Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02731

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 13

101/ШШ2022/02731

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч,

 

дугаарт бүртгэлтэй 117,6 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ч,

шинжээч А ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 1 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн дүгээр магадлалаар Л.Б, Т.Э нараас 57,250,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг  700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 сарын 17-ны өдрийн  дугаартай албан мэдэгдлээр бидний хөрөнгийг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдсэн. Бидний хувьд дээрх үнэлгээний үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь бидний өмчлөлийн барьцаалагдсан 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тухайн хавийн адил хийцтэй барилгуудаас хэт багаар үнэлсэн бөгөөд газрын хувьд тэр орчиндоо хамгийн эрүүл тэгш газартай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй зах зээлээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. А ХХК-ийн үнэлгээний тайлангийн 3.1, 3.2, 3.3-т Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан Барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрмийн дагуу үнэлгээ хийсэн гэж тусгасан байна. Тус дүрмийн 17 дугаар зүйлд тухайн объекттой холбоотой А, В, С, D, S гэсэн зэрэглэлийг тогтоосон байдаг. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь төмөр бетон баганатай, дүүргэлт нь бидний хэлж заншсанаар хөнгөн блок, 1, 2 дугаар давхрын хооронд хучилтын хавтан буюу даацын хавтантай байгаа учраас А зэрэглэлд ордог. Мөн Улаанбаатар хотын тээврийн зардлыг тооцохдоо 50-500 километр хүртэлх зайд итгэлцүүрээ 0,05-ийг авч ашигладаг. Тус дүрмийн 19 дүгээр зүйлд барилгын нэгж хүчин чадлын хувьд инженерийн шугамаар хангагдсан буюу төвийн шугамаар халдаг юм уу, эсхүл уурын зуухаар халдаг юм уу гэдэг үзүүлэлт байгаа. Тухайн барилга нь нам даралтын зуухаар халдаг учраас 0.95 хувийн итгэлцүүртэй. Түүнчлэн барилгын зузаан нь 640 мм-ээс дээш учраас 0.92 хувийн итгэлцүүр авч байгаа. Тушаалын 2 дугаар хавсралтаар 2016 оны төсөвт өртгийг амины орон сууцны 1 м.кв талбайг 1,151,000 төгрөгөөр тооцсон байдаг, 2020 онд дэлхий дахин ковид цар тахал гарсан нь илэрхий үйл баримт бөгөөд үүнтэй холбоотойгоор Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Монгол улс нэг жилийн хугацаанд хилээ бүтэн болон хэсэгчлэн хаасан учраас барилгын материалын үнэ 2-3 дахин өссөн. А ХХК үнэлэхдээ 1 м.кв талбайг 1,695,353 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 2016 онд Барилга, хот байгуулалтын сайдын баталсан баталсан жишиг үнээс 100,000 төгрөгөөр илүү байна, ийм байдлаар үнэлгээг тогтоосон байна. 1,695,353 төгрөгийг хаанаас гаргаад ирсэн бэ гэхэд нийт 342 сая төгрөгийн үнэ бүхий объектыг нэг нь 123.9 м.кв квадрат бөгөөд үүний 70 хувь гэж үзэх юм бол 86.73 м.кв, нөгөө объект нь 117.6 м.кв бөгөөд үүний 70 хувь нь 82.32 м.кв болж байгаа. 2 объектын 70 хувийг тооцох юм бол 169.5 м.кв бүхий барилга байгууламж баригдсан байгаа юм байна. 30 хувь гэдэгт дотор засал хийгээгүй, цахилгаан ороогүй, шал хийгээгүй байдаг, энэ нь 30 хувьдаа багтаж байгаа. 342 сая төгрөгөөс газрын үнэ болох 55 сая төгрөгийг хасаад үлдсэн үнийн дүнгээ м.кв-даа хуваахгүй бол 1,695,353 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол яагаад ч зах зээлд нийцэхгүй. 2016 оноос хойш зургаан жилийн инфляцын түвшин өссөн, төгрөгийн худалдан авах чадвар буурсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр гаргасан үнэлгээ нь үндэслэл бүхий болоогүй гэж үзсэн учраас гомдол гаргасан. Иймд А ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 658 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хзргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн  дүгээр магадлалаар Л.Б, Т.Э нараас 57,250,000 төгрөгийг гаргуулж Ц.Чад олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн  дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Л. Б, Т.Э нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн   дугаарт бүртгэгдсэн   м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2021 оны 09 сарын 01-ний өдрийн   дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 02 сарын 15-ны өдрийн   дугаар тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдзгдэхэд төлбөр төлөгч нар нь 540,825,000 төгрөгөөр, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 2/41 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор А ХХК-ийг томилж, хөрөнгүүдийг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 4-158/4927, 4-158/4928, 4- 158/4929 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад үнэлгээг мэдэгдсэн. Мөн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 4-162/6794, 4-162/6793, 4-162/6792 дугаар албан бичгээр 2022 оны 04 сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдсэн боловч уг дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 21-ний өдрийн  дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Л.Бгийн нэхэмжлэлтэй НШШГГт хамаарах иргэний хэргийн материалтай танилцаад түс хэрэгт гуравдагч эдгээдээр оролцогчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Л.Б нь иргэн надаас мөнгө зээлэхдээ байгуулсан барьцааны гэрээнд нэхэмжлэлд дурьдсан хөрөнгүүдээ өөрсдөө нийт 50,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч одоо 10 гаруй дахин үнээр үнэлж байгааг нь байгуулсан гэрээг ноцтой зөрчиж зээлийн гэрээний үүргээ зориудаар үл биелүүлэх буюу удаашруулах зорилготой байна гэж үзэж байна. Зээлийн өрийг барагдуулахтай холбоотой шүүхийн шат шатны хүчин төгөлдөр шийдвэрүүд гараад жил гаруй хугацаа өнгөрч байхад нэг ч төгрөг төлөхгүй элдэв арга саад хийсээр өдий хүрлээ. Иргэн би мөнгөө зээлдүүлээд 3 жил гаруй болох хооронд мөнгөний ханш их хэмжээгээр унаж иргэн миний хохирол улам нэмэгдсээр байна. Иргэн Л.Бгийн дутуу баригдсан барилга гэгч нь хэрэг дээрээ 1970-аад оны үед Гачууртын сангийн аж ахуйн ажилчдын 10 айлийн нэг давхар орон сууц байсан бөгөөд тус сангийн аж ахуйн дарга байсан Л.Лхасүрэн гэгч актлах нэрээр хувьчлан авч охин Л.Б, зээ Т.Э нартаа өвлүүлсэн бөгөөд тэд нар нь одоогоос 10 гаруй жилийн өмнө 2 давхар болгохоор хагас дутуу блок өрж дээвэр хийгээд гүйцээлгүй орхисон байшин юм. Нэхэмжлэгч Л.Б батлагдсан зураг төсөл ч хийлгэлгүй гар аргаар барьж байгаа барилгынхаа зарим хэсгийг тохижуулан 2010 онд үндсэн хөрөнгийн хоёр гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Тэр анхнаасаа л зээлээ төлөхгүй байх зорилго агуулж хөрөнгөө зориудаар бага үнэлж иргэн намайг хохироосон гэж үзэж байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд бид барьцаалагдсан хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцож чадаагүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээч томилон 342,003,484 төгрөгийн үнэлгээ тогтоолгосон тухайгаа бидэнд 2022 оны 03 сарын 17-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн боловч төлбөр төлөгч тал үнэлгээг эс зөвшөөрч байгаагаа эргэж мэдэгдээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 03 сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, төлбөр авагч, төлбөр төлөгч талуудад албан тоотоор мэдэгдэж, улмаар 2022 оны 04 сарын 15-ны өдөр анхны дуудлага худалдааг явуулсан боловч дуудлага худалдаанд зарласан 239,402,349 төгрөгөөр тус хөрөнгүүдийг худалдан авах нэг хүн ирээгүй тул анханы дуудлага худалдааг хүчингүйд тооцсон. Үүнээс харахад төлбөр төлөгч тал анхны дуудлага худалдааны үнийг хүлээн зөвшөөрч байснаас нэхэмжлэл гаргахгүй удаж байсаар цаашид хоёрдахь дуудлага худалдаа зарлагдах нь тодорхой болмогц хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг үл зөвшөөрч байна гэсэн хожигдмол нэхэмжлэл гаргасан нь тодорхой байна. Төлбөр төлөгчдийн барьцаарлагдсан хашаа, байшин Гачуурт тосгоны төвд байрладаг тэгш газарт биш Гачуурт голын эргийн огцом өндөрлөгийг оролцуулан барьсан маш хуучны модон хашаа бөгөөд байшин нь дутуу баригдсан тул яагаад ч өндрөөр үнэлэгдэх боломжгүй, харин ч хөндлөнгийн шинжээч их өндөр үнэлсэн байна гэж үзэж байна. Энэ хавийн иймэрхүү хашаа байшингуудын зах зээлийн дундаж үнэлгээ нь 30-50 сая төгрөг байдаг. Төлбөр төлөгч төлбөрөө барагдуулахаас аль болохоор зайлсхийж удаа дараа хойшлуулах оролдолго хийсээр өдийг хүрлээ. Хамгийн сүүлд 2022 оны 04 сарын эхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөх хугацаа, албадан дуудлага худалдаа явуулахыг хойшлуулж өгөх, 1 сарын хугацаанд төлбөрөө төлөх хүсэлт гаргаж байсан боловч одоог болтол нэг ч төгрөг төлсөнгүй. Энэ бүхнээс үзэхэд төлбөр төлөгчийн хөрөнгөө үнэлж байгаа үнэлгээ нь үндэслэлгүй бөгөөд зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг саатуулах цаг хугацаа хожих буюу болвол төлбөрөө төлөхгүй байх арга хайж байна гэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.03.17-ны өдрийн   дугаартай мэдэгдэл /хх-8-9/, unegui.mn сайтын мэдээлэл /хх-10-13/, итгэмжлэл /хх-91/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-120/,

Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-25, 31/, хариу тайлбар /хх-32/, 2021.07.09-ний өдрийн   дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-33/, БЗДИХАШШ-ийн 2021.07.09-ний өдрийн    дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-34/, БЗДИХАШШ-ийн 2021.03.02-ны өдрийн   дугаар шүүхийн шийдвэр /хх-35-38/, НИХАШШ-ийн 2021.05.17-ны өдрийн  дугаар магадлал /хх-39-41/, 2021.07.29-ний өдрийн   дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-42/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.10-ны өдрийн   дугаартай мэдэгдэл /хх-43/, 2021.08.09-ний өдрийн   дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-44/,  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-45/,  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-46/,   дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-46 ар тал/, 2021.09.01-ний өдрийн   дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-47, 48/, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.08.20-ны өдрийн 8/1126 дугаартай албан бичиг /хх-49/, 2022.02.15-ны өдрийн  дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-50, 51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.02.18-ны өдрийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл /хх-52, 53/, төлбөр төлөгчийн үнийн санал хүргүүлсэн баримт /хх-54/, төлбөр авагчийн хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт /хх-55/, 2022.02.28-ны өдрийн 2/41 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг, хууль тайлбарласан баримт /хх-56-59/, 2022.03.16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт /хх-60/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-61-72/, 2022.03.17-ны өдрийн үнэлгээний дүн танилцуулсан мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-73, 74, 75, 76/, анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэл /хх-77, 79/, 2022.03.29-ний өдрийн 4152 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-80/, 2022.03.30-ны өдрийн 13 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-81/, Л.Бгийн 2022.04.12-ны өдрийн хүсэлт /хх-82/, Ц.Чын 2022.04.14-ний өдрийн өргөдөл, хүсэлт /хх-83, 84/, үнэлгээний төлбөр төлсөн баримт /хх-85/, 2022.04.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-86/, 2022.04.14-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас /хх-87/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: хүсэлт /хх-99/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-100/, тайлбар /хх-107-108/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: шинжээчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-110/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр   газрыг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ч нь төлбөр төлөгч Л.Б шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа авахын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үндэслэлгүй гомдол гаргасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбарыг гарган оролцсон.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн   дугаар шийдвэрээр хариуцагч Л.Б, Т.Э нараас 57,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 514,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чад олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн   дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй дүнд холбогдох заалтыг нэмж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн

 

5. Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/  дугаар шүүгчийн захирамж,   дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

6. НШШГГ 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2  дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулсан байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор төлөхийг мэдэгджээ.

 

Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна.

 

7. Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Л.Б нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох    үл хөдлөх хөрөнгийг 309,750,000 төгрөгөөр үнэлж үнийн санал хүргүүлжээ.

 

Төлбөр авагч Ц.Ч нь төлбөр төлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч битүүмжлэн хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийн хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.

 

8. НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/41 дугаар тогтоолоор А ХХК-ийг шинжээчээр томилж, эрх, үүргийг танилцуулах ажиллагааг хийж,   талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ.

 

Шинжээчээр томилогдсон А ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь, үнэлгээчин Ч.Ж нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

 

А ХХК нь тогтоолын дагуу хөрөнгийг үнэлэн, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж,   үл хөдлөх хөрөнгийг 286,599,484 төгрөгөөр,   гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 55,404,000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгүүдийн нийт үнийг 342,003,484 төгрөгөөр тогтоож үнэлсэн байна.

 

9. НШШГГ нь төлбөр төлөгч Ш.Сд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн   дугаартай албан бичгээр мэдэгдэж, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгджээ.

 

Нэхэмжлэгч нь түүнд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлсэн асуудлаар шүүхэд маргаагүй.

 

10. Төлбөр төлөгч Л.Б нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангасан байхаар заасан.

 

Хөрөнгийн үнэлгээ хийгдсэн  үл хөдлөх хөрөнгө нь 1 давхар хуучин барилгыг давхарлаж 2 давхар болгон хана тааз дээвэр хийгдсэн, хаалга цонх дотор засал, сантехник хийгдээгүй, төвлөрсөн цахилгаанд холбогдсон боловч цахилгааны угсралтын ажил хийгдээгүй, зөөврийн устай, бохирын худаг ухсан дуусаагүй барилга бөгөөд шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тухайн барилгын ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судлан хийсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ.

 

Шинжээч нь үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор үл хөдлөх хөрөнгө болон газрын биет үзлэг хэмжилтийг 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хийж, үнэлгээний ажлыг гүйцэтгэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд, захиалагчийн өгсөн мэдээлэл, салбарын судалгаа, хөрөнгийн байдалтай газар дээр нь танилцаж хийсэн үзлэгийн мэдээллийг ашиглан тухайн үл хөдлөх эд хөрөнгийг цаашид ашиглах хугацааг ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан өртгийн хандлагаар тооцоологдсон бодит үнэ цэнийг хөрөнгө оруулагчийн ашгийн түвшингээр тохируулж зах зээлийн дундаж үнэ цэнийг тооцоолон үнэлгээг тогтоосон талаар үнэлгээний тайланд дурджээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон А ХХК битүүмжлэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангасан байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Б нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэр тухайлбал, гомдлын шаардлагад дурдсан барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол шийдвэртэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул   гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан   гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн   дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР