Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02138

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02138

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг   өөрийн байр “Т Б” ХХК  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг   тоотод оршин суух З овогт Г Б  

 

16,267,198.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, хариуцагч Г.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Г.Б нь “Т Б” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 2017/31 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 14,40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ 2018 оны 6 дугаар сараас зөрчсөн бөгөөд үүнээс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй гэжээ.   

 

2. Хариуцагч Г.Б нь тухайн үед ажлаасаа гарч, ажилгүй байсны улмаас зээлээ төлөх боломжгүй болсон, зээлийн үндсэн төлбөрийг төлж, хуримтлагдсан хүүгээс чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: зээл хүүний тооцоолол,2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Г.Б зээл авах тухай хүсэлт, мемориалын баримт, цалингийн зээлийн өргөдлийн маягт, Г.Б 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Т Б-д гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/14134 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00347 дугаар шийдвэр /ХХ-6-14, 27, 28 дугаар тал/

 

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 10,057,965.30 төгрөг, хүү 5,545,320.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663,912.83 төгрөг нийт 16,267,198.77 төгрөг төлөх үүрэгтэй байна. 

 

3. Хариуцагч нь ажлаасаа халагдсаны улмаас зээлийг төлөх боломжгүй болсон, үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, үүрэг зөрчсөнөөс хойшхи хугацааны хүүгээс чөлөөлөх агуулга бүхий тайлбар гаргажээ.    

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №2017/31 дугаартай цалингийн зээлийн гэрээгээр хариуцагч нь 15,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 14.40 /сарын 1.20/ хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцжээ.

 

Дээрх зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны /-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Энэхүү зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээнд талууд маргаагүй бөгөөд харин хариуцагч нь тухайн үед ажлаасаа гарч ажилгүй байсны улмаас зээлээ төлж чадаагүй, энэ хугацааны хуримтлагдсан хүүг төлөхөөс чөлөөлөх агуулга бүхий тайлбар гаргажээ.  

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Талууд зээлийн гэрээгээр зээлдэгч нь сар бүрийн 10, 25-ны өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрт 257,493.79 төгрөг төлөх тохиролцоо хийсэн байх ба энэхүү үүргээ 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш биелүүлээгүй үйл баримт тогтоогдов. Уг хуваарийн дагуу төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ хариуцагчийг зөрчсөн гэж үзнэ. Ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нь гэрээний 2.1.4-т “нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж заасан хариуцлагыг хүлээхээр тохирчээ. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцсэн байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Үүнийг зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл энэ зүйл, хэсэг нь зээлийн гэрээний үүргээ зээлийн гэрээний ерөнхий хугацаанд биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн үүрэгт хамаарахгүй. Иймд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтХугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заажээ. Иймд үндсэн хүүгийн хэмжээг талууд тохиролцож тогтоодогтой адил хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож гэрээндээ заах нь хуульд нийцнэ. Талуудын байгуулсан гэрээнд “хэтэрсэн хугацааны хүү”-гийн хэмжээг тохиролцоогүй байх тул үндсэн хүүгийн хэмжээгээр тооцож хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 10,057,965.30 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү 4,104,908.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 375,830.37 төгрөг нийт 14,538,704.53 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. Иймд нэхэмжлэлээс 1,728,494.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардаж хариуцагчид холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт хариуцагчийг оршин суудаггүй үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/14134 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Уг захирамжийг үндэслэн хариуцагчийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00347 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, хариуцагчийн оршин суугаа газар, хаягийг тогтоосон болох нь талуудын тайлбараар тогтоогдов. Иймд зээлийн гэрээний үүргээ хариуцагчийг биелүүлэхгүй байгаа үндэслэлээр гэрээг хугацааны өмнө цуцлах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэн байна. Харин хариуцагч нь гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй, энэхүү эрхээ гэрээний хугацаанд хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагчийг 2018 оны 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцааг дуусгавар болсон буюу гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн нь гэрээний хугацаанд тооцогдох хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г Бэс 14,538,704.53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,728,494.24   төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,286 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 230,644 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА