Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/02810

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/02810

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 27 дугаар байрны 55 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр Боржигон Жигжид овогтой Л.Г-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, өөрийн байр, Монгол-Оросын  хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт /регистр 2076675/ холбогдох Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаны олговорт 5 969 880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

                                                                                                         

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Гнь 1990 онд Улаанбаатар төмөр замын техникумийг техникч мэргэжлээр төгсөж, 1997 онд Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төвд мөнгөний нярав, суурийн кассир, тээшийн кассир зэрэг ажлуудыг хийж байгаад 2004 оноос явуулын тасалбарын няраваар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажилласан.  Гэтэл 2018 оны 3-р сарын 01-ний өдөр 58-р тушаалаар  Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг тухайн ажилтны орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсныг эс зөвшөөрч Л.Гнь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталж 2018 оны 102/ШШ2018/01249 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Ингээд ажилдаа орох гэтэл Хуулийн албаны орлогч дарга нь дуудсан байдаг. Хуулийн албаны орлогч даргатай 2018 оны 4-р сарын 17-ны өдөр уулзахад таны орон тоо цөөрсөн гээд хөдөлмөрийн гэрээг 2018 оны 5-р сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцлах мэдэгдэл өгсөн. Мөн Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 3-р сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгосон тушаалыг гаргасан. Ингээд хариуцагч 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн 96-р тушаалаар Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Л.Г-ын хууль ёсны эрх ашгийг хохироосон тул гомдол гаргасан. Л.Г-ыг урьд нь ажлаас халахдаа мэдэгдэл өгөөгүй, хариуцагч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох гээд очиход нь дахин мэдэгдэл өгч хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангахгүйгээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан нь хууль бус, орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2 удаа цуцалсан байна. Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны орон тоог цомхотгосон, цөөрүүлсэн, хасагдсан тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн. Иймд Л.Гантулгыг явуулын тасалбарын няравын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Л.Г-ын цалин хөлс 501738 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцоход сүүлийн 2, 3, 4 дүгээр саруудын цалин хөлс 4193145 төгрөг, ажлын 59 хоног байсан. Дундаж цалин хөлс нь 71070 төгрөг, 2018 оны 5-р сарын 18-ны өдрөөс хойш ажлын 84 өдөр болж байгаа бөгөөд нийт 5 969 880 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах 3 үндэслэлээр зөвшөөрөхгүй. Ажилтны орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, баримтаар нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхой дурьдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаа зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01249 дугаартай захирамжаар Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн 96 дугаартай тушаалаар Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг тогтоогоогүй гэсэн гурван үндэслэлээр хариу тайлбараа гаргая. Орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Орон тоог Улаанбаатар төмөр замын дарга батлах эрхтэй, энэ нь Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 7-р сарын 04-ний өдрийн А259 дугаартай тушаалаар батлагдсан “Тасалбар худалдаалах төвийн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төвийн орон тоо, цалингийн санг Улаанбаатар төмөр замын дарга тогтоож батална” гэж заасан.  Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн  17 дугаар зүйлийн  “з” заалт, Ерөнхий хорооны 2009 оны 4-р сарын 17-ны өдрийн 4 дүгээр протоколын 10.6 дахь заалтаар орон тоо батлах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрхийг замын даргад олгосон. Энэ баримтуудаар замын дарга орон тоо батлах эрхтэй гэдэг нь тогтоогдож байгаа. Энэхүү эрхийнхээ хүрээнд замын дарга жил бүр тухайн оныхоо бүх байгууллагуудын орон тоог баталдаг. Үүний дагуу замын даргын 2018 оны 2-р сарын 07-ны өдрийн А45 дугаартай тушаал гарсан. Энэ тушаалаар Улаанбаатар төмөр замын удирдах газрын бүтэц, ажилтнуудын орон тоо, хоёрдугаар хавсралтаар нь салбар нэгжүүдийн орон тоог баталсан. Энэ жагсаалтын 20-д “Тасалбар худалдаалах төв”-ийн орон тоог 98 орон тоотой ажиллахаар баталсан.   Үүнтэй уялдуулан 98 орон тоонд ямар, ямар ажил албан тушаалтай хүмүүс, албан хаагчдын нэрсийн жагсаалт, цалин баталсан байгаа. Энэ шийдвэрийн 19 дүгээр мөрөнд явуулын тасалбарын няравын орон тоо нь 2017 онд  37 байсан бол 2018 оны 1-р сарын 01-ний өдрөөс 34 орон тоо болгож, орон тоог 3-р цөөрүүлж баталсан. Орон тоог цөөрүүлэхдээ тодорхой судалгаа, ажил амралтын дэглэмийн норматив, зураг авалт зэрэг бүх ажиллагаануудыг хийсний үндсэн дээр орон тоог цөөрүүлэх шийдвэрийг гаргасан. 2017 оны 6-р сард Тасалбар худалдаалах төвийн орон тооны судалгааг хийж, зорчигч тээвэрлэлт сүүлийн 10 жилийн байдлаар ямар байсан, өнөөдөр ямар байгаа, үүнээс хичнээн хүнд нь явуулын тасалбар бичдэг талаар харьцуулан судалсан. Гэтэл 2006 онд Улаанбаатар төмөр замаар 4 300 000 зорчигчийг тээвэрлэдэг байсан бол 2016 онд 2 400 000 болж буурсан, үүнээс 11-12 хувьд нь явуулын тасалбарын нярав тасалбар бичдэг байсан. Үүнээс харахад явуулын тасалбарын няравын орон тоо илүүдэлтэй, төв алдагдалтай ажилласан. Зураг авалт хийгээд үзэхээр ажилчдын ажил, амралтын норматив цаг нь бодит байдалтай нийцэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, галт тэрэг 21 цаг ажиллаж байхад тухайн явуулын тасалбарын нярав 30 цаг ажилласан цагаар авдаг, 2 ээлжийн хооронд 2-5 цаг амарч байгаа хирнээ дандаа илүү цаг гарсан үзүүлэлттэй байсан. Иймээс ажил амралтын дэглэмийнх нь цагийг өөрчилж тогтоосон. Ингээд өөрчилж тогтоохоор ажилтнууд дээр хасах цагууд гарч, орон тоо илүүдэлтэй байгаа нь баталгаажсан. Энэ судалгаагаар 7 орон тоо илүүтэй байсан. Сард дунджаар ажилтнууд өвдөнө, амарна гэж тооцвол 2018 онд эхний ээлжинд 3 орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тасалбар худалдаалах төвд нийт 56 хүн ажиллаж байсныг 53 хүн болгосон. Энэ 56 хүнээс хэнийг нь авч үлдэж, хэнийг нь явуулах вэ гэдгийг байгууллага шийдэж, сонгон шалгаруулалт явуулж, мэдлэг ур чадварын шалгалт авсан. Түүнээс хүмүүсийг ажилласан жил, боловсролын байдлаар нь ялгахыг хүсээгүй, бүх хүмүүст тэгш хандсан. Шалгалт авахдаа орон тоо цөөрүүлсэн талаар ажилтнуудад 2018 оны 01-р сарын 03-ны өдөр, 01 дүгээр сарын 04-ний өдөр хурал хийж, мэдэгдэж танилцуулсан. Шалгалт авах удирдамжаа боловсруулж, 65-аас бага оноо авсан хүн “шалгалтанд тэнцэхгүй” байхаар зааж, шалгалтын  комиссийг 7 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Энэ удирдамж боловсруулах, шалгалт авах комиссыг томилох бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцож, санал хүсэлтийг авч, хяналт тавьж оролцсон. Энэ ажиллагаа нь шударга явагдсан. Ингээд 56 хүн бүгдээрээ шалгалтанд орсон боловч зарим нь эхний ээлжид шалгалтандаа унасан. Гэхдээ шалгалтанд унасан хүмүүст 3 удаа шалгалт өгөх боломж олгосон. Ингээд 56 хүнээс 3 хүн нь 3 удаа шалгалтандаа тэнцээгүй. Түүний нэг нь Л.Гюм. 2018 оны 01-р сарын 23, 24-ний өдрүүдэд шалгалт авсан. Дараа нь 2018 оны 02-р сарын 12-ний өдөр болон 2018 оны 02-р сарын 21-ний өдрүүдэд тус тус 3 удаа шалгалт авсан. Л.Гшалгалтандаа тэнцээгүй учраас бид хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Бид 2018 оны 01-р сарын 03, 04-ний өдрүүдэд ажилтнуудад мэдэгдсэнээ “мэдэгдэл” өгсөн гэж ойлгож, байгууллага хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэхдээ шалгалтанд тэнцээгүй 3 хүндээ орон тооны цомхотголд орж байна шүү гэдгийг нь мэдэгдээгүй нь процессын алдаа байсан. Үүнийг бид шүүхэд ирснийхээ дараа мэдсэн. Бид хэдийгээр бүх ажиллагаагаа хууль ёсны дагуу хийсэн боловч шүүхийн шатанд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байсан учраас хуульд заасан нэг сарын өмнө “мэдэгдэл” өгөх ажиллагааг хийлгэх зорилгоор 2018 оны 03-р сарын 01-ний өдрийн тушаалыг 2018 оны 4-р сарын 13-ны өдрийн 82 тоот шийдвэрээр хүчингүй болгосон. Шүүгчийн 01249 тоот захирамжаас харахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлгүй гэсэн нэг ч үг, үсэг, тайлбар, шүүхийн шийдвэрт байхгүй. Шүүхийн шийдвэр үндсэн агуулгынхаа хувьд нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, баримт материал, нотлох баримтад үндэслэн шийдвэрийг гаргадаг. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжид тийм үг үсэг, утга агуулга байхгүй. Иймд бид тушаалаа хүчингүй болгож,  2018 оны 4-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулсан. 2018 оны 4-р сарын 18-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Бид шүүгчийн захирамж гарахаас өмнө мэдэгдлийг гардуулсан. Энэ үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэдгийг үгүйсгэнэ. Л.Гантулгад 2018 оны 4-р сарын 17-ны өдөр мэдэгдэл гардуулаад 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн 96 тоот тушаал гаргасан. Энэ 96 тоот тушаалаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, мөн Улаанбаатар төмөр замын орон тоо баталсан  2018 оны 02-р сарын 07-ны өдрийн А45 тушаал, 2018 оны 4-р сарын 17-ны өдөр гаргасан мэдэгдэл зэргийг үндэслэн явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан явуулын тасалбарын нярваар ажиллаж байсан Л.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгч 2018 оны 6-р сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардлагын үндэслэлээ тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч орон тоо цөөрүүлэх эрхгүй гэж маргаж байгаа юм уу, эсвэл орон тоо цөөрүүлсэн нь бодит бус гэж маргаж байгаа юм уу, эсвэл орон тоо цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаа учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах, тайлбар нотлох баримтыг гаргаж өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим гүйцэд хангагдахгүй байсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжаар Л.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар ямар ч үйл баримтыг тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Шүүхийн шийдвэр ямар үндэслэлээр гарсан эсэхийг тогтоох ёстой. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамж нь 2018 оны 3-р сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч 2018 оны 6-р сарын 18-ны өдөр 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн тушаалын талаар маргаж байгаа. Эдгээр тушаалууд нь цаг хугацааны хувьд болон эрх зүйн үндэслэл, агуулгын хувьд ялгаатай. Энэ захирамжийн үндэслэх хэсэгт Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 4-р сарын 13-ны 82 тоот тушаалаар тус төвийн даргын 2018 оны 3-р сарын 01-ний өдрийн  58 тоот тушаалыг хүчингүй болгож, Л.Гантулгыг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэсэн.  Энэ шүүгчийн захирамжид хариуцагч  орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлтэй  эсэх талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Мөн орон тоо цөөрүүлсэн эсэх талаарх үйл баримтыг ч тогтоогоогүй. Иймээс талууд өнөөдөр орон тоо цөөрүүлсэн нь үндэслэлтэй, үндэслэлгүй гэж маргах эрхтэй гэж би ойлгож байна. Энэ үйл баримтыг шүүх тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан зүйл заалт нь нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой заалт юм. Тэр шүүхийн шийдвэрт тогтоогдсон үйл баримтын талаар маргахгүй гэж байгаа. Гэтэл шүүгчийн захирамжаар орон тоо цөөрүүлсэн эсэх талаарх үйл баримтыг тогтоогоогүй учраас бид өнөөдөр маргах эрхтэй. Шүүх нэгэнт эрх зүйн үр дагавар нь дуусгавар болчихсон баримт буюу 2018 оны 3-р сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалын талаар дүгнэлт хийхгүй. Харин өнөөдөр 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх юм. Улаанбаатар төмөр замын орон тоо цөөрүүлсэн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Орон тоо цөөрүүлсэн шийдвэр хууль бус болох талаар нэхэмжлэгч маргаагүй. Өөр ямар нэгэн шатанд хандаагүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжийн дүгнэлт, үндэслэл хэсгээс харахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт, утга агуулга байхгүй. Бид нар процессынхоо алдааг залруулсан. Ингээд хууль ёсны дагуу хүчин төгөлдөр шийдвэр гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өнөөдөр гаргаж өгсөн цалингийн тооцооны хүснэгт дээр нэхэмжлэгчид ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 2 112 489 төгрөгийг олгосон. 2018 оны 3-р сард ажлаас халах шийдвэр гаргахдаа олгоод, буцааж тушаалаа хүчингүй болгохоор ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгох маань ч үндэслэлгүй болно. Бид нар мөнгөө буцааж суутгаж аваагүй. 2018 оны 5-р сарын шийдвэр дээр тусгасан байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар нийгэмлэгт холбогдох явуулын тасалбарын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 5 969 880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Л.Г нь Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 03-р сарын 01-ний өдөр 58-р тушаалаар  “ажилтны орон тоог цөөрүүлсэн, техникийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтанд 3 удаа хангалтгүй дүн үзүүлсэн” үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг /хх 44/ цуцалжээ.

 

Түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төвийн даргын 2018 оны 04-р сарын 13-ны өдрийн 82 тоот тушаалаар дээрх тушаалаар хүчингүй болгосон, улмаар хөдөлмөрийн гэрээний дагуу /хх 19-21, 44-46/ үргэлжлүүлэн ажиллуулахаар зөвшөөрснөөр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04-р сарын 18-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 102/ШШ2018/01249 тоот захирамжийг гаргасан /хх 5-7/, захирамж хүчин төгөлдөр байна.

 

Үүгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл “орон тоо цөөрүүлэх зорилгоор ажлын байрны зураг авалт хийсэн, зориудаар ажилчдыг ажилгүй мэт харагдуулсан /хх58-68/, УБТЗ-ын даргын 2009 оны А-55 дугаар “Шалгалт авах заавар батлах тухай” журамд заасан хугацаа болоогүй байхад шалгалт авсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлүүдийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Харин зөвхөн “хуулинд заасан журмаар мэдэгдэл өгөөгүй байсныг хүлээн зөвшөөрсөн” гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Нөгөө талаас, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж 2018 оны 4-р сарын 18-нд гарсан байхад Л.Г-т 2018 оны 4-р сарын 17-ны өдөр мэдэгдэл гардуулж, Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн 96 тоот тушаалаар “явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан” хөдөлмөрийн гэрэээг цуцалсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болжээ.

 

 Хэдийгээр УБТЗ нийгэмлэгийн даргын 2018 оны 02-р сарын 07-ны өдрийн А-45 тоот “Орон тоо батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын няравын орон тоог 37 байсныг 34 болгосон /хх 23-27/, энэ талаар 2018 оны 01-р сарын 03, 04-ний өдрүүдэд хурлаар хэлэлцсэн боловч ажил олгогч нь Тасалбар худалдаалах төвийн явуулын няравын орон тоог цөөрүүлэхийн тулд 2018 оны 01-р сарын 05-ны өдрийн мэргэжил, ур чадварын шалгалтын удирдамж боловсруулж, мэргэжил ур чадварын шалгалтыг УБТЗ-ын даргын 2013 оны 06-р сарын 20-ны өдрийн А-152 тушаалаар батлагдсан журмын дагуу явуулахаар /хх 33-34/ тогтоожээ.

 

Замын даргын 2013 оны 6-р сарын 20-ны өдрийн А-152 тоот тушаалаар баталсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх журам” нь Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэн ажилтан сонгон шалгаруулж авах үйл ажиллагаанд нэгдсэн стандарт тогтоох, мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлага бүхий ажил горилогчийг сонгон шалгаруулж ажилд авах замаар байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, ажиллах хүчний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд журмын зорилго нь оршдог /хх 105-111/ байна. Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд дэвшүүлэх үед энэхүү журмын сонгон шалгаруулалтыг хийх аргачлалыг ашиглаж болохоор байна. Харин ажилтны орон тоог цөөрүүлэхэд энэ журмыг ашигласан нь зорилготой нь нийцээгүй гэж үзнэ.

 

 Л.Г-аас 2018 оны 01-р сарын 24, 2018 оны 02-р сарын 12, 2018 оны 3-р сарын 09-ний өдрүүдэд /хх 35-44, 147-151/ өдрүүдэд шалгалт авсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “орон тоог цөөрүүлсэн” үндэслэлтэй нь нийцээгүйгээс гадна хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулахыг зөвшөөрсөн шүүгчийн захирамжийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэлээ.

 

Тасалбар худалдаалах төвийн дүрэмд  тус төв нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн салбар нэгж болох, төвийн бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, их засвар, санхүүгийн төлөвлөгөө, орон тоо, цалингийн санг УБТЗ-ын дарга тогтоож батална гэснийг /хх 52-57/, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрэм, УБТЗ нийгэмлэгээс гарах зарим шийдвэрийн төслийг боловсруулах, баталгаажуулах журам, Тасалбар худалдаалах төвийн дүрмийн /хх 73-122/, хөдөлмөрийн дотоод журмын /хх 130-138/ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Хэргийн 139 дэх талд авагдсан 2018 оны 4-р сарын 03-ны өдрийн ажлын байр санал болгосон тухай баримт нь өмнөх шүүхийн шийдвэр гарахаас өмнөх үйл баримттай холбоотой, 140 дэх талд авагдсан 2018 оны 7-р сарын 02-ны өдрийн баримтаар Л.Г-т ажлын байр санал болгосон нь тогтоогдоогүй байна. 

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар Л.Г-ын нэг сарын дундаж цалинг сүүлийн 3 сарын цалингаар тооцвол 1 397 715 төгрөгийн цалинтай байх ба түүний ажилгүй байсан 4 сарын олговорт 5 590 860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй. 

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн  даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул түүнд олгох цалин хөлснөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг,  116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Г-г УБТЗН-д Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын няравын ажилд эгүүлэн тогтоож, УБТЗ нийгэмлэгээс ажилгүй байсан хугацааны олговорт 5 590 860 /таван сая таван зуун ерэн мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж Л.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 379 020 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Л.Г-т олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг УБТЗ нийгэмлэгт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар УБТЗН-ээс улсын тэмдэгтийн хураамжид 104 403 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.  

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА