| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/00601/И |
| Дугаар | 183/ШШ2022/01351 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2022/01351
| 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр | Дугаар 183/ШШ2022/01351 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг 9 дүгээр гудамж, 409 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, овогт Отгонсүрэнгийн Баттөмөр /рд:ШГ68110571/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж 72 дугаар байрны 601 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, Хувьд овогт Бямбасүрэнгийн Батзориг /рд:ВИ80042513/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяраа,
Хариуцагч Б.Батзориг,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар /ШТЭҮД-1955/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Баттөмөр нь Б.Батзоригт холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...О.Баттөмөр нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Батзоригтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоотод байрлах, 111.45 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206037048 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр, Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 72 байрны зоорийн давхрын 5 тоотод байрлах, 24 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206037049 дугаарт бүртгэлтэй, авто зогсоолыг 10 000 000 төгрөгөөр, мөн С.Эрдэнэтуяатай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоотод байрлах, 88.87 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2203015670 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч, Б.Батзориг нь тодорхой хугацаанд буюу өөрийн орон байртай болох хүртлээ уг орон сууцаа түрээсэлж байхаар амаар тохиролцсон. О.Баттөмөр нь иргэн С.Эрдэнэтуяад холбогдуулан хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхэд гаргаж байсан боловч "...үл хөдлөх хөрөнгийн үнийг С.Эрдэнэтуяад шилжүүлээгүй, Б.Батзориг мөнгийг хүлээн авсан..." гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 180 000 000 төгрөгийг иргэн Б.Батзоригийн Худалдаа хөгжлийн банк дахь 406063444 тоот харилцах дансанд шилжүүлж өгсөн болно. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоотод байрлах, 111.45 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206037048 дугаарт бүртгэлтэй 4 өрөө сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны зоорийн давхрын 5 тоотод байрлах, 24.0 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206037049 дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг иргэн О.Баттөмөрийн нэр дээр олгосон. Б.Батзоригоос орон сууц, авто зогсоолыг суллаж өгөхийн шаардаж байсан боловч биелүүлээгүй, түрээсийн төлбөр огт төлөөгүй бөгөөд уг орон сууц, авто зогсоолыг өнөөдрийг хүртэл иргэн Б.Батзориг нь өөрийн гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж, ашиглаж О.Баттөмөрийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоотод байрлах, 111.45 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206037048 дугаарт бүртгэлтэй 4 өрөө сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны зоорийн давхрын 5 тоотод байрлах, 24.0 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206037049 дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг иргэн Б.Батзоригийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Миний бие Хар ус мандал ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд Хан-Уул дүүргийн Био комбинатад 280 хүүхдийн бага сургуулийг барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байсан. Тухайн үед бараа материалын мөнгө байхгүй учир өөрийн танил С.Эрдэнэтуяагийн өмчлөлийн орон сууц, өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг барьцаанд тавьж, зээл авахаар хөөцөлдөж байгаад Эко капитал ББСБ ХХК-ийн ажилтан н.Ёндонтой уулзсан. н.Ёндон нь тухайн үед та нар барьцаа хөрөнгөө О.Баттөмөр гэдэг хүний нэр дээр шилжүүлж ирвэл 180 000 000 төгрөгийн зээл гаргах боломжтой гэж хэлсэн. Ингээд Б.Баттөмөрөөс Б.Батзориг миний бие мөнгө зээлэх, харин нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг орон сууц, авто зогсоолоор хангуулах зорилгоор О.Баттөмөртэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн авто зогсоол, орон сууц болон С.Эрдэнэтуяагийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн өгсөн. Үндсэндээ нэхэмжлэгч бид хоёрын хооронд аман зээлийн гэрээ байгуулагдсан юм. Хэрэв миний бие хүсэл зорилгоо илэрхийлэн нэхэмжлэгч О.Баттөмөртэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бол худалдсан орон сууц, авто зогсоолыг 5 жил, 4 сар эзэмшиж ашиглах билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж, холбогдох гарах бүх зардлыг бүрэн төлж амьдарч байна. Нэхэмжлэгч Б.Баттөмөр надтай уулзах болгондоо 180 000 000 төгрөгийн хүү, алданги нийлээд 300 000 000 төгрөг болсон, төлбөрөө төлөхгүй бол байрыг чинь хүчээр авна гэж дарамталдаг байсан. Нэхэмжлэгчээс миний байр, авто зогсоолыг надад буцаагаад шилжүүлээд би барьцаанд тавиад авсан зээлээ төлж барагдуулах талаар хүсэлтээ илэрхийлэхээр одоо чиний зээл байр барьцаанд тавихад хүрэхгүй, 300 000 000 төгрөг өгөөд байраа буцааж ав гэж маргаан үүсгэсэн. Миний бие авсан зээлээ төлөөд нэхэмжлэгчээс байраа буцаан шилжүүлэн авахаар тохиролцсон учир байрыг худалдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарласан.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний бие барилга угсралтын Хар ус мандал констракшн ХХК-ийг үүсгэн байгуулж,үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 9 дүгээр сард барилгын угсралтын ажил зогсох гээд зээл шаардлагатай болсон. О.Баттөмөр нь зээл олгож болно, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаална, барьцаагаа баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авна гэсэн шаардлага тавьсны дагуу би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 111.45 м.кв талбайтай 4 өрөө сууц, тус байрны зоорийн давхрын 5 тоотод байрлах, 24.0 м.кв талбайтай авто зогсоол, С.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байр, 31 тоотод байрлах, 88.87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 180 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээл авахаар болсон. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Батзориг нь О.Баттөмөртэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөг, 100 000 000 төгрөг, 5 тоот зогсоолыг 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, С.Эрдэнэтуяа нь О.Баттөмөртэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот 4 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөг, 70 000 000 төгрөг гэсэн 2 өөр үнийн дүнтэй гэрээг тус тус байгуулсан. Би О.Баттөмөрт өөрийн өмчлөлийн 4 өрөө сууц, авто зогсоолыг худалдан борлуулаагүй ба О.Баттөмөрөөс 180 000 000 төгрөгийн зээл авсны баталгаа болгож үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр О.Баттөмөрт шилжүүлсэн, барьцаанд байгаа тул тус хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Би Э.Алтанбаяртай 2010 онд нэг гэр бүл болж, 2014 онд гэрлэлтээ батлуулж, 2012 онд хүү Б.Ган-Эрдэнэ, 2014 онд охин Б.Анударь төрж, уг байрыг 2015 оны 4 дүгээр сард худалдаж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна” гэв.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “...Иргэн О.Баттөмөр, Б.Батзориг нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдаж, Б.Батзориг нь орон сууц, зогсоолын үнэ болох 180 000 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан ба энэ хэлцэл нь ямар нэг хууль зөрчөөгүй, хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, үүнийг нь нотариатын байгууллага гэрчилсэн байдаг. Хариуцагч нь зээл авсан хэмээн маргаж байгаа ч үүнийгээ нотлох нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй, мөнгийг хүлээн авсан нь нотлогддог тул худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн нь нотлогдож байна. Хавтаст хэрэгт Б.Батзоригийн дансанд худалдаж авсан байрны үнэ шилжиж орсны нотолсон дансны хуулга байдаг. Б.Батзориг нь хэдийгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, нотлох нэг ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөнгүй. Тодруулбал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, үндэслэл нь тодорхойгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
5. Нэхэмжлэгч талаас, Б.Батзориг, О.Баттөмөр нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /орон сууц/, мөн өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /авто зогсоол/, С.Эрдэнэтуяа, О.Баттөмөр нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, О.Баттөмөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байр, 31 тоот хаягт байршилтай, 88.87 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 72 дугаар байр, зоорийн давхар, 5 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 72 дугаар байр, 601 тоот хаягт байршилтай, 111.45 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орлогын ордер, Б.Батзоригийн гараар бичсэн хүсэлт, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01608 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
6. Хариуцагч талаас, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1424 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00994 дугаар шийдвэр, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Батзоригийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байр, 31 тоот хаягт байршилтай, 88.87 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С.Эрдэнэтуяагаас Б.Батзоригт олгосон итгэмжлэл, Б.Батзориг, Э.Алтанбаяр нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Б.Ган-Эрдэнэ, охин Б.Анударь нарын төрсний гэрчилгээний хуулбар, Э.Алтанбаярын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
7. Шүүх хариуцагчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Шүүхийн төрөлжсөн архивын газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00994 дугаартай хэргээс Э.Ёндонгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Б.Батзоригийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Эко капитал ББСБ ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх хуудас зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би Б.Батзоригтой 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр, мөн байрны зоорийн давхрын 5 тоотод байрлах авто зогсоолыг 10 000 000 төгрөгөөр, мөн иргэн С.Эрдэнэтуяатай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот 4 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч, Б.Батзориг нь тодорхой хугацаанд буюу өөрийн орон байртай болох хүртлээ уг орон сууцаа түрээсэлж байхаар амаар тохиролцсон. Улмаар С.Эрдэнэтуяад холбогдуулан орон сууцаа түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргахад "...үл хөдлөх хөрөнгийн үнийг С.Эрдэнэтуяад шилжүүлээгүй, Б.Батзориг мөнгийг хүлээн авсан...." гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 180 000 000 төгрөгийг Б.Батзоригийн Худалдаа хөгжлийн банк дахь 406063444 тоот харилцах дансанд шилжүүлж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 5 тоотод байрлах авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг О.Баттөмөрийн нэр дээр олгосон. Б.Батзоригоос орон сууц, авто зогсоолыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, түрээсийн төлбөр огт төлөөгүй өнөөдрийг хүртэл уг орон сууц, авто зогсоолыг Б.Батзориг гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5 тоот авто зогсоолыг тус тус Б.Батзоригийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Би Хар ус мандал ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд Хан-Уул дүүргийн Био комбинатад 280 хүүхдийн бага сургуулийг барьж, ашиглалтад оруулахад бараа материалын мөнгө шаардлагатай болсон учир өөрийн өмчлөлийн орон сууц, зогсоол болон танил С.Эрдэнэтуяагийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл авахаар Эко капитал ББСБ ХХК-ийн ажилтан н.Ёндонтой уулзсан. Тэрээр та барьцаа хөрөнгөө О.Баттөмөр гэдэг хүний нэр дээр шилжүүлбэл 180 000 000 төгрөгийн зээл гаргах боломжтой гэсний дагуу О.Баттөмөртэй уулзаж, худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий орон сууцууд болон авто зогсоолыг О.Баттөмөрийн өмчлөлд шилжүүлсэн. Хэрэв би хүсэл зорилгоо илэрхийлэн О.Баттөмөртэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бол худалдсан орон сууц, авто зогсоолыг 5 жил, 4 сар эзэмшиж ашиглах ёсгүй билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, холбогдох гарах бүх зардлыг бүрэн төлж амьдарч байна. Нэхэмжлэгч Б.Баттөмөр надтай уулзах болгондоо 180 000 000 төгрөгийн хүү, алданги нийлээд 300 000 000 төгрөг болсон, төлбөрөө төлөхгүй бол байрыг чинь хүчээр авна гэж дарамталдаг байсан. Миний зүгээс байр, авто зогсоолын өмчлөлийг буцаагаад шилжүүлээд өгвөл барьцаанд тавьж, зээлээ төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд чиний зээл байраа барьцаанд тавиад ч хүрэхгүй, 300 000 000 төгрөг өгөөд байраа буцааж ав гэх маргаан үүсгэсэн. Иймд зээл авсны барьцаа болгож байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн, зээлээ төлөөд байраа буцаан авахаар тохиролцсон, байраа худалдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Би Хар ус мандал констракшн ХХК-ийн барилгын угсралтын ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай болж, Р.Баттөмөрийн зээл олгож болно, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаална, барьцаагаа баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авна гэсэн шаардлагын дагуу өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө сууц, тус байрны зоорийн давхрын 5 тоот авто зогсоолыг өөрийн танил С.Эрдэнэтуяагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байр, 31 тоот 4 өрөө орон сууцыг тус тус барьцаанд тавьж, 180 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаа болгож 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Батзоригтой үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөг, 100 000 000 төгрөг, 5 тоот зогсоолыг 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, С.Эрдэнэтуяа нь О.Баттөмөртэй мөн худалдах, худалдан авах гэрээг байгуулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 31 тоот 4 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөг, 70 000 000 төгрөг гэсэн 2 өөр үнийн дүнтэй гэрээг тус тус байгуулсан. Иймд би О.Баттөмөрт өөрийн өмчлөлийн 4 өрөө сууц, авто зогсоолыг худалдан борлуулаагүй, О.Баттөмөрөөс 180 000 000 төгрөгийн зээл авсны баталгаа болгож үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр О.Баттөмөрт шилжүүлсэн, барьцаанд байгаа тул тус худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...О.Баттөмөр, Б.Батзориг нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдаж, Б.Батзориг нь орон сууц, зогсоолын үнэ болох 180 000 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан ба энэ хэлцэл нь ямар нэг хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, үүнийг нь нотариатын байгууллага гэрчилсэн. Хариуцагч нь зээл авсан хэмээн маргаж байгаа ч үүнийгээ нотлох нэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй, мөнгийг хүлээн авсан нь нотлогддог тул худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн нь нотлогдож байна. Иймд Б.Батзориг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх үндэслэлээр няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт, Б.Батзориг, О.Баттөмөр нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр, 100 000 000 төгрөгөөр тус тус худалдахаар тохиролцсон 2 гэрээ, тус байрны зоорийн давхарт байрлах 5 тоот авто зогсоолыг 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон 2 гэрээ, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь нэхэмжлэгч О.Баттөмөр болохыг гэрчилсэн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд тус тус авагджээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, тухайн эд юмсыг өмчлөх, эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөл шаарддаг.
Хэрэгт авагдсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 994 дүгээр шийдвэр, тус шийдвэртэй иргэний хэрэгт гэрч Э.Ёндонгийн өгсөн ...Батзориг ах Баттөмөрт өгөх мөнгө ийм болж байгаа гэж хэлэхээр нь би бичиж өгсөн, ...Батзоригтой ямар ч харилцаа байхгүй, ...Баттөмөр гэж хүнтэй уулзуулж өгсөн, ...танайд хандсан зээл бүтсэнгүй яаж мөнгө олох вэ гэхээр нь Баттөмөр ахтай холбож өгсөн гэх агуулга бүхий мэдүүлэг, Эко капитал ББМБ-аас Б.Батзоригт зээлийн төлбөрөө төлөх талаар хүргүүлсэн мэдэгдэл, 2 өөр үнийн дүнгээр худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдсан зэрэг үйл баримтаар нэхэмжлэгч О.Баттөмөр, хариуцагч Б.Батзориг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...бид эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж байгаа. ...хариуцагчийн зүгээс 260 000 000 төгрөгийг төлөх, өмчлөх эрхийг урьдчилан шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан, 270 000 000 төгрөг дээр тохирох саналтай байна”, “...манайх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрч болж байна, мөнгөний хувьд 270 000 000 төгрөгийг буцааж аваад өмчлөлийг шилжүүлье” гэх тайлбараар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх баримтууд болон хариуцагч Б.Батзориг 2015 оноос хойш одоог хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа зэргээр хариуцагч Б.Батзориг өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг нэхэмжлэгч О.Баттөмөрт худалдах хүсэл зориггүй байсан, харин түүнээс авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, барьцааны гэрээ байгуулалгүйгээр дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь тус тус тогтоогдох тул талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхарт байрлах 5 тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах хэлцэл нь барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.
Иймд нэхэмжлэгч О.Баттөмөрийн маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг олж авсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус, тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлага гаргах эрхгүй байх тул үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7. Шүүх талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхарт байрлах 5 тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн.
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул талууд уг хэлцэлтэй холбоотойгоор ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг.
Иймд шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот хаягт байршилтай, 111.45 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 72 дугаар байр, зоорийн давхрын 5 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Батзоригийн өмчлөлд шилжүүлэхийг О.Баттөмөрт даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч О.Баттөмөр нь хариуцагч Б.Батзоригоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 832 900 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Баттөмөрт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот хаягт байршилтай, 111.45 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 72 дугаар байр, зоорийн давхрын 5 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай О.Баттөмөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д тус тус заасныг баримтлан О.Баттөмөр, Б.Батзориг нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан улсын бүртгэлийн Ү-2206037048 дугаартай, гэрчилгээний 000411018 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 72 дугаар байрны 601 тоот хаягт байршилтай, 111.45 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206037049 дугаартай, гэрчилгээний 000411017 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 72 дугаар байр, зоорийн давхрын 5 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Батзоригийн өмчлөлд шилжүүлэхийг О.Баттөмөрт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 832 900 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ