Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/01583

 

 

 

 

 

 

 

 

2022 04 07

101/ШШ2022/01583

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Э,

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг, алданги 106,000,000 төгрөг, нийт 318,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Н.Эийн эзэмшлийн талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Хариуцагч Б.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б, өмгөөлөгч Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Я.Н миний бие иргэн Б.Бтэй 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 200,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцож Зээлийн гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Н.Эийн эзэмшлийн  газрыг барьцаалсан болно. Гэтэл Б.Б нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, төлбөл зохих нийт хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Миний бие зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Б.Бээс удаа дараа шаардаж ирсэн боловч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй сүүлдээ утас нь холбогдохгүй, уулзалдахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Бтэй байгуулсан зээлийн гэрээний 9 дэх хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан учир алданги тооцож нэхэмжлэх нь үндэслэлтэй юм. Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 200,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 12,000,000 төгрөг, алданги 106,000,000 төгрөг, нийт 318,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Я.Нтой утсаар ярьж маргаан бүхий газарт 6 контейнерын түрээсийн мөнгийг энэ зээлийн хүүнд тооцуулъя гэж хоорондоо ярьсан. 1 контейнерыг сарын 150,000 төгрөгөөр түрээсэлдэг, 6 контейнер 950,000 төгрөгийг төлөх ёстой байдаг. Тийм учраас зээлийн гэрээ байгуулаад шүүхэд нэхэмжлэл гаргасан хүртэл хугацааны 26 сар болж байгаа, 26 сарын 950,000 төгрөгөөр тооцоод 24,700,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 293,300,000 төгрөг шаардаж байна. Хариуцагч анх хариу тайлбар өгөхдөө тухайн газраас 2,300,000 төгрөгийн ашиг олдог гэж бичсэн байдаг, харин одоо 3 сая төгрөгийн ашиг олдог гэж хэлж байна, ямар ч баримт нотолгоогүй, хэдэн төгрөг олдог газраас Я.Н сар бүр хэдэн төгрөг авсан гэдэг нь тодорхойгүй байна. Я.Нийн хувьд ямар ч түрээсийн орлого авдаггүй гэж байгаа. Тухайн газарт нь өөрийнх нь 6 контейнер байдаг, түүнийхээ түрээсийг сар болгон хариуцагч талд өгөх ёстой боловч өгдөггүй, хүүндээ бодогдоод явчихдаг гэдэг тайлбар өгч байгаа болохоос мөнгө төгрөг авсан, 3 сая төгрөг авдаг гэсэн зүйл яриагүй. Хариуцагчийн хувьд үнэхээр сар бүр 3 сая төгрөг авдаг, нийт 70 сая төгрөг авсан гэж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргаад баримтуудаа гаргаад нэхэмжилж болох байсан. Ямар ч баримт нотолгоогүй, хүнийг шунахайн сэдэлтэй байна гэж ярьж байгаа нь зохимжгүй байна. Гуравдагч этгээдийн зүгээс барьцаалах эрхийг олгоогүй гэж байна. Итгэмжлэлээс харах юм бол захиран зарцуулах эрхийг Б.Бт олгосон байна, захиран зарцуулах эрх буюу худалдан борлуулах, барьцаалах зэрэг бүх эрхийг олгосон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие нь өөрийн дүү Н.Эийн эзэмшдэг газрыг барьцаалан Я.Ноос зээл авсан нь үнэн. Тус зээлийн гэрээг хийсэн өдрөөс эхлэн Я.Н тус газрын түрээслэгч нараас сар бүрийн түрээсийн үнэ болох 2,300,000 төгрөгийг хүүндээ авч байхаар тохирсон. Одоо ч авч байгаа. Б.Б миний бие нь тус зээлийн мөнгөөр барьцаанд тавьсан Н.Эийн газрыг томруулж 330 м.кв газрыг 623 м.кв болгосон байгаа. Тус томруулсан газрын дуудлага худалдааны үнэ 51,568,000 төгрөг, нөхөн төлбөр 618,806 төгрөг, газрын төлбөр 757,168 төгрөг, захиргааны торгууль 500,000 төгрөг, 2014-2017 оны алданги 798,000 төгрөг, газрын төлбөр 2019 оны 757,568 төгрөг, мөн 2012-2013 оны нийт газрын төлбөр, торгууль 69,008,000 төгрөг, 2000-2017 он хүртэлх газрын төлбөр 2,223,660 төгрөг тус тус Н.Эийн эзэмшил газарт орсон байгаа. Мөн Н.Эийн мөнгөөр худалдаж авсан боловч тухайн үед миний эзэмшил нэр дээр байсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр хороо, 48г-9 тоотод байх 96 м.кв байрыг би Хас банкны өрөнд алдаж байсан, тухайн үед тус байрыг чөлөөлж Н.Эийн нэр дээр шилжүүлж өгсөн байгаа. Тус Хас банкны өр зээл нь бас тухайн цагтаа Н.Эийн эд хөрөнгөд зарцуулагдсан байгаа. Үүнд 106,000,000 төгрөг зарцуулсан байдаг. Я.Ноос авсан бүх мөнгө буцаад Н.Эийн эд хөрөнгөд зарцуулагдсан. Нэхэмжлэгч нь нэг ч төгрөг төлөөгүй, хүү төлөөгүй гэж хэлж болохгүй. Тухайн газар бол мөнгө олдог газар, сар бүр 2,750,000 төгрөгийн түрээсийн орлого олдог, 4 контейнероос бусад контейнерыг Я.Н түрээсэлдэг. 40 тонны 3, 20 тонны 3 контейнер, дээр нь нэг контейнер давхарлаастай нийт 7 контейнер байдаг. Мөн 50 метр квадрат агуулахыг 800,000 төгрөгөөр түрээсэлдэг, 80 метр квадрат дээвэр муутай агуулахыг 450,000 төгрөгөөр түрээсэлдэг. Очоод үзэхэд 11 контейнер, 2 агуулах байгаа, би огт гүтгээгүй, Я.Н сар болгон 2,750,000 төгрөг авч байгаа нь үнэн. Анх Я.Нийн контейнер 2 ширхэг байсан, сүүлд 4 контейнер нэмж тавьсан байсан, зээл авахаас өмнө байсан 1 контейнерын үнийг хоорондоо ярьж тохиролцоод төлөөгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч агуулахын үнэ өртгийг огт ярьсангүй. Тухайн газраас Я.Н сар болгон 2,750,000 төгрөг авч байгаа. 2019-2020 оны 10 дугаар сард хүртэл тухайн газраас хүүнд нийт 33 сая төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл нийт 8 сарын хүү 22 сая төгрөг өгсөн байгаа, хүүнд нийт 55 сая төгрөг авчихаад байна. 2021 оны 06 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргаад хүү зогссон, түүнээс хойшхи сар болгоны 2,750,000 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдах байх гэж бодож байна. Би Я.Нид 175,250,000 төгрөг төлбөл зохих юм байна гэж үзэж байна. Бид энэ зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж яриагүй. Зээлийн гэрээнд тийм зүйл байсан байж болно. 175 сая төгрөгт энэ газрыг авах гээд байгаа бол цэвэр шуналын сэдлээр явж байна гэж харж байна. Сар болгон 3 сая орчим төгрөг олж байгаа газрыг бүхлээр нь эзэмшчихээд машин орох байтугай, хөл тавих зайгүй ачаа бараатай байлгаж байгаа. 175 сая төгрөгийг газрын эзэн Н.Э төлөөд газраа чөлөөлчих болов уу гэж бодож байна. Гэрээнд газрын гэрчилгээний дугаар өөр тавьсан байсан гэж байна. Мөнгөө төлж байж дараа нь газрын шинэ гэрчилгээг авах байсан учраас эхлээд хуучин гэрчилгээгээр нь тавьсан, гэрчилгээ гарсан дараа шинэ гэрчилгээг өгсөн. Я.Н 2019 оны 10 дугаар сараас хойш тухайн газраас 79,750,000 төгрөгийн орлого олсон. Газар дээр Я.Нийнхоос өөр контейнер байдаггүй юм шиг ярилаа, 99708221, 99023626, 99085686, 91953060 дугаарын утастай 4 түрээслэгчийн контейнер байгаа, үүнээс Я.Н сар болгон 600,000 төгрөг олж байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хүсэлт болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Я.Нийн нэхэмжлэлтэй Б.Бт холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэрэгт Н.Эийн эрх ашиг хөндөгдөж байгаа үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан. Н.Э нь нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 дугаар захирамжаар  талбайтай газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг юм. Олон жил Япон улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд өөрийн эзэмшлийн газрыг бусдад худалдан борлуулах зорилгоор буюу зөвхөн худалдан борлуулах эрхийг өөрийн төрсөн эгч Б.Бт олгосон байсан. Гэтэл Б.Б нь тус итгэмжлэлийг ашиглан иргэн Я.Ноос 200,000,000 төгрөгийн зээлийг авч, зээл болон барьцааны гэрээг хууль бусаар байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Б.Б нь энэ газрыг барьцаалах эрхтэй гэж худал хэлэн Я.Нийг итгүүлэн хууль бус барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг авч, өөртөө ашигласан байна. Улмаар Я.Н нь өөрийгөө Б.Бт залилуулснаа мэдээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.Бийг шалгуулж байсан болно. Мөн Б.Бт олгосон итгэмжлэлд газар эзэмших эрхийн нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаар зөрүүтэй байгаа нь Я.Нтой хийсэн барьцааны гэрээ нь илт хүчин төгөлдөр бус бөгөөд хэрвээ хууль ёсоор барьцаалахаар байсан бол хуульд заасны дагуу зохих газарт бүртгүүлэн тэмдэглэгээ хийлгэх байсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна. Я.Н нь зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг шаардлагыг шүүхээс хянан шийдвэрлэж буй ажиллагаа болон шүүхээс гарах шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Н.Эийн хууль ёсны ашиг сонирхол, эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна. Гуравдагч этгээдэд барьцаалах эрх олгоогүй байхад барьцаалсан учраас барьцааны гэрээ хүчингүй. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хоёрдахь шаардлага буюу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэхгүй, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1-2, 3-6/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-7/, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээ /хх-8/, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Барьцааны гэрээ /хх-9/, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл /хх-10/, иргэний газар эзэмших эрхийн  дугаартай гэрчилгээ /хх-11/, итгэмжлэл /хх-30/,

Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар /хх-21/, Улаанбаатар хотын банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-22-24/, 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт №76 /хх-15/, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт №020170600 /хх-26/, Улаанбаатар хотын банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-27-29/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-56/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-88/, Улаанбаатар хотын банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-89-94/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн ирүүлсэн: хүсэлт /хх-70-71/, итгэмжлэл /хх-72-75/,

Шүүхээс бүрдүүлсэн баримт: Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2-4в/5128 дугаартай албан бичиг /хх-50/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг, алданги 106,000,000 төгрөг, нийт 318,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Н.Эийн эзэмшлийн талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 24,700,000 төгрөгөөр багасгаж, 293,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Я.Н барьцаалсан газар дээр байрлуулсан өөрийн контейнер, агуулахын түрээсийн төлбөр болон бусад түрээслэгч нарын түрээсийн төлбөрийг авч зээлийн гэрээний үүрэгт тооцохоор тохиролцсон, 2019 оны 10 дугаар сараас хойш тухайн газраас 79,750,000 төгрөгийн орлого олсон, Я.Нид 175,250,000 төгрөг төлөхөөр байгаа, зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж яриагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э нь өөрийн эзэмшлийн газрыг бусдад худалдан борлуулах эрхийг төрсөн эгч Б.Бт итгэмжлэлээр олгосон, Б.Б нь тус итгэмжлэлийг ашиглан иргэн Я.Ноос 200,000,000 төгрөгийн зээлийг авч, зээл болон барьцааны гэрээг хууль бусаар байгуулсан, итгэмжлэл болон барьцааны гэрээнд бичсэн газар эзэмших эрхийн нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаар зөрүүтэй байгаа, үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу зохих газарт бүртгүүлэн тэмдэглэгээ хийлгэх ёстой шаардлагыг хангаагүй барьцааны гэрээ нь илт хүчин төгөлдөр бус, гуравдагч этгээдэд барьцаалах эрх олгоогүй байхад барьцаалсан учраас барьцааны гэрээ хүчингүй гэх тайлбарыг гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Б.Б нар нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор

Н.Эийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн 0349022 дугаартай, гэрчилгээний дугаар , нэгж талбарын  дугаартай,  газрыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан гэрээ байх бөгөөд хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчтэй дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээнд байх ёстойг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан бөгөөд тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж эрх зүйн үр дагаврыг зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Б.Б нар нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Барьцааны гэрээг бичгээр байгуулсан байх боловч хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд зохигчдын хооронд барьцааны гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгч Я.Н нь тус барьцааны гэрээний үүргийг хариуцагч Б.Бээс шаардах эрхгүй байна.

 

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр 3052/0002 улсын бүртгэлийн дугаартай, 0549022 тоот гэрчилгээтэй,  хаягт байрлах 330 м.кв талбай бүхий газрыг захиран зарцуулах эрхийг Б.Бт олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд тус итгэмжлэлийг үндэслэн байгуулсан гэх нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Б.Б нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээнд тухайн газрын талаарх мэдээлэл тухайлбал, газрын эрхийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар өөрөөр бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг, алданги 106,000,000 төгрөг, нийт 318,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 200,000,000 төгрөгийг авсан талаар маргаагүй боловч зээлийн төлбөр төлөгдсөн талаарх асуудлаар маргаж байна.

 

Хариуцагч нь барьцаалсан газар дээр нэхэмжлэгч Я.Н 40 тонны 3 ширхэг, 20 тонны 3 ширхэг, дээр нь 1 ширхэг контейнер давхарлаастай, нийт 7 контейнер, 50 м.кв талбайтай 1 агуулах, 80 м.кв талбайтай 1 агуулахыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг, эдгээр контейнер, агуулахын түрээсийн төлбөрийг зээлийн гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон, мөн бусад хүнд түрээслэдэг 4 контейнерын түрээсийн төлбөрийг авч зээлийн төлбөрт төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулсан хугацаа болох 2019 оны 10 дугаар сараас хойш түрээсийн төлбөрт сар бүр 2,750,000 төгрөгийг авч байгаа, нийт 79,750,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн төлбөрийг түрээсийн төлбөрөөс тооцохоор тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээний үүрэгт төлбөрийг хэрхэн төлөх, төлсөн төлбөрийг хэрхэн тооцох талаар талуудын хооронд тохиролцоо хийгдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 6 контейнерын түрээсийн төлбөрийг зээлийн гэрээ байгуулснаас хойших хугацаа болох 26 сараар нэг сарын нийт төлбөрийг 950,000 төгрөгөөр тооцон, нийт 24,700,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцохыг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Я.Н 7 контейнероос гадна 50 м.кв талбайтай 1 агуулахыг сарын 800,000 төгрөгөөр, 80 м.кв талбайтай 1 агуулахыг сарын 450,000 төгрөгөөр түрээслэдэг тул түрээсийн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт төлбөрт тооцох ёстой гэх, мөн тухайн газарт байрлах 4 контейнерын түрээсийн төлбөрийг түрээслэгч нараас авдаг тул зээлийн төлбөрт тооцох ёстой гэх тайлбарыг тус тус гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хариуцагчийн тайлбар, татгалзал нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөр Н.Эийн эзэмшлийн газарт хөрөнгө оруулж талбайг нь томруулж, холбогдох төлбөр хураамжийг төлсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч барьцаалсан газарт хөрөнгө оруулалт хийсэн асуудал нь хариуцагч Б.Бийг нэхэмжлэгч Я.Нтой байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 200,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь зээл 200,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 12,000,000 төгрөг, нийт 212,000,000 төгрөгийг хариуцагч Б.Бээс шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 212,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн зөвшөөрсөн контейнерийн түрээсийн төлбөр 23,400,000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 188,600,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчид анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлийн гэрээний 9-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч Я.Н нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 557 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 943,000 /188,600,000 төгрөгийн 0,5 хувь/ төгрөгөөр тооцвол 525,251,000 төгрөг байх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 94,300,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Бээс зээлийн гэрээний үүрэгт зээл болон хүүгийн төлбөрт 188,600,000 төгрөг, алданги 94,300,000 төгрөг, нийт 282,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Нид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,572,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э нь нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Б.Б нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх тайлбарыг гаргаж байх боловч тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Бээс зээлийн гэрээний үүрэгт 282,900,000 /хоёр зуун наян хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Нид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,100,000 /гучин таван сая нэг зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Н.Эийн эзэмшлийн  талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Я.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,747,950 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,572,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Нид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР