Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02684

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 09 101/ШШ2022/02684

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  С ГХОХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Ц.М,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.М би 2015 оны 09 сарын 28-ны өдрөөс эхлэн С ГХОХХК-тай 14 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын менежер албан тушаал эрхлэн ажилласан. 2019 оны 12 сарын 03-ны өдрийн тушаалаар гэрээний хугацаа дуусгавар болсон гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан. Миний хувьд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх ажилд ороход бүх ажилтантай байгуулдаг гэрээ гэж компанийн зүгээс бэлдсэн гэрээг үзүүлж, гарын үсэг зуруулсан. Би яагаад нэг жилийн хугацаатай байгааг тодруулахад манай компани бүх ажилчидтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулдаг, жил бүр гэрээний хавсралтад гарын үсэг зурж сунгалт хийнэ гэж хэлсэн. Миний зүгээс гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөх, гэрээг хугацаагүй байгуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч боломжгүй, манай хуулийн компаниас бэлдэж өгсөн төсөл, өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр" гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ гэж заасан. 2015 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх заалт нь дээр дурдсан байнгын ажлын байр гэсэн тодорхойлолтод багтаагаад хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмуудын агуулгыг илэрхийлнэ гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 1.1-т С ГХОХХК-ийн өмчлөлийн байрны борлуулалтын албанд борлуулагчаар ажиллана, гэрээний 3.1.1-т холбогдох багаж хэрэгслээр хангаж өгнө гэж заасан, тогтоосон горим журмын дагуу гэсэн хуулийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн дотоод журамд авагдсан гэж үзэж байна. Баталсан норм үнэлгээ, цалин хөлсний хувьд гэрээний 1.2-т цалин 900,000 төгрөг, зарсан байр болгоноос 200,000 төгрөгийн урамшуулал авна гэсэн, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гэсэн хуулийн шаардлага нь гэрээний 1.3-т өдөрт 8 цаг долоо хоногт 40 цаг ажиллана гэж маш тодорхой заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т ажил олгогч нь шилдэг ажилтнаа олж тодорхойлон тэдний урт хугацааны турш үр ашигтай ажиллуулахыг эрмэлзэнэ гэсэн нөхцөлүүдийг заасан. Өөрөөр хэлбэл Ц.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь байнгын ажлын байран дахь хөдөлмөрийн гэрээ учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчиж байгуулсан хугацааны заалт нь хууль зөрчсөн заалт байгаа учраас хүчингүй гэж үзэж байна. Хууль зөрчиж хийсэн хүчингүй заалтад тулгуурлаж гарсан ажлаас халах тушаал мөн адил хүчингүй. Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмж, тогтоолд хариуцагчийн хэлээд байгаа харилцан тохиролцсоноор гэрээ байгуулна гэдэг асуудал байгаа. Харилцан тохиролцсоноор хугацаатай гэдэгт тодорхой үндэслэл шаардлага үүссэн тохиолдолд хамаарна, шаардлага, шалтгаан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй туссан байвал зохино гэсэн асуудал яригдана. Хариуцагчийн зүгээс хэргийн материалд нэг ч үг өгүүлбэрээр энэ хөдөлмөрийн гэрээг хугацаатай байх шаардлага нөхцөл, тэдгээрийг нотлох баримт авагдаагүй, зөвхөн бид барилгын төсөл хэрэгжүүлдэг гэдэг зүйл яриад байгаа. Байгаа ганцхан баримт нь байр зарах катологи авчирсан, үүнийгээ үндэслээд төсөл гэдэг тайлбар гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв үнэхээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл байсан юм бол яагаад хөдөлмөрийн гэрээнд дурдаагүй юм бэ, яагаад ажлын байрны тодорхойлолтод заагаагүй вэ, яагаад ажилд авах тушаалд заагаагүй вэ, яагаад бүтэц орон тооны тушаал байхгүй байгаа юм бэ, эдгээрийг ажилтны зүгээс биш ажил олгогчийн зүгээс батлах ёстой. Хариуцагчийн хэлээд байгаа шиг хугацаатай байгуулах нөхцөл шаардлага байхгүй байна. С ГХОХХК-ийн захирлын 2015 оны 09 сарын 10-ны өдрийн 15020 дугаар тушаалын 1 дэх заалтаар Ц.Мийг 2015 оны 09 сарын 28-ны өдрөөс эхлэн борлуулагчаар авч ажиллуулсугай, 2 дахь заалтад компанийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг хүний нөөцийн ажилтан Нарантунгалагт үүрэг болгосугай, 3 дахь заалтаар Ц.Мийн сарын цалинг туршилтын хугацаанд 700,000 төгрөг, үндсэн ажилтан болсон сараас эхлэн 900,000 төгрөгөөр тогтоон, тооцож олгохыг нягтлан бодогчи зөвшөөрсүгэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл Ц.М нь 2015 оны 09 сарын 28-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулан ажилд орсон. Эдгээр баримтуудыг авч үзэхээр Ц.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байнгын ажлын байрны гэрээ байдаг, байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой хуулийн заалтыг зөрчсөн гэрээ гэж ойлгогдож байгаа. Энэ утгаараа хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр үндэслэлгүй, хууль зөрчсөн заалтыг үндэслэж гарсан учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн Ц.Мтэй хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан, үүнд үндэслэж гарсан ажлаас чөлөөлөх тушаал хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч Ц.Мийг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Ц.М сүүлийн 3 сар буюу 2019 оны 09 дүгээр сард 1,173,369 төгрөг, 10 дугаар сард 1,085,000 төгрөг, 11 дүгээр сард 1,748,000 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдож байгаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажлын сүүлийн 3 цалин хөлсний нийлбэр дүн нь 4,006,691 төгрөг, үүнийг ажлын 22 хоногт хуваахад 1 өдрийн дундаж цалин хөлс нь 60,707 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан, энэ өдрөөс 2022 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл нийт 628 ажлын өдрийн цалин хөлс 38,123,996 төгрөг болж байгаа, энэ хугацаанд Ц.М ийм хэмжээний орлого олох эрхтэй байсан, хууль зөрчсөн шийдвэрийн улмаас хохирсон байна гэдэг үндэслэл харагдаж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс 38,123,996 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019 оны 12 сарын 03-ны өдөр ажлаас халагдах тушаал гарсан, 2019 оны 12 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 12 сарын 27-ны өдөр хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлтэл хариуцагч компанийн гүйцэтгэх захирал 2020 оны 01 сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явсан, 2020 оны 10 сарын 15-ны өдөр ирсэн, хавтаст хэрэгт Онцгой байдлын ерөнхий газраас хэзээ ирээд хэд хоног тусгаарлагдсан бэ гэдгийг тодорхойлсон. Үүний хүрээнд 2020 оны 12 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ биелүүлээд хугацаанд нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч шүүх, хууль тогтоомж, монгол хүнийг үл хүндэтгээд нэхэмжлэлээ гардаж авдаггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилдоггүй. Тус компанийн хүний нөөцийн менежер Одонгоо гэдэг хүн бид шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээж авсан, гарын үсгээ зурсан гэдэг, хүлээж авчхаад захиралдаа мэдэгдсэн үү гэхэд мэдэгдсэн гэж хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаад шүүхийн зүгээс хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад байхад ирж оролцдоггүй, үл хүндэтгэдэг, өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас ийм нөхцөл байдал бүрдчихээд байхад бидний буруутай үйлдэл байсан юм шиг тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа зөрчөөгүй гэж үзэж байна. Ц.М ажиллаж байх хугацааны үед зарсан байрныхаа урамшууллыг авахаар шаардсан. Ц.М 2015-2019 оны хооронд ажиллаж байх хугацаандаа байрууд зарсан, үүнээсээ урамшуулал авах эрх нь үүссэн, өөрөөр хэлбэл зарсан 1 байрнаас 200,000 төгрөгийг урамшуулал авах эрх үүссэн. Хариуцагчийн зүгээс яагаад ажлаас гарчхаад урамшуулал нөхөж авах гээд байгаа юм гэдэг асуудал ярьж байна, тухайн хүн байраа зараад бонус авах эрх үүсчихсэн, мөнгийг хэзээ өгөх вэ гэдэг асуудал буюу байрны мөнгө бүрэн ороод ирчих юм бол түүнээс нь өгнө гэсэн ойлголт байдаг. Урамшууллыг авах үндсэн нөхцөл нь байр зарах бөгөөд байр зарчихвал урамшуулал өгнө гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлаад урамшууллыг авах эрх бүхий этгээд учраас урамшуулал шаардаж байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралтын үйл ажиллагаа бөгөөд барилгын төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах шаардлага тулгардгийн улмаас борлуулалтын менежерүүдийг ажилд авдаг. Өөрөөр хэлбэл, барилгын төслийн ажлын хүрээнд борлуулалтын менежерүүдийг авч ажиллуулсаар ирсэн. Энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ц.Мтэй орон сууц худалдан борлуулах чиг үүргийг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 12 сарын 01-ний өдөр борлуулалтын менежерийн албан тушаалд ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Ц.Мтэй харилцан тохиролцож нэг жилийн хугацаатай байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээг нэг жилээр сунгаж явж байгаад 2019 онд цаашид хугацаа сунгах боломжгүй гэж үзсэний үндсэн дээр 2019 оны 11 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа талаарх мэдэгдлийг зохих ёсоор нэхэмжлэгчид танилцуулсан бөгөөд компанийн захирлын 2019 оны 12 сарын 01-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тушаалыг нэхэмжлэгчид гардуулсан. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. С ХХК нь 2014 оноос хойш Баянзүрх дүүрэгт байрладаг Элизабет хотхоны төсөл дээр ажилласан, одоогоор ковид вирусийн нөхцөл байдал зэргээс шалтгаалаад үүнээс өөр барилгын төсөл хэрэгжүүлж чадаагүй. 2014 оноос эхэлсэн Элизабет хотхоны ажил буюу барилгын ажил нь онцлогтой, тухайн ажилд төрийн байгууллагаас авдаг эрх нь хугацаатай олгогддог, хөрөнгө оруулагч, санхүүгийн нөөц бололцоо хязгаарлагдмал, ажлын цар хүрээ тодорхой, хүрэх үр дүн нь тодорхой ажил байдаг. Барилгын мэргэжилтэн, инженерүүдийг авч ажиллуулж, барилга баригдаж дуусахад байрыг борлуулах шаардлага гардаг учраас борлуулалтын хүмүүсийг авч ажиллуулдаг, мөн захиргааны хүмүүс ажиллуулдаг. Ийм байдлаар гурван чиглэлийн хүмүүсийг Элизабет хотхоны төсөл дээр ажиллуулахаар ажилд авахдаа Ц.Мтэй адилхан хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулаад явсан. Яагаад хугацаатай гэрээ байгуулагдсан бэ гэдэг нь ийм учиртай, цаанаа бүх зүйл хугацаа, нөөц хязгаарлагдмал, цар хүрээ нь тодорхой асуудал байгаа. Тийм учраас хугацаатай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т энэ талаар тодорхой заасан, харилцан тохиролцоод хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар бүр тодорхой болсон. Элизабет хотхоны төсөл дуусаж байгаа, газрын эрхээ сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлж өгөх гэж байгаа, бичиг цаасны ажил нь явагдаж байгаа, цөөхөн байр борлуулаагүй үлдсэн байсан бөгөөд ихэнхийг нь Ремакс үл хөдлөх хөрөнгийн компанид шилжүүлж өгч байгаа. С ХХК нь Ц.Мтэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахдаа хүчээр тулган шаардаж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Тухайн үед талууд харилцан тохиролцоод хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, мөн харилцан тохиролцоод гэрээний сунгалтуудыг хийж байсан, нэхэмжлэгч заримдаа өөрөө хөөцөлдөөд гарын үсэг зуруулж авч байсан гэдэг, хамгийн сүүлийн 2019 оны гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу гарын үсэг зурагдаагүй хэдий ч анх байгуулагдсан хугацаагаараа сунгагдсанд тооцогдоод явсан. Гэрээний хугацаа дуусаж байсан, бид хугацаатай гэрээ цаашид сунгагдахгүй болсон гэдэг асуудлыг хэлэхдээ чи маргааш ажилдаа ирэхгүй шүү гэдэг байдлаар хандаагүй, 1 сарын өмнө цаашид хугацаа сунгагдахгүй гэсэн мэдэгдлийг гардуулж өгсөн. Энэ хугацаанд Ц.Мийн хувьд ажлаа хэвийн үргэлжлүүлсэн, ямар нэгэн санал гомдол гаргаж байгаагүй, сүүлийн өдрүүдэд ажлаа хүлээлцээд тойрох хуудсаа зуруулаад санхүүгийн тооцоогоо хийгээд гарын үсгээ зураад явсан, эдгээр баримтууд бүгд хэрэгт авагдсан, ийнхүү хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй гэсэн шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Түүнээс Ц.Мийг хэзээ ч хамаагүй халахад бэлэн байхын тулд хугацаатай гэрээ хийчихээд түүнийгээ ашиглаад ямар нэгэн шалтгаанаар халсан зүйл байхгүй. Эхнээсээ дуусах хүртэлх үйл баримт, цаг хугацааны дарааллыг харах юм бол нэхэмжлэгч өөрөө Элизабет хотхоны төсөл дээр ажиллаж байснаа мэдэж байгаа, 4, 5 жил ажиллахдаа үүнийгээ мэдэхгүй байх боломж байхгүй гэж бодож байна. Тушаал хуульд нийцсэн, Ц.Мийн эрхийг зөрчсөн, хөндсөн зүйл байхгүй учраас тушаалыг хүчин төгөлдөр бус гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч 4,610,000 төгрөгийн борлуулалтын урамшууллын асуудал ярьдаг, ажлаа хүлээлцээд гарахдаа санхүүгийн тайлан тооцоогоо дуусгасан, Ц.Мтэй холбоотой өр төлбөр компанид байхгүй. Урамшуулал авах үндэслэлээ тодорхой тайлбарламаар байна. ажлаас гарахаас өмнөх урамшууллаа авах гэж байгаа бол урамшууллаа аваад тооцоо хийгээд гарсан, тийм учраас асуудал байхгүй гэж үзэж байна, ажлаас гарснаас хойших хугацааны урамшууллыг нэхэмжилж байгаа бол яагаад тэр урамшууллыг авах ёстой вэ гэдэг үндэслэлээ тодорхой тайлбарлах ёстой. Урамшуулал тооцдог журам, зарчмаа тайлбар дээрээ дэлгэрэнгүй бичиж өгсөн. Урамшуулалтай холбоотой шаардлагыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс С ХХК-ийн гүйцэтгэх захирал байхгүй байсан нь нэхэмжлэлийг гардуулж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарладаг. Гэвч энэ нөхцөл байдал нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох үндэслэл болохгүй. Анх нэхэмжлэл гаргаад шүүхээс буцаж байсан цаг хугацаанд гүйцэтгэх захирал Монгол улсад байсан болох нь албан ёсны лавлагаагаар харагдаж байгаа. Хавтаст хэрэгт хариуцагчийн хаяг тодорхойгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай 2020 оны 01 сарын 13-ны өдөр, 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 2 захирамж авагдсан, хоёулаа гомдол гаргах эрхтэй захирамж байсан ч гомдол гаргаагүй, хуульд зааснаар эрэн сурвалжлуулах эрхтэй байсан, эрэн сурвалжлуулаагүй. Тийм учраас би буруутай зүйл хийгээгүй, та нар буруутай зүйл хийсэн гэж одоо яримааргүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь аль аль талаас үл хамаарсан байж болох бүх арга, үр дагаврыг нь бууруулах үйл ажиллагааг хуулийн дагуу хийснийхээ дараа ярих ёстой. 2020 оны 01 сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид авсан лавлагаагаар гүйцэтгэх захирал 2020 оны 01 сарын 15-ны өдөр хилээр гарсан байдаг, гүйцэтгэх захирал байхгүй байлаа гээд компани татвар төлөх үүргээсээ чөлөөлөгдөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээсээ чөлөөлөгдөөгүй, цалин хөлс олгох үүргээс чөлөөлөгдөөгүй, тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал маш чухал, та нар нэхэмжлэлийн шаардлагаа гардаж аваагүй учраас буруутай гэсэн гомдлын шинжтэй зүйл яримааргүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаагаа алдчихаад түр зогссон, тасалдсан шалтгааныг хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа, хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэх хүсэлт, сэргээлгэсэн баримт өгөөгүй, тийм учраас нэхэмжлэх эрх байхгүй, хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан нэхэмжлэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-1-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх1-4/, 0691031 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх1-5/, С ХХК-ийн захирлын 2016.12.03-ны өдрийн 19/209 дугаар тушаал /хх1-6/, 2015.12.01-ний өдрийн 14 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх1-7-12/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх1-13/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх1-14/, БЗДИХАШШ-ийн шүүгчийн 2020.06.15-ны өдрийн 101/ШЗ2020/11831 дугаар захирамж /хх1-15-17/, БЗДИХАШШ-ийн шүүгчийн 2020.01.13-ны өдрийн 101/ШЗ2020/01305 дугаар захирамж /хх1-18-20/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх1-38-40/, Remax компанийн хийсэн гэрээний жагсаалт хх1-124-128/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх1-160/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-161, 162/, гэрээний тооцоо /хх1-164-167/, Улсын онцгой комиссын шуурхай штабын 2021.10.14-ний өдрийн 10397 дугаартай албан бичиг /хх1-209/,

Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх1-24-25, 70-71, 202-204/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-26, 59/, хариу тайлбар /хх1-31/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх1-48/, С ХХК-ийн захирлын 2016.12.03-ны өдрийн 19/209 дугаар тушаал /хх1-58/, С ХХК-ийн дүрэм /хх1-60-65/, хариу тайлбар /хх1-76-79/, 2019.10.31-ний өдрийн 19/191 дугаартай мэдэгдэл, тойрох хуудас, ажил хүлээлцэх акт /хх1-80-84/, 2014-2020 оны хоорондох орон сууцны борлуулалтын мэдээ /хх1-86/, Элизабет орон сууцны хорооллын танилцуулга /хх1-87/, 2021.06.08-ны өдрийн захирамжийн дагуу ирүүлсэн тайлбар /хх1-103-105/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх1-107/, тайлбар, урамшуулал тооцсон баримт /хх1-114-121/, хөдөлмөрийн дотоод журам /хх1-129-142, 168-194/, хариу тайлбар /хх1-199/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах хүсэлт /хх2-19-21, 58/, итгэмжлэл /хх2-22-23/, тайлбар /хх2-52/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: С ХХК-ийн 2021.05.18-ны өдрийн 2021/0092 дугаартай албан бичиг, урамшуулал тооцсон баримт /хх1-91, 92-100/, 2021.08.09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх1-148-153/, С ХХК-ийн захирлын 2015.09.10-ны өдрийн 15/020 дугаар тушаал /хх2-53/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч Ц.Мийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой байтал хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчсөн, улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажлаас хууль бусаар халсантай холбогдох үр дагаврыг арилгуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ компанийн эрхлэн явуулдаг үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг, нэхэмжлэгч Ц.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор хуульд заасан, мөн нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. С ХХК-ийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15/020 дугаар Ажилд авах тухай тушаалаар Ц.Мийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс борлуулагчийн ажилд томилон ажиллуулж, сарын үндсэн цалинг туршилтын хугацаанд 700,000 төгрөг, үндсэн ажилтан болсон сараас эхлэн 900,000 төгрөгөөр тооцохоор болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. /хх2-53/

 

5. Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Ц.Мтэй 2015 оны 12 дугаар 01-ний өдөр 14 дугаартай хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 02-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бичгээр сунгалт хийж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. /хх1-7-12/

 

6. С ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19/209 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн Ц.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. /хх1-6/

 

7. Нэхэмжлэгч нь түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2020/01305 дугаар захирамжаар хариуцагч С ХХК нь нэхэмжлэлд дурдсан хаягт байдаггүй гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2020/11831 дугаар захирамжаар хариуцагч С ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн Са-902 дугаар аяллын онгоцоор улсын хилээр гарсан гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2020/22590 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.М нь С ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19/209 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалтай холбогдуулан хуульд заасан хугацааны дотор буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх боловч дээр дурдсан шүүгчийн захирамжуудаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал арилсан үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлэн гаргасан үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, С ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Луо Зэнглонг /ПД:EJ3547196/ нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-224 аяллын онгоцоор Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол улсын хилээр нэвтэрч, тус оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Новотел зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан болох нь Улсын онцгой комиссын шуурхай штабын баримтаар тогтоогдсон. /хх1-209/

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Монгол улсад ирээд ковид-19 цар тахлын хөл хорионоос гарсан өдөр болох 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс тооцоход нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.Мийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасныг баримтлан нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Мийн хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, урамшуулал 4,580,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР