Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2333

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02072 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Н-д холбогдох

 

Хохирол 1 771 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 421 тоот тогтоолоор И.Н-с тус ББСБ-д 805 210 679 төгрөгийг олгохоор тогтоосон. Уг шүүхийн тогтоолыг сайн дураар эс биелүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардал, урамшууллын гэрээ байгуулсан. Үүний дагуу ажиллагаа хийгдэж И.Н нь 350 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Тус ББСБ нь зардал, урамшууллын гэрээ болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэрээний дагуу урамшууллын төлбөрт 1 750 000 төгрөгийг төлсөн. Тус ББСБ нь И.Н-ийн буруутай үйл ажиллагаанаас болж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн хохирол 1 750 000 төгрөгийг хариуцагч И.Н-с нэхэмжилж шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр И.Н- нь улсын хилээр гарсан тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан болно. Хариуцагч И.Н Монгол улсын хилээр буцан орж ирсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг сайн дураар эс биелүүлснээс үүссэн хохирол болох 1 750 000 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан зардал 21 000 төгрөг, нийт 1 771 000 төгрөгийг тус ББСБ-тай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/2140 тоот зээлийн гэрээний 3.2.7-д заасны дагуу И.Н-с нэхэмжилж байна. Үндсэн хууль болон Иргэний хуульд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байдаг ба үүнийг И.Н биелүүлээгүйн улмаас тус банк бус санхүүгийн байгууллага 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх албаар зайлшгүй ажиллагаа хийлгэх шаардлагатай болсон. Энэ ажиллагааг хийсний дүнд манайд үлдэх ёстой байсан мөнгө үлдээгүй, шийдвэр гүйцэтгэх албанд 1 750 000 төгрөгийг төлсөн. Энэ нь нийт үнийн дүнгээр төлөгдөөгүй, 350 000 000 төгрөгт оногдох 0.5 хувь гээд шийдвэр гүйцэтгэх урамшуулалд орсон хувиар тооцож гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардал болох 1 756 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар И.Н-с 1 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 000төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Н-с 42 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх заалтыг үндэслэн "О ББСБ ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд төлсөн 1 750 000 төгрөгийг И.Н-ээр төлүүлэхээр нь үндэслэлгүй байна. Учир нь "О ББСБ ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан урамшууллын гэрээний үндсэн дээр урамшуулал хэлбэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн төлбөрөө И.Н-г төлөх ёстой гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд урамшууллын гэрээний оролцогч нь И.Н биш юм. Анхан шатны шүүх "О ББСБ ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд төлсөн 1 750 000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол гэж үзэж, тухайн хохирлыг И.Н-г учруулсан гэж шууд дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн ноцтой хууль бус шийдвэр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч И.Н-д холбогдуулан хохирол 1 771 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/00835 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 468 дугаар магадлалд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулан хариуцагч И.Н-с 801 047 679 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 110 538 700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-9-21 дэх тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч И.Н сайн дураараа биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2015/23339 дүгээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж гарч, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 2486 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

/хх22-23 дахь тал/

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 15/6939 дүгээр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, мөн өдөр 15/6940 дүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг тус тус байгуулж, уг шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээгээр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг 0.5 хувиар тооцон төлбөрийн үнийн дүнгээс гаргуулахаар харилцан тохиролцсон байна. Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 750 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн болох нь хэргийн 29 дэх талд авагдсан кассын орлогын ордер баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан байна. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар иргэн болон хуулийн этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтрүүлбэл нөгөө тал нь хохирол шаардах эрхтэй юм. Хариуцагч И.Н нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандсан, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлсний улмаас нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд 1 750 000 төгрөг төлснийг хохирол гэж үзэх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зайлшгүй зардал-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж тодорхойлсон ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор зайлшгүй зардал гарсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцон төлбөр төлөгчөөс гаргуулах талаар хуулиар тодорхойлон хуваарилсан байна.

 

Нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан бөгөөд ийнхүү учирсан хохирлыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг өөрийн хүсэл зоригийг илэрхийлж бичгээр хийжээ. Уг гэрээнд шийдвэр бодитой биелэгдсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид хэдий хэмжээний урамшууллыг олгох талаар талууд хуулиар тогтоосон хүрээнд тохиролцон тодорхойлсон байна.

 

Иймд хариуцагч И.Н-с 1 750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 000 төгрөгт холбогдох хэсгийг болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн бичиг баримтуудыг нотариатаар баталгаажуулж, үйлчилгээний хөлс 21 000 төгрөг төлсөн талаар 2018 оны 4 дуүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт гэх, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар баримтуудыг ирүүлсэн боловч уг баримтуудыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор бичгийн нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангах зорилгоор гаргасан зардал гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Н-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 44 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ