбар нь компьютерийн бүхий л программ дээр ажиллана. Онлайн сургалтанд ашиглахад тохиромжтой " гэж заасан заалтыг; 2022 оны 02 дугаар сарын 09-ний 100/21 тоот албан бичигтээ баталгаат хугацаа 12 сар байхаар, засвар үйлчилгээний хуваарийг баталгаажуулж ирүүлсэн бөгөөд ТШ3 19.5-д заасан Барааны хувьд тасралтгүй горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх гэж заасан нөхцөлийг хангаагүй. Иймд захиалагчийн техникийн шаардлагыг хангаагүй бараа нийлүүлэхийг санал болгосон бичиг баримтын бүрдэл дутуу П*******-***" ХХК-г шалгаруулсан нь манай компанийн тендерт шударгаар оролцох эрх, шалгарах эрх, тэгш боломжоор хангуулах зэргээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул БШУЯ/202212125 дугаартай Багц3- Хөгжмийн тоног төхөөрөмж" тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлт болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-1/670 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хороог хариуцагчаар татан Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарласан БШУЯ/202212125 тоот "Сургуулийн Өмнөх Боловсролын Байгууллагын тоног төхөөрөмж" /Завхан/ тендерийн Багц: 3 "Хөгжмийн тоног төхөөрөмж худалдан авах"-ийн шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлт" болон "Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 28- ны А-1/670 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг"-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах хүрээнд нэхэмжлэлийн шаардлага буюу шүүхийн шийдвэрийг баталгаажуулах үүднээс холбогдох захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан. Гэвч хүсэлтийг хэлэлцэхгүй удаашруулж байх хооронд маргаж буй уг захиргааны актыг хариуцагч тал хэрэгжүүлсэн тул "П*******-***" ХХК-ийн нийлүүлсэн ухаалаг самбарын техникийн үзүүлэлт нь захиалагчийн тавьсан шаардлагад нийцэж буй эсэх талаар шинжээч томилон, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахад шүүх мөн хүлээн аваагүй. Үнэлгээний хорооны хэзээний ямар шийдвэрийг буюу аль дүгнэлтийг хүчингүй болгох нь одоо ч тодорхойгүй хэвээр байх тул "Үнэлгээний хорооны Гэрээ байгуулах эрх олгох тухай 2022 оны 03 дугаар сарын 23-ны 2 дугаар зөвлөмжийг" хэмээн тодруулж байна. Үндэслэл нь Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 14-ний 6-1/1296 тоот албан бичигт "... "П*******-***" ХХК-аас ирүүлсэн тендерийг хянан үзэхэд ..гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзээгүй байна. Иймд үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг... мэдэгдэе гэсэн ч "П*******-***" ХХК-аас ирүүлсэн тендерийн үнэлгээг Үнэлгээний хорооноос дахин хийгээгүй нь хууль зөрчиж байгаа зөрчил болно. Нэгэнт захиргааны акт биелэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгох тухай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмж болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны А-1/670 тоот Мэдэгдэл тус тус хужль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж Завхан тендерийн багц-3-т манай баг оролцсон. Оролцох үед тендерийн техникийн шаардлага нь ухаалаг самбар буюу онлайн сургалтад ашигладаг самбараар техникийн үзүүлэлт тавигдсан байсан боловч тендерийн үнэлгээг хийхдээ хөгжмийн самбарын үзүүлэлтээр үнэлгээг хийсэн. Бид техникийн шаардлагын дагуу үнэлгээ хийгээгүйд нь гомдож нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдийн тендерийн материалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь захиалагч талаас ухаалаг самбарын үзүүлэлтээр тус тендерийг зарласан боловч шалгарсан гуравдагч этгээд нь хөгжмийн ухаалаг, өөр дээрээ даралттай самбар санал болгосон байхад шалгаруулсныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдээс шалгарсан тендер нь нийцэхгүй байна. Энэ асуудлаар нэхэмжлэл гаргаад, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг хэлэлцэхээс өмнө гэрээ байгуулагдаад, хөгжим нийлүүлэгдсэн. Энэ тендер биелэгдээд дуусчихсан учраас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргэхгүй нөхцөл байдал бий болсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд хууль болохыг тогтоолгох болгосон. Сангийн яамнаас 03 дугаар сарын 14-ний өдөр гуравдагч этгээд техникийн шаардлага хангаагүй гэдэг асуудлаар Сангийн яамнаас чиглэмж өгсөн. Гэтэл үнэлгээний хорооноос Сангийн яамнаас заасан шаардлагын хүрээнд хянаагүй. Иймд хяналт, шалгалт хийгээгүй, техникийн нөхцөл шаардлага хангаагүй байгаа учраас хууль бус байсан гэж маргаж байна. гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/254 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх) болон холбогдох журамд нийцуулэн дээрх төсөл, арга хэмжээний тендерийн баримт бичгийг боловсруулан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үндэсний өдөр тутмын сонин болон худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан нийтэд зарласан байна. Тендерийн урилгад заасны дагуу тус төсөл, арга хэмжээний нээлтийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 10 минутад хийсэн бөгөөд Багц-3: "Хөгжмийн тоног төхөөрөмж" тендер шалгаруулалтад нийт 5 компани тендер ирүүлсэн. Эдгээр компаниудаас ирүүлсэн үнийн санал, тендерийн баталгааг цахим системээс татаж, нээлтийн тэмдэглэл хетлен дараах байдлаар баталгаажуулсан.
Үнэлгээний хороо уг төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хийж, тендерт оролцогчдод гэрээ байгуулах эрх олгох болон тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг оролцогчдод албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн байна. "П*****" ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн боловч хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлэхэд "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос их харьцуулах үнэтэй байсан тул үнэлгээний хорооны 100 хувийн саналаар "П*****" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан.
Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны едрийн А-1/358 дугаар албан бичгээр тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээ байгуулах эрх олгох болон тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг оролцогчдод албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн байна. "П*****" ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн боловч хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлэхэд "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос их харьцуулах үнэтэй байсан тул үнэлгээний хорооны 100 хувийн саналаар "П*****" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан. Уг мэдэгдэлтэй холбогдуулан Багц-3: Хөгжмийн тоног төхөөрөмж худалдан авах тендерт "П*****" хязгаарлагдмал хариуцлагатай компани гомдол гаргасан тул Сангийн яамнаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/1027 дугаар "Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлэх тухай" албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлж, шаардлагатай материалыг Сангийн яаманд хүргүүлсний дагуу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/1296 дугаар бүхий "Гомдол хянан шийдвэрлэсэн тухай" албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт Гомдолд дурдсаны дагуу захиалагчийн шийдвэр болон гэрээ байгуулах эрх олгосон "П*******-***" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд захиалагч тус компаниас санал болгосон хөгжмийн хичээлийн ухаалаг самбарын техникийн тодорхойлолтод заасан компьютерийн бүхий л программ дээр ажиллах, цахим сургалтад ашиглахад тохиромжтой" гэсэн шаардлагыг хянан үзээгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдье..." гэж даалгасан. Мэдэгдлийн дагуу үнэлгээний хороо 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дахин үнэлгээг хийж, "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор "П*******-***" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн бөгөөд бусад оролцогчдын ирүүлсэн тендерээс хуулийн холбогдох заалтын дагуу татгалзсан шийдвэрийг дахин гаргасан. Дахин үнэлгээтэй холбогдуулан дахин гомдол гарсан тул Сангийн яамнаас "Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлэх тухай" албан бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, "Гомдол хянасан тухай" албан бичгийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус тус ирүүлсэн. Дээрх "Гомдол хянасан тухай" албан бичигт "Гомдолд дурдсан "Профешнл арт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн "WJ901-88" загварын самбар захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтыг хангаагүй" гэх үндэслэлийг тус яам хянаж шийдвэрлэсэн байх тул уг асуудлыг хуулийн дагуу дахин хянан үзэх боломжгүй байна. Харин "П*******-***" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тасралтгүй горимын дагуу ажиллуулахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан тухай гомдлын хүрээнд захиалагчаас ирүүлсэн холбогдох материалд үндэслэн хянан үзлээ." гээд "... Баталгаат засварын хугацаа 12 сар байх бөгөөд албан бичгээр баталгаажуулан мэдэгдэх шаардлагатай гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэж мэдэгдсэн.
Мөн Сангийн яамны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 03/2498 дугаар "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" албан бичгээр ...хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3-т "тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн" үндэслэлийн дагуу дээрх тендер шалгаруулалтад оролцсон П*****" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тендерийн баталгааг улсын орлого болгохыг даалгасан. Түүнчлэн, дээрх асуудлаар "П*****" ХХК-ийн ажилтан Дарьзавын Жаргалсайханы 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын олон нийттэй харилцах төв "11-11*-д гаргасан гомдлыг хүлээн авч, хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т "Тухайн тендер шалгаруулалтад оролцсон этгээд бичгээр хүсэлт гарган энэ хуулийн 49.2.2, 49.2.6, 49.27. 49.2.8-д заасан баримт бичиг, материалтай танилцаж болно." гэж заасныг үндэслэн гомдол гаргасан "П*****" хязгаарлагдмал хариуцлагатай компани болон гэрээ байгуулах эрх олгогдсон "П*******-***" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөлтэй 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уулзалтад дээрх компаниудын удирдах эрх бүхий албан тушаалтнууд оролцсон бөгөөд тендер шалгаруулалт хэрхэн явагдсан талаар тодорхой мэдээлэл, холбогдох баримт бичиг, материалтай танилцах боломжийг тус тус олгосон бөгөөд гаргасан гомдолд дурдсан бүхий л асуудлаар тайлбар, танилцуулгыг хийж сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцсоны үр дүнд дээрх компаниудаас санал гомдол байхгүй, төрийн байгууллага нь тендерт оролцогчдыг хүлээн авч тендерийн баримт бичиг, үнэлгээтэй танилцуулж, ойлголтын зөрүүг гаргаж өгсөнд талархалтай байгаа талаар мэдэгдсэн.
Иймд дээрх төсөл, арга хэмжээний үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан бөгөөд Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын 1.3-т "Хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан тендерт оролцогчоос гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн талее газар болон Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу заавал биелүүлнэ." гэж заасныг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн худалдан авах ажиллагааны газар бол сайд нараас ирүүлсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Завхан аймгийн боловсролын байгууллагаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод заагдсан тодорхой тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг зохион байгуулах хүсэлтийн дагуу энэ зохион байгуулалтыг хийсэн юм. Үүгээрээ газрын даргын 12 дугаар сарын 17-ны өдрийн А/254 тушаалаар үнэлгээний хороо байгуулсан. Уг үнэлгээний хороо нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын О.М******, Төрийн бус байгууллагын 2 ажилтан, мөн захиалагчийн төлөөлөгч, яамны төлөөлөгч Д.З***** гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй хороо байгуулсан. Үнэлгээний хороо ирүүлсэн техникийн тодорхойлолтыг авч үзээд үүний дагуу 01 дүгээр сарын 03-ны өдөр нийтэд нээлттэй хэлбэрээр зарласан. Урилгад 02 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 10 минутаас нийт 4 багцтай төсөл арга хэмжээний нээлтийг хийхэд багц-3 хөгжмийн тоног төхөөрөмж багц дээр 5 компани тендер ирүүлсэн байдаг. Үнэлгээний хороо бол 02 дугаар сарын 23-ны өдөр төсөл арга хэмжээний тухай хууль болон дүрэм журамд зааснаар шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг гаргахдаа техникийн шаардлагад тохирч байна гэж үзээд хамгийн бага үнэтэйгээс нь их үнэтэй рүү эрэмбэлээд хамгийн бага үнэтэйг нь шалгаруулж, холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор Сангийн яамнаас 03 дугаар сарын 01-ний өдөр 6-1/1027 дугаартай гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичгээр нэхэмжлэгч компаниас гомдол гаргасан, гомдлоо захиалагчтай гэрээ байгуулах эрх олгосон гуравдагч этгээдийн компанийн ирүүлсэн тендер хууль бус байна гэсэн агуулгатай гомдол гаргасан. Компьютерийн программ дээр ажиллах цахим сургалтад ашиглахад тохиромжтой гэсэн шаардлагыг хянан үзээгүй байна. Иймд тендерийн үнэлгээг дахин нягтална уу гэсэн албан бичиг байсан. Уг мэдэгдлийн дагуу 03 дугаар сарын 23-ны өдөр дахин үнэлгээний хороо хуралдаад ирүүлсэн тоног төхөөрөмж техникийн шалгуур үзүүлэлтэд хэр нийцэж байгаа болон худалдаж авах гэж буй захиалагчийн чиг үүрэг, хөгжмийн тоног төхөөрөмж гэсэн шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгож үнэлгээг хийсэн. Гуравдагч этгээдийн тендер хөгжмийн тоног төхөөрөмж гэх тендер тохирсон байх учраас шалгаруулсан. Дахин үнэлгээтэй холбогдуулаад нэхэмжлэгч компаниас дахин гомдол гаргасан. Энэ гомдол нь 04 дүгээр сарын 06-ны өдрийн гомдол байсан. Ингээд Сангийн яамнаас гүйцэтгэх, сонгох ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Энэ гомдлыг үндэслэж дахин үнэлгээ хийсэн. Уг тендерт 2 үнэлгээний хороо байгуулаад тус тусдаа ажилласан. Тендерийг нээхээс өмнө боловсролын байгууллагаас өөр тендер дээр гуравдагч этгээдийн компани дээр тодруулга ирсэн. Уг тодруулгад энэхүү тоног төхөөрөмж нь ямар тоног төхөөрөмж болох, техникийн тодорхойлолтод ерөнхий заагдсан байх тул үүнийг тодруулж өгнө үү гэсний дагуу тухайн үнэлгээний явцад Завхайн аймгийн боловсролын газраас Төрийн худалдан авах ажиллагааны газарт тодруулгын хариуг хүргүүлсэн байдаг. Энэ тодруулгаар 88 даралттай хүүхдийн хөгжмийн боловсролд зориулж ашиглах тоног төхөөрөмж байгаа гэж тодруулж ирүүлсэн. Захиалагчаас ирүүлсэн тодруулгын хариуг Сангийн яамнаас нягталж үнэлгээ хий гэсэн чиглэл өгсөн. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт ирүүлсэн. Дахин гомдол гаргасны дагуу үнэлгээний хороо өмнөх шийдвэрээ баталгаажуулсан. Захиалагчийн нэхэмжлэхэд баталгаат засварын хугацаа 12 сар байх бөгөөд албан бичгээр баталгаажуулан мэдэгдэх шаардлагатай гэсэн шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж Сангийн яамнаас ирүүлсэн учраас 04 дүгээр сарын 23-ны өдөр энэ талаарх мэдэгдлийг оролцогч компаниудад хүргүүлсэн байдаг. Иймд тендерийн баталгааг улсын орлого болгох албан бичгийг Сангийн яамнаас ирүүлсэн. Тендер шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой мэдэгдэл зөвлөмжийг хянах байгууллага болон Сангийн яамны чиглэмжийн дагуу ажиллаж шийдвэр гарсан. 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч компанийн ажилтан н.Жаргалсайхан гэдэг хүн 1111 гэсэн гомдол гаргасан. Тендерийн баримт бичигтэй танилцаж болно гэж заасныг үндэслээд 2 талыг байлцуулаад Төрийн худалдан авах ажиллагааны газраас уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтаар тендерт ирүүлсэн бүх компаниудын материалуудыг тус бүрд нь танилцуулаад, зохион байгуулах явцад ямар процесс болсон, ямар ямар зүйлийг ярилцсан талаарх хурлын португалыг бүгдийг нь уншиж танилцуулсан. Энэ уулзалтаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим хэлтсийн даргын өрөөнд уулзаж дэлгэцээр бүх материалыг харуулсан. Гомдолд дурдсан асуудлуудыг тухайн компанид танилцуулсан. Уулзалт 2 цаг гаруй үргэлжилсэн. Харин компаниудын зүгээс ийм нээлттэй болсныг бид мэдээгүй өмнө нь дандаа юу болоод байгаа нь мэдэгддэггүй байсан. Юу болсныг мэдсэн учраас гомдол санал байхгүй гэсэн тайлбарыг хийгээд 2 компани ярилцсан. Үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай мэдэгдэл ирсэн. Бидний зүгээс шүүх ажиллагаа тасралтгүй явагдах чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан. Нэхэмжлэгч талаас өөрсдөө нэхэмжлэл гаргачхаад 6, 7 сар гаруй хугацаанд удаашруулж байгаад сэтгэл дундуур байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Сангийн яамнаас дахин шалгарсныг шалгаагүй гэж тайлбарлаж байна. Үүний дагуу дахин шалгаагүй нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу үнэлгээний хороо хуралдсан. Энэ хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Үнэлгээний хороо дахин хэлэлцээд нэхэмжлэгч компанийн санал болгосон ухаалаг самбар нь тендерт зарласан техник үзүүлэлтийг хангаагүй, харин гуравдагч этгээдийн компани техник үзүүлэлтийг хангасан гэж үзээд мэдэгдлийг яаралтай гаргаж, гэрээ байгуулах эрх олгосон. Харин дараа нь баталгааны хугацаа ирүүлээгүй гэж гомдол гаргасан. Баталгаат хугацаа заагаад бичиг өгсөн байгаа. Сангийн яамнаас ирүүлсэн 2 албан бичгийн дагуу хурлаар хэлэлцэгдээд үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргаад Сангийн яамд буцаан хүргүүлсэн. Үүний дагуу үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу хүчин төгөлдөр үйлчлээд явсан. Бид 08 дугаар сарын 05-ны өдөр акт үйлдээд хүлээлгэж өгөөд, түүн дээрээ баталгааны хугацаа тогтоосон албан бичгийг албан ёсоор өгсөн. Үнэлгээний хорооны шалгаруулалтын явцад Завхан аймгийн боловсролын өмнөх анги буюу бага насны хүүхдийн 2 тендер зарлагдсан. Хавсралт 3 дээр байгааг та бүхэн харна уу. Хөгжмийн самбар гэж байгаа, онлайн сургалтад ашиглах самбар гэж байхгүй. Энэ бол өмнө нь зарлагдаад энэ зарлагдсан тендер дээр манай зүгээс ухаалаг самбар гэчхээд онлайн сургалтад ашиглах тохиромжтой гэж юу гэсэн үг вэ гэх тодруулга явуулсан. Гэтэл энэ бол хөгжмийн ухаалаг самбар юм гэсэн. Энэ нь тендерийн албан ёсны сайтад тавигдсан. Үүний дагуу багц-2 тендерт нэхэмжлэгч компани хөгжмийн ухаалаг самбар нийлүүлээд ялсан. Үүний дараа цэцэрлэгийн насны хүүхдүүдийн гээд 3 дугаар багц зарлагдсан. Энэ тендерт дахин хөгжмийн хичээлийн ухаалаг самбар гээд ардаа хуучин тайлбартайгаа орж ирсэн. Багц-3 дээр нэхэмжлэгч компани хөгжмийн самбар биш, сургалтад ашигладаг самбар нийлүүлсэн байсан. Энэ нөхцөл нь бага ангийн хүүхдүүд хэрэглэхгүй байсан. Иймд нэхэмжлэгч компанийг шалгаруулаагүй. Сангийн яамнаас нэхэмжлэгч компани яагаад сургалтын ухаалаг самбар явуулсныг шалга гэсэн юм. Нэхэмжлэгч компанийн техник үзүүлэлтийг шалгаад энэ бол хөгжмийн ухаалаг самбар биш гэж үзээд шийдвэрлэсэн асуудал юм. Техникийн тодорхойлолт буруу байснаас бид ийм самбар нийлүүлсэн гэдэг тайлбар тавиад хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа бол энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Удаа дараагийн тендер шалгаруулалтад манай 2 компани ордог. Ороод манайх ялах болгонд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргадаг. Энэ шүүхэд манай 2 компанийн маргаан зөндөө байгаа. Эцэст нь хэрэгсэхгүй болдог. Манай зүгээс ялагдаад гомдол гаргаж явдаггүй. Нэхэмжлэгч компани төрийн ажиллагаанд хүндрэл учруулж байна. Шүүхэд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Өөрсдөө шинжээч томилуулах хүсэлт гаргачхаад тэр самбараа авчраагүй. Шүүхээр тоглоод байгаа юм уу, эсвэл биднийг хүндлэхгүй байна уу. Үзлэг хийлгэе гэчхээд өөр самбар авчраад үзлэг хийлгэдэг, үйлдвэрлэгч болон самбарын нэр хүртэл зөрж байгаа. 01 дүгээр сарын 03-ны өдөр 3 багц тендер зарлагдсан. Завхан аймгийн Боловсролын газраас захиалсан тендер нь сургуулийн өмнөх насны болон бага боловсролын хүүхдүүдэд зориулагдсан хөгжмийн зэвсгийн захиалгат тендер байсан. Энэ нь цахим системд албан ёсоор тавигдсан. Энд оролцогчид бүгд нэвтэрч тодорхой мэдээллийг аваад тендерийн материалаа өгсөн байсан. Багц2, багц-3 гээд байгаагийн ялга ань нэг нь сургуулийн өмнөх насных нөгөө нь сургуулийн насныханд хөгжмийн хичээлийн ухаалаг самбар юм. Техник үзүүлэлт нь 80 инч, 88 даралттай, компьютерийн бүх программ дээр ажиллана, онлайн сургалтад ашиглана гэж байгаа. Энэ техникийн шаардлага яг адилхан тавигдсан байсан. 01 дүгээр сарын 18-ны өдөр манай компаниас 80 инчийн компьютерийн бүх программд ажиллана гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг тодруулга авахыг хүссэн. Энэ бол 22.3-т заасны дагуу бид хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Хуульд зааснаар тодруулгыг цахим системд тавьсан. Тавьсантай холбоотой бүгд маргаагүй. Нэхэмжлэгч өөрөө танилцсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 22.4-т тодруулгыг худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно гэж хуульд байдаг. Энэ үндэслэлийн дагуу цахим системд тавьсан байна. Тавьсны дагуу нэхэмжлэгч тал өөрсдөө 88 даралттай хөгжмийг тендерт нийлүүлсэн байна. Өөрсдөө тийм хөгжим нийлүүлснээ ч хэллээ. Хуульд худалдан авах ажиллагааны газарт үүрэг хариуцлага байхгүй. Учир нь оролцогч өөрөө ойлгоогүй тохиолдолд хүсэлт тавьж тодруулга авдаг. 2 дах хөгжмийн тухайд энэ байгууллагад тодруулга шаардлагагүй байсан байна. Өмнө нь бид тодруулгаа аваад танилцсан учраас аль ч байгууллагаас тодруулга авах хүсэлт гаргаагүй. Техник үзүүлэлтэд заасны дагуу бид хөгжмийн ухаалаг самбар нийлүүлсэн. Нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн самбар нь интер актив самбар байгаа. Энэ нь хөгжмийн ухаалаг самбар биш учраас техник үзүүлэлтэд нийцээгүй байна. Интер актив самбар нийлүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Тендерийг хянаж үзэхэд Тендерийн тухай хуулийн 27-д заасан техникийн тодорхойлолт бусад нөхцөл санхүүгийн чадавх бүх зүйлийг хянаж үздэг. 2 удаагийн хурлын тэмдэглэл уншихад техникийн бүх үзүүлэлтүүдийг шалгаад, хангасан байна гэж шийдвэрлэсэн. Хангасан юм бол тендерээ үнэлэх асуудал нь 28-д зааснаар зохицуулагддаг. Бүх тендерт үнэлгээ хийнэ гээд 28.1-д заасан байна. Үүний дагуу үнэлгээ хийгээд 28.7-д заасны дагуу хамгийн бага үнэлгээтэйг хамгийн сайн тендер гэж үзнэ гэсэн байна. Иймд үүнийг шалгаруулсан үнэлгээний хорооны газрын шалгасан материал болон хурлын тэмдэглэлүүд, зөвлөмж гэх зэрэг баримтаас үзэхэд энэ тендер хууль бус байсан гэдгийг тогтоох үндэслэл байхгүй. Тендер бол хуулийн дагуу явагдсан байна. Захиалагч компани тендер материал хүлээж аваад хүлээж авсан хурлын тэмдэглэлд манай техникийн үзүүлэлтийг хангасан гэсэн ба албан бичгээр ч ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар[1][1] Үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгох тухай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /багц-3/ болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны А-1/670 тоот Мэдэгдэл-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А-1/670 тоот албан бичигт[2][2] Техникийн тодорхойлолтод төгөлдөр хуур хөгжмийн 88 даралттай, өөртөө суурилуулсан зөөвөрлөхөд хялбар чанга яригч бүхий эвхдэг хөлөн дээр байрлах ба мөн хананд тогтоох зориулалттай байх шаардлагыг хангасан Хөгжмийн ухаалаг самбарыг нийлүүлэхээр заасан байхад П***** ХХК нь Интерактив самбар/education interactive Whiteboard/-ыг санал болгосон нь шаардлагад нийцээгүй гэсэн байна.
Мөн XIII.1.3.22 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж/ЗАВХАН/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тайлан, зөвлөмжид[3][3] төгөлдөр хуур хөгжмийн 88 даралттай, өөртөө суурилуулсан зөөвөрлөхөд хялбар чанга яригч бүхий эвхдэг хөлөн дээр байрлах ба мөн хананд тогтоох зориулалттай байх шаардлагыг П***** ХХК нь ирүүлсэн тендер хангаагүй байна гэсэн байна.
Нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод 80 ухаалаг самбар нь компьютерын бүхий л программ дээр ажиллана, онлайн сургалтад ашиглахад тохиромжтой" гэж заасан байтал энэ шаардлагыг хангаагүй, компьютерын бүхий л программ дээр ажилладаггүй, онлайн сургалтад ашиглахад тохиромжгүй хөгжмийн самбар-ыг санал болгосон "П*******-***" ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь төгөлдөр хуур хөгжмийн 88 даралттай, өөртөө суурилуулсан зөөвөрлөхөд хялбар чанга яригч бүхий эвхдэг хөлөн дээр байрлах ба мөн хананд тогтоох зориулалттай байх шаардлагыг хангасан хөгжмийн ухаалаг самбарыг нийлүүлэх шаардлагатай байхад энэ шаардлагыг хангасан хөгжмийн ухаалаг самбарыг нэхэмжлэгч нийлүүлээгүй, уг тендер шалгаруулалттай яг адил тендер шалгаруулалт буюу багц-2 дээр тодруулга хийгдэж төгөлдөр хуур хөгжмийн 88 даралттай байх шалгуурыг хангасан хөгжмийн ухаалаг самбарыг нийлүүлнэ гэдгийг нэхэмжлэгч мэдсээр байж шаардлага хангаагүй тоног төхөөрөмж нийлүүлсэн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Тус XIII.1.3.22 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж/ЗАВХАН/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн /багц-3/ хөгжмийн тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтын хүснэгтэд[4][4] хөгжмийн хичээлийн ухаалаг самбар нь 80 ухаалаг самбар нь компьютерын бүхий л программ дээр ажиллана, онлайн сургалтад ашиглахад тохиромжтой" гэсэн шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагыг тавьсан байна.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдэд хийсэн шүүхийн үзлэг болон хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь нийтлэг байдлаар бүх төрлийн сургалтад ашиглах боломжтой интерактив самбар/education interactive Whiteboard/-ыг санал болгосон, харин гуравдагч этгээд нь зөвхөн хөгжмийн хичээлд зориулан ашиглагдах Longyu LWJ901-88 загварын хөгжмийн хичээлийн самбарыг нийлүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. 4.2.5-д зорилгодоо нийцсэн ... гэж заасан байна.
Дээрх техникийн тодорхойлолтын хүснэгт[5][5] нь Хөгжмийн тоног төхөөрөмж гэсэн нэршилтэй, уг хүснэгтэд худалдан авах тоног төхөөрөмжийн нэрийг хөгжмийн хичээлийн ухаалаг самбар гэж нэрлэсэн байх ба үүнээс үзэхэд, бодит байдалд уг тендер шалгаруулалт нь хөгжмийн тоног төхөөрөмж худалдаж авах зорилготой байна.
Иймд маргаан бүхий захиргааны актууд болох Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны А-1/670 тоот албан бичиг болон Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно. гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, тендерт оролцогч нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө хөгжмийн хичээлийн ухаалаг самбар нь тодорхой ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх талаарх тодруулга, нэмэлт мэдээллийг захиалагчаас авах боломжтой байсан байх ба нэхэмжлэгч нь энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан XIII.1.3.22 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж /ЗАВХАН/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны Гэрээ байгуулах эрх олгох тухай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар зөвлөмж /багц-3/ болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А-1/670 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч "П*****" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "П*****" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б*******