Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/01529

 

 

 

 

 

 

 

 

2022 04 05 101/ШШ2022/01529

 

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Е-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ОХУ-ын Т Г,

 

Орон сууц түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газартай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 02/18-02, 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 02/18-03 тоот Үйлчилгзэ үзүүлэх, тоот байршуулах гэрээний үндсэн дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2 байр хаягт байх 5 давхар угсармал орон сууцыг эзэмших, түрээслүүлэх үйлчилгээ явуулах эрхийг олж авсан юм. Манай компани 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Етай Орон сууц түрзэслэх, түрээслүүлэх 54 тоот гэрээ байгуулан, түрээслэгч Б.Е дээрх орон сууцны 54 тоотын 2 өрөө байрыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг сарын 450,000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслөн суусан. Хариуцагчийн зүгээс Ц ХХК-ийг үйлчилгээ үзүүлээгүй гэдэг. Б.Ет удаа дараа утсаар, гэрт нь мэдэгдэл өгсөн, бүр 4, 5, 6 дугаар сарын мөнгийг авахгүй гэж хэлсэн, мэдэгдэл өгөхөөр ураад хаячихдаг, холбоо байгуулаад эсэргүүцээд, өөрсдөө эсэргүүцэл үзүүлээд лоозон бариад жагсчихдаг. Бид өмнөөс нь дайраад байлтай биш, бид ашиглалтаа хариуцах ямар ч боломжгүй болсон. Ц ХХК-ийн зүгээс оршин суугчдын холбоонд бичиг баримт, итгэмжлэлээ үзүүлсэн, оршин суугчдаа цуцлуулж хурал хийх гэсэн боловч цуглараагүй. Хууль бусаар мөнгө төлөхгүй санаатай, мөнгө төлөхгүй бол энэ байрыг бидэнд өгчихнө, угаасаа манай Монгол улсын газар нутаг дээр байгаа юм чинь бид юу гэж мөнгө төлж байдаг юм гэсэн байр суурьтай байдаг. Ц ХХК-ийн дансанд мөнгө хиймээргүй байна гэж байна. Б.Етай байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх 54 тоот гэрээний 2.3-т Түрээслэгч тал нь сар бүрийн 20-ны өдрийн дотор түрээсийн төлбөр болох 520,000 төгрөгийг Ц ХХК-ийн Хаан банкны 5925251969 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан боловч түрээслэгч Б.Е нь гэрээний сүүлийн нийт 8 сарын төлбөр төлөөгүй одоог болтол тус байранд оршин суусаар байна. Гэрээний 4.4-т хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан байгаа. Б.Е нь түрээсийн төлбөр төлөөгүй өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр болон төлбөрийн хугацаа хэтэрсэн хоногуудын алдангийг төлөөгүй бөгөөд орон сууц хөлсөлсөн төлбөрт 3,600,000 төгрөг, алдангид 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг төлөөгүй байна. Бидний зүгээс түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй учир ийнхүү шүүхийн журмаар нэхэмжилж байна. Иймд орон сууцны түрээсийн хөлс төлбөрт Б.Еаас 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц ХХК-ийн орон сууцны түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, бүгд 5,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх энэ байранд 2017 оны 08 дугаар сард орсон. Тухайн үед Энхүүд ХХК-тай нэг жилийн хугацаатай гэрээг хийсэн. Гэтэл уг гэрээний хугацаа дуусаагүй байхад Ц ХХК гэж танихгүй хүмүүс ирж гэрээ хийхийг шаардаж, гэрээ хийхгүй бол гаргана гэх зэргээр дарамталж гэрээнд гарын үсэг зурсан. Манай гэр бүл уг байранд анх ороход шал хөндий зай ихтэй хөдөлгөөнтэй байсныг янзалсан, модон цонх дулаан алдагдал ихтэй учраас вакуум цонхоор сольсон, шал модоороо байсныг хулдаасалсан, ванны өрөөний болон гал тогооны өрөөний холигч тосгуур эвдэрсэн байсныг сольсон, ханын цаас нь хуучирч муудсан байсныг өөрсдийн 3.5 сая орчим төгрөгийн зардлаар байранд бүрэн засвар хийж янзлаад амьдарч байна. Энхүүд ХХК-тай гэрээтэй байх үед нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул, сантехникийн үйлчилгээг компани өөрөө бүрэн хариуцдаг байсан. Гэтэл түрээсийг Ц ХХК-д төлж эхэлснээс хойш байрны болон нийтийн эзэмшлийн орц, байшингийн засвар, харуул, цэвэрлэгээний үйлчилгээг огт хийхгүй болж, оршин суугчид бид өөрсдөө хариуцахаас өөр аргагүй болсон. Ингээд манай байрныхан эрх ашгаа хамгаалах холбоог байгуулж, айл бүрээс сарын 35,000 төгрөгийн төлбөр авч, өөрсдөө орцны цэвэрлэгээ, харуулын үйлчилгээ, орцны засвар, гадаах талбайн хашаа, тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, байшингийн дээвэр, сантехник зэргийн засвар үйлчилгээгээ санхүүжүүлж байна. Тухайлбал бид өөрсдийн зардлаар байрныхаа дээврийг засаж, орцны хаалгаа төмөр хаалгаар сольж чиптэй болгож, гадаах камерыг шинээр тавьсан, машины зогсоолыг цэгцэлсэн, гадаах талбайн хашаагаа засаж будсан, тоглоомын талбайгаа сэлбэх зэрэг ажлыг өөрсдийн зардлаар хийсээр ирсэн. Сантехникийн үйлчилгээг айлууд өөрсдөө төлбөрөө төлж хувь хүнээр гүйцэтгүүлж байна. Ц ХХК манай байрны оршин суугчдад болон манай гэрт ямар нэгэн үйлчилгээ үзүүлж байсан удаагүй. Зөвхөн төлбөрөө төлөхийг шаардаж айлгаж дарамталж ирсэн. Миний хувьд хөлслөх байрыг зохих ёсны шаардлага хангаж хүлээлгэн өгөх үүргийг бидний өмнө хэрэгжүүлээгүй өмчлөгч биш этгээдэд түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй, үндсэн өмчлөгчтэй нь гэрээ хийх сонирхолтой байна. Ц ХХК төлөөлөгч нь юм бол хариуцлагаа үүрээд ард иргэддээ аятайхан амьдрах ахуй нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой, ямар ч үйлчилгээ үзүүлдэггүйд гомдолтой байгаа учраас төлбөрөө төлөхөө байсан. Түрээсийн мөнгө авахдаа компанийн данс биш эхнэрийнхээ дансыг өгч байсан тохиолдол байсан, баримтууд ч байдаг юм байна лээ, компани юм бол компанийн дансаар нь мөнгөө авах ёстой гэж үзэж байна. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээгээ хийгээд 04 дүгээр сарын төлбөрөө төлсөн. Гэтэл үйлчилгээ байхгүй байсан учраас 05 дугаар сараас эхлээд төлөөгүй. Төлбөр төлөх асуудлын хувьд Б.Еын эхнэр Оросын холбооны улсын иргэн бөгөөд Оросын холбооны улсын өмчлөлийн байранд амьдарч байгаа зарим орос иргэд харьцангуй хямд үнээр оршин суудаг гэсэн мэдээлэл авсан. Энэ талаар Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газар руу мэйл бичиж тодруулах шаардлагатай байгаа. Өмчлөгчтэй нь уулзаж гэрээ хиймээр байна, Ц ХХК-тай очоод уулзъя гэхээр оффис байхгүй, хаана байрладаг нь мэдэгдэхгүй. Оршин суугчдыг нийтийн эзэмшлийг засварлах асуудалд оруулахгүй гэдэг боловч өөрсдөө үйлчилгээ үзүүлье гэж нэг ч удаа ирж байгаагүй, гэрээ хийнэ, мөнгөө авна гэдэг асуудал ярьдаг. Гэрээ хэлцлийг хүсэл зоригийн үндсэн дээр хийдэг, гэтэл ингэж хийгээгүй. Ц ХХК нэг ч удаа дундын эзэмшлийн талбайг засаж сайжруулж, цэвэрлэгээ үйлчилгээ хийж байгаагүй, хог хаягдал татан зайлуулж байгаагүй, бид оршин суугчдын холбоогоор дамжуулж өөрсдөө мөнгөө гаргаж, өөрсдөө хийж байгаа. Тийм учраас алданги төлөхгүй, төлбөрийг зөвхөн Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газрын холбогдох дансанд нь төлнө, дараа нь төлсөн, төлөөгүй гэдэг асуудал үүсэх учраас Ц ХХК-ийн янз бүрийн хувийн дансанд төлмөөргүй байна гэсэн байр суурьтай байгаа гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1-2, 3/, итгэмжлэл /хх-4/, Ц ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-5, 6-8/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар болон Ц ХХК-ийн хооронд байгуулсан 2018.03.15-ны өдрийн 02/18-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ, хавсралт /хх-11-16, 28-32/, 2018.06.25-ны өдрийн 02/18-02 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ, хавсралт /хх-17-22, 38-42/, 2018.10.01-ний өдрийн 02/18-03 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ, хавсралт /хх-23-27, 33-37/, Ц ХХК, Б.Е нарын хооронд байгуулагдсан 2018 оны 54 дугаартай Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хх-44/, итгэмжлэл /хх-127/,

Хариуцагч талаас: хариу тайлбар /хх-54-55/, Энхүүд ХХК, Б.Е нарын хооронд байгуулагдсан 2017.08.04-ний өдрийн 54 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ /хх-56-57/, Баянзүрх дүүргийн хоёрдугаар байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ын 2021.10.18-ны өдрийн 1/13 дугаартай тодорхойлолт /хх-62/, 2018 оны 4 дүгээр сар Ц компанийн ажилчид айлын хаалгыг эвдэж дотор нь олон жил амьдарч байсан хүнийг шөнийн цагаар унтаж байхад нь хүч хэрэглэн хөөн гаргаж, хаалганы голыг нь сольж буй дүр зураг, Ц компанийн ажилчид 2 дугаар байрны оршин суугчийн хаалгыг эвдэн орж, дотор нь амьдарч байсан айлыг хүч хэрэглэн хүчээр нүүлгэж байхад нь БЗД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа нар ирж хууль бус үйлдлийг нь таслан зогсоож байгаа байдал, Ц компани 2018 оны 4 дүгээр сард харуул хамгаалалтын байрыг эвдэж улмаар хэрэглээний цэвэр усны узель байрлах подвалын хаалгыг эвдэж орон халуун хүйтэн усыг хааж тоолуурыг нь авч байгаа байдал, Ц компани 2018 оны 4 дүгээр сард харуул хамгаалалтын байрыг эвдэж улмаар хэрэглээний цэвэр усны узель байрлах подвалын хаалгыг эвдэж орон халуун хүйтэн усыг хааж тоолуурыг нь авч байгаа байдал, 2018 оны 4 дүгээр сар Ц компани оршин суугчдыг түрээсийн гэрээ хийсэн нөхцөлд тогийг нь залгана хэмээн сүрдүүлж цахилгааныг нь угаар нь тасдсан байгаа байдал, Ц компани айлын хаалганы голыг нь солиод хүчээр нүүлгэж байгаа байдал, 2018 онд оршин суугчид өөрсдийн мөнгөөрөө нийлж дээврээ янзлав, Оршин суугчид орцны дулаан алдагдлаа зогсоохын тулд өөрсдийн мөнгөөрөө нийлж орцны хаалга солив, 2018 оны 9 дүгээр сард оршин суугчид өөрсдийн мөнгөөрөө нийлж халуун усны өргөх насосыг сольж шинийг суурилуулж тавив, Ц ХХК-ийн ажилтан байрны оршин суугчийг зөвхөн гэрээ хийсэн нөхцөлд дотогш оруулна хэмээн сүрдүүлж хаалга гинжилсэн байгаа байдал гэсэн тайлбартай фото зургууд /хх-63-73/, Хаан банкны 5003550669 дугаартай дансны депозит дансны хуулга /хх-80/, Том өрөөний цонхыг вакум цонх болгосон үеийн зураг, Том өрөөний хуучин модон цонхтой байсан үеийн зураг, Жижиг өрөөний цонхыг вакум цонх болгосон үеийн зураг, Жижиг өрөөний хуучин модон цонхтой байсан үеийн зураг гэсэн тайлбартай фото зургууд /хх-81-84/, оршин суугаа байрандаа засвар үйлчилгээг байнга хийж ирсэн талаарх жагсаалт, хавсралт фото зургууд /хх-85-92/, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар Холбооны Улсын үйлдвэрийн газрын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 131 тоот итгэмжлэл /хх-106-109/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар Холбооны Улсын үйлдвэрийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэл /хх-112-114/, орчуулагч Марина Курбатовагийн 09/21 дугаартай ажлын үнэмлэх /хх-115/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Б.Ет холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 54 тоот орон сууцны түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Ц ХХК нь хүч хэрэглэн дарамталж гэрээ байгуулсан, хөлслөх байрыг зохих ёсны шаардлага хангаж хүлээлгэн өгөх үүргийг хэрэгжүүлээгүй өмчлөгч биш этгээдэд түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй, үндсэн өмчлөгч болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газартай гэрээ хийж, төлбөрийг төлнө гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008821 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр, 5 давхар угсармал 6292,18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Оросын Холбооны Улс болох нь 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон 000357478 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаартай итгэмжлэлээр Белозеров Василий Владимировичид Монгол улсын газар нутагт байрлаж байгаа тус Холбооны улсын үйлдвэрийн аж ахуйн мэдэлд байгаа холбооны улсын эд хөрөнгөтэй холбоотой тус газрыг төлөөлөн хэрэгжүүлэх эрхийг олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар нь дээр дурдсан итгэмжлэлийн дагуу ОХУ-ын өмч болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 2 дугаар байрыг бусдад түрээслүүлэх, үйлчилгээ явуулах зорилгоор нэхэмжлэгч Ц ХХК-тай дор дурдсан гэрээнүүдийг байгуулжээ. Үүнд:

- 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 02/18-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай,

- 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 02/18-02 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай,

- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 02/18-03 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ-г 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт ....дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц ХХК нь шууд эзэмшигч байна.

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Б.Етай 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 54 дугаартай Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 54 тоот орон сууцыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар, сарын төлбөр нь 450,000 төгрөг, төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөхөөр, төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээр дурдсан гэрээг байгуулсан талаар маргаагүй боловч гэрээг хүч хэрэглэн дарамталсны улмаас байгуулсан, гэрээг түүний хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй гэх тайлбарыг гаргасан ч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, түүний тайлбарт дурдсан асуудал нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008821 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2 дугаар байрны нийт талбайг 6292.18 м.кв гэсэн байхад ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газар-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар, Ц ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд 6844,56 м.кв гэсэн, Б.Еын эзэмшиж буй 54 тоот орон сууц гэрээнд заасан талбайд орж байгаа эсэх нь тодорхойгүй гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ гэсэн нэртэй байх боловч гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд орон сууц хөлслөх, хөлслүүлэх харилцаа үүссэн, Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, энэ шаардлагыг хангаагүй уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй байх тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц ХХК нь эзэмшиж буй орон сууцны хөлслүүлэгчийн хувьд хөлслөгчөөс орон сууцны хөлсийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Еаас 8 сарын буюу 2018 оны 05 дугаар сараас 12 сарын төлбөрийг гэрээгээр тохиролцсон 450,000 төгрөгөөр тооцон 3,600,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт 2018 оны 04 дүгээр сарын төлбөрийг төлсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц ХХК нь 2 дугаар байрны засвар үйлчилгээний талаар ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүйгээс тус байрны оршин суугчид эрх ашгаа хамгаалахаар холбоо байгуулан, сард 35,000 төгрөгийн төлбөр төлдөг болсон, холбоо нь байрны засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа тул Ц ХХК-д төлбөр төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

 

Баянзүрх дүүргийн Хоёрдугаар байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/13 дугаартай тодорхойлолтыг хариуцагч нь шүүхэд ирүүлсэн, уг тодорхойлолтод хариуцагч Б.Еын 2018 оноос холбооны хураамж, засвар үйлчилгээний төлбөр төлж байсан талаар дурдсан байх боловч хариуцагч тухайн хураамж, төлбөрийг төлж байсан асуудал нь нэхэмжлэгч Ц ХХК-тай байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч Б.Е нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 54 тоот орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь, 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардсан 8 сарын орон сууц хөлсөлсний төлбөрийг гэрээнд заасан нэг сард төлбөл зохих 450,000 төгрөгөөр тооцон нийт 3,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.4-т Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тохирсон байх тул нэхэмжлэгч Ц ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 879 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 18,000 /3,600,000-ийн 0,5 хувь/ төгрөгөөр тооцвол 15,822,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 1,800,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Б.Еаас 2018 оны 05 дугаар сараас 12 дугаар сарын буюу 8 сарын орон сууц хөлсөлсний төлбөрт 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 101,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Еаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Еаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 101,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР