Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01868

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01868

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02731 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг /13100/ Гачууртын зам 20/4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031986 дугаарт бүртгэлтэй 123,9 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 20/3 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031989 дугаарт бүртгэлтэй 117,6 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айл 1 дүгээр гудамжны 20б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012915 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18661313278101 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн АБ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00658 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 779 дугаар магадлалаар Л.Б-, Т.Э- нараас 57,250,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 000121585 дугаартай 123.9 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Т.Э-гийн өмчлөлийн 000121568 дугаартай 117.6 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 00058130 дугаартай, нэгж талбарын 18661313278101 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-158/4929 дугаартай албан мэдэгдлээр бидний хөрөнгийг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдсэн. Бидний хувьд дээрх үнэлгээний үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь бидний өмчлөлийн барьцаалагдсан 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг зах зээлээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. АБ ХХК-ийн үнэлгээний тайлангийн 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан Барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрмийн дагуу үнэлгээ хийсэн гэж тусгасан байна. Тус дүрмийн 17 дугаар зүйлд тухайн объекттой холбоотой А, В, С, D, S гэсэн зэрэглэлийг тогтоосон байдаг. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь төмөр бетон баганатай, дүүргэлт нь бидний хэлж заншсанаар хөнгөн блок, 1, 2 дугаар давхрын хооронд хучилтын хавтан буюу даацын хавтантай байгаа учраас А зэрэглэлд ордог. Мөн Улаанбаатар хотын тээврийн зардлыг тооцохдоо 50-500 километр хүртэлх зайд итгэлцүүрээ 0,05-ийг авч ашигладаг. Тус дүрмийн 19 дүгээр зүйлд барилгын нэгж хүчин чадлын хувьд инженерийн шугамаар хангагдсан буюу төвийн шугамаар халдаг юм уу, эсхүл уурын зуухаар халдаг юм уу гэдэг үзүүлэлт байгаа. Тухайн барилга нь нам даралтын зуухаар халдаг учраас 0.95 хувийн итгэлцүүртэй. Түүнчлэн барилгын зузаан нь 640 мм-ээс дээш учраас 0.92 хувийн итгэлцүүр авч байгаа. Тушаалын 2 дугаар хавсралтаар 2016 оны төсөвт өртгийг амины орон сууцны 1 м.кв талбайг 1,151,000 төгрөгөөр тооцсон байдаг, 2020 онд дэлхий дахин ковид цар тахал гарсан нь илэрхий үйл баримт бөгөөд үүнтэй холбоотойгоор Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Монгол улс нэг жилийн хугацаанд хилээ бүтэн болон хэсэгчлэн хаасан учраас барилгын материалын үнэ 2-3 дахин өссөн. АБ ХХК үнэлэхдээ 1 м.кв талбайг 1,695,353 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 2016 онд Барилга, хот байгуулалтын сайдын баталсан баталсан жишиг үнээс 100,000 төгрөгөөр илүү байдлаар үнэлгээг тогтоосон байна. 1,695,353 төгрөгийг хаанаас гаргаад ирсэн бэ гэхэд нийт 342 сая төгрөгийн үнэ бүхий объектыг нэг нь 123.9 м.кв квадрат бөгөөд үүний 70 хувь гэж үзэх юм бол 86.73 м.кв, нөгөө объект нь 117.6 м.кв бөгөөд үүний 70 хувь нь 82.32 м.кв болж байгаа. 2 объектын 70 хувийг тооцох юм бол 169.5 м.кв бүхий барилга байгууламж баригдсан байгаа юм байна. 30 хувь гэдэгт дотор засал хийгээгүй, цахилгаан ороогүй, шал хийгээгүй байдаг, энэ нь 30 хувьдаа багтаж байгаа. 342 сая төгрөгөөс газрын үнэ болох 55 сая төгрөгийг хасаад үлдсэн үнийн дүнгээ м.кв-даа хуваахгүй бол 1,695,353 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оноос хойш зургаан жилийн инфляцын түвшин өссөн, төгрөгийн худалдан авах чадвар буурсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр гаргасан үнэлгээ нь үндэслэл бүхий болоогүй гэж үзсэн учраас гомдол гаргасан. Иймд АБ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нар нь 540,825,000 төгрөгөөр, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/41 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор АБ ХХК-ийг томилж, хөрөнгүүдийг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-158/4927, 4-158/4928, 4- 158/4929 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад үнэлгээг мэдэгдсэн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4-162/6794, 4-162/6793, 4-162/6792 дугаар албан бичгээр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдсэн боловч уг дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 9890 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Л.Б- нь иргэн надаас мөнгө зээлэхдээ байгуулсан барьцааны гэрээнд нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдээ өөрсдөө нийт 50,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч одоо 10 гаруй дахин үнээр үнэлж байгааг нь байгуулсан гэрээг ноцтой зөрчиж зээлийн гэрээний үүргээ зориудаар үл биелүүлэх буюу удаашруулах зорилготой байна гэж үзэж байна. Иргэн би мөнгөө зээлдүүлээд 3 жил гаруй болох хооронд мөнгөний ханш их хэмжээгээр унаж иргэн миний хохирол улам нэмэгдсээр байна. Л.Б-гийн дутуу баригдсан барилга гэгч нь хэрэг дээрээ хагас дутуу блок өрж дээвэр хийгээд гүйцээлгүй орхисон байшин юм. Нэхэмжлэгч Л.Б- батлагдсан зураг төсөл ч хийлгэлгүй гар аргаар барьж байгаа барилгынхаа зарим хэсгийг тохижуулан 2010 онд үндсэн хөрөнгийн хоёр гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Тэр анхнаасаа л зээлээ төлөхгүй байх зорилго агуулж хөрөнгөө зориудаар бага үнэлж иргэн намайг хохироосон гэж үзэж байна. Төлбөр төлөгчдийн барьцаалагдсан хашаа, байшин Гачуурт тосгоны төвд байрладаг тэгш газарт биш Гачуурт голын эргийн огцом өндөрлөгийг оролцуулан барьсан маш хуучны модон хашаа бөгөөд байшин нь дутуу баригдсан тул яагаад ч өндрөөр үнэлэгдэх боломжгүй, харин ч хөндлөнгийн шинжээч их өндөр үнэлсэн байна гэж үзэж байна. Энэ хавийн иймэрхүү хашаа байшингуудын зах зээлийн дундаж үнэлгээ нь 30-50 сая төгрөг байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг /13100/ Гачууртын зам 20/4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031986 дугаарт бүртгэлтэй 123,9 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 20/3 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031989 дугаарт бүртгэлтэй 117,6 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айл 1 дүгээр гудамжны 20б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012915 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18661313278101 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн АБ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-158/4929 дугаартай албан мэдэгдлээр миний дүү болох Т.Э- бидний хөрөнгийг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн болох талаар мэдэгдсэн. Бидний зүгээс үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд АБ ХХК-ийн үнэлгээний тайлангийн 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан Барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм-ийн дагуу үнэлгээг хийсэн гэж тусгасан байна. Тус дүрмийн 17 дугаар зүйлд тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой А, В, С, D, S гэсэн зэрэглэлийг тогтоосон. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь төмөр бетон баганатай, дүүргэлт нь хөнгөн блок, 1, 2 дугаар давхрын хооронд хучилтын хавтан буюу даацын хавтантай учир А зэрэглэлд орох үл хөдлөх хөрөнгө юм. Тус дүрмийн 19 дүгээр зүйлд барилгын нэгж хүчин чадлын хувьд инженерийн шугамаар хангагдсан буюу төвийн шугамаар халдаг, эсхүл уурын зуухаар халдаг гэсэн үзүүлэлт байгаа бөгөөд манай барилгын хувьд нам даралтаар халдаг учраас 0.95 хувийн итгэлцүүртэй. Түүнчлэн барилгын зузаан нь 640 мм-ээс дээш учраас 0.92 хувийн итгэлцүүр авч байгаа. Ийм үзүүлэлттэй үл хөдлөх хөрөнгө нь тус дүрэмд зааснаар А зэрэглэлд багтаж байна. Тиймээс АБ ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн тайлбараа хэлсэн. Уг барилга нь хуучны барилга бөгөөд суурин дээр нь нэмж барилга барьсан. Барилгын ажилд хийсэн хөрөнгийн үнэлгээ өндөр гарсан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг /13100/ Гачууртын зам 20/4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031986 дугаарт бүртгэлтэй 123,9 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 20/3 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031989 дугаарт бүртгэлтэй 117,6 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айл 1 дүгээр гудамжны 20б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012915 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18661313278101 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 342,003,484 төгрөгөөр үнэлсэн АБ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00658 дугаар шийдвэрээр Л.Б-, Т.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт 57,250,000 төгрөгийг гаргуулж, Ц.Ч-ад олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 779 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн байна. /хх35-41/

 

2.а. Хуулийн хүчин төгөлдөр уг шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/11094 дугаар шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 101/ГХ2021/00832 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч НШШГГ-т 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх33-34,42/

 

2.б. Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Л.Б-гийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг /13100/ Гачууртын зам 20/4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031986 дугаарт бүртгэлтэй 123,9 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Т.Э-гийн өмчлөлийн, 20/3 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031989 дугаарт бүртгэлтэй 117,6 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21260648/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21260648/4 дугаар тогтоолоор хураан авсан байна. /хх48,50-51/

 

2.в. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч Л.Б- нь үл хөдлөх эд хөрөнгийг 309,750,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан, харин төлбөр авагч Ц.Ч- нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргаж, Т.Э- үнийн санал гаргаагүй байна. /хх 54-55/

 

3. Дээрх эд хөрөнгө битүүмжилж хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

 

3.а. Талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоож чадаагүй үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/41 дугаар тогтоолоор шинжээчээр үнэлгээ хийлгэхээр АБ ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ.

 

3.б. Томилогдсон шинжээч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Л.Б-, Т.Э- нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг /13100/ Гачууртын зам 20/4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031986 дугаарт бүртгэлтэй 123,9 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 20/3 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031989 дугаарт бүртгэлтэй 117,6 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айл 1 дүгээр гудамжны 20б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012915 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18661313278101 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 342,003,484 төгрөгийн үнэ цэнэтэй гэж гэж үнэлсэн байна. /хх62-72/

 

3.в. Шинжээчийн дүгнэлтийн талаарх 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-158/4927, 4-158/4929 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Л.Б-, Т.Э- нарт 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн тухай тэмдэглэл авагдсан байна. /хх73-74/

 

3.г. Үнэлгээний тайлангийн агуулгаас үзвэл шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд зах зээлийн хандлагаар ижил байршилд байрлах хувийн сууц болон газрын үнэлгээтэй харьцуулан, хувийн сууцны талбайн хэмжээ, байрлал, чанар хийц, барилгын ажлын 30 хувийн дутуу гүйцэтгэл, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан итгэлцүүрээр үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлж, үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3.д. Нэхэмжлэгч нь үнэлгээний дээрх аргачлал, дүгнэлтийг буруу, алдаатай болохыг баримтаар няцаасан буюу үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлж мэтгэлцээгүй байх тул шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар татгалзсан, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Л.Б- нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандах тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Төлбөр авагч Ц.Ч-д хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэл хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д төлбөр авагчийг Ш.С гэж ташаа бичсэн техникийн шинжтэй алдааг залруулах нь зөв гэж үзлээ.

 

6. Иймд анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй, үнэлгээний талаар гомдол хугацааг хэтрүүлэн гомдлыг гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байх ба шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02731 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг /13100/ Гачууртын зам 20/4 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031986 дугаарт бүртгэлтэй 123,9 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 20/3 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031989 дугаарт бүртгэлтэй 117,6 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айл 1 дүгээр гудамжны 20б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012915 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18661313278101 дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 342,003,484 төгрөгөөр үнэлсэн АБ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ