Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00482

 

 

“В Ф” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02908 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302 дугаар магадлалтай,

“В Ф” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Ю П М” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 476 650 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ю П М” ХХК нь 2014 оноос эхлэн манай компанитай хамтран ажиллаж, хүнсний бараа бүтээгдэхүүнийг борлуулж ирсэн. Тус бараа бүтээгдэхүүнийг өөрийн Зооз /Zooz/ супермаркет хүнсний дэлгүүртээ зээлээр авч, худалдан борлуулж, төлбөрийг дараа тооцоогоор төлж байсан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан үлдэгдэл барааныхаа төлбөр болох 576 650 төгрөгийн төлбөрөөс 100 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард төлсөн. Үлдэгдэл 476 650 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ манай супер маркетын нэрийг Зооз гэж буруу бичсэн байсан. Зоос гэдэг нэртэй 8 нэрийн барааны супермаркет. Дэлгүүр ажиллуулахын тулд компани байгуулах ёстой болохоор “Ю П М” ХХК гэдэг нэр авсан. Бодит амьдрал дээр Зоос гэдэг нэртэй жижиг супермаркет. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан зарлагын баримтуудын 3 нь тухайн байгууллагын өөрийнх нь тамгатай, бусад нь огт тамгагүй. Манай байгууллагын хувьд тамгатай зарлагын падааныг хүлээн зөвшөөрч байна. Эхний шүүх хурал дээр хариуцагч талаас дэлгүүрийн кассын орлого, зарлагын дэвтрээс нэхэмжлэлийн шаардлагаас 130 000 төгрөг төлсөн гэсэн баримтыг түүж өгсөн. Дараагийн шүүх хурал дээр тамгатай баримтаар авсан барааныхаа төлбөрийг хувааж төлсөн гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийг хариуцагч мобайлаар шилжүүлсэн. Дээрх баримтуудаас харахад Зоос супермаркет “В Ф” ХХК-д ямар нэгэн төлбөргүй болох нь харагдаж байна. Зоос супермаркетын кассын орлого, зарлагын дэвтрээс харахад нэхэмжлэгч талын борлуулагч нар бэлэн мөнгө барааны төлбөрт авдаг байсан нь харагдаж байна. Борлуулагчийн авсан уг бэлэн мөнгө хариуцагчийн дансанд ордог эсэхэд нэхэмжлэгч тал хяналт тавих ёстой байсан. “В Ф” ХХК-ийн борлуулагч бүр нэг нэг данс өгдөг. Нэхэмжлэгч тал борлуулагчийнхаа хариуцагч байгууллагаас бэлэн мөнгө авсан эсэхийг нарийн сайн шалгахгүйгээр харилцагч байгууллагаа барааны үлдэгдэлтэй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02908 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Ю П М” ХХК-иас 156 020 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “В Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320 630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю П М” ХХК-иас 5 331 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2302 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02908 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 156 020 гэснийг 220 020, 320 630 гэснийг 256 630 гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 5 331 гэснийг 7 250 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В Ф” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх хариуцагчийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 64 000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж нотлох баримтыг үнэн зөв үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба анхан  шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцүүлэн дүгнэсэн байхад харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах нотлох баримтыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг татгалзлыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх нэг талыг барьж хариуцагчийн төлбөрийг төлсөн баримтыг тодруулбал, ““В Ф”” ХХК-ийн борлуулагчийн дансанд шилжүүлж төлбөрийг төлсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс магадлал үндэслэл бүхий болж гэж үзэж гомдож байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “В Ф” ХХК нь хариуцагч “Ю П М” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 476 650 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, худалдан авсан барааны үнийг бүрэн төлсөн, борлуулагч авсан мөнгөө өгсөн эсэхийг нэхэмжлэгчид өгөх ёстой гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 156 020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 220 020 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримтаар “В Ф” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 320 020 төгрөгийн /хх-4,6-7/ үнэ бүхий барааг “Ю П М” ХХК-д нийлүүлсэн нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагч 164 000 төгрөгийг төлсөн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх 100 000 төгрөгийг төлсөн гэж нотлох баримтыг өөр өөрөөр үнэлжээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн “кассын дэвтэр” баримтад /хх-50, кассын дэвтэр гэсэн тусдаа баримт/ 2016 оны 05 сарын 12-ны өдөр “витсамо 64 000 төгрөг” гэсэн тэмдэглэгээ нь уг мөнгийг хариуцагчид эсвэл түүний борлуулагчид хүлээлгэн өгсөн байдлыг нотлоогүй талаар давж заалдах шатны шүүх бодитой дүгнэлтийг хийжээ. Хариуцагч нь 64 000 төгрөгийг төлсөн болохыг баримтаар нотлоогүй, дээрх баримт нь мөнгө төлснийг нотолсон агуулгагүй тул  шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 2302 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА