Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0638/З |
Дугаар | 128/ШШ2022/0802 |
Огноо | 2022-11-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2022/0802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э****** м**** ХХК/РД: *******/, Г************** ХХК /РД: *******/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсны улмаас нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгч Э******* М**** ХХК-ийн төлөөлөгч Ч.Б******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, Г.Б********нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Э******* М**** ХХК, Г************** ХХК нар нь тус шүүхэд хандан 1. Э******* М**** ХХК-ийн MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Г************** ХХК-ийн MV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол /Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай/-той давхцалтай үндэслэлээр цуцлагдсанаар нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоолгох, 2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1][1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Э****** м**** ХХКнь 2010 оноос хойш Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27.86 гектар талбайд МV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.
2.2. Нэхэмжлэгч Г************** ХХК нь мөн 2010 оноос хойш Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Гишүүний ам нэртэй газарт 41.88 гектар талбайд MV-******* түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.
2.3. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 50 дугаартай Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг баталсан.
2.4. Тус тогтоолын 1-д тогтоолын зорилгыг тодорхойлохдоо ... Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундарга, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор ... гэжээ.[2][2]
2.5. Нийслэлийн Засаг даргаас дээрх 50 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А/609 дугаартай захирамжийг[3][3] гаргасан бөгөөд тус захирамжийн 1 дүгээр хавсралтын 5-д[4][4] нэхэмжлэгч Г************** ХХК-ийн 41.88 гектар талбайн MV-******* түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг, 25-д[5][5] нэхэмжлэгч Э******* М**** ХХК-ийн 27.86 гектар талбайн МV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус цуцалсан.
2.6. Нэхэмжлэгч Г************** ХХК нь нэр бүхий компаниудын хамт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай тогтоолын эсрэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор маргасныг тус шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаартай шийдвэрээр[6][6] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/0285 дугаартай тогтоолоор[7][7] шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.7. Мөн нэхэмжлэгч нар нэр бүхий компаниудын хамт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар маргасныг тус шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0460 дугаартай шийдвэрээр[8][8] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/0003 дугаартай тогтоолоор[9][9] шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.8. Нэхэмжлэгч Э****** м**** ХХКнь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр[10][10] Нийслэлийн Засаг даргад хандан ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг, нэхэмжлэгч Г************** ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22/19 дугаартай албан бичгээр[11][11] Нийслэлийн Засаг даргад хандан хандан ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хүссэнд Нийслэлийн Засаг даргаас хариу өгөөгүй.
2.9. Нэхэмжлэгч нарын зүгээс ... Нийслэлийн Засаг дарга манай компаниудад нөхөн төлбөр огт өгөхгүй гэдэг байр суурьтай байгаа. 3 шатны шүүхээр шийдэгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нөхөн олговор авах эрхгүй гэдэг. Нөхөн олговрын асуудлыг Улсын дээд шүүхийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 003 дугаартай тогтоолоор Нийслэлийн Засаг даргын А/609 дугаарын захирамжтай холбоотой маргаан явж байхад уг асуудлыг шийдвэрлэсэн. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт ... захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна. гэж зааснаар маргаан бүхий Засаг даргын захирамжийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нөхөн олговор шаардахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдаж өгсөн. Бид нөхөн олговор авах эрхтэй. Үгүй бол бидний ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг буцаан сэргээж өгөх ёстой ... Үйл ажиллагаагаа сэргээлгэх хүсэлт өгөхөөр шийдвэрлэдэггүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолд 2 сайдын тушаалын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүл гэж Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. 2.2 дахь хэсэгт ...усны сан бүхий хамгаалалтын бүсийг онцгой болон энгийн гэж 2 хуваадаг. Манайх энгийн хамгаалалттай бүсэд давхцалтай байгаа. Энгийн хамгаалалттай бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарлахыг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэгт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна гэж заасан. Дагаж мөрдөх журмаар гуравласан гэрээ хийгээд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж болно гэсэн зохицуулалттай. Энгийн хамгаалалттай бүсэд давхцалтай байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглохгүйгээр цааш явуулах боломжтой байтал энэ боломжийг Нийслэлийн Засаг дарга эдлүүлээгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхээр заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд нөхөн төлбөрийг 1 жилийн дотор төлөх ёстой. Төлж чадахгүй бол уг хугацааны дотор үйл ажиллагаа нь явуулах зохицуулалт 2015 онд орсон. Энэ үед манай компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан. Хууль нь мөрдөгдөж байсан ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.10. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс ... Нэхэмжлэгч талын талбайг тусгай хэрэгцээнд аваагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт ..хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан. Тэгэхээр нөхөн төлбөр авах үндэслэлгүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 50 дугаар тогтоолоор баталсан усны эх үүсвэртэй давхцалтай гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. 2010 оны 299 дүгээр тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалт ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөн олгох журмаар нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргаад Сангийн яамнаас авах ёстой байсан. 30 хоногийн хугацаанд шийдвэрлүүлэх ёстой байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл дотор аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан бол гэж заасан. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь буцаан өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй гэж заасан байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарласан.
2.11. Хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс ... Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоол нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гарсан. Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тогтоох, ундны эх үүсвэрийг хамгаалж цэвэр усаар хангагдаж байгаа тухайн бүс нутгийн айл өрхүүдийн эрүүл ахуйг хамгаалах зорилгоор хамгаалалтад авсан. Ашигт малтмалын тухай хууль гэхээс илүү Усны тухай хууль, Хот суурины ус хангамж ариутгах татуургын тухай хууль, 2 сайдын хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй. Тухайн бүс нутагт амьдардаг хүмүүс ойр хавьд нь байдаг цэвэр усны худгаас усан хангамжаа авдаг. Тэр хавьд амьдардаг айл өрхүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангахтай холбоотой гарсан шийдвэр. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* ХХК-ийн ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Гэ******* ХХК-ийн 15584 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн талбайг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай тогтоолтой давхцалтай гэсэн үндэслэлээр цуцлагдсанаар нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоолгох мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид нийцүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж шаардлагаа тодруулсан. Эхний шаардлагын тухайд Нийслэлийн Засаг дарга манай компаниудад нөхөн төлбөр огт өгөхгүй гэдэг байр суурьтай байгаа. 3 шатны шүүхээр шийдэгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нөхөн олговор авах эрхгүй гэдэг. Нөхөн олговрын асуудлыг Улсын дээд шүүхийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 003 дугаартай тогтоолоор Нийслэлийн Засаг даргын А/609 дугаарын захирамжтай холбоотой маргаан явж байхад уг асуудлыг шийдвэрлэсэн. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт ...захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна. гэж зааснаар маргаан бүхий Засаг даргын захирамжийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нөхөн олговор шаардахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй гэсэн. Хариуцагч нарын нөхөн төлбөр авах эрхгүй гэдэг тайлбар энэ үндэслэлээр няцаагдаж байна. Улсын дээд шүүхийн тогтоолын үндэслэл хэсгийн 22-т ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална гээд тодорхой нөхцөлийг дурдсан боловч нэхэмжлэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл цуцалсан үндэслэлд эдгээр нь хамааралгүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхацсан гэдэг үндэслэлээр цуцалсан гэдгийг Улсын Дээд шүүхээс тогтоосон. Цуцлагдсан гэдэг нь хууль зөрчсөн гэсэн үг биш. 50 дугаар тогтоолтой давхцалтай гэдэг нь Э******* ХХК, Гэ******* ХХК-ийн буруу биш. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд нөхөн төлбөр өг гэсэн зохицуулалттай тул бид нөхөн төлбөрөө авах эрхтэй. Хоёр дахь шаардлагын тухайд манай 2 компани удаа дараа хүсэлт гаргасан. Биеэр ч очиж уулзаж байсан. Нэг бол эрхийг маань сэргээж өг эсхүл нөхөн төлбөрийг маань өг . Бид нар хохирчхоод байна гэж удаа дараа хандсан боловч Нийслэлийн Засаг дарга, чиглэлийн яам агентлаг нь ч урьд нь шийдсэн гэдэг байдлаар манай асуудлыг шийдвэрлэж өгдөггүй. Гэ******* ХХК-ийн зүгээс 2022 оны 05 сарын 17-ны өдөр 2219 дугаартай албан бичгийг өгсөн. Э******* ХХК нь 2022 оны 05 сарын 18-ны өдөр 09 дугаартай үйл ажиллагааг сэргээлгэх хүсэлт гаргасан. Гэтэл хүсэлтийг огт шийдвэрлэгдээгүй. Утсаар асуухад хариу өгөөгүй. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Бидний хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гэж үзэж байна. 3 дахь шаардлагын тухайд Монгол Улсын иргэний эд хөрөнгийг төр авч байгаа бол нөхөн төлбөрийг өг, өгч чадахгүй бол үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах ёстой гэдэг зарчим үйлчилж байгаа. Манайх тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөрийг авъя гэхээр өгдөггүй. Үйл ажиллагаагаа сэргээлгэх хүсэлт өгөхөөр шийдвэрлэдэггүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолд 2 сайдын тушаалын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүл гэж Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. 2.2 дахь хэсэгт ...усны сан бүхий хамгаалалтын бүсийг онцгой болон энгийн гэж 2 хуваадаг. Манайх энгийн хамгаалалттай бүсэд давхцалтай байгаа. Энгийн хамгаалалттай бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарлахыг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэгт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна гэж заасан. Дагаж мөрдөх журмаар гуравласан гэрээ хийгээд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж болно гэсэн зохицуулалттай. Энгийн хамгаалалттай бүсэд давхцалтай байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглохгүйгээр цааш явуулах боломжтой байтал энэ боломжийг Нийслэлийн Засаг дарга эдлүүлээгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхээр заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд нөхөн төлбөрийг 1 жилийн дотор төлөх ёстой. Төлж чадахгүй бол уг хугацааны дотор үйл ажиллагаа нь явуулах зохицуулалт 2015 онд орсон. Энэ үед манай компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан. Хууль нь мөрдөгдөж байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал 50 дугаар тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгч компаниудын оролцоог хангасан бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан... Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу 90 хоногийн дотор гомдол гаргаж нөхөн олговор авах ёстой байсан гэдэг тайлбар үндэслэлгүй байна. 90 хоногийн дотор гэдэг цаг хугацаанд манай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан. 50 дугаар тогтоол 2016 онд гарсан. Давхцалтай байна гэдэг зүйлийг ярихад цаг хугацааны хувьд боломжгүй байсан. Хуулийн үзэл санаа бол нийтэд мэдээлсний дараа гэдэг зүйл байгаа. Биднийг 50 дугаар тогтоолтой давхцалтай байгаа нөхөн олговроо аваарай гэдэг талаар нийтэд огт мэдээлээгүй. 50 дугаар тогтоол гараад 609 дугаартай захирамжаар цуцлагдаад шүүх дээр ирсний дараа аж ахуйн нэгжүүд мэдсэн. Энэ бол 2019 оны үйл явдал. Манайх өргөдөл өгөх гээгүй учраас хариуцагчийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт зааснаар өргөдөл гаргах ёстой байсан гэдэг тайлбар мөн няцаагдаж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн хэлсэн тайлбар нь нөхөн төлбөр өгөхгүй, үйл ажиллагаа сэргээх боломжгүй гэдэг талаар өгсөн тайлбар биш гэж үзэж байна... гэв.
3.2. Нэхэмжлэгч Э******* М**** ХХК-ийн төлөөлөгч Ч.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 50 дугаар тогтоолыг гарахад тусгай зөвшөөрөл цуцлах буруутай үйл ажиллагаа манай компаниудад байгаагүй. Урьдчилан мэдэгдсэн зүйл байхгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэдэг мэдээлэл гарсан. Тэр үед л мэдсэн. Манай 2008 онд олгогдсон тусгай зөвшөөрөл 42 га байж байгаад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар давхцалтай байна гээд 15 га газар буцаан өгөөд нөөцөө дахиж бодуулаад лицензээ шинэчлээд 2017 он хүртэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Ундны устай холбоотой иргэд уудаг гэх зүйл яриад байна. Өмнө нь Бат-Үүл хотын дарга байх үед хэдэн худаг хийж байсан. Гэтэл бодит байдал дээр иргэд тэндээс ус авдаг зүйл байхгүй. Цэвэрлэх байгууламжаас гарсан бохирын ус Туул гол руу нийлдэг. Ундны усны эрүүл ахуй мэргэжлийн хэмжээнд тэнцэхгүй байна гэж бүх газар хэлдэг. Нийслэлийн бохирыг нийлүүлж байгаа газраа ундны усны хамгаалалтын бүс гэж нэрлээд хэвийн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжээ ялласан байдалтай байлгаад байна. Эдгээр компанийг хохиролгүй болгож үйл ажиллагаа нь цааш явуулах арга хэмжээг яагаад авдаггүй юм. Төр хүний өмчид хүчээр халдсан. 2017 онд тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш татварын өрийн асуудалд унасан. Үйл ажиллагаа явуулж чадахгүй болохоор татвараа төлж чадахгүй. Татварын газар биднийг шүүхэд өгч байна. Дүйцүүлж газар олгож үйл ажиллагааг нь явуулах эсхүл нөхөн олговор олгох байдлаар гаргалгаа гаргаж өгөх хэрэгтэй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг давсан Иргэдийн Хурлын тогтоол байгаад байна. Төрийн нэр бариад иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Үүний ард өчнөөн банкны болон татварын өр байна. Хууль зөрчөөгүй ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдээ Иргэдийн хурлын тогтоол гаргаж цуцалсан. Манайх одоо 187 000 000 төгрөгийн татварын өртэй. Баянгол дүүргийн Иргэний шүүхэд татагдаад явж байна. Ийм зүйлд гаргалгаатай баймаар байна. Төрийн байгууллага нь гаргасан шийдвэрээ тал талдаа хамгаалаад биднийг ерөөсөө бодохгүй юм. Бид бүхэн иргэдийн эрүүл аюулгүй байдлын төлөө гар бие оролцоод л явж байна. Шүүх энэ зүйлийг зөв талаас нь харж шийдэж өгнө үү... гэв.
3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал тусгай хэрэгцээнд аваагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт ..хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан. Тэгэхээр нөхөн төлбөр авах үндэслэлгүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 50 дугаар тогтоолоор баталсан усны эх үүсвэртэй давхцалтай гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. 2010 оны 299 дүгээр тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалт ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөн олгох журмаар нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргаад Сангийн яамнаас авах ёстой байсан. 30 хоногийн хугацаанд шийдвэрлүүлэх ёстой байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл дотор аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан бол гэж заасан. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь буцаан өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй гэж заасан байна... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно гээд 35.1.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж заасан. Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангана гэж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайгаад байх юм бол ирээдүйд бидний үр хүүхэд усгүй болно. Энэ талаар бодолцох хэрэгтэй. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодоод байх юм. Усны сан бүхий газар гэдэг утгаар нь хамгаалж байгаа. Ирээдүйгээ бодох хэрэгтэй... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна гэж заасан. Ундны эх үүсвэртэй давхцалтай гэдгээр хугацаа заагаагүй. Нийслэлийн иргэдийн ундны эх үүсвэр дээр байгаа газарт дахиж газар олгохгүй гэсэн байна. Газрын тусгай зөвшөөрөл олгох өргөдөл гомдол аваад дууссан... гэжээ.
3.4. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б********шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоол нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гарсан. Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тогтоох, ундны эх үүсвэрийг хамгаалж цэвэр усаар хангагдаж байгаа тухайн бүс нутгийн айл өрхүүдийн эрүүл ахуйг хамгаалах зорилгоор хамгаалалтад авсан. Ашигт малтмалын тухай хууль гэхээс илүү Усны тухай хууль, Хот суурины ус хангамж ариутгах татуургын тухай хууль, 2 сайдын хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй. Тухайн бүс нутагт амьдардаг хүмүүс ойр хавьд нь байдаг цэвэр усны худгаас усан хангамжаа авдаг. Тэр хавьд амьдардаг айл өрхүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангахтай холбоотой гарсан шийдвэр. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй... Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол Засаг даргын өргөн барьсан асуудлын хүрээнд шийдвэр гаргадаг. Хурлын дарга холбогдох судалгаа, тооцоог хийгээд шийдвэр гаргасан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох гэж заасан. Маргаан бүхий энэ газраар цэвэр бохир усны шугам явдаг юм байна лээ. Хориглосон газар дээр яагаад хууль зөрчиж газар олгосныг мэдэхгүй байна. Бид бол хуулийн дагуу шийдвэр гаргасан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Э******* М**** ХХК-ийн MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Г************** ХХК-ийн MV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол /Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай/-той давхцалтай үндэслэлээр цуцлагдсанаар нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтад зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.
1.2. Хуулийн дээр дурдсан заалтад эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх; гэж заасны дагуу нэхэмжлэгч этгээд нь тодорхой эрх зүйн харилцаа байгаа, эсхүл байхгүй болохыг шүүхээр тогтоолгож, түүнийг хүлээн зөвшөөрүүлэх боломжтой.
1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн онолд дээрх нэхэмжлэлийн төрлийг тогтоох нэхэмжлэлийн төрөл-д хамааруулан ойлгодог бөгөөд нэхэмжлэгч нар эерэг тогтоох нэхэмжлэл буюу эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн төрлийг сонгон маргаж байна.
1.4. Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А/609 дугаартай захирамжийг[12][12] гаргасан бөгөөд тус захирамжийн 1 дүгээр хавсралтын 5-д[13][13] нэхэмжлэгч Г************** ХХК-ийн 41.88 гектар талбайн MV-******* түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг, 25-д[14][14] нэхэмжлэгч Э******* М**** ХХК-ийн 27.86 гектар талбайн МV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус цуцалсан үйл баримт тогтоогдсон.
1.5. Нэхэмжлэгч Г************** ХХК нь нэр бүхий компаниудын хамт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай тогтоолын эсрэг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор маргасныг тус шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаартай шийдвэрээр[15][15] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/0285 дугаартай тогтоолоор[16][16] шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
1.6. Мөн нэхэмжлэгч нар нэр бүхий компаниудын хамт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар маргасныг тус шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0460 дугаартай шийдвэрээр[17][17] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/0003 дугаартай тогтоолоор[18][18] шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
1.7. Талууд дээрх үйл баримтуудтай маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэсэн үйл баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасны дагуу шүүх дахин нотлох шаардлагагүй.
1.8. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/0003 дугаартай тогтоолын Хянавал хэсгийн 27-д[19][19] Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д Энэ хуулийн 49.3.3, 49.3.4. 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар нөхөн төлнө гэж зааснаар эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцалсан (ийм агуулгатай захиргааны акт гарсан) тохиолдолд хохирол нөхөн төлөх зохицуулалттай тул ... хохирлын асуудлыг шийдвэрлэж байж акт гаргах ёстой байтал хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй захирамж гаргасан нь үндэслэлгүй ... гэх гомдлыг хүлээн авах боломжгүй; мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь маргаан бүхий Засаг даргын захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол нөхөх олговор шаардахад шүүхийн энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй. гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийжээ.
1.9. Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаартай тогтоолын 1-д тогтоолын зорилгыг тодорхойлохдоо ... Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундарга, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор ... гэснээс үзэхэд, тус тогтоолыг үндэслэсэн А/609 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь заалтад заасан нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, ... зорилгоор нэхэмжлэгч нарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцалж гарсан захирамж гэж үзэх үндэслэлтэй байна.
1.10. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт Энэ хуулийн ... 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар нөхөн төлнө. гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч нарт захиргааны актыг цуцалсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй байна.
1.11. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно: гээд мөн зүйлийн 35.1.3 дахь заалтад аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан. гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална: гэж заасны аль нэг үндэслэлээр цуцлагдах боломжтой хэдий боловч дээрх үндэслэлүүд нь зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүсэн бий болох харилцаанд хамаарахаар байна.
1.12. Харин нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагаанаас бус, харин Усны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд мөн зүйлийн 11.1.4 дэх заалтад Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд мөн зүйлийн 12.1.4 дэх заалтад усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах; гэж заасан захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн чиг үүрэг бүхий бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн улмаас цуцлагдсан байна.
1.13. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна. гэж, мөн зүйлийн 104.3 дахь хэсэгт Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно. гэж заасны дагуу захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагааны улмаас хуулийн этгээд болох нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул түүнээс учирсан хохирлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр төрөөс нөхөх олговор олгох замаар барагдуулах нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхээр байна.
1.14. Харин шүүх ямар хэмжээний нөхөн төлбөрийг олгох талаар энэхүү шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй, зөвхөн нэхэмжлэгч нар нөхөн төлбөр авах эрхтэй болохыг тогтоосныг дурдах нь зүйтэй.
1.15. Мөн нэхэмжлэгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаартай тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын[20][20] 2.10-т зааснаар энэ харилцаанд Усны тухай хуулийн 22.9-д заасны дагуу тусгай хэрэгцээнд авснаар тооцож, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг хэрэглэх боломжтой ... гэх агуулгаар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс ... Засгийн газрын 299 дүгээр журмын 3.4.2-т зааснаар ... давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргах тул ... нэхэмжлэгч нар энэ хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн ... гэх агуулгаар маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
1.16. Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд хэрэгжих бөгөөд харин маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд аваагүй тул уг журмыг хэрэглэхгүй.
1.17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гаргасан Э******* М**** ХХК-ийн MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Г************** ХХК-ийн MV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол /Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай/-той давхцалтай үндэслэлээр цуцлагдсанаар нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хоёр. Ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Э****** м**** ХХКнь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр[21][21] Нийслэлийн Засаг даргад хандан ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг, нэхэмжлэгч Г************** ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22/19 дугаартай албан бичгээр[22][22] Нийслэлийн Засаг даргад хандан хандан ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хүссэнд Нийслэлийн Засаг даргаас хариу өгөөгүй байна.
2.2. Шүүхээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын дээрх эс үйлдэхүйг дараах үндэслэлээр хууль бус болохыг тогтоох боломжгүй гэж үзлээ.
2.3. Тодруулбал, дээр дурдсан албан бичгүүдийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч Г************** ХХК-ийн урьд эзэмшиж байсан MV-******* түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг, нэхэмжлэгч Э******* М**** ХХК-ийн 27.86 гектар талбайн МV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг буцаан сэргээж өгөхийг хүссэн агуулгатай байх бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаартай захирамж хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компаниудын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
2.4. Усны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: гээд мөн зүйлийн 3.1.9 дэх заалтад "онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг; ойлгоно гэж заасан хүрээнд мөн хуулийн холбогдох заалтад заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч компаниудын эзэмшиж байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын зөвшөөрлийг цуцалсан, өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээнд авах зорилгоор цуцлаагүй, харин нийтийн ашиг сонирхлыг хангах үүднээс цуцалсан байгаа энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиар, тухайлбал, тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч компаниудыг тухайн талбайнууд дээрээ үйл ажиллагаа сэргээн явуулах боломжтой гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.
2.5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гаргасан Ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.5, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1, Усны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 3.1.9 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6, 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э******* М**** ХХК, Г************** ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Э******* М**** ХХК-ийн MV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, Г************** ХХК-ийн MV-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол /Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай/-той давхцалтай үндэслэлээр цуцалсны улмаас нэхэмжлэгч нар нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгөөс 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус бүр 17 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ