Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01070

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01070

 

 

 

 

                                     “ЦХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/01529 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн хариуцагч Б.Ет холбогдуулан гаргасан орон сууцны түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Б.Еаас орон сууцны түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг гаргуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “ЦХ” ХХК нь .....тай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 02/18-01 тоот, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/18-02, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/18-03 тоот үйлчилгзэ үзүүлэх, тоот байршуулах гэрээний үндсэн дээр ....2 байр 5 давхар угсармал орон сууцыг эзэмших, түрээслүүлэх үйлчилгээ явуулах эрхийг авсан. Тус компани 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б.Етай тус орон сууцыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 450,000 төгрөгийн түрээслүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь төлбөрөө төлөхийг Б.Ет утсаар болон биечлэн мэдэгдэж, 4, 5, 6 дугаар сарын төлбөрийг авахгүй гэж хэлсэн. Оршин суугчдаа цуглуулж хурал хийх гэсэн боловч цуглараагүй. Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний 2.3-т “түрээслэгч тал нь сар бүрийн 20-ны өдрийн дотор түрээсийн төлбөр 520,000 төгрөгийг “ЦХ” ХХК-ийн Хаан банкны ..... тоот дансанд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл Б.Е нь сүүлийн 8 сарын төлбөрийг төлөөгүй атлаа байранд оршин суусаар байна. Гэрээний 4.4-т алданги төлөхөөр тохиролцсон гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 2017 оны 08 дугаар сард тус байранд орсон бөгөөд “Э” ХХК-тай  жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа дуусаагүй байхад “ЦХ” ХХК гэрээ байгуулахыг шаардаж, гэрээ байгуулаагүй тохиолдолд байрнаас гаргана гэж дарамталж гэрээнд гарын үсэг зуруулсан. Тус байранд анх ороход шал нь хөндий зай ихтэй байсныг янзалж, модон цонхыг вакум цонхоор сольсон, шалыг нь хулдаасалж, ариун цэврийн болон гал тогооны өрөөний холигч тосгуурыг сольсон, ханын цаас нь муудсан байсан. 3,500,000 орчим төгрөгийн зардал гаргаж бүрэн засвар хийсэн. “Э” ХХК нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул, сантехникийн үйлчилгээг бүрэн хариуцдаг байсан. Гэтэл “ЦХ” ХХК-д түрээсийн төлбөрийг төлж эхэлснээс хойш байрны болон нийтийн эзэмшлийн орц, байшингийн засвар, харуул, цэвэрлэгээний үйлчилгээг хийхгүй болж, оршин суугчид өөрсдөө хариуцахаас өөр аргагүй болсон. Оршин суугчид өөрсдийн зардлаар байрныхаа дээврийг засаж, орцны хаалгаа төмөр хаалгаар сольж чиптэй болгосон, гаднах камерыг шинээр тавьсан, машины зогсоолыг цэгцэлсэн. Гадаах талбайн хашаагаа засаж будсан, тоглоомын талбай сэлбэх зэрэг ажлыг өөрсдийн зардлаар хийсэн. Сантехникийн үйлчилгээг айлууд өөрсдөө төлбөрөө төлж хувь хүнээр гүйцэтгүүлж байна. “ЦХ” ХХК байрны оршин суугчдад ямар нэгэн үйлчилгээ үзүүлж байгаагүй, зөвхөн төлбөрөө төлөхийг шаардаж айлгаж дарамталсан. Үндсэн өмчлөгчтэй гэрээ байгуулах сонирхолтой байна. Түрээсийн төлбөрийг авахдаа компанийн дансыг биш, эхнэрийнхээ дансыг өгч байсан тохиолдол байсан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулаад 04 дүгээр сарын төлбөрөө төлсөн. Үйлчилгээ үзүүлээгүй учраас 05 дугаар сараас төлбөрөө төлөөгүй. ОХУ-ын өмчлөлийн байранд амьдарч байгаа зарим орос иргэд харьцангуй хямд үнээр оршин суудаг гэсэн. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газраас тодруулах шаардлагатай. Гэрээг талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй. Нэхэмжлэгч дундын эзэмшлийн талбайг засаж сайжруулж, цэвэрлэгээ үйлчилгээ хийж байгаагүй, хог хаягдлыг татаж зайлуулаагүй, оршин суугчид холбоогоор дамжуулж өөрсдөө мөнгөө төлж энэ бүхнийг хийж байсан. Алданги төлөхгүй, төлбөрийг зөвхөн ....... газрын Хилийн чанад дахь төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газрын холбогдох дансанд нь төлнө.  

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Тайлбар гаргаагүй болно.

 

4. Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Еаас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦХ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Еаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 101,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЦХ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 

5.1. ....... бүхэлдээ ОХУ-ын өмч бөгөөд “ЦХ” ХХК хууль ёсны итгэмжлэлгүйгээр маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслүүлэх гэрээ байгуулах, хөлс шаардах эрхгүй. “ЦХ” ХХК  байрны өмчлөгчөөс нь итгэмжлэл авсан баримт хэрэгт байхгүй. ЦХ” ХХК байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. Монгол Улсад оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэн бол хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэрээ ямар нэртэй байхаас үл хамаарч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж байгаа тул мөн хуулийн 318.3-т заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх журамтай. Түрээсийн гэрээ болох байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр байж Б.Етай байгуулсан хөлслөх гэрээ хүчин төгөлдөр болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр байгуулсан хөлслөх гэрээ нь мөн хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “ЦХ” ХХК хариуцагч Б.Ет холбогдуулан орон сууц хөлсөлсний төлбөр 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

4.а. ....... угсармал байр хаягт байршилтай 6292,18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ОХУ 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн. ....... газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар, Холбооны Улсын үйлдвэрийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус газрын нэрийн өмнөөс Монгол Улсын газар нутагт байрлаж байгаа холбооны эд хөрөнгөтэй холбоотой “... бүх асуудлын талаар төр засгийн байгууллага болон хуулийн этгээд, хувь хүний өмнө төлөөлөх, албаны, амины болон бусад өрөө тасалгаанд байршуулах үйлчилгээ үзүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулах зорилгоор түншийн эрэлт явуулах, орос, гадаадын хувь хүн хуулийн этгээдтэй хэлэлцээр хийх..., ” зэрэг үйлдэл хийх итгэмжлэлийг ....... олгосон байна. Тэрээр дээрх эрхийнхээ хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус “ЦХ” ХХК-тай ....... угсармал байр хаягт байршилтай 6292,18 м.кв талбайтай орон сууцуудад түр байршуулан үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулжээ. /хх9, 11-42, 106/

 

 

4.б. Хариуцагч Б.Е 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий ....... 2 өрөө орон сууцанд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар тутамд 450,000 төгрөг төлж суухаар “ЦХ” ХХК-тай гэрээ байгуулсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. /хх44/

4.в. Гэрээний агуулгаас нь дүгнэхэд сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг бүхий Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ЦХ” ХХК объектыг түрээслэх эрхгүй, “Э” ХХК-тай  байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад “ЦХ” ХХК гэрээ байгуулахыг шаардаж, дарамталж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч “ЦХ” ХХК маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлтэйгээр эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч нь “байрнаас гаргана гэж дарамталж гэрээнд гарын үсэг зуруулсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрхтэй. Орон сууц хөлслөх гэрээний 2.3-т түрээслэгч тал нь сар бүрийн 5-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Хаан банкны ..... тоот дансанд түрээсийн төлбөрт 450,000 төгрөг шилжүүлнэ, 4.4-т хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 8 сарын түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг, алдангид 1,800,00 төгрөг, нийт 5,400,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.а. ....... газрын Холбооны улсын үйлдвэрийн хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газраас ....... 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус газрын нэрийн өмнөөс бусад этгээдтэй маргаан бүхий объекттой холбоотой хэлцэл хийх эрхийг олгосон. Тэрээр өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд “ЦХ” ХХК-тай тус орон сууцуудад түр байршуулан үйлчилгээ үзүүлэх  гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд “ЦХ” ХХК хууль ёсны өмчлөгчөөс нь итгэмжлэл аваагүй, орон сууцыг бусдад хөлслүүлэх гэрээ байгуулах, хөлс шаардах эрхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

 

 

6.б. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлсөх гэрээ байгуулагдсан тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/01529 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 101,350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                   

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

                                                         А.МӨНХЗУЛ