Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00468

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02072 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2333 дугаар магадлалтай,

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

И.Н-д холбогдох,

1.771.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 421 тоот тогтоолоор И.Н-гээс тус ББСБ-д 805.210.679 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолыг сайн дураар эс биелүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардал, урамшууллын гэрээ байгуулсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж И.Н- нь 350.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Тус ББСБ нь зардал, урамшууллын гэрээ болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэрээний дагуу урамшуулалд 1.750.000 төгрөгийг төлсөн. Тус ББСБ нь И.Н-гийн буруутай үйл ажиллагаанаас болж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн хохирол 1.750.000 төгрөгийг хариуцагч И.Н-гээс нэхэмжилж шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр И.Н- нь улсын хилээр гарсан тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг сайн дураар эс биелүүлснээс үүссэн хохирол болох 1.750.000 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан зардал 21.000 төгрөг, нийт 1.771.000 төгрөгийг тус ББСБ-тай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/2140 тоот зээлийн гэрээний 3.2.7-д заасны дагуу И.Н-гээс нэхэмжилж байна. Энэ нь нийт үнийн дүнгээр төлөгдөөгүй, 350.000.000 төгрөгт оногдох 0.5 хувь гээд шийдвэр гүйцэтгэх урамшуулалд орсон хувиар тооцож гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.           

Хариуцагч И.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02072 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар Цорос овогт Ишбадамын Наранхүүгээс 1.750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Н-гээс 42.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2333 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Н-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 44.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дуүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02072 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2333 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/00835 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 468 дугаар магадлалд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 16- ны өдрийн 421 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулан хариуцагч И.Н-гээс 801,047,679 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож нэхэмжлэлээс 110,538,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон билээ. 2015 оны 06 сарын 16 өдрийн 421 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор “О” ХХК, И.Н- нарын Зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон эрх зүйн харилцаанаас дахин үүрэг үүсэхгүй. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй” гэж заасан байна. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар иргэн болон хуулийн этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтрүүлбэл нөгөө тал нь хохирол шаардах эрхтэй юм. Хариуцагч И.Н- нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандсан, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлсний улмаас нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд 1,750,000 төгрөг төлснийг хохирол гэж үзэх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Нэгэнт шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон эрх зүйн харилцаанаас үүрэг үүсэж түүнээс хохирол учирсан мэтээр тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх зарчимд харш дүгнэлт болсон байна. Мөн нэхэмжлэгч “О” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр 15/6939 дүгээр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, мөн өдөр 15/6940 дүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг зардал гаргуулах гэрээг байгуулсны үндсэн дээр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, “О” ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд И.Н-, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул 15/6939 дүгээр “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-т “Төлбөр авагч нь гэрээнд тохиролцсоноор төлбөрийн үнийн 0,5 хувиар урамшуулалт төлнө” заасны дагуу урамшууллын төлбөрт 1,750,000 төгрөг төлснийг И.Н-гээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулан хариуцагч И.Н-гээс 801,047,679 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож нэхэмжлэлээс 110,538,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул тус хохирлын асуудлыг шүүгч дангаар бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02072 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 21 өдрийн 2333 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

“О” ХХК нь И.Н-гээс 1.771.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшуулал гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

И.Н- нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “О”-д 801.047.679 төгрөг төлөх төлбөртэй, тэрээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байна.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, төлбөр авагч “О” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээг тус тус байгуулж, төлбөрийн үнийн дүнгээс 0.5 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар харилцан тохиролцжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 350.000.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн, уг дүнгээс тооцон нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр 1.750.000 төгрөгийн урамшуулал төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэл хувиар урамшуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 83 дугаар зүйлийн 83.1.-т заасан, нэхэмжлэгч уг зохицуулалтыг нэхэмжлэлийн үндэслэлд дурджээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 1.750.000 төгрөгийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэлгүй боловч зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцээгүй байна.

Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг “...И.Н- нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч зардал гаргаж  хохирол учирсан” гэж үзэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 228 дугаар зүйлийн 228.1. дэх зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчтэй хуульд зааснаар гэрээ байгуулж гаргуулсан төлбөрийн хэмжээнээс тодорхой хувиар тооцож урамшуулал төлсөн, өөрөөр хэлбэл, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас хохирол  учирсан гэж шаардсан, энэ тохиолдолд зөрчлийн улмаас үүрэг үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1.-т зааснаар “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хуулийн энэхүү зохицуулалтад хамаарч байна.

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, улмаар нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал төлсөн үйл баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2333 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...219 дүгээр зүйлийн 219.1., 228 дугаар зүйлийн 228.1...” гэснийг “...497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулгын гомдлыг хангахгүй орхисугай.   

2.Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 44.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ