Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2302

 

 

“В” ХХК-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02908 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “В” ХХК-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ю” ХХК-д  холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 476 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ю” ХХК нь 2014 оноос эхлэн манай компанитай хамтран ажиллаж, хүнсний бараа бүтээгдэхүүнийг борлуулж ирсэн. Тус бараа бүтээгдэхүүнийг өөрийн Зооз /Zooz/ супермаркет хүнсний дэлгүүртээ зээлээр авч, худалдан борлуулж, төлбөрийг дараа тооцоогоор төлж байсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан үлдэгдэл барааныхаа төлбөр болох 576 650 төгрөгийн төлбөрөөс 100 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард төлсөн. Үлдэгдэл 476 650 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай супер маркетын нэрийг “Зооз” гэж буруу бичсэн байсан. “Зоос” гэдэг нэртэй 8 нэрийн барааны супермаркет. Дэлгүүр ажиллуулахын тулд компани байгуулах ёстой болохоор “Ю” ХХК гэдэг нэр авсан. Бодит амьдрал дээр “Зоос” гэдэг нэртэй жижиг супермаркет. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан зарлагын баримтуудын 3 нь тухайн байгууллагын өөрийнх нь тамгатай, бусад нь огт тамгагүй. Манай байгууллагын хувьд тамгатай зарлагын падааныг хүлээн зөвшөөрч байна. Эхний шүүх хурал дээр хариуцагч талаас дэлгүүрийн кассын орлого, зарлагын дэвтрээс нэхэмжлэлийн шаардлагаас 130 000 төгрөг төлсөн гэсэн баримтыг түүж өгсөн. Дараагийн шүүх хурал дээр тамгатай баримтаар авсан барааныхаа төлбөрийг хувааж төлсөн гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хариуцагч мобайлаар шилжүүлсэн. Дээрх баримтуудаас харахад “Зоос” супермаркет “В” ХХК-д ямар нэгэн төлбөргүй болох нь харагдаж байна. “Зоос” супермаркетын кассын орлого, зарлагын дэвтрээс харахад нэхэмжлэгч талын борлуулагч нар бэлэн мөнгө барааны төлбөрт авдаг байсан нь харагдаж байна. Борлуулагчийн авсан уг бэлэн мөнгө хариуцагчийн дансанд ордог эсэхэд нэхэмжлэгч тал хяналт тавих ёстой байсан. “В” ХХК-ийнборлуулагч бүр нэг нэг данс өгдөг. Нэхэмжлэгч тал борлуулагчийнхаа хариуцагч байгууллагаас бэлэн мөнгө авсан эсэхийг нарийн сайн шалгахгүйгээр харилцагч байгууллагаа барааны үлдэгдэлтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Ю” ХХК-иас 156 020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320 630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю” ХХК-иас 5 331 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...576 650 төгрөгөөс нэхэмжлэл гаргахдаа 100 000 төгрөгийг хассан байхад нийт нэхэмжлэлийн 476 650 төгрөгийн үнийн дүнгээс дахин 100 000 төгрөг хасч тооцсон. Мөн хариуцагч талын баримт нотлох баримтын шаардлага хангаагүй хар данс гэх дансны хувийн бүртгэлийн дэвтэрт /манай талаас 64 000 төгрөг хүлээн авсан тухай нотлогдоогүй баримтаар/ манай компанид 64 000 төгрөгийг огт төлөөгүй байхад нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцон нийт нэхэмжлэлийн шаардлагаас 156 020 төгрөгийг манай компанид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагаас 320 630 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. “Ю” ХХК нь 2016 оноос эхлэн дээрх 476 650 төгрөгийг өгөхгүй хохироож тооцоо нийлэх актан дээр гарын үсэг зурхаас зугтааж, тооцоо үлдэгдлээ дуусга гэхэд манай компаний санхүүгийн баримт лагерт байгаа гэж манай компанид чирэгдэл учруулж, арга буюу шүүхийн байгууллагад хандах болсон. Иймд гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Ю” ХХК-д  холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 476 650 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 удаагийн нийлүүлэлтээр нийт 576 650 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагчид нийлүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 удаагийн нийлүүлэлтээр нийт 320 020 төгрөгийн /хх-4,6-7/ үнэ бүхий барааг нийлүүлсэн гэж зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцжээ.

                                               

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

            Анхан шатны шүүх хэргийн 4, 6, 7 дүгээр тал дахь “В” ХХК-ийн2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 92 960 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 131 160 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 95 900 төгрөг, нийт 320 020 төгрөгийн зарлагын баримтуудыг талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан тул санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх нийлүүлсэн 320 020 төгрөгийн үнэ бүхий барааны төлбөрөөс 100 000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 34 дэх талд авагдсан “В” ХХК-ийнХаан банкны депозит дансны хуулга баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 64 000 төгрөгийн төлбөр төлсөн гэж нэг талын баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул дараах байдлаар залруулах боломжтой.

 

Иймд нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааны үнэ 320 020 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 100 000 төгрөгийг хасч тооцон 220 020 төгрөгийг хариуцагч “Ю” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 256 630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02908 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “156 020” гэснийг “220 020”, “320 630” гэснийг “256 630” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “5 331” гэснийг “7 250” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ