Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01058

 

 

 

 

 

 

 

 

 

..........- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01457 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..........- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .........- ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,162,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани .........- ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Aurora зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх Г-19/024 тоот гэрээг байгуулж ажлын хөлсөнд 12,500,000 төгрөг төлөхөөс 11,875,000 төгрөгийг гэрээний дагуу төлсөн. Гүйцэтгэгч .........- ХХК нь барилгын гадна гэрэлтүүлгийн угсралт, холболтыг гүйцэтгэх ажлыг зургийн дагуу мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна гэрэлтүүлэг зориулалтын дагуу хөдөлгөөнт эффект программаар асахгүй, мөн буруу холболтоос гэрэлтүүлэг шатаж ашиглах боломжгүй болсон. Зөрчил доголдлоо арилгаж захиалагчийг хохиролгүй болгох талаар гүйцэтгэгч .........- ХХК-д мэдэгдсэн. Мөн гэрэл нийлүүлэгч компанитай гурвалсан уулзалт хийж гүйцэтгэлийн алдааг тодорхой болгосон боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Гэрээний 5.2.1-д гүйцэтгэгч гэрээт ажлыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэх бөгөөд ажлын гүйцэтгэлд 1 жилийн баталгаат хугацаа гаргана, 5.2.3-т ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүйн улмаас гарсан зөрчил, доголдлыг захиалагчаас шаардсаны дагуу өөрийн зардлаар засах, засах боломжгүй тохиолдолд шинээр гүйцэтгэнэ гэж заасан. Манай компани нь гадна гэрэлтүүлгийн цахилгаан холболт нь зураг схемийн дагуу хийгдсэн эсэхэд хэсэгчилсэн үзлэгийг мэргэжлийн компаниар хийлгэж дүгнэлт гаргуулахаар Телмакс ХХК-д хандсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр холбогдох дүгнэлтийг ирүүлсэн. Уг дүгнэлтэд тодорхой зөрчил дутагдлуудыг илрүүлсэн болохыг дурдсан бөгөөд уг зөрчил доголдлыг арилгаж гэрэлтүүлгийг хэвийн ажиллагаанд оруулахад гарах ажлын хөлс, материалын зардалд нийт 7,492,100 төгрөг байхаар үнийн санал ирүүлсэн. Иймд ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгахад гарах 7,492,100 төгрөг, Телмакс ХХК-ийн дүгнэлтийн зардалд 670,000 төгрөг, нийт 8,162,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

..........- ХХК-тай байгуулсан Г-19/024 тоот гэрээгээр Aurora зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын гадна гэрэлтүүлгийн угсралтын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эхлүүлэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусгаж, ажиллагааг шалгуулан хүлээлгэн өгч хоёр тал актыг хоёр хувь үйлдэж хүлээлцсэн. Энэ ажлын баталгаат хугацаа 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан болно. Гэрээт ажлыг зөвхөн ажлын хөлсөөр гүйцэтгэхээр тусгасан ба захиалагч тал тоноглол, утас кабель, туслах материалаар 100 хувь хангана гэж заасан ба захиалагчаас нийлүүлсэн материалын дагуу ажлыг гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх зураг нь БНХАУ-д зурагдсан баталгаажаагүй зураг байсан ба тухайн үед манай компанийн зүгээс батлагдаагүй зураг байна гэсэн шаардлага тавьсан боловч захиалагч тал тухайн зургаар гүйцэтгэхийг зөвлөж ажил гүйцэтгэсэн. Манай компани материалын доголдлыг хариуцахгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2.5-д зааснаар захиалагч хүлээх үүрэгтэй. Гэрээнд заасны дагуу бидний хүлээх үүрэг бол тухайн гэрлүүдэд хүчдэл өгөхөд бүгд асахад оршино. Захиалагчийн шаардаж байгаа гэрэл өгсөн эффектийн дагуу өнгөөр өөрчлөгдөж асах нь манай хийж гүйцэтгэх ажил биш ба энэ ажил нь гэрэл нийлүүлэгч тусгай программ хангамжийн дагуу удирдах хэсэг юм. Энэхүү ажлын гүйцэтгэлийн баталгаат хугацаа нь нэг жилийн хугацаатай ба энэ хугацаанд гэрлүүд хэвийн асаж ажиллаж байсан ба тус хугацаанд барилгын дээд талын нүүрний хэсгийн нэг групп хэсэг ажиллахгүй байна гэсэн дуудлагын дагуу очиж захиалагчийн төлөөлөгч Д.Ганбаатарын хамт шалгахад тэжээлийн нэг блок шатсан байсныг солих гэсэн боловч бэлэн байгаагүй учир захиалаад ирэхээр нь солихоор тохиролцсон. Гэрээнд тусгагдаагүй ажил болох гэрлийн эффекттэй холбоотой дуудлагыг захиалагч талаас хэд хэдэн удаа Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........- ХХК-аас 8,162,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..........- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........- ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 145,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..........- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг Телмакс ХХК-аар шалгуулахдаа гүйцэтгэгч талд мэдэгдээгүй бөгөөд нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Иймд хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх талаар хүсэлттэй байна. Мөн анхан шатны шүүх .........- ХХК-аас 8,162,100 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчаас гаргасан гомдлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ..........- ХХК нь хариуцагч .........- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 7,492,100 төгрөг, Телмакс ХХК-ийн дүгнэлт гаргах ажлын хөлсөнд төлсөн 670,000 төгрөг, нийт 8,162,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр AURORA зочид буудал, үйлчилгээний барилгын гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч .........- ХХК барилгын гадна фасадын гэрэлтүүлгийн батлагдсан зургийн дагуу захиалагчаас өгөгдсөн материал, тоноглол, туслах материалаар угсарч бүрэн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх, захиалагч ..........- ХХК нь ажлын хөлсөнд 11,000,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.б. Талуудын гэрээний 5.2.1-д Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэх бөгөөд ажлын гүйцэтгэлд 1 жилийн баталгаат хугацаа гаргана гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлыг тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасантай нийцжээ.

 

Телмакс ХХК-ийн цахилгааны инженер ...Зураг схем дээрх тэжээлийн блокоос гэрэлтүүлгийг тэжээх цахилгаан дамжуулах 3*4мм2 хөндлөн огтлолын талбайтай утсыг 3*1,5мм2 хөндлөн огтлолын талбайтай цахилгаан дамжуулах утсаар сольж, мөн 12 давхрын RGBW маркийн гэрэлтүүлгүүдийг тэжээх цахилгаан дамжуулах утсыг зориулалтын бус STP cat6 утсаар сольж холбосон, гэрэлтүүлэг дундын холбоосуудыг тайрч зориулалтын бус аргаар, зориулалтын бус цахилгаан дамжуулах утсаар холбосон. Гэрэлтүүлгийн тэжээл орох хэсгийг гаралт болгож, гэрэлтүүлгээс тэжээл гарах хэсгийг оролт болгосон буюу оролт гаралтыг сольж холбосон байна гэж дүгнэсэн байна. (хх-ийн 32-34)

 

Иймд хариуцагч .........- ХХК-ийн гүйцэтгэсэн гадна гэрэлтүүлгийн ажил нь

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолтой гэж үзэх тул хариуцагч нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

1.в. Нэхэмжлэгч ..........- ХХК нь хариуцагч .........- ХХК-д гадна гэрэлтүүлгийн доголдлыг арилгах талаар удаа дараа мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан тус компанийн албан бичгүүдээр тогтоогдож байна. (хх-ийн 18-22) Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь гадна гэрэлтүүлгийн доголдлыг арилгахад шаардлагатай зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Телмакс ХХК нь AURORA зочид буудлын гадна гэрэлтүүлгийн засварын ажлын үнийн саналд гэрлийн залгуур 2 салаа 20 ширхэг, нэгжийн үнэ 3,000 төгрөг, нийт 60,000 төгрөг, гэрлийн залгуур 5 салаа, 35 ширхэг, нэгжийн үнэ 5,000 төгрөг, нийт 175,000 төгрөг, цахилгааны утас 3*4 хэмжээтэй, 200 метр, нэгжийн үнэ 4,500 төгрөг, нийт 900,000 төгрөг, хамгаалалтын хоолой 3 ширхэг, нэгжийн үнэ 21,000 төгрөг, нийт 63,000 төгрөг, люлка түрээс 10, нэгжийн үнэ 30,000 төгрөг, нийт 300,000 төгрөг, өндрийн зардал 1 ширхэг, 250,000 төгрөг, ажлын хөлс 5,000,000 төгрөг, 3 ширхэг, нэгжийн үнэ 21,000 төгрөг, нийт 63,000 төгрөг, нийт 6,811,000 төгрөг, НӨАТ 681,100 төгрөг, бүгд 7,492,100 төгрөг гэж тусгасан байна.

 

Гэвч энэ үнийн саналд тусгасан 3 ширхэг, нэгжийн үнэ 21,000 төгрөг, нийт 63,000 төгрөг ямар материалын зардал болох нь тодорхой бус, мөн НӨАТ 681,100 төгрөгийг оруулан тооцсон байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Иймд Телмакс ХХК-ийн үнийн саналаас 63,000 төгрөг болон НӨАТ 681,100 төгрөгийг хасаж тооцвол гадна гэрэлтүүлгийн доголдлыг засварлахад 6,748,000 төгрөгийн зардал шаардлагатай гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, талууд AURORA зочид буудлын гадна гэрэлтүүлгийн угсралт, холболтын ажлын гүйцэтгэлийн талаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцсэн хурлын тэмдэглэлд ... .........- ХХК нь 11,875,000 төгрөгийн гүйцэтгэл авсан, 625,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа... гэж тусгасан байх тул гадна гэрэлтүүлгийн доголдлыг засварлахад 6,748,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн дутуу олгосон 625,000 төгрөгийг хасаж хариуцагчаас 6,123,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2021/11388 дугаар захирамжаар гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил доголдолтой байсан эсэхийг тодруулахаар шинжээчээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг томилжээ. (хх-ийн 88-89) Гэвч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь шинжээчээр ажиллах ажилтан томилох боломжгүй талаар мэдэгдсэн байна.

 

Мөн шинжээчээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийг томилсон боловч AURORA зочид буудлын гадна гэрэлтүүлгийн ажилд шинжээчээр ажиллах боломжгүй талаар мэдэгдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснар хариуцагч шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж байгаагүй байн. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ... шинжээч томилж доголдлыг ирүүлээгүй... гэх агуулгаар гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч .........- ХХК-аас 6,123,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ..........- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,039,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...145,550 төгрөгийг гаргуулж гэснийг ... 112,918 төгрөг гаргуулж гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 145,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ