Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01349

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     О.Бийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01351 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Бийн хариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх үндсэн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваахүү, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: О.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Бтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ................ 111,45 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр, ................ 24 м.кв талбайтай авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан. Б.Б нь өөрөө орон сууцтай болох хүртлээ орон сууцыг түрээслэхээр амаар тохиролцсон. Уг орон сууцны үнэ 180,000,000 төгрөгийг Б.Бийн Худалдаа хөгжлийн банк дахь 406063444 тоот харилцах дансанд шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээнүүд О.Бийн нэр дээр олгогдсон. Б.Боос орон сууц, авто зогсоолыг суллаж өгөхийг шаардаж байсан боловч биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөөгүй өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж, ашиглаж өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу ................ 111.45 м.кв талбайтай 4 өрөө сууц, ................ 24.0 м.кв талбайтай авто зогсоолыг хариуцагч Б.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Б нь “ХУМ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд Хан-Уул дүүргийн ............ сургууль барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байсан. Тухайн үед бараа материалын мөнгө байгаагүйн улмаас танил С.Эгийн болон өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг барьцаанд тавьж, зээл авахаар хөөцөлдөн “ЭК ББСБ” ХХК-ийн ажилтан Э.Ётой уулзахад барьцаа хөрөнгөө О.Бийн нэр дээр шилжүүлвэл 180,000,000 төгрөгийн зээл гаргах боломжтой гэсэн. Б.Бөөс Б.Б мөнгө зээлэх, үүргийн гүйцэтгэлийг орон сууц, авто зогсоолоор хангуулах зорилгоор О.Бтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн авто зогсоол, орон сууц болон С.Эгийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлсний үндсэн дээр амаар зээлийн гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж, ашиглахтай холбогдон гарах бүх зардлыг төлж байна. Б.Б нь авсан зээлээ төлөөд нэхэмжлэгчээс байраа буцаан шилжүүлэн авахаар тохиролцсон учир байрыг худалдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Б нь  О.Бын шаардлагын дагуу өөрийн өмчлөлийн ................ 111.45 м.кв талбайтай 4 өрөө сууц, тус байрны зоорийн давхрын 5 тоот байрлах, 24.0 м.кв талбайтай авто зогсоол, С.Эгийн өмчлөлийн ............... 88.87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьж, 180,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдэн авахаар болсон.  2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Б нь О.Бтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж ................ 4 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөг, 100,000,000 төгрөг, 5 тоот зогсоолыг 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, С.Э нь О.Бтэй ............... 4 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөг, 70,000,000 төгрөгийн 2 өөр үнийн дүнтэй гэрээг тус тус байгуулсан. О.Бтэй байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байгаагүй, түүнээс 180,000,000 төгрөгийн зээл авсны баталгаа болгож үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр О.Бт шилжүүлсэн, барьцаанд байгаа тул тус хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: О.Б, Б.Б нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүчин төгөлдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдаж, Б.Б нь орон сууц, зогсоолын үнэ 180,000,000 төгрөгийг дансаараа хүлээн авсан. Хариуцагч нь зээл авсан гэж маргаж байх боловч нотлох баримт гаргаж өгөөгүй, мөнгийг хүлээн авсан нь нотлогддог тул худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан ................ 111.45 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ............... 24 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай О.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д тус тус заасныг баримтлан О.Б, Б.Б нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан улсын бүртгэлийн Ү-............... дугаартай, гэрчилгээний 000411018 дугаартай, ................ 111.45 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-............... дугаартай, гэрчилгээний 000411017 дугаартай, ............... 24 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Бийн өмчлөлд шилжүүлэхийг О.Бт даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832,900 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 832,900 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд, Б.Б зээл авсан, өөр хэлцлийг халхавчилж хийсэн гэж маргадаг боловч 7 жилийн хугацаанд нэг ч удаа төлөлт хийгээгүй нь зээл биш гэдгийг хангалттай нотолж байна. Зээл авсан бол эргэн төлөлт хийх байсан. О.Б нь Б.Боос зөвхөн орон сууц чөлөөлж өгөхийг шаардаж байсан болохоос зээлийн эргэн төлөлтийг шаардаж байгаагүй. Б.Б хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргаж байгаагүй, зөвхөн сөрөг нэхэмжлэл гаргасан. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хэргийн 12-р талд авагдсан Б.Бийн гараар бичсэн өргөдөл нь зээлийн ямар ч харилцаа байгаагүйг хангалттай нотолж байхын зэрэгцээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулснаар хэн алинд нь нуух шаардлагатай өөр хэлцэл, ашигтай байдал, давуу тал байгаагүй. Хэлцэл Б.Бийн хүсэл зоригийн дагуу байгуулагдаж үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татвар төлсөн. Гэрч н.Ёгийн мэдүүлэг нь О.Б, Б.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа байсныг нотлохгүй, “Э” ББСБ-аас ирүүлсэн гэх мэдэгдэл хүргүүлэх хуудас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.2. Мэдэгдэл хүргүүлэх хуудсыг Б.Бийн хүсэлтээр гаргаж өгсөн болохоо гэрч Э.Ё мэдүүлсэн. Б.Б нь орон сууцаа буцаан худалдан авах нөхцөлтэйгээр О.Бт худалдсан болох нь гэрчийн мэдүүлэг, өөрийнх нь гараар бичиж өгсөн өргөдөл, 7 жилийн турш нэг ч удаа зээл төлж байгаагүй зэргээр хангалттай нотлогддог. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан буцаан худалдан авах нөхцөлтэй харилцаа үүссэн болох талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл бүхий тайлбар, няцаалтад хууль зүйн үнэлэлт дүгнэлт, тайлбарыг хариуцагч болон шүүхээс өгөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар Б.Бийн буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх хугацаа дууссан ч О.Б түүний буцаан худалдан авах саналыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхээс буруу дүгнэлт гаргах үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг мушгин хариуцагч талд ашигтай байдлаар зээлийн харилцаа үүссэн байх магадлалтай гэж хууль зүйн үндэслэлгүй тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан харицагч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Б.Б 180,000,000 төгрөгийг авахдаа өөрийн 4 өрөө байрыг автозогсоолын хамт, мөн багш н.Эгийн байрыг барьцаанд тавих санал тавьсан. Анх “ЭК” ББСБ хүсэлт тавьсны дагуу зээлийн эдийн засагч Э.Ё “зээл гаргах боломжгүй О.Б гэх хүнтэй зуучилж өгье” гэсэн. Э.Ё гэрчийн мэдүүлэг өгсөн. н.Э нь 2017 оноос барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баяраа шүүх хурлыг 3 удаа хойшлуулсан. Эвлэрэх боломжгүй байсан тул шүүх хурлаар шийдвэрлэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч О.Бийн гаргасан ................ 111.45 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ............... 24 м.кв талбайтай авто зогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч Б.Б эс зөвшөөрч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц, авто зогсоол худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,  үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Бийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн орон сууц, авто зогсоолыг хариуцагчийн эзэмшлээс шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр дараахи үйл баримт тогтоогдсон.

Б.Б 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр .................. 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын  5 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр О.Бт 4 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр, 100,000,000 төгрөгөөр тус тус худалдсан тухай 2 гэрээ, 5 тоот авто зогсоолыг 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгөөр худалдсан 2 гэрээг тус тус байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 30,000,000 төгрөгийн, 5,000,000 төгрөгийн гэрээний үндсэн дээр О.Бийн өмчлөлд шилжүүлсэн боловч одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа нь нотлогдож байна. /хх 4-9, 41/

 Зохигчдын худалдах, худалдан авах гэрээг байгуулсан үндэслэлийн талаар хариуцагч Б.Б “... “Э ББСБ” ХХК зээл олгохоос татгалзсан, ажилтнаар нь зуучлуулан О.Бөөс 180,000,000 төгрөг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд  орон сууц, авто зогсоолыг С.Эгийн өмчлөлийн орон сууцны хамт худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн” гэж тайлбарлажээ.

Гэрч Э.Ёгийн “ЭК ББСБ” ХХК-аас барилгын ажил өвөл хийгдэхгүй гэдэг үндэслэлээр зээл гаргахаас татгалзсан, Б.Б танай ББСБ-д хандсан боловч зээл бүтсэнгүй яаж мөнгө олох вэ гэхээр нь Б ахтай холбож өгсөн ...” гэсэн мэдүүлэг, “ЭК ББСБ” ХХК-аас Б.Бт зээл төлөхийг шаардсан албан бичиг, хариуцагч Б.Бийн төлбөр төлөх тухай хүсэлт, талуудын маргаан бүхий асуудлаар тодорхой үнийн дүн дээр эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж байсан, орон сууц, авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг 2 өөр үнийн дүнгээр байгуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна. /хх 12, 110-113, 115/

Хариуцагчийн гараар бичсэн хүсэлт бүхий “...санхүүжилт бүрэн орж ирж, тухайн байруудын бүх төлбөрийг барагдуулна, төлөөгүй тохиолдолд дээрх байрууд, гараажийг битүүмжлэн хурааж авахад татгалзахгүй ...” гэх баримтад үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах агуулга тусгагдаагүй байна. /хх12/           

180,000,000 төгрөг хариуцагчийн дансанд шилжүүлсэн баримт нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг эргэлзээгүйгээр нотлохгүй.

6. Иймд нэхэмжлэгч О.Б, хариуцагч Б.Б нар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор амаар тохиролцсон тохиролцоог халхавчилж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзэв.

7. Хариуцагчийн гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Бийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа хэтрүүлээгүй байна.  Тодруулбал, талууд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж, уг гэрээний зүйлийн талаар хариуцагч дээрх хуульд заасан шаардлага гаргах 6 жилийн хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх24-26/

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр үүрэгтэй тул ................ 111.45 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, ............... 24 м.кв талбайтай авто зогсоолыг Б.Бийн өмчлөлд шилжүүлэхийг О.Бт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 8. Харин нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүрэг шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдаж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримтын үнэлгээ болон хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01351 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,300 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                                           ШҮҮГЧИД                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                              А.МӨНХЗУЛ