Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2334

 

 

Л.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/02810 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Г-ын   нэхэмжлэлтэй,

Хариуцагч “УБТЗ" ХНН-д холбогдох

 

Явуулын тасалбарын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 969 880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  нь 1990 онд Улаанбаатар төмөр замын техникумийг техникч мэргэжлээр төгсөж, 1997 онд Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төвд мөнгөний нярав, суурийн кассир, тээшийн кассир зэрэг ажлуудыг хийж байгаад 2004 оноос явуулын тасалбарын няраваар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажилласан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 58 дугаар тушаалаар Л.Г-ын   хөдөлмөрийн гэрээг тухайн ажилтны орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсныг эс зөвшөөрч  нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталж 2018 оны 102/ШШ2018/01249 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Ингээд ажилдаа орох гэтэл Хуулийн албаны орлогч дарга нь дуудсан байдаг. Хуулийн албаны орлогч даргатай 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр уулзахад таны орон тоо цөөрсөн гээд хөдөлмөрийн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцлах мэдэгдэл өгсөн. Мөн Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгосон тушаалыг гаргасан. Ингээд хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тушаалаар Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Л.Г-ын хууль ёсны эрх ашгийг хохироосон тул гомдол гаргасан. Л.Г-ыг урьд нь ажлаас халахдаа мэдэгдэл өгөөгүй, хариуцагч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох гээд очиход нь дахин мэдэгдэл өгч хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Л.Г-ын   хөдөлмөрийн гэрээг цуцалсан гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангахгүйгээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан нь хууль бус, орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2 удаа цуцалсан байна. Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны орон тоог цомхотгосон, цөөрүүлсэн, хасагдсан тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн. Иймд Л.Г-ыг явуулын тасалбарын няравын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Л.Г-ын цалин хөлс 501738 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцоход сүүлийн 2, 3, 4 дүгээр саруудын цалин хөлс 4 193 145 төгрөг, ажлын 59 хоног байсан. Дундаж цалин хөлс нь 71 070 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажлын 84 өдөр болж байгаа бөгөөд нийт 5 969 880 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах 3 үндэслэлээр зөвшөөрөхгүй. Ажилтны орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, баримтаар нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхой дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаа зүйлийн 62.1.4-т дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01249 дугаартай захирамжаар Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаартай тушаалаар Л.Г-ын   хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг тогтоогоогүй. Орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Орон тоог Улаанбаатар төмөр замын дарга батлах эрхтэй, энэ нь Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А259 дугаартай тушаалаар батлагдсан Тасалбар худалдаалах төвийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Төвийн орон тоо, цалингийн санг Улаанбаатар төмөр замын дарга тогтоож батална гэж заасан. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн “з” заалт, Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр протоколын 10.6 дахь заалтаар орон тоо батлах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрхийг замын даргад олгосон. Энэ баримтуудаар замын дарга орон тоо батлах эрхтэй гэдэг нь тогтоогдож байгаа. Энэхүү эрхийнхээ хүрээнд замын дарга жил бүр тухайн оныхоо бүх байгууллагуудын орон тоог баталдаг. Үүний дагуу замын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А45 дугаартай тушаал гарсан. Энэ тушаалаар Улаанбаатар төмөр замын удирдах газрын бүтэц, ажилтнуудын орон тоо, хоёрдугаар хавсралтаар нь салбар нэгжүүдийн орон тоог баталсан. Энэ жагсаалтын 20-д Тасалбар худалдаалах төвийн орон тоог 98 орон тоотой ажиллахаар баталсан. Үүнтэй уялдуулан 98 орон тоонд ямар, ямар ажил албан тушаалтай хүмүүс, албан хаагчдын нэрсийн жагсаалт, цалин баталсан байгаа. Энэ шийдвэрийн 19 дүгээр мөрөнд явуулын тасалбарын няравын орон тоо нь 2017 онд 37 байсан бол 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 34 орон тоо болгож, орон тоог 3 болгож цөөрүүлж баталсан. Орон тоог цөөрүүлэхдээ тодорхой судалгаа, ажил амралтын дэглэмийн норматив, зураг авалт зэрэг бүх ажиллагаануудыг хийсний үндсэн дээр орон тоог цөөрүүлэх шийдвэрийг гаргасан. 2017 оны 6 дугаар сард Тасалбар худалдаалах төвийн орон тооны судалгааг хийж, зорчигч тээвэрлэлт сүүлийн 10 жилийн байдлаар ямар байсан, өнөөдөр ямар байгаа, үүнээс хичнээн хүнд нь явуулын тасалбар бичдэг талаар харьцуулан судалсан. Гэтэл 2006 онд Улаанбаатар төмөр замаар 4 300 000 зорчигчийг тээвэрлэдэг байсан бол 2016 онд 2 400 000 болж буурсан, үүнээс 11-12 хувьд нь явуулын тасалбарын нярав тасалбар бичдэг байсан. Үүнээс харахад явуулын тасалбарын няравын орон тоо илүүдэлтэй, төв алдагдалтай ажилласан. Зураг авалт хийгээд үзэхээр ажилчдын ажил, амралтын норматив цаг нь бодит байдалтай нийцэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, галт тэрэг 21 цаг ажиллаж байхад тухайн явуулын тасалбарын нярав 30 цаг ажилласан цагаар авдаг, 2 ээлжийн хооронд 2-5 цаг амарч байгаа хирнээ дандаа илүү цаг гарсан үзүүлэлттэй байсан. Иймээс ажил амралтын дэглэмийнх нь цагийг өөрчилж тогтоосон. Ингээд өөрчилж тогтоохоор ажилтнууд дээр хасах цагууд гарч, орон тоо илүүдэлтэй байгаа нь баталгаажсан. Энэ судалгаагаар 7 орон тоо илүүтэй байсан. Сард дунджаар ажилтнууд өвдөнө, амарна гэж тооцвол 2018 онд эхний ээлжинд 3 орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тасалбар худалдаалах төвд нийт 56 хүн ажиллаж байсныг 53 хүн болгосон. Энэ 56 хүнээс хэнийг нь авч үлдэж, хэнийг нь явуулах вэ гэдгийг байгууллага шийдэж, сонгон шалгаруулалт явуулж, мэдлэг ур чадварын шалгалт авсан. Түүнээс хүмүүсийг ажилласан жил, боловсролын байдлаар нь ялгахыг хүсээгүй, бүх хүмүүст тэгш хандсан. Шалгалт авахдаа орон тоо цөөрүүлсэн талаар ажилтнуудад 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 01 дүгээр сарын 04-ний өдөр хурал хийж, мэдэгдэж танилцуулсан. Шалгалт авах удирдамжаа боловсруулж, 65-аас бага оноо авсан хүн шалгалтанд тэнцэхгүй байхаар зааж, шалгалтын комиссийг 7 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Энэ удирдамж боловсруулах, шалгалт авах комиссыг томилох бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцож, санал хүсэлтийг авч, хяналт тавьж оролцсон. Энэ ажиллагаа нь шударга явагдсан. Ингээд 56 хүн бүгдээрээ шалгалтанд орсон боловч зарим нь эхний ээлжид шалгалтандаа унасан. Гэхдээ шалгалтанд унасан хүмүүст 3 удаа шалгалт өгөх боломж олгосон. Ингээд 56 хүнээс 3 хүн нь 3 удаа шалгалтандаа тэнцээгүй. Түүний нэг нь  юм. 2018 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд шалгалт авсан. Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болон 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус 3 удаа шалгалт авсан.  шалгалтандаа тэнцээгүй учраас бид хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Бид 2018 оны 01 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд ажилтнуудад мэдэгдсэнээ мэдэгдэл өгсөн гэж ойлгож, байгууллага хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэхдээ шалгалтанд тэнцээгүй 3 хүндээ орон тооны цомхотголд орж байна шүү гэдгийг нь мэдэгдээгүй нь процессын алдаа байсан. Үүнийг бид шүүхэд ирснийхээ дараа мэдсэн. Бид хэдийгээр бүх ажиллагаагаа хууль ёсны дагуу хийсэн боловч шүүхийн шатанд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байсан учраас хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ажиллагааг хийлгэх зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 82 тоот шийдвэрээр хүчингүй болгосон. Шүүгчийн 01249 тоот захирамжаас харахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлгүй гэсэн нэг ч үг, үсэг, тайлбар, шүүхийн шийдвэрт байхгүй. Шүүхийн шийдвэр үндсэн агуулгынхаа хувьд нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, баримт материал, нотлох баримтад үндэслэн шийдвэрийг гаргадаг. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжид тийм үг үсэг, утга агуулга байхгүй. Иймд бид тушаалаа хүчингүй болгож, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Бид шүүгчийн захирамж гарахаас өмнө мэдэгдлийг гардуулсан. Энэ үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэдгийг үгүйсгэнэ. д 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл гардуулаад 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 тоот тушаал гаргасан. Энэ 96 тоот тушаалаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, мөн Улаанбаатар төмөр замын орон тоо баталсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А45 тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан мэдэгдэл зэргийг үндэслэн явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан явуулын тасалбарын нярваар ажиллаж байсан тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардлагын үндэслэлээ тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч орон тоо цөөрүүлэх эрхгүй гэж маргаж байгаа юм уу, эсвэл орон тоо цөөрүүлсэн нь бодит бус гэж маргаж байгаа юм уу, эсвэл орон тоо цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаа учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах, тайлбар нотлох баримтыг гаргаж өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим гүйцэд хангагдахгүй байсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжаар Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар ямар ч үйл баримтыг тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Шүүхийн шийдвэр ямар үндэслэлээр гарсан эсэхийг тогтоох ёстой. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамж нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тушаалын талаар маргаж байгаа. Эдгээр тушаалууд нь цаг хугацааны хувьд болон эрх зүйн үндэслэл, агуулгын хувьд ялгаатай. Энэ захирамжийн үндэслэх хэсэгт Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны 82 тоот тушаалаар тус төвийн даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Л.Г-ыг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэсэн. Энэ шүүгчийн захирамжид хариуцагч орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлтэй эсэх талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Мөн орон тоо цөөрүүлсэн эсэх талаарх үйл баримтыг ч тогтоогоогүй. Иймээс талууд өнөөдөр орон тоо цөөрүүлсэн нь үндэслэлтэй, үндэслэлгүй гэж маргах эрхтэй гэж би ойлгож байна. Энэ үйл баримтыг шүүх тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан зүйл заалт нь нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой заалт юм. Тэр шүүхийн шийдвэрт тогтоогдсон үйл баримтын талаар маргахгүй гэж байгаа. Гэтэл шүүгчийн захирамжаар орон тоо цөөрүүлсэн эсэх талаарх үйл баримтыг тогтоогоогүй учраас бид өнөөдөр маргах эрхтэй. Шүүх нэгэнт эрх зүйн үр дагавар нь дуусгавар болчихсон баримт буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалын талаар дүгнэлт хийхгүй. Харин өнөөдөр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх юм. Улаанбаатар төмөр замын орон тоо цөөрүүлсэн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Орон тоо цөөрүүлсэн шийдвэр хууль бус болох талаар нэхэмжлэгч маргаагүй. Өөр ямар нэгэн шатанд хандаагүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжийн дүгнэлт, үндэслэл хэсгээс харахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт, утга агуулга байхгүй. Бид нар процессынхоо алдааг залруулсан. Ингээд хууль ёсны дагуу хүчин төгөлдөр шийдвэр гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өнөөдөр гаргаж өгсөн цалингийн тооцооны хүснэгт дээр нэхэмжлэгчид ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 2 112 489 төгрөгийг олгосон. 2018 оны 3 дугаар сард ажлаас халах шийдвэр гаргахдаа олгоод, буцааж тушаалаа хүчингүй болгохоор ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгох маань ч үндэслэлгүй болно. Бид нар мөнгөө буцааж суутгаж аваагүй. 2018 оны 5 дугаар сарын шийдвэр дээр тусгасан байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Г-г “УБТЗ" ХНН-ийн Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын няравын ажилд эгүүлэн тогтоож, УБТЗ нийгэмлэгээс ажилгүй байсан хугацааны олговорт 5 590 860 төгрөг гаргуулж т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 379 020 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар д олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар “УБТЗ" ХНН-ээс улсын тэмдэгтийн хураамжид 104 403 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байхад д 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байхад д 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл гардуулж, тасалбар худалдах төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 тоот тушаалаар “явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан" хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэг үндэслэл болжээ." гэж хэт нэг талыг баримтлан нотлох баримтыг үнэлсэн байна. Иймд шүүгчийн захирамж ямар үндэслэлээр гарсан гэдгийг тогтоох ёстой. Энэхүү 102/ШШ2018/01249 дугаартай шүүгчийн захирамжид УБТЗ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тухай болон орон тоо цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй тухай хариуцагчийн ямар ч тайлбар болон шүүхийн дүгнэлт байхгүй болно. 102/ШШ2018/01249 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэл нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 82 тоот тушаалаар хүчингүй болгосон тухай баталсан бол нэхэмжлэгч Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 тоот тушаалын талаар маргаж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан байгаа. Эдгээр тушаалууд нь цаг хугацааны хувьд ч, эрх зүйн үндэслэл, агуулгын хувьд ч ялгаатай болохыг шүүх анхаарсангүй. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01249 дугаартай шүүгчийн захирамж гарахаас өмнө 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр д хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг гардуулсан байгаа нь харин ч УБТЗ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй болохыг нотолж байна.

Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 82 оот тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгосон..." гэжээ. Гэтэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 102/ШШ2018/01249 дугаартай захирамжид хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай ямар ч тайлбар, шүүхийн дүгнэлт байхгүй болно. Тухайлбал, 102/ШШ2018/01249 захирамжийн үндэслэх хэсэгт "УБТЗ-ын тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 82 тоот тушаалаар тус төвийн даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй бопгож, Л.Г-г хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй"  гэснээр нотлогдоно.

Нөгөө талаас 102/ШШ2018/01249 дүгээр захирамжаар орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлтэй эсэх талаар шүүх болон хариуцагчаас ямар ч дүгнэлт, тайлбар хийгдээгүй, энэ тухай ямар ч үйл баримтыг тогтоогоогүй байх тул орон тоо цөөрүүлсэн асуудлаар талууд маргах эрхтэй болохыг шүүх анхаараасай гэж хүсч байна.

Мөн шүүх "УБТЗ-ын даргын 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-152 дугаартай тушаалаар батлагдсан "Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон, алгаруулалт хийх журам"-ыг ... ажилтны орон тоог цөөрүүлэхэд ашигласан нь зорилготой нь нийцээгүй гэж үзнэ" гэсэн нь үндэслэлгүй. Тус журмын 2.1-д зааснаар хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголт хийхдээ шударга, ил тод, нээлттэй байх, тэгш эрхийн зарчмыг баримтална", мөн журмын 2.3-д: "Ажлын байранд сонгон шалгаруулалтыг анкетын арга, ярилцлагын арга, мэргэшлийн болон мэдлэгийн шалгалт авах гэх мэт 4 янзын аргаар хийх", мөн журмын 3.1-д: "...шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг ажлын байрны захиалгын дагуу доорхи тохиолдлуудад гаргана.", 3.1.2-д: "зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах" гэж заасан. /хх-105-111/ байгааг шүүх үнэлээгүй байна.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үндэслэлгүйгээр тооцож гаргасан байна. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцоогүй бөгөөд сүүлийн 3 сарын цалингийн дундаж хөлсийг хэрхэн тооцож гаргасан болох, нийгмийн даатгалын дэвтрийн дүнгээс тооцсон эсэх нь тодорхойгүй байна. Тус журмын 4-т "Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй." гэж заасан. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дүнд үндсэн цалин, шагнал цалин, мөн 13 дахь сарын цалин буюу жилийн үр дүнгийн цалин, хоол, унаа, томилолт, ээлжийн амралтын олговор зэрэг дундаж цалин хөлсөнд бүрэлдэхүүнд орохгүй жилийн үр дүнгийн цалин, хоол, унаа, томилолтын мөнгө зэргийг дундаж цалин хөлснөөс хасч тооцоогүй байна. Орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Замын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд жил бүр тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх "УБТЗ" ХНН-ийн бүх харьяа салбар нэгж, байгууллагын орон тоог баталдаг, энэхүү орон тоог батлахын тулд холбогдох замын орлогч дарга нар, төлөвлөгөө эдийн засгийн алба, харьяалсан албаны дарга нарын зөвшөөрлийг авсаны үндсэн дээр орон тоо, цалингийн санг баталдаг болно. /хх-26-27 дах талд/

Үүнийг үндэслэн бүх байгууллагын 2018 оны батлагдсан орон тоог нэгтгэн баталсан “УБТЗ”-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А-45 дугаартай тушаал гарсан. Энэ тушаалын 2 дугаар хавсралтаар УБТЗ ХНН-ийн салбар нэгжүүдийн 2018 оны орон тоог баталсан бөгөөд жагсаалтын 20-д "Тасалбар худалдаалах төв"-ийн нийт орон тоог 98 орон тоо гэж баталсан байна. /хх-24-25/ Тасапбар худалдаалах төвийн баглагдсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх орон тоо, цалингийн сангийн жагсаалтын 19-д "Явуулын тасалбарын нярав"-ын орон тоо 37 байсныг 34 болгож, 3 орон тоогоор цөөрүүлсэн нь тогтоогдоно. хх-26-27/

УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвд 2017 онд орон тоогоор нийт 56 явуулын тасалбарын нярав ажиллаж байсан тул тэдгээр ажилтнуудаас хэнийг сонгож авч үлдэх, хэнийг нь орон тооны цомхотголд оруулж хөдөлмөрийн гэрээ цуцлах вэ гэдгийг шийдвэрлэхийн тулд ажилтнуудтай 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хуралдаж, орон тоо цөөрүүлсэн талаар танилцуулж, нийт ажилтнуудад мэдэгдсэн. /хх-28-29/

Ингээд тэгш байдлыг хангах, хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр, нас, мэргэжил, ажилласан жилээр ялгаварлахгүйгээр шударга явуулах зорилгоор сонгон шалгаруулалтыг бүх ажилтнуудаас мэргэжил, ур чадварын шалгалт авах зарчмаар зуулахаар шийдвэрлэснийг хурал дээр танилцуулж, мэдэгдсэн. /хх-30-32/ Үүний шалгалт авахад  3 удаа шалгалтандаа унаж, сонгон шалгаруулалтад тэнцээгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, УБТЗ-ын даргын А-45 тоот тушаал, Хамтын гэрээний 3.14 дэх заалт, ажилтад 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гардуулсан мэдэгдлийг тус тус үндэслэн явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан явуулын тасалбарын нярав тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Л.Г-ын   нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч  нь хариуцагч “УБТЗ" ХНН-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 969 880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг  нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч байгууллагын Замын даргын орон тоо батлах тухай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А-45 дугаартай тушаалаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газар болон түүний салбар нэгжүүдийн 2018 оны орон тоог баталсан байх ба уг тушаалын хоёрдугаар хавсралтаар Тасалбар худалдаалах төвийн орон тоог 100 байсныг 98 болгон цөөрүүлсэн болох нь хэргийн 23-27 дугаар тал дахь баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төв нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилтнуудыг оролцуулан Замын даргын тушаалаар Тасалбар худалдаалах төвийн явуулын няравын тоог 2018 онд 3 орон тоогоор цөөрүүлж батлагдсаныг танилцуулж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Замын даргын баталсан 2018 оны орон тооны дагуу Тасалбар худалдаалах төвд тасалбарын явуулын няравын 3 орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан мэргэжил ур чадварын шалгалт авах талаар танилцуулж хурал хийсэн болох нь хэргийн 28-32 дугаар талд авагдсан хурлын тэмдэглэлээр тогтоогджээ.

 

Хариуцагч байгууллага орон тоо цөөрүүлсэнтэй холбоотойгоор 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэргэжил ур чадварын шалгалт авах удирдамж боловсруулж, бүрэлдэхүүнтэй комисс томилон, нийт ажилтнуудаас шалгалт авахад нэхэмжлэгч  нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн шалгалтанд удаа дараа тэнцээгүй байна.                                                           

                                                                                                         /хх-33-43 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагаас зохион байгуулсан орон тооны цомхотголоор ажилтны орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор явуулсан мэргэжил ур чадварын шалгалтад нэхэмжлэгч  3 удаа хангалтгүй дүн үзүүлсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр цуцалсан үйл баримт хэргийн 44 дүгээр талд авагдсан ажил олгогчийн тушаалаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч  шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тухайн үед хариуцагч байгууллага зөвшөөрч түүнийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалыг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 82 тоот тушаалаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн авч ажиллуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01249 дүгээр захирамж гарч, уг захирамж хүчин төгөлдөр болжээ.                                                                                   /хх-5-7, 44-45 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой нэхэмжлэгч Л.Г-ыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, мэдэгдэл өгөлгүй халсан алдаагаа залруулсан байна. Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж гаргасан нь тухайн байгууллагад орон тоо цөөрүүлсэн, орон тооны цомхотголтой холбогдуулан ур чадварын шалгалт зохион байгуулсан, ажилтнуудаас шалгалт авсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулсныг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчид 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл өгснөөс хойш нэг сарын дараа 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тушаалаар түүнийг орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримт хэргийн 4, 46 дугаар талд авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01249 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Л.Г-ыг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн үйл баримтыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Учир нь Л.Г-ыг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тушаалаар орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчөөгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

 

Хариуцагч байгууллага Тасалбар худалдаалах төвийн тасалбарын явуулын няравын орон тоог цөөрүүлсэн, уг орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой мэргэжил ур чадварын шалгалтанд  тэнцээгүй үйл баримт тогтоогдсон тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн орон тооны цомхотголоор Л.Г-ыг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 969 880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг  нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай Л.Г-ын   нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/02810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 969 880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай Л.Г-ын   нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “УБТЗ" ХНН-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 403 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ