Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01457

 

 

 

 

 

 

 

 

2022 03 31

101/ШШ2022/01457

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,162,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

хариуцагчийн төлөөлөгч Г.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Н ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Aurora зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх Г-19/024 тоот гэрээг байгуулж ажлын хөлсөнд 12,500,000 төгрөг төлөхөөс 11,875,000 төгрөгийг гэрээний дагуу төлсөн. Гүйцэтгэгч Н ХХК нь барилгын гадна гэрэлтүүлгийн угсралт, холболтыг гүйцэтгэх ажлыг зургийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна гэрэлтүүлэг зориулалтын дагуу хөдөлгөөнт эффект программаар асахгүй, мөн буруу холболтоос гэрэлтүүлэг шатаж ашиглах боломжгүй болоод байна. Бид гэрэл болон холболт угсралтын материалд 95,000,000 орчим төгрөг, түүний угсралт холболтын ажлын хөлсөнд 12,500,000 төгрөг, нийт 107,500,000 орчим төгрөг зарцуулсан боловч зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна. Гүйцэтгэлийн зөрчил доголдлоо арилгаж захиалагчийг хохиролгүй болгох талаар гүйцэтгэгч Н ХХК-д удаа дараа албан бичгээр хандсан, мөн гэрэл нийлүүлэгч НВС Монголиа ХХК-тай гурвалсан уулзалт хийж гүйцэтгэлийн алдааг тодорхой болгосон боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй нөхцөл байдал хэвээр байна. Гэрээний 1.3-т Барилгын гадна фасадын гэрэлтүүлгийг батлагдсан зургийн дагуу захиалагчаас өгөгдсөн материал, тоноглол, туслах материалаар угсарч бүрэн ажиллагаанд оруулан хүлээлгэж өгөх, 5.2.1 Гүйцэтгэгч гэрээт ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх бөгөөд ажлын гүйцэтгэлд 1 жилийн баталгаат хугацаа гаргана, 5.2.3-т Ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүйн улмаас гарсан зөрчил, доголдлыг захиалагчаас шаардсаны дагуу өөрийн зардлаар засах, засах боломжгүй тохиолдолд шинээр гүйцэтгэнэ. Энэ заалт нь баталгаат хугацаанд болон гомдлын шаардлага гаргах хугацаанд мөн адил үйлчилнэ гэж заасан. Хариуцагч ажил гүйцэтгэсэн акт өгсөн, түүнийгээ олохгүй байна гэдэг зүйл ярьдаг. Зураг төсөл бол төсөөлөл, гүйцэтгэл бол үр дүн, гүйцэтгэлийн акт бол тодорхой хэмжээний үр дүн. Өөрийнхөө хийж гүйцэтгэсэн ажил дээр мэргэжлийн байгууллагын хувьд нэг жилийн баталгаат хугацаа өгч, ямар нэгэн зөрчил, доголдол илэрвэл өөрөө хариуцна гэдэг баталгаа. Энэ талаар ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой тусгасан. Бид энэ ажлыг хийлгэхээр мэргэжлийн байгууллагад хандсан учраас үр дүн байх ёстой. Холболт хийгээд кноп дарахад гэрэл асдаг, бидний хүссэн үр дүн бол ямар ч асуудалгүй бүрэн ашиглах байсан. Бид гадна интерьертээ зориулж солонгорч асдаг хөдөлгөөнт эффекттэй гэрлийг сонгож авсан учир шалтгаантай. Хариуцагч батлагдаагүй зураг байсан гэж тайлбарлаж байна, зургийг нийлүүлэгчээс аваад гүйцэтгэсэн, харин ч боломжгүй, бүтэхгүй асуудлуудыг мэргэжлийн дагуу нийлүүлэгчтэй ярилцаад явсан. Бид анх гэрээгээр тохирсон гэрлүүдээс тодорхой гэрлүүдийг хасаж ажил нь багассан боловч гэрээний үнийн дүнг хасаагүй, харин хэцүү байна гэхэд нь нэмж 1,500,000 төгрөг өгсөн. Гүйцэтгэгч компанийн захирал Г.Ууганбаяр энэ ажилд анхаарч ажиллаагүй, ажлыг найзуудаараа хийлгэсэн, одоо тэр хүмүүс нь байхгүй. Ийм байдлаар ажилд хандсан учраас зугтаад ирэхгүй байсан, бид маргаад байгаа шалтгаан үүнтэй холбоотой. Ажлыг өөрөө гардаж гүйцэтгээгүй, өөрийнх нь үндсэн ажилтан биш хүмүүс ажлыг гүйцэтгэсэн учраас эцсийн дүндээ ийм байдалд хүрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 10 сард хүлээлгэж өгснөөс хойш шүүхэд 2021 оны 03 сард нэхэмжлэл гаргах хүртэл маш их хүлээцтэй хандаж байсан, ойлголцож, хамтарч ажиллах арга хэмжээ авч байсан, шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад эвлэрэн хэлэлцэх тодорхой саналуудыг удаа дараа гаргасан. Хариуцагч ямар нэгэн баримтыг шүүхэд өгдөггүй. Чанартай, үр бүтээлтэй, урт удаан ашиглахын тулд мэргэжлийн байгууллага сонгосон, гүйцэтгэлийн баталгаа найдвартай байх ёстой. Манай компани нь гадна гэрэлтүүлгийн цахилгаан холболт нь зураг схемийн дагуу хийгдсэн эсэхэд хэсэгчилсэн үзлэгийг мэргэжлийн компаниар хийлгэж дүгнэлт гаргуулахаар Телмакс ХХК-д хандсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр холбогдох дүгнэлтийг ирүүлсэн. Уг дүгнэлтэд тодорхой зөрчил дутагдлуудыг илрүүлсэн болохыг дурдсан бөгөөд уг зөрчил доголдлыг арилгаж гэрэлтүүлгийг хэвийн ажиллагаанд оруулахад гарах ажлын хөлс, материалын зардалд нийт 7,492,100 төгрөг байхаар үнийн санал ирүүлсэн. Иймд ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгахад гарах 7,492,100 төгрөг, Телмакс ХХК-ийн дүгнэлтийн зардалд 670,000 төгрөг, нийт 8,162,100 төгрөгийг хариуцагч Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А ХХК-тай байгуулсан Г-19/024 тоот гэрээгээр Aurora зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын гадна гэрэлтүүлгийн угсралтын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эхлүүлэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусгаж, ажиллагааг шалгуулан хүлээлгэн өгч хоёр тал актыг хоёр хувь үйлдэж хүлээлцсэн. Энэ ажлын баталгаат хугацаа 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан болно. Гэрээт ажлыг зөвхөн ажлын хөлсөөр гүйцэтгэхээр тусгасан ба захиалагч тал тоноглол, утас кабель, туслах материалаар 100 хувь хангана гэж заасан ба бид захиалагчаас нийлүүлсэн материалын дагуу ажлыг гүйцэтгэсэн болно. Ажил гүйцэтгэх зураг нь БНХАУ-д зурагдсан баталгаажаагүй зураг байсан ба тухайн үед манай компанийн зүгээс батлагдаагүй зураг байна гэсэн шаардлага тавьсан боловч захиалагч тал тухайн зургаар гүйцэтгэхийг зөвлөж ажил гүйцэтгэсэн билээ. Материалын доголдлыг манай компани хариуцахгүй гэдгийг ажил гүйцэтгэх гэрээний 4.2.5 дахь заалтаар захиалагч хүлээх үүрэгтэй болно. Гэрээнд заасны дагуу бидний хүлээх үүрэг бол тухайн гэрлүүдэд хүчдэл өгөхөд бүгд асаж байхад оршино. Захиалагчийн шаардаж байгаа гэрэл өгсөн эффектийн дагуу өнгөөр өөрчлөгдөж асах нь манай хийж гүйцэтгэх ажил биш ба энэ ажил нь гэрэл нийлүүлэгч тусгай прогорам хангамжийн дагуу удирдах хэсэг юм. Энэхүү ажлын гүйцэтгэлийн баталгаат хугацаа нь нэг жилийн хугацаатай ба энэ хугацаанд гэрлүүд хэвийн асаж ажиллаж байсан ба тус хугацаанд барилгын дээд талын нүүрний хэсгийн нэг групп хэсэг ажиллахгүй байна гэсэн дуудлагын дагуу очиж захиалагч талын Д.Ганбаатарын хамт шалгахад нэг тэжээлийн блок шатсан байсныг цахилгааны хэмжилтийн багажаар шалган харуулж тэжээлийн блок солих гэсэн боловч бэлэн байгаагүй учир захиалаад ирэхээр нь солихоор тохиролцсон. Энэ хугацаанд бидний ажлын гүйцэтгэлтэй холбоотой ирүүлсэн нэг л дуудлага нь энэ болно. Гэрээнд тусгагдаагүй ажил болох гэрлийн эффекттэй холбоотой дуудлагыг захиалагч талаас хэд хэдэн удаа ирүүлсэн ба гэрлийн эффектийн асуудал бол бид хариуцах боломжгүйг харилцаа холбооны хэрэгсэл, биеэр уулзах болгондоо тайлбар өгч байсан. Түүгээр зогсохгүй бидний хариуцах ажил биш гээд орхилгүй гэрэл нийлүүлэгч тал, захиалагч талтай хамтран хэд хэдэн удаа эффектийг төхөөрөмжид уншуулах ажлыг гүйцэтгэсэн боловч амжилттай болоогүй. Энэ хугацаанд гэрэл мөн л хэвийн асаж байсан болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг манай компани хариуцах ёсгүй гэж үзэж байна гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1-2, 3-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, итгэмжлэл /хх-6/, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Г-19/024 дугаартай Aurora зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх-7-12/, Барилга, хот байгуулалтын яамны Н ХХК-д олгосон БУ12-1108/18 дугаартай тусгай зөвшөөрөл /хх-13/, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-14/, нэхэмжлэх /хх-15/, нэмэлт зардлын баримт /хх-16/, Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэлтийн баримт /хх-17/, А ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаартай албан бичиг /хх-18/, Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэлтийн баримт /хх-19/, А ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаартай албан бичиг /хх-20/, А ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаартай мэдэгдэл /хх-21/, А ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай мэдэгдэл /хх-22/, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-23-24/, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлын протокол /хх-25-27/, Эн Ви Си Монголиа ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20/24 дугаартай албан бичиг /хх-28-29/, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-30/, Телмакс ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20/85 дугаартай албан бичиг /хх-31/, Телмакс ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай засварын ажлын үнийн санал /хх-32/, Телмакс ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Aurora зочид буудлын гадна гэрэлтүүлгийн хэсэгчлэн үзсэн шалгалтын дүгнэлт /33-34/, Aurora зочид буудлын гадна фасадны гэрлийн ажил гүйцэтгэгч Н ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлын зураг /хх-36-37/, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн кассын орлогын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэх /хх-35/, Телмакс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-38, 39, 40/, итгэмжлэл /хх-53/, тайлбар /хх-54-55/, Эн Ви Си Монголиа ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21/44 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбар /хх-68/,

Хариуцагч талаас: Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-45/, хариу тайлбар /хх-50/,

Шүүхээс бүрдүүлсэн баримт: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/1380 дугаар албан бичиг /хх-92-93/, шинжээч томилж дүгнэлт гаргуулах асуудлаар Монгол улсын зөвлөх инженер Х.Ганбаатар, Монгол улсын зөвлөх инжежер Ч.Мөнхбат, Бажа мандал ХХК-ийн ерөнхий инженер н.Батдэлгэр, Монгол улсын мэргэшсэн инженер А.Зоригт, мэргэшсэн инжежер Д.Чимэддорж, мэргэшсэн инженер Г.Адъяасүрэн, Монгол улсын мэргэшсэн инжежер А.Отгонбаяр, хотын гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн н.Болортунгалаг, Монголын гэрэлтүүлгийн холбооны ажилтан н.Ганхуяг, Смарт контрол ХХК-ийн захирал н.Мөнхбаяр, Баянгол дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн н.Баатаржав, н.Мөнгөнтулга нартай тус тус утсаар ярьсан тэмдэглэл /хх-94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 107/, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар албан бичиг /хх-115/.

г


 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгахад гарах зардалд 7,492,100 төгрөг, Телмакс ХХК-ийн дүгнэлт гаргах ажлын хөлсөнд төлсөн 670,000 төгрөг, нийт 8,162,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

А ХХК болон Н ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Г-19/024 дугаартай Aurora зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан, Aurora зочид буудлын барилгын гадна фасадны гэрэлтүүлгийг батлагдсан зургийн дагуу захиалагчаас өгөгдсөн материал, тоноглол, туслах материалаар угсарч бүрэн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх, ажлыг 20 хоногийн хугацаанд захиалагчийн зураг төслийн дагуу гүйцэтгэх, гэрээт ажлын нийт үнэ 11,000,000 төгрөгөөр харилцан тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид тус гэрээг байгуулсан талаар шүүхэд маргаагүй.

 

Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч Н ХХК нь барилгын гадна фасадны гэрэлтүүлгийн ажлыг захиалагч А ХХК-аас ажилд шаардлагатай өгөгдсөн материал, тоноглол, туслах материалаар угсарч бүрэн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх, захиалагч А ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын хөлсийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргийг харилцан шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н ХХК нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч А ХХК нь гэрээт ажлын хөлсөнд нийт 11,875,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдуулан ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгахад гарах зардалд 7,492,100 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компани барилгын гадна гэрэлтүүлгийн угсралт холболтыг гүйцэтгэх ажлыг үүргийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгээгүйгээс гадна гэрэлтүүлэг зориулалтын дагуу хөдөлгөөнт эффект программаар асахгүй, буруу холболтоос гэрэлтүүлэг шатаж ашиглах боломжгүй болсон тул доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож Телмакс ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Aurora зочид буудлын гадна гэрэлтүүлгийн хэсэгчлэн үзсэн шалгалтын дүгнэлтийг баримтаар ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтэд ...1.Зураг схем дээрх тэжээлийн блокоос гэрэлтүүлгийг тэжээх цахилгаан дамжуулах 3*4мм2 хөндлөн огтлолын талбайтай утсыг 3*1,5мм2 хөндлөн огтлолын талбайтай цахилгаан дамжуулах утсаар сольж, мөн 12 давхарын RGBW маркийн гэрэлтүүлгүүдийг тэжээх цахилгаан дамжуулах утсыг зориулалтын бус STP cat6 утсаар сольж холбосон. 2.Гэрэлтүүлэг дундын холбоосуудыг тайрч зориулалтын бус аргаар, зориулалтын бус цахилгаан дамжуулах утсаар холбосон. 3.Гэрэлтүүлгийн тэжээл орох хэсгийг гаралт болгож, гэрэлтүүлгээс тэжээл гарах хэсгийг оролт болгосон буюу оролт гаралтыг сольж холбосон байна гэжээ.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ажил гүйцэтгэх зураг нь БНХАУ-д зурагдсан баталгаажаагүй зураг байсан ч захиалагчийн зөвлөсний дагуу ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгсөн, захиалагчийн материалаар ажлыг гүйцэтгэсэн тул материалын доголдлыг хариуцахгүй, гэрээт ажлын баталгаат хугацаа дууссан, ажлын доголдол гэж тодорхойлсон ажил нь гэрээний дагуу гүйцэтгэх ажилд тусгагдаагүй хамааралгүй ажил тул тухайн ажлын доголдлыг арилгах үүрэггүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

А ХХК болон Н ХХК-ийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Г-19/024 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 1.3-т Барилгын гадна фасадны гэрэлтүүлгийг батлагдсан зургийн дагуу захиалагчаас өгөгдсөн материал, тоноглол, туслах материалаар угсарч бүрэн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх гэж заажээ.

 

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр захиалагч А ХХК, гүйцэтгэгч Н ХХК, гэрэл, гэрэлтүүлгийн материал нийлүүлэгч Эн Ви Си Монголиа ХХК-ийн төлөөлөл тус гэрээт ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар хуралдаж, Н ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бүх ажлыг зургийн дагуу шалгах, гүйцэтгэгч дутуу ажлаа дуусгах талаар ярилцсан болох нь хэрэгт авагдсан тус хурлын протоколоор тогтоогдож байна.

 

Мөн захиалагч А ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар гүйцэтгэгч Н ХХК-ийн гэрээт ажлын гүйцэтгэлийн доголдолтой байгааг засах шаардлагатай талаар хэлэлцсэн болох нь хэрэгт авагдсан тус хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргана гэж заасан. Мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.2.1-д Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх бөгөөд ажлын гүйцэтгэлд 1 жилийн баталгаат хугацаа гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч А ХХК нь гэрээт ажлын доголдлын талаар Н ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаартай албан бичгийг, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаартай албан бичгийг, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай албан бичгийг тус тус хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь гэрээт ажлыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргасан ба гэрээнд заасны дагуу баталгаат хугацаа 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар байх бөгөөд нэхэмжлэгч А ХХК нь гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаанд гэрээт ажлын доголдлын талаар Н ХХК-д дээр дурдсан албан бичгээр удаа дараа мэдэгдсэн байна.

 

Хариуцагч Н ХХК нь барилга байгууламжийн гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын ажил үйлчилгээг Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэдэг мэргэжлийн компани болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Барилгын тухай хууль болон Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-д зааснаар гадаад улсын хуулийн этгээдийн боловсруулсан барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийг Монгол улсын эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран баталгаажуулсан байх шаардлага тавигдана.

 

Хариуцагч Н ХХК нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэгч мэргэжлийн байгууллагын хувьд барилгын гадна гэрэлтүүлгийн угсралтын ажлыг зөвшөөрөл магадлал хийгдэж баталгаажсан зураг төсөл, норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих үүрэгтэй боловч хийж гүйцэтгэх ажлын зураг төсөл нь БНХАУ-д зурагдсан баталгаажаагүй зураг төсөл болохыг мэдсэн, шаардлага хангаагүй зураг төслөөр гэрээт ажлыг хийж гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байтал эрхээ хэрэгжүүлэлгүй ажлыг хийсэн байх тул хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг хариуцах үүргийг хүлээх нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч нь гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэлийн зургаа дахиж баталгаажуулаад явуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч тухайн баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй, хариуцагчийн тус тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч Н ХХК нь гэрээт ажлыг зохих ёсоор чанарын өндөр түвшинд гүйцэтгэн захиалагч А ХХК-д хүлээлгэн өгсөн, гэрээт ажлыг доголдолгүй хийж гүйцэтгэсэн, ажлын доголдол гэж тодорхойлсон ажил нь гэрээний дагуу гүйцэтгэх ажилд тусгагдаагүй, хамааралгүй ажил гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг илрүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээт ажлын доголдлыг засварлахдаа холбоотой Телмакс ХХК-аас ирүүлсэн үнийн саналыг үндэслэн 2 салаа гэрлийн залгуур 20 ширхэгийн үнэ 60,000 төгрөг, 5 салаа гэрлийн залгуур 35 ширхэгийн үнэ 175,000 төгрөг, 3*4 цахилгааны утас 200 метрийн үнэ 900,000 төгрөг, 3 ширхэг хамгаалалтын хоолойн үнэ 63,000 төгрөг, 6 м люлка түрээсийн 10 хоногийн зардал 300,000 төгрөг, өндөрийн зардал 250,000 төгрөг, 63,000 төгрөг, ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 6,811,000 төгрөгийг НӨАТ-ын хамт 7,492,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь дээр дурдсан хэмжээний зардал гарахгүй гэх тайлбарыг гаргаж маргаж байх боловч баримтаар үгүйсгэж няцаагаагүй, гэрээт ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Аврора зочид буудлын барилгын гадна фасадны гэрэлтүүлгийн ажлын доголдол нь гэрээт ажлын гүйцэтгэгч Н ХХК-ийн ажлын гүйцэтгэлтэй хамааралгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул доголдлыг арилгахтай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагавар байхыг шаардана.

 

Гэрээт ажлын доголдлыг илрүүлж дүгнэлт гаргуулахаар Телмакс ХХК-д төлсөн ажлын хөлс нь нэхэмжлэгчээс гарсан бодит зардал байх бөгөөд гэрээт ажлын доголдолтой холбоотой хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан зардал байх тул дүгнэлт гаргуулах ажлын хөлсөнд төлсөн 670,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н ХХК-аас гэрээт ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгахад гарах зардалд 7,492,100 төгрөг, ажлын доголдлыг илрүүлж дүгнэлт гаргуулах ажлын хөлсөнд төлсөн 670,000 төгрөг, нийт 8,162,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 145,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч Н ХХК-аас 8,162,100 /найман сая нэг зуун жаран хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 145,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР