Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01317

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Я.Н-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01583 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Н-ийн хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 318,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Я.Н 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Б-т 200,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлд Н.Э-ийн эзэмшлийн ................... 623 м.кв газрыг барьцаалсан. Б.Б нь зээлийн, зээлийн хүүгээс төлөлт хийгээгүй. Б.Бээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, утас нь холбогдохгүй, уулзахгүй байсан тул нэхэмжлэл гаргасан. Гэрээний 9 дэх хэсэгт заасны дагуу алданги тооцсон. Иймд Б.Бээс зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг, алданги 106,000,000 төгрөг, нийт 318,000,000 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Б.Б нь 6 контейнерын түрээсийн төлбөрийг зээлийн хүүд тооцуулахаар нэхэмжлэгчтэй ярьсан. 1 контейнерыг сарын 150,000 төгрөгөөр түрээсэлж, 6 контейнер 950,000 төгрөг болдог. Зээлийн гэрээ байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны 26 сарын 950,000 төгрөгөөр тооцоход 24,700,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 293,300,000 төгрөг шаардаж байна. ... Хариуцагчийг сар бүр 3,000,000 төгрөг авдаг, нийт 70,000,000 төгрөг авсан гэж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргаад нотлох баримтаа цуглуулж нэхэмжилж болох байсан. Гэтэл ямар ч баримтгүй. Гуравдагч этгээдийн зүгээс Б.Б-т барьцааны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Б нь дүү Н.Э-ийн эзэмшдэг газрыг барьцаалан Я.Ноос зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн Я.Н нь тус газрын түрээслэгч нараас сар бүр түрээсийн төлбөр 2,300,000 төгрөгийг хүүдээ авч байхаар тохирсон. Одоо авч байгаа. Б.Б нь зээлийн мөнгөөр барьцааны хөрөнгө болох Н.Э-ийн 330 м.кв газрыг 623 м.кв болгосон. Уг газрын дуудлага худалдааны үнэ 51,568,000 төгрөг, нөхөн төлбөр 618,806 төгрөг, газрын төлбөр 757,168 төгрөг, захиргааны торгууль 500,000 төгрөг, 2014-2017 оны алданги 798,000 төгрөг, 2019 оны газрын төлбөр 757,568 төгрөг, 2012-2013 оны газрын төлбөр, торгууль 69,008,000 төгрөг, 2000-2017 оныг  хүртэлх газрын төлбөр 2,223,660 төгрөг Н.Э-ийн эзэмшил газарт орсон байгаа. Н.Э-ийн мөнгөөр худалдаж авсан боловч тухайн үед Б.Бийн эзэмшил нэр дээр байсан Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 4 дүгээр хороо, 48г-9 тоотод байрлах 96 м.кв байрыг Хас банкны өрөнд алдсан. Уг байрыг чөлөөлж Н.Э-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Хас банкны зээл нь Н.Э-ийн эд хөрөнгөд зарцуулагдсан. Я.Ноос авсан бүх мөнгө буцаад Н.Э-ийн эд хөрөнгөд зарцуулагдсан. Тухайн газар нь сар бүр 2,750,000 төгрөгийн түрээсийн орлого олдог. Я.Н нь 4 контейнероос бусад контейнерыг түрээсэлдэг. 40 тонн, 20 тонны тус тус 3 контейнер, нэг контейнер давхарлаастай нийт 7 контейнер байдаг. Мөн 50 м.кв агуулахыг 800,000 төгрөгөөр түрээсэлдэг, 80 м.кв дээвэр муутай агуулахыг 450,000 төгрөгөөр түрээсэлдэг. 11 контейнер, 2 агуулах байгаа бөгөөд Я.Н сар бүр 2,750,000 төгрөг авдаг нь үнэн. Анх Я.Н-ийн контейнер 2 ширхэг байсан, сүүлд 4 контейнер нэмж тавьсан. Зээл авахаас өмнө байсан 1 контейнерын үнийг хоорондоо тохиролцоод төлөөгүй. 2019-2020 оны 10 дугаар сард хүртэл тухайн газраас хүүд нийт 33,000,000 төгрөг, 2020 оны 10 сараас 2021 оны 06 сар хүртэл нийт 8 сарын хүү 22,000,000 төгрөг өгсөн. Хүүд 55,000,000 төгрөг авсан. 2021 оны 06 дугаар сараас нэхэмжлэл гаргаад хүү зогссон, түүнээс хойш сар бүрийн 2,750,000 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдана. Я.Нид 175,250,000 төгрөг төлбөл зохино гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар ярилцаагүй. 175,000,000 төгрөгт газрыг авах гээд байгааг шуналын сэдэлтэй гэж харж байна. Мөнгөө төлсний дараа газрын шинэ гэрчилгээг авах байсан учраас эхлээд хуучин гэрчилгээгээр нь тавьж, гэрчилгээ гарсны дараа шинэ гэрчилгээг өгсөн. Я.Н 2019 оны 10 дугаар сараас хойш тухайн газраас 79,750,000 төгрөгийн орлого олсон. Уг газар дээр 99708221, 99023626, 99085686, 91953060 дугаарын утастай 4 түрээслэгчийн контейнер байгаа. Я.Н эдгээрээс сар бүр 600,000 төгрөгийн орлого олж байгаа гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: Н.Э Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ..................., Цагдаагийн гудамж хаягт байрлах 623 м.кв талбайтай газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олж авсан. Н.Э нь Япон улсад ажиллаж амьдардаг, өөрийн эзэмшлийн газрыг зөвхөн худалдан борлуулах эрхийг төрсөн эгч Б.Б-тээ олгосон байсан. Гэтэл Б.Б нь итгэмжлэлийг ашиглан Я.Ноос 200,000,000 төгрөгийн зээл авч, зээл болон барьцааны гэрээг хууль бусаар байгуулсан. Б.Б газрыг барьцаалах эрхтэй гэж худал хэлж Я.Нийг итгүүлэн хууль бус барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг өөртөө ашигласан. Я.Н нь Б.Б-т залилуулснаа мэдээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.Бийг шалгуулж байсан. Б.Б-т олгосон итгэмжлэлд газар эзэмших эрхийн нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаар зөрүүтэй байгаа нь Я.Нтой байгуулсан барьцааны гэрээ илт хүчин төгөлдөр бус юм. Хэрэв хуулийн дагуу барьцаалахаар байсан бол зохих газарт нь бүртгүүлэн тэмдэглэгээ хийлгэх байсан. Газрыг гуравдагч этгээдэд барьцаалах эрхийг олгоогүй байхад барьцааны гэрээ  байгуулсан нь хүчин төгөлдөр бус. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй тул  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Бээс зээлийн гэрээний үүрэгт 282,900,000 /хоёр зуун наян хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Нид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,100,000 /гучин таван сая нэг зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Н.Э-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 11 хороо, Цагдаагийн гудамж хаягт байрлах, нэгж талбарын 1461601939 дугаартай, 623 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Я.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,747,950 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,572,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Нид олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. 

5.1. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасны дагуу нотариатч 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл болон 000011599 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн ..................., 623 м.кв талбайтай газрыг барьцаалсан барьцааны гэрээг хууль зөрчөөгүй гэж үзэж гэрчилсэн. Мөн Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд цахим бүртгэлд бүртгэгдсэн. Барьцааны гэрээг Б.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан. Б.Б нь зээл, зээлийн хүү, алдангийг төлөх төлбөрийн чадваргүй болохыг удаа дараа мэдэгдсэн тул Б.Бээс төлбөрийг гаргуулан авах цорын ганц зам нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар заавал улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд нотариатаар баталгаажуулах хуулийн шаардлага байхгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүлийн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхээр үүрэг болгосон. Мөн итгэмжлэлийг зориулалтын бусаар ашиглаж барьцаалсан нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Я.Н-ийн зээл, хүү, алдангид нийт 318,000,000 төгрөг гаргуулах, ................... 623 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 175,250,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцааны хөрөнгө буюу газрын эзэмшигч Д.Э гуравдагч этгээдээр оролцсон байна.

3. Хариуцагч Б.Б 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Я.Ноос 200,000,000 төгрөг, сарын 3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдэн авч, зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн. /хх8/

Үүргийн гүйцэтгэлд Н.Э-ийн эзэмших эрхтэй Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж хаягт байрлах, нэгж талбарын 1461601939 дугаартай 623 м.кв газрыг барьцаалсан байна. /хх9/

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө өгсөн, авсан талаар маргаагүй. Хариуцагч “... зээл авсан, барьцаанд бариулсан газрыг Я.Н бусдад түрээсэлж сар бүрийн түрээсийн төлбөр 2,300,000 төгрөгийг зээлийн хүүд авахаар тохирсон, уг газар дээр 40 тн 3, 20 тн 3 контейнер, 1 давхарласан контейнер, нийт 7 контейнер байдаг, Я.Н тухайн газраас сар бүр 2,750,000 төгрөг зээлийн хүүд, 2019-2020 оны 10 сар хүртэл 33,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 06 сар хүртэл 22,000,000 төгрөг авсан, 2021 оны 06 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү зогссон, үүнээс хойшхи хугацаанд сар бүр 2,750,000 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдана ..,” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Я.Н, Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв. Хариуцагч үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг төлөх бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 6 контейнерийн түрээсийн төлбөр 23,400,000 төгрөгийг хасахад хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүн 188,600,000 төгрөг болно. Талууд зээлийн мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд буцаан өгөөгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Шүүх хариуцагчаас зээл, зээлийн хүүд 188,600,000 төгрөг, алданги 94,300,000 төгрөг, нийт 282,900,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Б.Б нь уг газрын эзэмших эрхийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Я.Нтой байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулсан боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э “өөрийн эзэмшлийн газрыг худалдан борлуулах эрхийг Б.Б-т олгосон .., Я.Ноос зээл авахдаа итгэмжлэлийг ашиглан газар барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 156.3, 56.1.8-т зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус” гэж тайлбарласан.

Хэргийн 10 дугаар талд Н.Э 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Б.Б-т 3052/0002 улсын бүртгэлийн дугаартай 0549022 тоот гэрчилгээтэй ................... хаягт байрлах 330 м.кв газрыг захиран зарцуулах эрхийг олгосон итгэмжлэл байна. Захиран зарцуулах эрхийн хүрээнд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалж болно. Гэвч зээлийн барьцааны гэрээнд барьцааны зүйлийн буюу газрын улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар өөрөөр бичигдсэн, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Шүүх энэ үндэслэлүүдээр барьцааны гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                    ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                    А.МӨНХЗУЛ